Арав.мн

"Оддын дайн" киноны талаар сонирхолтой 10 баримт

ЭРТЭЭ УРЬДЫН ЦАГТ
ХОЛЫН ХОЛД ОРШИХ ГАЛАКТИКТ … хэмээн эхэлдэг дэлгэцийн бүтээл болох ОДДЫН ДАЙН киноны талаар уншигчдадаа танилцуулж байна. ОДДЫН ДАЙН нь Жиорж Лукасын бүтээсэн олон ангит кино дээр суурилсан Америкийн сансрын дуурийн алдарт франчайз юм.
1977 онд гарсан Star Wars IV: New Hope кино нь энэ бүхний эхлэлийг тавьсан бөгөөд тухайн үеийн дэлхий дахины соёлд гэнэтийн бөгөөд онцгой үзэгдэл болсон юм. Уг бүтээлийн үргэлжлэл болсон Star Wars V: The Empire Strikes Back (1980), Star Wars VI: Return Of the Jedi (1983) зэрэг бүтээлүүд гарч амжилт олсон. Эдгээр гурван дэлгэцийн бүтээл нь ОДДЫН ДАЙНЫ анхны гурвалсан бүтээлийг бүрдүүлдэг.

1999-2005 хоёр дахь гурвалсан цуврал бүтээл гарсан ба эхний гурвалсан цувралаас цаг хугацааны хувьд өмнөх үйл явдлыг дүрсэлдэг. Star Wars I: The Phantom Menace (1999), Star Wars II: Attack of the Clones (2002), Star Wars III: Revenge of the Sith (2005) бүтээлүүд нь хоёр дахь гурвалсан цувралд багтдаг байна.

2015 онд гарсан Star Wars VII: The Force Awakens, бүтээл нь дэлгэцэд гарснаар ОДДЫН дайны гурав дахь гурвалсан бүтээл эхэлсэн юм. Дараагийн хоёр анги нь Star Wars VIII: The Last Jedi (2017), Star Wars IX: (нэр нь тодорхойгүй) (2019) байх юм.

Эдгээр долоон дэлгэцийн бүтээл бүгд Академи Авардст нэр дэвшсэн бөгөөд эхний 2 анги шагнал авсан. Бүх цуврал бүтээлүүдийн ашгийн нийлбэр 7.5 тэрбум доллар бөгөөд бүх цаг үеийн өндөр ашиг олсон цуврал бүтээлүүдийн гурав дугаарт жагсдаг байна.

Үүнээс гадна дагалдсан Star Wars: Clone Wars (2008), Star Wars: Rebels (2014), Rogue One (2016) зэрэг бүтээлүүд бий. Сонирхуулж хэлэхэд Rogue One нь anthology цувралын эхний бүтээл бөгөөд дахин хоёр бүтээл ойрын хугацаанд хийгдэх юм.

Оддын Дайн нь маш өргөн хэмжээний ном товхимол, телевизийн цувралууд, компьютер болон видео тоглоомууд, парк үзвэрийн газрууд, комик цуврал номууд зэргийг бий болгосон нь ОДДЫН ДАЙН гэсэн төсөөллийн ертөнцийг улам өргөжүүлсээр байгаа юм. Мөн Оддын дайн нь кинонд суурилсан хамгийн амжилттай яваа борлуулалтын франчайз гэдгээрээ гиннесийн амжилтад бүртгэгдсэн байдаг байна.

2015 онд ОДДЫН ДАЙН франчайзийн үнэлэмж 42 тэрбум доллар байсан ба бүх цаг үеийн хамгийн өндөр ашиг олсон медиа франчайзийн хоёр дугаарт бичигдэх болсон байна. 

Ингээд та бүхэндээ уг бүтээл дэлхий ертөнцөд хэрхэн нөлөөлснийг дараах 10 баримтаар хүргэе.


10

Library Of Congress

1989 онд Library Of Congress (Америкийн Нэгдсэн Улсын Үндэсний Архив) анхны Star Wars кино бүтээлийг үзэл суртал, түүх соёлын хувьд чухал үнэ цэнэтэй гэж үзсэн учраас үндэсний кино архивт хадгалах шийдвэрийг гаргажээ. Түүний дараагийн анги болох Star Wars V: The Empire Strikes Back (1980)-ийг үндэсний кино архивт хадгалах шийдвэрийг 2010 онд гаргажээ.


09

20th Century Fox

20-р зуун FOX Star Wars-ийг санхүүжүүлсэн ба тухайн үед FOX нь санхүүгийн хүндрэлд ороод байлаа. Гэтэл гэнэт Star Wars blockbuster болж 3 сарын дотор олсон ашиг нь 100 сая долларыг давахад FOX-ийн хувьцааны нэгж нь 6 доллараас 25 доллар болтлоо өсөж өдөрт 1.2 сая долларын ашгийг студид оруулж байв. Star Wars нь FOX-ийг дампуурах шахсан продакшн компаниас өсөж буй медиа мангас болоход нь тусалсан юм.


08

Тусгай эффект

Star Wars-аас өмнө дэлгэцийн бүтээлүүдийн тусгай эффект хангалттай өндөр хөгжилд хүрээгүй байсан ба энэ кино бүтээл кинонд digital зураг дүрс ашиглах хөдөлгөөнийг эхлүүлсэн. Тухайн үед уг бүтээлийн амжилтаас үүдэн тусгай эффектийн технологийн хөгжүүлэлтэд маш их хөрөнгө оруулалт орсон. Гурвалсан цуврал бүтээлийн загварыг бий болгож киног борлуулах эрх анх олгож эхэлсэн нь киноноосоо илүү орлого олж болно гэдгийг харуулсан байдаг. Уг бүтээл нь Hollywood-ийн кино үзэх үзэл болон киноны түүх, зохиолын ойлголтуудыг үндсээр нь өөрчилсөн юм.


07

Жанр

Star Wars кино бүтээл нь pastiche буюу сонгодог кино бүтээлийн хэд хэдэн жанрыг нэг кинонд нэгтгэсэн анхны бүтээл юм. Star Wars-ийн хувьд уран зөгнөл (Сансар, Гэрэлт Илд, Хөлөг, Од Сөнөөгч гэх мэт), барууны (Han Solo ерөнхийдөө Cowboy-ooс санаа авсан), дайны, нууцлаг агуу (Jedi, Sith) гэсэн жанрууд багтдаг ажээ.


06

Hologram

Star Wars дээр гардаг холографик видео эффектийг CNN 2008 оны сонгуулийн шөнийн мэдээллийг нэвтрүүлэх үеэрээ ашиглажээ. CNN-ийн сурвалжлагч Jessica Yellin болон хөгжимчин Will.I.Am хоёр нэвтрүүлэгчдийн хамт яг л нэг ширээнд өөд өөдөөсөө харан сууж байгаа юм шиг байсан байна. Үнэндээ өөр өөр газар байсан бөгөөд холографик видео эффектийг нэвтрүүлснээр ийм үр дүнд хүрчээ.


05

Space X

Хувийн эзэмшлийн сансрын нислэгийн компани болох Space X-ийн анхны амжилттай хөөрсөн сансрын пуужинг Falcon 1 гэж нэрлэсэн байдаг ба Elon Musk уг киноны Millennium Falcon хөлгөөс санаа авч ийн нэрийджээ. Falcon 1 хөлгийн сайжруулсан хувилбаруудыг хөгжүүлсээр одоо Falcon 9 хувилбарыг ашиглаж байгаа ажээ.


04

Шинжлэх ухаан

Уг кинонд гардаг дүрүүд болон бусад зохиомол элементүүд нь шинжлэх ухаанд шинээр нээгдсэн организмуудад нэр өгөхөд үлгэр жишээ болж байжээ.

Midichloria
Yoda purpurata
Aptostichus sarlacc
Han solo
Albunione yoda
Darthvaderum
Polemistus chewbacca
Polemistus vaderi
Wockia chewbacca
Peckoltia greedoi
Xenokeryx amidalae



03

Зэвсэглэл

Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Роналд Рейган тив алгасах баллистик пуужингийн эсрэг хамгаалах стратегийн ач холбогдол бүхий системийг санаачлан хэрэгжүүлж эхэлсэн нь төд удалгүй Star Wars гэсэн нэрийг авчээ. Учир нь бараг мөрөөдөл шахуу зүйл байсан ба Star Wars нь зөгнөлт кино байсан учир зүйрлэсэн хэрэг. Роналд Рейган энэ нэрэнд таагүй хандсан ч огт дургүй бас байсангүй. Тэрбээр хэлэхдээ "Яагаад болохгүй гэж? Сайн кино шүү дээ. Бас сайн залуус ялсан" гэж байжээ. Үүгээр зогсолгүй тухайн үеийн Зөвлөлт Холбоот Улсыг Star Wars дээр гардаг Хорон Санаат Эзэнт Гүрэнтэй зүйрлэж байжээ.


02

Сонгууль

2014 оны Украйн улсын ерөнхийлөгчийн сонгуульд Star Wars-ийн хорон санаат дүрийн нэг болох Darth Vader нэрээр өөрийгөө нэрлэсэн хүн сонгуульд дэвшиж байжээ. Жинхэнэ хүнийг тодорхойлох боломжгүй байсан учир бүртгэхээс татгалзсан байна. Киев болон Одесса хотын захирагчид мөн ийм нэрээр нэр дэвшүүлж байжээ.


01

Шашин (Jediism)

Star Wars-ийн сайн талыг илэрхийлсэн бүлгийг Jedi хэмээн нэрлэдэг. Эдгээр бүлэг хүмүүсийг бидний сайн мэдэх хятадын шаолин сүмийхэнтэй зүйрлэвэл уншигч танд илүү ойлгомжтой байх болов уу! Шаолин сүмээс санаа авсан гэсэн үг бол биш шүү, бүтэц болон сайн санааны илэрхийлэл болдог гэдэг утгаараа адилтган бичлээ. 

Jedi нар өөрсдийн гэсэн сургааль, мөрдөх ёс жаягтай бөгөөд тулааны урлагт нэвт суралцсан байдаг. Тэгвэл Jedi гэдэг ойлголт дээр суурилсан шашин бас байдаг байна. Энэхүү шашин нь Star Wars дээр тодорхойлогдсон Jedi code (сургаал, замнал)-ийн өөрчилсөн хувилбарыг дагаж сүсэглэдэг ба дэлхий даяар олон хүмүүс иргэншлийн бүртгэлдээ Jedi-ийг шашнаараа бүртгүүлсэн байдаг. Австрали болон Шинэ Зеландийн иргэд нэлээн хувийг эзэлнэ. Турк улсад Их Сургууль дотроо Jedi сүм байгуулах хүсэлт хүртэл гаргаж байжээ. 

Дашрамд дурдахад Их Британий 2001 оны иргэний бүртгэлд 390 000 иргэн шашин шүтлэгээ Jedi гэж бүртгүүлсэн байдаг байна.


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Би энэ франчайзын фан
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start