Арав.мн

Жефферсоноос суралцах зүйлс

Жефферсоноос суралцах зүйлс

АНУ-ын гурав дахь Ерөнхийлөгч Томас Жефферсон хэдийгээр Жорж Вашингтон, Авраам Линкольн нар шиг алдартай биш ч олон хүн түүнтэй холбогдох ядаж нэг баримтыг андахгүй мэддэг нь түүний Тусгаар тогтнолын тунхагийг бичсэн явдал билээ. Жефферсон 200 гаруй жилийн өмнө амьдарч асан ч эдүгээ бид түүнээс олон ч зүйлийг нь суралцаж болохоор байна. Түүний үзэл санаанууд нэн ялангуяа орчин цагийн залууст онцгой сонирхолтой юм. Бичиж, хэлсэн зүйлсээс нь дор хэдэн жишээ татъя.

Яв, үзэж хар – Жефферсон эрх чөлөөт хэн ч байсан ганц номоор тогтохгүй өөр олон эх сурвалжаас эрдэм мэдлэгээ зузаатгаж болно, тэр тусмаа нүдээр үзэж харсан зүйлс гэдэг туйлын эрхэм чухал гэсэн үзэлтэй байлаа. Тэрбээр идэр залуудаа Жеймс мөрний өмнөд бие том завь зорчиж болохоор гүн үгүйг тогтоох ажлын хэсгийн багт тохоон томилогджээ. Мөнхүү хорооны бусад гишүүд төрийн ордонд сууж, бичиг цаастай зууралдаж байхад Жефферсон л ганцаараа өвчүү завинд суун мөнөөхөн газрыг биеэр очиж ажигласан гэдэг.

Хүн бүрээс суралц – Удам судар, эрдэм боловсролын хувьд Жефферсон нийгмийн дээд давхаргад хамаарч байлаа. Гэсэн ч тэрбээр язгуур сурвалжтанууд ядуус дордост зарлиг тушаал буулгахаас өөрөөр тэдэнтэй огт харилцдаггүй байсан цаг үед хүртэл цэцэрлэгч, үйлчлэгч, зөөгчидтэй зорьж очин үг сольдог байв. Жефферсон Францын язгууртан ноён Лафаяеттад нэгэн удаа “Над шиг эгэл ардын орон гэрээр орж гарч, хоолны тогоо руу нь өнгийн талхыг нь амсаж үз. Зөвхөн тэгж гэмээнэ хүмүүс юунд сэтгэл дундуур байгааг ойлгоно, Франц оронд нүүрлээд байгаа хувьсгалын аюулыг мэдэрнэ” хэмээн хэлж байжээ. 

Өөрөө шүү, цэгнэ – Жефферсон бусдын санаа бодлыг нягталж үзэлгүйгээр шууд хүлээж авахаас ямагт татгалздаг байв. “Юунд ч бүү итгэ, юуг ч бүү няцаа. Учир нь хэн нэгэн аль хэдийнээ няцаан дарж, эсвэл итгэж үнэмшсэн байгаа шүү дээ. Үнэн, худлыг шүүн тунгаа гэж бурхан тэнгэр чамд оюун бодол заяасан. Түүнийгээ ашигла” хэмээн тэрбээр зээ дүүдээ бичсэн захидалдаа дурдсан нь бий. Жефферсон “... хүмүүс зөв шийдвэрт хүрэх гэхдээ сонсож дуулсан бүхэндээ үнэн, худал ялгаагүй итгэхэд бэлэн байдаг. Хэрэв зээ миний бие сонин хэвлэлгүй засаг төр, засаг төргүй сонин хэвлэл хоёрын аль нь бидэнд хэрэгтэй вэ гэдгийг шийдэх хэрэгтэй болбол хормын төдий ч эргэлзэхгүйгээр сүүлийнхийг нь сонгоно” гэж хэлж байв.

Зөв гэж бодсоноо хий – Эрх чөлөөт оронд үзэл бодлын зөрчилдөөн ямагт байна. Энэ нь хүч чадлын эх үүсвэр юм. Эрх чөлөөг асуулт ч асуух эрхгүй харилцан тохиролцоо төдий биш, харин бодит зөрчилдөөн амьд байлгадаг билээ. Жефферсон олон жилийн турш хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч явсан ч өөрийг нь шүүмжлэгчдэд нэг ч удаа хариу барьж байсангүй. Тэрбээр энэ талаар нэгэн найздаа бичсэн захидалдаа “Асуулт болгонд хоёр тал бий. Хэрэв нэгийг нь шийдэмгий гэгч нь сонгож, үр дүнг үзвээс нөгөөг нь дэмжигчид үйл хэргийг чинь эсэргүүцэх нь зүйн хэрэг шүү дээ” гэж бичсэн байдаг.

Ирээдүйд итгэ, залуу үедээ итгэ – Жефферсон эдүгээ цаг хэдийнээ ашиг тусаа гээсэн ёс журамд гинжлэгдэх ёсгүй гэсэн үзэлтэй байлаа. Түүний “Аль ч нийгэм мөнхийн Үндсэн хуультай, байнгын дүрэм журамтай байх аргагүй. Хорвоо ертөнц амьд сэрүүн буй үеийнхний л өмч юм” гэсэн үг бий. Тэрбээр шинэ үзэл санаа, айсуй ирээдүйгээс огт айдаггүй байв. Тиймдээ ч “Огт болоогүй муу муухайн нэрээр хэчнээн их зовлон зүдгүүр бий болоо вэ! Би хамгийн саар муухайг биш, хамгийн сайн сайхныг л хүсэж хүлээнэм. Хөлөг онгоцоо залуурдахдаа би айдас хүйдсийг ардаа орхин, горь найдвар тээн урагшилна” гэж бичжээ.

Жефферсоны эр зориг, үзэл санааны суурь нь эрдэм мэдлэг билээ. Тэрбээр магадгүй цаг үеийнхээ өөр хэн хүнээс ч илүү их зүйл мэддэг байсан биз ээ. Тэрбээр хөдөө аж ахуй, археологи, анагаах ухаанд хүртэл нэвтэрхий байлаа. Ургац хураах ээлж, хөрсний хамгаалал зэргийг ч түгээмэл ойлголт болохоос нь бүтэн зууны өмнө тэр мэдэж байсны дээр тухайн үеийн бүх л анжисаас дээр боловсронгуй анжис зохион бүтээсэн байдаг. Америк даяар уран барилгын хөгжилд ч тэр нөлөөлсөн бөгөөд өдөр тутмын амьдралыг хялбарчлах багаж төхөөрөмжүүдийг зогсолтгүй зохион бүтээж байжээ. Жефферсоны олон авьяас чадвараас нэг нь хэзээд онцгойрон цолгордог. Тэрбээр давын өмнө авьяаслаг, мэриймтгий зохиолч байлаа. Ердөө саяхан л анх удаагаа хэвлэгдсэн түүний бүтээлийн бүрэн цоморлиг гэхэд тавь гаруй боть болж байна. Чухамдаа түүний зохиолчийн авьяас билиг илэрхий байснаас 1776 онд Филадельфия хотноо Америкийн Тусгаар тогтнолын тунхагийг үзэглэх болоход бичиж туурвих гол ажил түүний нуруун дээр буусан биз ээ. Сая сая хүн түүний үгийг биширсээр ирсэн. “Энэ бүх үнэн бидэнд тов тодорхой байна. Хүн бүр ижил тэнцүү бүтээгдсэн юм...” гэдэг алдарт үг угтаа түүнийх юм. 

Жефферсон Америк орон тусгаар тогтносны яг 50 жилийн ойгоор буюу 1826 оны долдугаар сарын 4-ний өдөр таалал төгсөхдөө нутаг нэгтнүүддээ үзэл санаа, үлгэр жишээ дүүрэн баялаг өвийг үлдээжээ. Зөвхөн эрдэм боловсролтой иргэдтэй улс л эрх чөлөөтэй байна гэсэн үзэлтэй байсан Томас Жефферсоны өмнө одоогийн Америк орон асар их өртэй юм. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start