Арав.мн

Усан доорх 10 хот

Усан доорх 10 хот

Хүчтэй газар хөдлөлтийн улмаас далай тэнгист “залгиулсан”, эсвэл аварга том даланд шахагдан усан доогуур орсон эрт болоод эдүгээ цагийн олон хот дэлхийн өнцөг булан бүрт бий. Тэдний зарим нь түүхийн турш нууцаа дэлгээгүй үлгэр домгийн мэт санагдах бол зарим нь саяхан олдсон археологийн үнэт олдвор юм. Дараах хотууд өөр өөрийн түүхтэй ч аймшигтай, гайхамшигтай басхүү уй гуниг төрүүлдгээрээ ижил төстэй.


10

ОНТАРИОГИЙН ТОСГОД, КАНАД

Хүмүүс эртний хот суурингуудыг илүүтэй сонирхдог тул саяхан буюу ердөө өнгөрсөн зуунд усан дор орсон хот суурингууд байдгийг олон нийт тэр бүр мэддэггүй. Канадын Онтарио мужийн нэг тойргийн арван жижиг тосгон л гэхэд Сейнт Лоурэнс мөрний урсацыг өөрчилснөөс болж гэнэт догширсон их мөрний усанд 1958 онд бүрэн автжээ. Живсэн тосгодын явган хүний зам, зарим өндөр байшингийн оройг өнөө ч уснаас цухайхыг харж болно. Тосгодыг бүхлээр нь сүйдэхээс өмнө тойргийн захиргааны хаяг, зарлалын самбар болон зарим айлын шуудангийн хайрцаг зэргийг бүрэн бүтэн дээр нь мужийн төв музейд хадгалуулсан байна. Аз болоход гамшгийн үеэр хүний амь эрсдээгүй аж.


09

АТЛИТ-ЯМ, ИЗРАИЛЬ

Газар тариалан, мал аж ахуй, тэнгисийн худалдааг хослуулсан бүс нутгийнхаа анхны хот гэгддэг, Левантын эрэгт 8000 жилийн тэртээ хөгжин цэцэглэж асан энэ хот 40 мянган ам.метр талбай эзэлж байжээ. Одоогийн Израиль улсын Хайфа хотын өмнөд хэсэгт орших Атлит суурингийн ойролцоо, тэнгисийн эргээс 1300 метрийн зайд, 8-12 метрийн гүндживсэн уг эртний хотын тууриас 2008 онд худаг, хэд хэдэн чулуун хөшөө, нийт 65 хүний араг яс зэрэг олдсон байна. Тэдгээр хүний дунд сүрьеэ өвчнөөр өөд болсон эх, хүү хоёрын араг яс байгаа нь одоогоор илрээд буй энэ өвчний хамгийн эртний тохиолдол аж. Атлит-Ямыг чухам ямархуу хот байсан, юунаас болж сүйдэж, усан дор орсныг нь тогтоох судалгааны ажил үргэлжилж байна. 


08

ПОРТ РОЙЯЛ, ЯМАЙК

Энэ хотыг живж үгүй болсонд баярлах хүн цөөнгүй. Учир нь Карибын тэнгист “нойрсож” буй уг хотыг аялагчид “ертөнцийн хамгийн бузар булай, нүгэлтэй хот” хэмээн бичиж байв. Ямайкийн эрэг дээр байсан энэхүү боомт хот болох болохгүй зүйл худалддаг, биеэ үнэлэгчдийг хэдэн мянгаар нь байлгадаг, далайн дээрэмчдийн зугаа цэнгэлийн газар байжээ. Америкийн эх газарт суурьшсан анхны европчуудын байгуулсан хамгийн том хотын нэг болох Порт Ройял 1692 оны зургаадугаар сард болсон 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтөд нэрвэгдэж, тэнгисийн усанд живжээ. Тэнгисийн эрэгт тулгаж, элсэн дээр барьсан байсан нь хотыг сүйрэлд хүргэж, 2000 орчим хүн амь үрэгдсэн байна. Өдгөө 12 метр гүн ус Порт Ройялын газар дээр үлдсэн туурийг усанд живсэн хэсгээс нь тусгаарлаж байна. “Нүглийн” хот XX зууны эхэн үе хүртэл эрэг орчмын гүехэн усанд харагддаг байсан агаад элсэрхэг хөрс нь олон жилийн турш тэнгисийн усанд аажмаар живж байгаа аж. Газар дээр үлдсэн хотын хэсэг загасчдын суурин болсон ч Порт Ройял далайн дээрэмчдийн хотоос гадна живсэн хот гэсэн нэрнээсээ ангижирч чадаагүй байна.


07

САФТИНГЕ

Нидерландын эрэгт сүндэрлэж байсан энэ хот 1200-гаад онд хөгжлийнхөө оргилд хүрч, олон зууны турш их хөлийн газар байжээ. Харин 1570 оны гэнэтийн үерээр эргэн тойрон нь битүү усаар хүрээлэгдэж, гэнэтхэн л эх газраас тусгаарлагдан, балчиг намган “хил хзягаар”-тай болсон байна. Хотын дийлэнх хэсэг тэрхүү аймшигт гамшгийн ард тэсэж үлдсэн хэдий ч 15 жилийн дараа буюу 80 жилийн дайны үеэр эрх баригчдын шийдвэрээр хотыг тойрсон томоохон далангуудыг сүйтгэснээр Сафтинге бүрэн усанд автжээ. Өдгөө хот байсан газар нийт 4000 орчим га талбай эзэлсэн, гүехэн хэсэгтээ битүү балчиг намагтай, гүнзгий хэсэгтээ эртний барилгын үлдэгдэлтэй аварга том археологийн төвд хувираад байна. Хотын усанд автсан хэсгийн усыг татах, намагтай хэсгийг нь хатаах зэрэг хэд хэдэн оролдлого талаар болсон ч олон зууны түүхт Сафтингег сэргээх, судалгаа малтлага хийхийг уриалсан олон нийтийн дэмжлэг тасраагүй байна.


06

ДВАРКА, ЭНЭТХЭГ

Ведийн буюу хиндү шашны домогт Кришна бурхан нэгэн хотыг алт, мөнгөөр бүтээж, эрдэнийн чулуугаар чимэглэсэн хэмээн өгүүлдэг. Харин Гужарат мужийн нутагт орших Камбайн булангийн Дварка хотоос холгүй, далайн уснаас археологичид 2000 онд эртний хотын туурь олсон нь сүсэг бишрэлтэй энэтхэгчүүд төдийгүй зарим түүхчийг эртний Дварка нь Кришна бурхны байгуулсан хот байжээ хэмээн таамаглахад хүргэжээ. Одоогийн Дварка нь Энэтхэгийн хамгийн эртний долоон хотын нэг бөгөөд далайн эрэгт ойр байсан хэсэг нь үерийн улмаас усан дор орсон гэж нутгийнхан ярьдаг. Харин хиндү шашинтнуудын их хөлгөн судар “Махабарата”-д өгүүлснээр Кришна бурхан тэнгэрт хальснаар байгуулсан хот нь сүйдсэн байна. Эртний хотын туурь далайн ёроолоос дээш 40-өөд метр өндөрт сүндэрлэдэг бөгөөд уг газрыг өдгөө Камбайн соёлын өвийн цогцолбор газар хэмээн нэрийдэж, төрийн хамгаалалтад авчээ. Усан доорх хотын тууриас 5-6 мянган жилийн настай гэр ахуйн эдлэл, хэрэглэл олдсоор байна.


05

ЁОНАГҮНИ-ЖИМАГИЙН САЦ СУВАРГУУД, ЯПОН

Японы Рюүкюүгийн бүлэг арлын өмнөд захад орших Ёонагүнигийн пирамидуудыг хүний гараар бүтсэн эсэхийг судлаачид өнөө ч эцэслэн тогтоогоогүй байна. Эл хачирхалтай байгууламжийг алхан толгойт аварга загас хайж яваад шумбагчид 1987 онд илрүүлжээ. Шаталж зассан чулуу, тэгш өнцөгт тайзархуу тавцан зэргийг нь харахад эл байгууламжийг байгаль эх бүтээсэн гэхэд итгэмгүй. Дал гаруй метр өндөр хана хэрэм бүхий уг байгууламж олон том чулуу давхарласан мэт бүтэцтэй ч аварга чулуунууд өөр хоорондоо холбоотой, өөрөөр хэлбэл нэгэн бүхэл том хадыг засаж янзалсан мэт ажээ. Гэтэл үүнийг хүн бүтээсэн хэмээж, чулуулгын насыг тооцоолбол сүүлчийн мөстлөгийн үед буюу МЭӨ 10000- аад онд бүтээсэн болж таарна. Тэр үед далайн түвшин одоогийнхоос 40 гаруй метрээр бага байсан нь үүнийг боломжтой мэт санагдуулах ч геологичдын олонх нь Ёонагүни-Жимагийн сац суваргуудыг далайн ёроолд болсон газар хөдлөлтөөс үүдэлтэй гэж үздэг.


04

ПАВЛОПЕТРИ, ГРЕК

МЭӨ 1000-аад онд болсон олон хүчтэй газар хөдлөлтийн улмаас эрэг орчмын газартайгаа хамт нурж, тэнгист живсэн Павлопетри хот одоогоор тогтоогдоод буй дэлхийн хамгийн эртний, усан доорх хот юм. 5000 гаруй жилийн түүхтэй уг хот эртний олон хоттой харьцуулахад зохион байгуулалт сайтай гудамж талбай, гоёмсог хийц бүхий барилга байгууламж, бүр тусгайлан зассан оршуулгын газартай байснаараа ялгардаг.

Далайн 3-4 метрийн гүнд буй Павлопетри хотын туурийг 1967 онд Английн Кэмбрижийн их сургуулийн эрдэмтэд илрүүлсэн бөгөөд тус сургуулийн мэргэжилтнүүд өдгөө Ноттингхэмийн их сургуулийн судлаачдын хамт туурийг судлах, хамгаалах ажлыг хариуцаж байна.


03

TОНИС-ХЕРАЦЛЕЙОН

Эртний грекчүүд уг хотыг Херацлейон, харин эртний египетчүүд Тонис хэмээн нэрийдэж байжээ. Энэхүү хотын үндсийг одоогоос 2700 гаруй жилийн өмнө өнөөгийн Абу Кир булангийн тохойд хатгасан гэж үздэг. Энэ нь Александрия хотоос зүүн хойд зүгт 20-иод км зайтай гэсэн үг юм.Өнөөгийн Египетийн хойд эрэг дээр сүндэрлэж байсан, цагтаа Газар дундын тэнгис дэх хамгийн чинээлэг, хүч нөлөөтэй боомт хотын нэг байсан уг хот хүчтэй газар хөдлөлтийн уршгаар тэнгисийн усанд живсэн бололтой. Хотын туурь буй газрын ойр орчмоос осолдсон 60 гаруй эртний хөлгийн үлдэгдэл олдсон нь Тонис-Херацлейоныг мөн олон улсын худалдааны зангилаа цэг байсныг илтгэнэ. Судлаачид уг хотыгМЭӨ 664-332 оны хооронд Египетийн “үүд” байсан гэж таамаглаж байна. 


02

ЦЯНЬДАО НУУРЫН АРСЛАН ХОТ, ХЯТАД

Эртний түүхт Александрия хотын туурь олдохоос өмнө Хятадын усан доорх гайхамшиг гэгддэг Арслан хотыг живсэн хотуудаас хамгийн үзэмж төгс нь хэмээж байв. Хятадын зүүн эргийн Жөжян мужийн нутагт орших Мянган арлын нуур буюу Цяньдао нуурын мандлаас доош 25-40 метрийн гүнд орших Арслан хот 1950-иад онд уг нуурт том далан барихад үерт автаж, усан дор оржээ. Хотыг МЭ 25-200 онд оршин тогтносон Дорнод Хан гүрний үед барьсан бөгөөд хотын нийт газар нутаг хөлбөмбөгийн 62 талбайг нийлүүлсэнтэй тэнцэх юм. 1950-иад оны Хятадын албаныхан юуны учир энэ сайхан хотыг живүүлсэн нь тодорхойгүй. Судлаачид Арслан хотын дотор гоёмсог хээ угалз, ханз үсгийн уран бичлэг бүхий 265 гулдан хаалга байхыг 2001 онд тогтоосноор живсэн хотыг зорих жуулчдын тоо нэмэгджээ. Өдгөө Шанхай хотод төвтэй шумбагчдын агентлаг Арслан хотыг зорих жуулчдад үйлчилж байна. Жөжян мужийн захиргаа Арслан хотыг илүү нээлттэй болгохын тулд нуурын ёроолд шилэн туннель барихаар төлөвлөжээ.


01

ЭРТНИЙ АЛЕКСАНДРИЯ, ЕГИПЕТ

Эртний Египетийн сүүлчийн фараон болох Клеопатра хатны үед цэцэглэж асан хуучин Александрия хотын ул мөр 1600 гаруй жилийн турш бараа сураггүй байжээ. Харин олон улсын археологичид 1998 онд одоогийн Александрия хотын эргээс холгүй далайн ёроолоос хэд хэдэн хөшөө баримлын үлдэгдэл, сфинкс буюу хүн толгой, арслан биет ховдос, өндөр багана, орд харшийнх байх магадлалтай аварга том чулуун хавтан илрүүлсэн нь дуулиан дэгдээсэн байна. Эртний Александрия хот газар хөдлөлтийн уршгаар тэнгисийн усанд автсан гэж түүхчид таамагладаг. Уг хотын туурь одоогоор усан дороос олдоод буй хамгийн том талбай эзлэн орших археологийн бүс юм. Эндээс эрдэмтэд байшин барилгын үлдэгдлээс гадна зоос, аяга таваг, эртний Грекийн түүхч, газарзүйчдийн зурсан зургууд болон хүүгээ тэвэрсэн Клеопатра хатны баримал олжээ.


8.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (6)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Ус гэдэг зүйл их нууцлаг.
Байгуулвал
+1
Далайн ёроолд хот
+1
Янзийн
+1
Гайхалтай
+1
Mash goio niitlel bna ulam ih medeelel avii
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start