Арав.мн

Английн Премьер Лигийн тухай сонирхолтой 10 баримт

Английн Премьер Лигийн тухай сонирхолтой 10 баримт

1992 онд байгуулагдсан цагаасаа хойш 28 дахь жилдээ аваргаа тодруулах гэж байгаа, дэлхийн хамгийн их үзэгчтэй спортын лиг болох Премьер лигийн тухай сонирхолтой 10 баримтыг дэлгэж байна.


10

Улаан чөтгөрүүд

1992 онд анх үүссэн цагаасаа хойш Премьер Лигийн аваргаар ердөө 6 баг тодорсон юм. Өнөөдрийг хүртэлх 27 удаагийн аварга шалгаруулах тэмцээний талаас илүүд нь буюу 13-т нь Манчестер Юнайтед аварга болж байжээ. Бусад 5 багийн хувьд  гэвэл Челси 5, МанСити 4, Арсенал 3, Блэкбөрн 1, Лэйстер Сити 1 удаа түрүүлж байв.


09

Алекс Фергюсон

Английн Премьер Лигийн түүхэнд 10 дасгалжуулагч аварга болж үзсэн бөгөөд сонирхолтой нь бүгдээрээ Англи хүмүүс биш юм. Хамгийн олон удаа багаа аварга болгож байсан дасгалжуулагч бол Манчестер Юнайтед багт 1986-2013 оны хооронд ажиллаж байсан Алекс Фергюсон бөгөөд нийт 13 удаа аварга болж байв. Тэрээр Шотланд хүн билээ. Түүний араас “нэхэж байгаа” 2 дасгалжуулагч байгаа нь Арсене Венгер (Франц), Жозе Моуриньо (Португал) нар ба тус бүр 3 удаа түрүүлээд байна. 


08

Арсен Венгер

Премьер Лигийн менежерүүдээс Арсен Венгер 22 жил нэг клубыг (Арсенал) удирдсан нь рекорд амжилт юм. 
2003-2004 оны улирал Арсенал клуб "38 тоглолтонд 1 ч удаа ялагдаагүй" гэсэн агуу амжилтыг үзүүлэн түрүүлсэн нь өдгөө ч эвдэгдээгүй байна. Үүнээс өмнө Preston North End баг л ийм амжилт үзүүлж байсан бөгөөд энэ нь 1889 онд буюу Арсеналын амжилтаас 115 жилийн өмнө болсон үйл явдал билээ. Тухайн үед 1 улиралд 22 тоглолт болдог байв.
2003-04 оны улиралд Арсенал баг 26 хожил 12 тэнцээ авч 90 оноогоор аварга болсон. Тэдний нэг ч хожигдол амсаагүй цуврал 2 улирал дамнасан бөгөөд энэ нь 49 тоглолт юм!


07

Гарет Бэрри

Премьер лигийн хамгийн олон тоглолтонд оролцсон тоглогчийг өдгөө ч тоглосоор буй 36 настай  Вест Бромвичийн хагас хамгаалагч Гарет Бэрри тэргүүлж байна. Тэрээр 653 тоглолтонд оролцоод байгаа бөгөөд (2020 оны 2-р сарын 20-ны байдлаар) энэ тоо улам өсөх нь тодорхой юм. Түүний араас жагсаж буй тоглогчдийг нэрлэвэл: 

2. Ryan Giggs - 632
3. Frank Lampard - 609
4. David James - 572
5. Gary Speed - 535
6. James Milner - 533 (одоо ч тоглож буй)
7. Emile Heskey - 516
8. Mark Schwarzer - 514
9. Jamie Carragher - 508
10. Phil Neville - 505


06

Алан Ширер

Премьер лигийн түүхэнд хамгийн олон гоол оруулсан тоглогчийн жагсаалтыг 1992–2006 оны хооронд тоглож байсан алдарт довтлогч Алан Ширер тэргүүлдэг ба 441 тоглолтонд оролцож 260 гоол хийж байв. Тэрээр 3 жил дараалан лигийн мэргэн бууч болж байсан бөгөөд түүний шилдэг тоглолтуудын ачаар 1994-1995 онд Блэкбөрн Роверс баг түүхэндээ анх удаа премьер лигийн аварга болсон юм. Бүх цаг үеийн мэргэн буучдын жагсаалтыг харуулбал:

  1. Алан Ширер - 260 гоол, 441 тоглолт
  2. Wayne Rooney - 208 гоол, 491 тоглолт 
  3. Andy Cole - 187 гоол, 414 тоглолт
  4. Sergio Aguero - 180 гоол, 285 тоглолт (өдгөө ч тоглож буй)
  5. Frank Lampard - 177 гоол, 609 тоглолт
  6. Thierry Henry - 175 гоол, 258 тоглолт
  7. Robbie Fowler - 163 гоол, 379 тоглолт
  8. Jermain Defoe - 162 гоол, 496 тоглолт
  9. Michael Owen - 150 гоол, 326 тоглолт
  10. Les Ferdinand - 149 гоол, 351 тоглолт

05

Тьерри Анри

Премьер лигийн тухайн улиралд хамгийн олон гоол хийсэн тоглогчид өгдөг "Алтан шаахай" шагналыг хамгийн олон авсан тоглогч бол Тьерри Анри юм. Тэрээр 2001–02 оны улирал 33 тоглолтонд 24 гоол, 2003–04 онд 37 тоглолтонд 30 гоол, 2004–05 онд 32 тоглолтонд 25 гоол, 2005–06 онд 32 тоглолтонд 27 гоол оруулсан амжилтаар нийт 4 удаа "Алтан шаахайн" эзэн болж байв. 
Хоёроос дээш удаа уг шагналын эзэн болсон тоглогчдыг танилцуулбал:
Алан Ширер - 3 удаа
Майкл Оуэн - 2 удаа
Жимми Флойд Хассельбайнк - 2 удаа
Дидье Дрогба - 2 удаа
Робин ван Перси - 2 удаа
Харри Кейн - 2 удаа тус тус хүртэж байв.
Дашрамд дурдахад "Алтан шаахай" шагналд ирдэг мөнгөн шагнал нь ихэвчлэн 1 гоолд 1000 фунт стерлинг байдаг юм байна.


04

Петр Чех

Олон жил Челсигийн бүрэлдхүүнд алба хааж Арсенал клубт зодог тайлсан Петр Чех Премьер лигийн түүхэнд хамгийн олон удаа хаалгаа хуурай манасан хаалгач юм. Тэрээр 220 clean sheets амжилттайгаар бүх цаг үеийн 1-д бичигддэг. Мөн нэг улиралд 24 тоглолтонд хаалгандаа гоол алдаагүй нь өдгөө ч эвдэгдээгүй байна.
2004-05 оны улирлаас эхлэн хаалгаа хамгийн олон удаа хуурай манасан хаалгачид зориулж "Алтан бээлий" шагналыг гардуулдаг болсон бөгөөд энэ шагналыг тус бүр 4 удаа авснаар Петр Чех, Жое Харт нар тэргүүлж байна. Тэдний араас Ливерпүүл багт тоглож байсан хаалгач Пепе Рейна 3 удаа уг шагналыг авч байв. 
Хамгийн олон тоглолт дараалан хаалгаа хуурай манасан хаалгач бол Манчестер Юнайтедын хаалгач Эдвин ван дер Сар бөгөөд тэрээр 2008-2009 оны улиралд 14 тоглолт дараалан буюу 1311 минут хаалгандаа гоол алдаагүй гайхалтай амжилтыг үзүүж байсан юм.


03

Серхио Агуэро

"Сарын шилдэг тоглогч" шагналыг олон нийтийн санал асуулга, спортын экспертүүд, баг бүрийн ахлагч нар нийлж гаргадаг бөгөөд энэ шагналыг 7 удаа хүртээд буй цорын ганц тоглогч нь МанСити багийн довтлогч Серхио Агуэро юм. Түүний араас:
6 удаа - Стивен Жерард, Харри Кэйн
5 удаа - Wayne Rooney, Robin van Persie
4 удаа - Dennis Bergkamp, Thierry Henry, Frank Lampard, Cristiano Ronaldo, Paul Scholes, Alan Shearer... гэсэн агуу тоглогчид бичигдэж байна (2020 оны 1-р сарын байдлаар).


02

Их дөрвөл

2000-2010 оны хоорондох бүхэл бүтэн 10 жилийг "их дөрвөл" буюу МанЮ, Арсенал, Челси, Ливерпүүл гэсэн дөрвөн багийн премьер лигт ноёрхож байсан үе гэж үздэг. Аваргуудын лигийн эрхийг авдаг эхний 4 байранд 2003–04-өөс 2008–09 оны хооронд буюу дараалсан 6 улирлын 5-д нь "их дөрвөл" багтаж байв.
1999-2010 оны хооронд 11 улирлын турш эхний 4-т хэдэн удаа орсныг танилцуулбал:
Арсенал - 11 удаа
МанЮ - 11 удаа
Челси - 8 удаа
Ливерпүүл - 8 удаа тус тус шалгарч байжээ.


01

10 баримт

  1. Манчестер Юнайтед багийн домогт тоглогч Райан Гиггз 21 улирал дараалан гоолдсон цорын ганц тоглогч.
  2. Улиралд хамгийн олон удаа хожсон баг Манчестер Сити бөгөөд тэд 2 улирал дараалан (2017-2018, 2018-2019) 32 хожил авсан юм.
  3. Харин хамгийн цөөн хожсон нь Дерби Каунти ба 2007-2008 оны улирлын 38 тоглолтонд ердөө ганц л удаа хожиж байжээ.
  4. Гэртээ хожигдоогүй хамгийн урт цувралыг 86 тоглолтоор Челси эзэмшдэг бөгөөд энэ нь 2004.03.20 – 2008.10.26-ны хооронд үргэлжилсэн юм.
  5. Хамгийн олон үзэгч стадионд цугласан нь 2007.03.31-нд болсон МанЮ-Блэкбөрн хоёрын хооронд болсон тоглолт бөгөөд Old Trafford цэнгэлдэхэд 76,069 хүн үзжээ. Харин хамгийн бага нь Уимблдон-Эвертон хоёрын тоглолтыг 1993.01.26-нд Selhurst Park цэнгэлдэхэд ердөө 3,039 хүн үзсэн байна.
  6. МанСити баг 2017-2018 улирлыг дуусгахад 100 оноонд хүрсэн нь рекорд амжилт билээ. Харин 38 дараалан тоглолтоос хамгийн өндөр оноо авсан нь Ливерпүүл (108 оноо) бөгөөд 2018-2019, 2019-2020 оны улиралд энэ амжилтыг тогтоосон юм.
  7. 1 улиралд хамгийн олон гоол хийсэн баг МанСити бөгөөд тэд 2017-2018 оны улиралд 106 гоол хийжээ.
  8. Хамгийн бага гоол алдсан багаар Челси нэрлэгддэг ба 2004-2005 онд хаалгандаа ердөө 15 бөмбөг алдсан юм.
  9. Гоол оруулж байсан хамгийн ахмад тоглогч бол  Teddy Sheringham бөгөөд 40 нас 268 хоногтой байсан бол хамгийн залуу нь  James Vaughan ба тэрээр гоол оруулахдаа ердөө 16 нас 271 хоногтой байсан юм.
  10. Хамгийн олон тоглолт дараалан гоол оруулсан тоглогч бол  Jamie Vardy бөгөөд 11 тоглолт дараалан гоолджээ. Энэ жилдээ тэд анх удаа Премьер Лигийн аварга болсон юм.

9.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (6)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


мэдээлэл оруулж байгаа бол үнэн зөв мэдээлэл оруул!!! мөн улирал дуусаагүй байхад рекорд тогтоосон мэт бичихгүй байхыг зөвлөе.
Английн дээд лигийн нэр нь л солигдсон болохоос үүссэн юм огтхон ч биш шүү.
+2
амттай мэдээллүүд байна. Мало мало ккк дахиад дахиад.
+7
Naad bichsen gun chin chelseagiin fanat.
-8
uur bagiin fanat bsn ch busad baguudad hundlel uzuuleh heregtei shd ManU ged dahin2 dawtaad bh yum
+3
Goe medeelel bndaa
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start