Арав.мн

Түүхэнд мөнхөрсөн 10 эрэлхэг амьтан

Түүхэнд мөнхөрсөн 10 эрэлхэг амьтан

Сурмаг ноход, эрэмгий хүлэг морьдыг үеийн үед хүний үнэнч анд нөхөрт тооцож ирсэн. Харин зөвхөн хурдан хүлэг, сургуультай ноход л тусч, ухаалаг байдаг юм биш ээ. Бяцхан жигүүртэн, далай гахайд ч эрэлхэг зоригтой, сайхан сэтгэлтэй байх нь бий.


10

Япон аврагч

2011 оны гуравдугаар сард хүчтэй газар хөдлөлт, түүнээс үүдсэн цунамид сүйдсэн Японы зүүн хойд нутгийн сэтгэл эмзэглүүлэм олон дүр зургаас нэгэн торгон агшин дэлхий нийтийн сэтгэлийг хөдөлгөсөн юм. Японы төв телевизээр гарсан нэгэн шуурхай мэдээнд нурангид дарагдсанаас болж хөдөлж чадахааргүй гэмтсэн нохойны дэргэд аврал эрэн зогсоо өөр нэгэн нохой харагджээ. Шууд бичлэгийг хармагцаа аврагчид мөнөөх нохойд туслахаар яарч, бэртсэн нохойг аварсан байна. Аврагчдын ярьснаар ижлээ орхиж чадалгүй сахиж үлдсэн нохой үхлүүт шахам байсан нохойд сарвуугаараа ус утгаж өгч байсан гэнэ. Олон цаг үргэлжилсэн аврах ажиллагааны дараа гэмтсэн нохой эмнэлэг рүү, үнэнч нөхөр нь хоргодох байр луу хүргэгджээ. Харин дэлхий нийт нохой гээч амьтныг ганц хүний ч биш, бусад нохойн ч гэсэн үнэнч анд гэдгийг мэдсэн юм.


09

Моко

Моко нэрт лонхон хошуут далайн гахай 2008 оны зун Шинэ Зеландын Хойд арлын эрэгт олон арван хүн, амьтны амь аварч, олон улсын хэвлэлийн баатар болсон юм. Хойд арлын эрэг орчмоор өдөр бүр үзэгдэж сэлэгч, шумбагчидтай тоглож нааддаг Моко ээлжит айлчлалаараа нэгэн санаандгүй учралтай таарчээ. Аварга махчин загас эрэг рүү ойртохыг холоос харсан Моко урьд өмнө нь сонсогдоогүй хачин сонин авиа гаргасан нь эрэгт ойр байсан одой халимнуудыг, мөн аварга загастай ойр сэлж байснаа мэдээгүй 20-иод хүнийг аймшигт махчны амнаас аварсан байна. Моко 2008 онд Шинэ Зеландын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс гаргасан онцлохуудын жагсаалтад багтсан ганц амьтан юм.


08

Шидтэн

Баатарлаг, гайхамшигтай үйл явдал зөвхөн дайны талбар, гамшгийн бүсэд тохиодоггүй. Хөх нүдэт энэхүү одой гүү үүний тод жишээ. 

2010 онд АНУ-ын AARP амьтны нийгэмлэгээс оны онцлох гавьяат үйлстэнээр тодорсон Шидтэн хэмээх уг пони өндөр настнуудын асрамжийн төв, хүнд өвчтэй хүүхдүүдийн сувиллын газарт циркийн үзүүлбэр үзүүлдэг явуулын циркийн жүжигчин байв. Шидтэний үзүүлбэрийг 2010 оны зургадугаар сард үзээд “Ямар хөөрхөн юм бэ” гэж дуу алдсан нэгэн өвчтөний түүх сая сая хүний царайд инээмсэглэл тодруулжээ. Учир нь тийн дуу алдсан өвчтөн олон жил нэг ч үг хэлээгүй, төрх царай нь хувирдаггүй шахам хүнд өвчтэй нэгэн байж. 

Үүнээс санаа авч сэтгэл зүйн засалч одой морьдын клуб хүртэл байгуулагджээ. Тус байгууллага жилд 25 мянган өвчтөнд сэтгэлийн дэм өгдөг аж. Өдгөө долоон настай Шидтэн Флорида мужийн сэтгэл зүйн төвд ажиллаж байна.


07

Тракр

Канадын Нова Скотия мужийн Халифакс хотын цагдаагийн газарт үнэрч, хайгуулчаар дадлагажсан Тракр нохой цагдаагийн албан хаагчаар зургаан жил ажиллахдаа сая орчим ам.долларын үнэ бүхий мансууруулах бодис илрүүлжээ. 

Тракр 2001 оны тавдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн ч мөн оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк хотод болсон террорист халдлагын дараах аврах ажиллагаанд сургагч эзэн Жеймс Саймингтоны хамт сайн дураараа оролцсон байна. Тракр Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхаг нурснаас хоёр хоногийн дараа, халдлагаас амьд гарсан сүүлчийн хүнийг олж аварсан гавьяатан юм.

Нуранги дунд ажилласнаас болж өвчтэй болсон Тракр 2009 оны дөрөвдүгээр сард төрөлх Канаддаа, эзнийхээ гар дээр амьсгал хураажээ. Канад, Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр баатар хэмээн цоллуулсан Тракрын үрийн шингэнийг ижил үүлдрийн жингэрт 2009 оны зургадугаар сард шилжүүлэн суулгаж, мөн оны сүүлчээр таван бяцхан Тракр мэндэлсэн байна.


06

Скарлетт

Нью-Йоркийн “Бродвей” театрт “Муурнууд” мюзикл тасралтгүй тоглогдож байсан 1996 онд тус хотын Брүклин дүүрэгт нэгэн золбин муур “Муурнууд”-аас дутахааргүй олны сэтгэлийг татжээ. 

Хуучны нэгэн гараашт дөрвөн муужгайтайгаа толгой хоргодож байсан уг муур галын аюулаас муужгайнуудаа аварч байхыг хотын гал сөнөөгчид харсан байна. Тэдний ярьснаар эх муур бие нь шатаж байхад ч муужгайнуудаа нэг нэгээр нь зуун, гараашнаас гаргах гэж тэмцэж байж. Түүгээр ч барахгүй, гараашны хажууханд байсан нэг золбин гөлгийг мөн аварчээ. Гал сөнөөгчдийн тусламжтайгаар дөрвөн муужгайн хамт эсэн мэнд үлдсэн эрэлхэг муурны түүх олон хүний сэтгэлийг хөдөлгөж, муужгайнуудынх нь хамт өргөж авах 1000 гаруй санал ирсэн гэдэг. 

Брүклиний оршин суугч нэг эмэгтэй түүнийг худалдан авч, Скарлетт гэдэг нэр хайрласан байна. Скарлетт 2008 онд амьсгал хураажээ.


05

Саймон

Дэлхийн II дайны үед Их Британийн тэнгисийн хүчний “Аметист” хөлөгт Саймон хэмээх муур ямар ч чадварлаг цэргийн хийж чадахгүй зүйлийг хийж, чухал үүрэг гүйцэтгэж байсан нь хөлгийг мэрэгчдээс цэвэрлэх байв. 

Хятадын Хөх мөрөнд олон сар аялсан уг хөлөг Хятадын зэвсэгт хүчнийхний халдлагад өртөхөд Саймон хөл, нуруундаа хүнд шархадсан ч амьсгал хураатлаа үүргээ биелүүлсэн гэдэг. Саймон хожим “Time” сэтгүүлийн нүүрэнд заларч, 1949 оны наймдугаар сард буюу дэлбэрэлтээс олсон шархнаасаа болж амь тавихаасаа гуравхан сарын өмнө дайны үеэр гавьяа байгуулсан баатарлаг амьтдад олгодог, Британийн Дикиний одонгоор шагнуулжээ.


04

Шер Ами

Жигүүртний аймагтаа тагтаа хамгийн ухаалаг нь биш ч гэсэн өөр ямар ч шувуунд байхгүй онцгой шинжтэй. Тэр бол өмнө нь байсан газраа дэлхийн хаанаас ч олох, биед нь гаднын биет зүүсэн ч хол аялах чадвар юм. 

Дэлхийн I, II дайнд АНУ-ын Зэвсэгт хүчин 200 мянга гаруй шууданч тагтаа ашиглажээ. Тэдний нэг Шер Ами (францаар Эрхэм анд гэсэн утгатай) дэлхийн II дайны үед Франц дахь Америкийн тусгай салаанд мэдээ дамжуулагчаар ажиллаж байв. Уг тагтаа холбоотны хүчинд нэгдсэн олон орны дунд онц чухал 12 зурвас зөөсөн гэдэг. Харин сүүлчийн зурвасаа хүргэх замдаа дэлбэрэлтэд өртөж цээж, хөлөндөө хүнд шархадсан ч үүргээ умартсангүй. Франц цэргүүд хөөрхий тагтааны тасрах дөхсөн, санжиганасан хөлийн үзүүрээс цусанд будагдсан зурвас олжээ. Амиа дэнчинд тавин байж авчирсан тэрхүү мэдээ нь сураггүй болсон гэж үзэж байсан 194 цэргийг дайсны бүслэлтээс аварсан байна. 1919 онд амьсгал хураасан Шер Ами Францын Зэвсэгт хүчний хүндэт тэмдэг хүртсэн цорын ганц амьтан юм. 

Нэг хөлгүй Шер Амигийн чихмэл өдгөө Вашингтон хот дахь Америкийн үндэсний түүхийн музейн “Дайнд оролцсон америкчууд” тасгийн үзэсгэлэнгийн танхимд бий.


03

Стабби

Дэлхийн I дайнд АНУ-ын Зэвсэгт хүчний их бууны 102 дугаар хорооны дэслэгч Роберт Конрогийн сургасан Стабби хэмээх нохой армид амьтан байлгаж болохгүй гэсэн тухайн үеийн журмыг зөрчсөн ганц амьтан байв. Ухаалаг, сэргэлэн, юу ч заасан хурдан сурдаг энэ нохой цэргүүдтэй зэрэгцэж зогсоод ёсолдог байсан гэдэг. Стабби фронтын шугаманд, ширүүн тулаанд хэд хэдэн удаа оролцохдоо хорт хийнд нэг бус удаа хорджээ. Эрүүл мэндэд нь үнэтэй туссан ч энэ нь ямар ч хорт хийг мэдрэх чадвартай болгож, хожим олон цэргийн амийг аврахад тусалсан байна. Гэхдээ хорт хий үнэрлээд ялгаж таньдаг болсон нь түүний байгуулсан өөр нэг түүхэн гавьяаны дэргэд бага юм. Стабби холбоотны хүчний байрлалыг тандах гэсэн герман тагнуулчийг барьсан нь дэлхийн I дайны үеийн онцлох үйл явдлын нэг гэгддэг. Дайн дуусахад Стабби 17 тулаанд оролцож, шархадсан 20-иод цэрэгт анхны тусламж хүргэхэд туслаад байв. 1921 онд АНУ-ын Засгийн газрын баатарлаг амьтны одонгоор шагнуулсан энэ түүхэн нохой 1926 он хүртэл амьдарчээ.


02

Того

1925 оны нэгдүгээр сард Аляскийн баруун эргийн Ноом тосгонд сахуу өвчин дэгдэж, 20-иод хүүхэд нас баржээ. Эрс тэс уур амьсгалтай, том хот суурингуудаас алс хол оршдог уг тосгонд онгоц, автомашинаар хүрэх хүндрэлтэй тул Аляскийн төв Жуно хотын албаныхан Ноом руу эм, тариа болон бусад тусламжийн бараа ачсан 150 хөтөч нохдын цуваа илгээсэн байна. 

Энэхүү хүнд аяллын сүүлчийн бартаат замыг туулсан балто үүлдрийн нохой бусдаасаа хамгийн урт буюу 90 орчим км замыг цувааны эхэнд явж туулжээ. Цасан шуурга сөрж, хөлдүү гол мөрөн гатлахдаа эзнээ болон туйлдаж ядарсан бусад нохойгоо орхилгүй, хасах 40 градусын хүйтэнд цуваагаа хөтөлсөөр, аюулт өвчний халдвар авсан Ноомын 100-гаад хүнийг үхлээс аварсан тэрхүү баатарлаг нохойг Того гэдэг. Того нийт 340-өөд км зам туулжээ. 1929 онд 16 настайдаа амьсгал хураасан Тогогийн хөшөө өдгөө Нью-Йорк хотын Төв цэцэрлэгт бий.


01

Буцефал

Түүхнээ алдар суугаа дуурсгасан их хаадын намтарт үнэнч, эрэмгий хүлэг морьд нь тэмдэглэгдэн үлдсэн нь олонтаа. Македоны агуу Александр хааны Буцефал хүлэг яах аргагүй тэдний нэг юм. 

Түүхэнд өгүүлснээр залуу хаан догшин Буцефалыг нар өөд харуулж байж номхруулж авчээ. Өмнө нь нэг ч хүн ойртож зүрхлээгүй эмнэг азаргыг сүүдрээсээ айгаад байгааг Александр анзаарсан гэдэг. 33-хан насалсан ч Александр агуу их эзэнт гүрэн байгуулсан. Түүний байлдан дагууллын бүх аян дайнд Буцефал хамт байж. Хаантан мориндоо тун хайртай байлаа. Нэг удаа Буцефалыг алга болоход Александр хайртай хүлгийг нь олж өгөхгүй бол улс орноо сүйрүүлж, хаан суудлаасаа татгалзана гэж ард олноо айлгаж байсан гэх яриа бий.


8.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (11)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


сонирхолтой байлаа
+1
Гайхалтай Амьтад Байнашүү
-6
амьтад хүнээс ч илүү ухаантай үнэнч юм аа
-3
Энэ чинэ үнэн юм уу
+7
баатарлаг бас их өрөвдмөөр.. ...
-1
Того ёстой эрэлхэг юмаа.
+5
үнэхээр баатарлаг амьтад байна.
+2
олой морь нь яасан хөөрхөн юм бэ
+4
Маш гоё байлаа
-1
АЛЕКСАНДРЫН МОРЬ ХӨӨРХӨН ЮМАА ИХ АЛЕКСАНДР МОРИНДОО ИХ ХАЙРТАЙ БАЙЖДЭЭ
-23
3,4 үгийн алдаа байна.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start