Арав.мн

Алдартай спортууд анх хэрхэн үүссэн тухай 10 баримт

Алдартай спортууд анх хэрхэн үүссэн тухай 10 баримт

Спорт бол хүний амьдралын салшгүй нэгэн хэсэг билээ. Зөвхөн үзүүштэй байдлаараа үзэгчдийг татахаас гадна, маш олон орны үндэсний бэлэг тэмдэг болсон байдаг. Тухайн улсыг бэлэг тэмдэг болсон спортоор нь хүмүүс шууд л төсөөлдөг. Жишээ нь бидний толгойд хөлбөмбөг гэхэд Бразил, Англи, хоккей гэхэд Канад гэх мэтээр төсөөлөгддөг. Үүгээр ч зогсохгүй спортын салбарт маш их мөнгө эргэлдэж байдаг. Ингээд та бүхэндээ бидний хайртай спортууд хэрхэн үүссэн түүхийг хүргэж байна.


10

Лакросс

Лакросс бол Зүүн вүүдландын уугуул америкчууд, зарим индиан овгуудаас үүссэн Хойд америкийн хамгийн эртний багийн спорт юм. Индиан овгийн дайчид эрүүл чийрэг, хүчтэй байхын тулд уг тоглоомыг тоглодог байжээ. Гэвч тэр үеийн дүрэм өнөө үеийнхээс ихээхэн өөр байсан бөгөөд үүнээс онцолбол, талбайн урт нь 970 орчим метр урттай байв. Уг тоглоомыг дайчдыг эрүүл чийрэг байлгахаас гадна, холбоотнуудын хоорондох дипломат харилцааг бэхжүүлэх, бурханд хүндэтгэл үзүүлэх зэрэг олон зүйлд ашигладаг байлаа.

Европчууд анх энэ тоглоомтой 1840-өөд оны үед танилцжээ. Хамгийн анхны тоглолт 1844 оны 8-р сард европчууд болон Мохаук овгийн хооронд болсон хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Лакроссын анхны клуб болох Монреаль 1856 онд Канадын Квебект байгуулагдав. Уэльсийн хунтайж 1860 оны 8-р сард Квебект айлчилсны дараа лакроссын нэр хүнд улам ч өссөн. Хунтайжийн айлчлалаас сарын дараа, Уиллиам Жорж Беерс хэмээх шүдний эмч лакроссын анхны дүрмийг бичиж, бугын арьсан бөмбөгийг резинэн бөмбөгөөр сольжээ. Энэ үеэс хойш лакросс хүмүүсийн дунд маш өргөн түгсэн ба одоогоор Хойд америкт 2 ч лакроссын мэргэжлийн лиг үйл ажиллагаагаа явуулж байна.  


09

Гольф

Гольфийн үүслийн талаар ихээхэн маргаантай байдаг ч Шотландчууд өөрсдийгөө гольфийг зохиосон гэж үздэг нь үнэний хувьтай. 

Хувилбар 1. Орчин үеийн гольф XV зууны дунд үеийн шотландаас эхтэй. Энэ тоглоомын дүрэм нь А цэгээс Б цэг хүртэл бөмбөгийг хамгийн цөөн удаа цохих байлаа.

Хувилбар 2. Нидерландын жижиг хот Лоенен аан де Вехтэд 1297 онд анх үүссэн гэх баримт бас бий. Зул сарын баярын маргааш уг тосгоны хүмүүс "Кольф" гэх тоглоомыг тоглосон гэдэг. Тус бүр дөрвөн хүнээс бүрдсэн 2 баг модон цохиураар модон бөмбөгийг цохин  дараалсан байг онож тоглох дүрэмтэй байв. 



08

Хоккей

Канадчууд ерөнхийдөө эелдэг даруу хүмүүс ч гэлээ мөсний хоккей хэрхэн үүссэн талаар ярьж эхлэхэд ихээхэн дуу шуутай болж, байдал эсрэгээр эргэх нь цөөнгүй. Учир  нь тэд хоккейг өөрсдийнхөө зохиосон спорт гэж үздэг. Гэвч 2014 онд хэвлэгдсэн нэгэн номонд хоккейг Англид үүссэн байж магадгүй тухай бичжээ. Нэр нь тодорхойгүй хүмүүс 1790-ээд оны эхээр уг спортыг зохиосон тухай дурдсан байна. VII Эдвард хаан, Чарльз Дарвин зэрэг алдартай хүмүүс уг тоглоомыг тоглох дуртай байсан ч гэдэг.

Хоккей гэх нэрийг яагаад авсан тухайд гэвэл анх лонхны бөглөөгөөр шайб хийдэг байжээ. Тухайн үеийн хамгийн алдартай шар айраг нь Хокэйл байсан тул ийм нэр өгсөн гэдэг. Яагаад Канадчууд хоккейг өөрсдөө зохиосон гэж үздэг вэ гэвэл анхны хоккейн тоглолт 1875 оны 3-р сарын 3-нд Монреальд болсонтой холбоотой. Энэ тоглолтыг 40 орчим хүн л үзжээ.


07

Регби

Регбийн үүслийн тухай 1876 онд Английн "Rugby" нэртэй сургуулийн 16 настай сурагч Уилльам Вэбб Еллис хөлбөмбөг тоглож байхдаа бөмбөгөө барьж гүйснээр анх үүссэн гэх түүхийг бидний ихэнх нь сонссон бизээ. Харамсалтай нь энэ түүх үнэнээс хол зөрүүтэй юм. 

Бодит түүхийн хувьд энэ спортыг "Rugby" сургуулийнхан анх тоглож хичээлийн эрхлэгч Томас Арнольд олон нийтэд танилцуулсан байна. Регбиг хөлбөмбөгөөс үүссэн гэдэг нь үнэн бөгөөд анхны дүрэм нь 1845 онд гарсан. Гэвч хэн анх бөмбөгийг барьж гүйсэн гэдэг нь тодорхойгүй үлдсэн юм. Хөвгүүд сургуульдаа энэ тоглоомыг суралцаж, төгссөнийхөө дараа ч хаялгүй үргэлжлүүлэн тоглоцгоосон. Ингэж анхны тэмцээн, анхны багууд үүссэн ба 1884 онд Олон улсын регби хөлбөмбөгийн зөвлөл байгуулагджээ.


06

Крикет

Дэлхийн олон орны иргэдийн хувьд крикет нь ойлгоход хэтэрхий төвөгтэй нууцлаг спортод тооцогддог. Гэсэн ч крикет нь хэдэн тэрбум үзэгчтэй дэлхийд хоёрт орох түгээмэл спорт билээ.

Анх крикетийг 13-р зуунд Английн хөдөө нутагт хоньчид анх тоглож байжээ. Хонины хашааны хаалгыг бай болгон ноос юмуу хувцасны өөдсөөр хийсэн бөмбөгөөр онох ба эсрэг талын тоглогч нь хонины шилбүүрээр байг чиглэн ирэх бөмбөгийг цохиж зайлуулдаг байв.

Зуунаас зуунд энэ спорт улам алдартай болсоор байлаа. Анхны 11 тоглогчтой тоглолт 50 алтан зоосны шагналын сантайгаар 1697 онд Суссекст зохиогдсон хэмээн тэмдэглэгдэн үлджээ. Үүнээс 8 жилийн дараа анхны тэмцээн Кент болон Сюррейн багуудын хооронд тоглогджээ. Тухайн үед крикетийн дүрэм аль хэдийн зохиогдсон байх магадлалтай. Гэвч 1744 онд бичигдсэн дүрэм нь одоогоор бидэнд олдоод буй хамгийн эртний крикетийн дүрэм юм.


05

Теннис

Эртний Египт, Грек, Ромчууд бүгд теннистэй төстэй тоглоом тоглож байсан тухай баримт байдаг. Гэсэн хэдий ч орчин үеийн теннисний үүсэл манай эриний 1000 оны орчмоос эхэлдэг. Тухайн үед Францын сүмд лам нар модон бөмбөгөөр гараараа харилцдаг байсан ба энэ нь воллейболтой илүү төстэй байв. Тэр үед тор ашигладаггүй олсоор орлуулдаг байсан байна. Лам нар бөмбөг давуулах үедээ францаар "аваарай" гэх утгатай "тенез" гэж хэлдэг байснаас теннис хэмээх нэр үүсчээ. Дараагийн 200 жилд теннис Европ тивээр маш хурдацтай тархаж 13-р зууны үед 1800 орчим теннисийн талбай байгуулагдсан байлаа. 1500 он гэхэд модон хүрээтэй хонины өлөн гэдсээр хийсэн цохиурыг олноор ашиглах болсон ба бөмбөгийг үйсээр хийдэг байв.

Орчин үеийн теннисийн дүрмийг 1873 онд зохиожээ. Анхны тэмцээн 1877 онд  Уимблдонд зохиогдсон. Тухайн тэмцээнээр теннисийн талбайн хэлбэр, хэмжээ, онооны дүрмийг анх тогтоосон байна.  


04

Сагсан бөмбөг

Канадчууд өөрсдийгөө хоккейг зохиосон хэмээн заргалдвал бидний хэн ч гайхахгүй. Харин Америкчуудын хамгийн хайртай спорт болох сагсан бөмбөгийг Канад хүн зохиосон гэдгийг уншигч та мэдэх үү?

Доктор Жэймс Нэйсмит 1861 онд Онтариогийн Алмонтед төржээ. Тэрбээр мод бэлтгэгчээр ажиллаж байгаад Монреалийн МакГиллийн их сургуульд элсэн орж биеийн тамирын багшаар суралцан төгссөн байна. Сургуулиа төгсөөд тэрээр АНУ-ын Массачусеттс мужийн Спрингфилдийн олон улсын христэд итгэгч залуусын бэлтгэлийн сургуульд ажиллах болжээ. Тэнд тэрээр залууст тохиромжтой ямар нэг зүйл хайж олох үүрэг авав. Нью-Ингландын өвөл маш хүйтэн учир хөвгүүд зааланд өдрийг өнгөрөөх ба танхимын тоглоомоос амархан уйдаж байлаа. Нэйсмит өсвөр насандаа тоглож байсан "Хадан дээрх нугас" хэмээх тоглоомоосоо санаа аван сагсан бөмбөгийг зохиожээ. Сургуулийн цэвэрлэгчээр заалны 2 захад жимсний сагсыг өндөрт өлгүүлсэн ба хөлбөмбөгийн бөмбөгийг ашиглав. Сагсан бөмбөгийн анхны тоглолт 1891 оны 12-р сарын 21-ний өдөр болж 1-0 гэсэн харьцаагаар өндөрлөжээ. Цэвэрлэгчид бөмбөг сагсанд орох бүрт дээш авирч гаран авч өгөх нь яршигтай санагдсан тул сагсны ёроолыг цоолж нүх гаргажээ.  

Энэ үеэс хойш сагсан бөмбөг маш алдартай болж 1936 оны Берлиний Олимпын наадмын хөтөлбөрт багтжээ. Доктор Нэйсмит Канзас Жэйхауксын анхны дасгалжуулагч байсан ба тухайн үед оюутны сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн 1-р дивизион анх үүсчээ. Нэйсмит 1939 оны 11-р сарын 28-ны өдөр нас эцэслэсэн юм.


03

Бэйсбол

Бэйсболын үүслийн тухай Абнер Дабльдэйн түүхийг хүмүүс ихэвчлэн ярьдаг. Уг түүхэнд Абнер Дабльдэй 1839 оны зун Нью-Йоркын Күперстаунд анх бэйсбол хэмээх зүйлийг зохион тоглосон ба үүнийхээ дараа Америкийн иргэний дайнд оролцож баатар болсон тухай гардаг. Гэвч 1839 онд Дабльдэй Вест Пойнтод байсан байх юм.

Бэйсбол нь Англиас гаралтай 2 тоглоомоос үүссэн байх магадлалтай.  Эхнийх нь колончлолын үеэр Нью-Ингландад орж ирсэн раундер хэмээх англи хүүхдүүдийн тоглоом, харин хоёрдахь нь крикет билээ.

Орчин үеийн бэйсбол нь Нью-Йоркод Нью-Йорк Никербокер Бэйсбол Клуб анх байгуулагдсан 1845 оноос эхлэлтэй. Клубийн хамгийн нөлөө бүхий гишүүн нь банкны ажилтан Александр Жой Картрайт байсан ба тэрээр бэйсболын дүрмийг зохиожээ. Үүнд ромбо хэлбэрт талбай, алдааны шугам, 3 страйкын зэрэг дүрмүүд  багтдаг. Мөн тэрбээр одоогийн бэйсболыг илүү сонирхолтой болгох байсан нэг дүрмийг хассан нь гүйж буй тоглогчийг бөмбөгөөр шидэж онон тоглоомоос гаргах дүрэм байв.


02

Америк хөлбөмбөг

Анхны америк хөлбөмбөгийн тоглолт 1869 оны 11-р сарын 6-ны өдөр Принстон болон Рутжерсын хооронд зохиогджээ. Гэвч энэ тоглоом нь хөлбөмбөгтэй илүү төстэй байв. Энэ тоглолтын дараа Йелийн их сургууль өөрсдийн "Бостоны тоглоом" гэх спортоо хөгжүүлж эхэлсэн. Энэ нь хөлбөмбөгтэй төстэй байсан ба хэрэв өрсөлдөгчдөө хөөгдөж эхэлбэл бөмбөгөө барин гүйж болох ба мөн дамжуулж болдог байв. Харин өрсөлдөгчдөө хөөгдөөгүй үедээ бөмбөгөө өшиглөдөг байсан байна. 

Йелийн их сургууль Монреалийн МакГиллийн Их сургуулийг 1874 оны 5-р сарын 14,15-ны өдрүүдэд хүлээн авч тоглов. Эхний өдөр тэд Бостоны тоглоомыг тоглоцгоож удаах өдөр нь тэд МакГиллийн хөлбөмбөгийг тоглосон байна. Баг бүр 11 гишүүнтэй, зууван бөмбөг ашигладаг ба тоглогч хүссэн үедээ бөмбөгийг барьж гүйж болдог байв. Тоглолтын дараа Йелийн багт Макгиллийн хувилбар таалагдсан бөгөөд ийнхүү америк хөлбөмбөгийн үүсэл нь Канадын их сургуультай холбогддог аж.     

Хойд Америкчууд хөлбөмбөгийг яагаад соккер гэж нэрлэдэг талаар та гайхдаг уу? Үнэндээ энэ нэршил Британи гаралтай үг юм. Британичууд өөрсдөө хөлбөмбөгийг энэ нэрээр бараг 100 жилийн турш дуудсан. Тухайн үед хөлбөмбөгийн албан ёсны нэршил нь Association Football буюу Холбооны хөлбөмбөг байсан ба товчоор Assocc гэдэг байв. Англи сургуулийн хүмүүс тэр үед үгийн төгсгөлд "-er" гэсэн дагавар залган дуудах нь түгээмэл байсан тул хөлбөмбөгийг Assoccer гэдэг байв. Цагийн явцад зөвхөн соккер гэж дуудах болсон байна. Хойд америкчууд өөрсдийн хөлбөмбөг болон жирийн хөлбөмбөг хоёрыг ялгахын тулд хөлбөмбөгийг үргэлж соккер гэдэг байсан юм.  Дэлхийн II дайны дараа Америкт соёлын маш том тэсрэлт болсны дараагаар Британичууд соккер гэдэг үг нь хэт америкжсан үг гэж үзээд хөлбөмбөг гэх нэршлийг ашиглах болжээ.


01

Хөлбөмбөг

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй хамгийн алдартай спорт бол мэдээж хөлбөмбөг билээ. Манай эриний өмнөх 2500 оны үед Эртний Египетчүүд ургацын баярын үеэр бөмбөг өшиглөж тоглодог байжээ.

Манай эриний өмнөх 476-221 оны үед Хятадад хүмүүс кужу хэмээх тоглоомыг тоглодог байсан ба үүнийг орчуулбал "Хөлөөрөө бөмбөг өшиглөх" гэх утгатай байв. Тоглоомын дүрэм нь өдөөр дүүргэсэн арьсан бөмбөгийг хоёр шонд өлгөсөн даавуун доогуур оруулах байсан бөгөөд ингэх үедээ гарнаас бусад биеийнхээ бүх хэсгийг ашигладаг байв. Цэргүүд уг тоглоомыг бэлтгэлийн нэг хэсэг болгон тоглож байсан тухай баримт байдаг.

Эртний Ромчууд мөн хөлбөмбөгтэй төстэй тоглоомыг тоглодог байсан. Баг бүр 27 тоглогчтой, бөмбөгийг эсрэг талын хаалганд оруулах дүрэмтэй байв. Гэвч Эртний Ромчуудын тоглоом байсан учир тоглолтын явцад хүмүүс гэмтэх, цаашлаад үхэх ч тохиолдол гардаг байсан байна. 

Орчин үеийн хөлбөмбөгийн түүх 1863 оноос эхэлдэг. Энэ үед регби, хөлбөмбөг 2 тусдаа спорт болон салж, Английн хөлбөмбөгийн холбоо байгуулагдсан. Хөлбөмбөгийн холбооноос өөрсдийн дүрэм, журмыг боловсруулан гаргаснаар орчин үеийн хөлбөмбөг үүсчээ.


7.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Dajgui ym baina
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start