Арав.мн

Спортын хамгийн гоёмсог цомууд

Спортын хамгийн гоёмсог цомууд

Хамгийн гоёмсог 10 цомыг танилцуулж байна.


10

Уимблдоны эрэгтэйчүүдийн цом

Анх 1887 онд танилцуулсан энэхүү цом хэзээ ч Бүх Английн клубээс өөр газар байх ёсгүй. Асар үнэ цэнэтэй жижигхэн алтан цомыг жилд ердөө нэг л удаа цомын өрөөнөөс гаргаж, эрэгтэйчүүдийн төрөлд ялсан тамирчинд гардуулдаг. Аварга тамирчин цомыг ердөө 1 цаг л барих эрхтэй бөгөөд хугацаа дуусмагч эргүүлэн хоргоны цаана тавьдаг байна. Цомын дээр нь ханборгоцой хийсэн байдаг. Уг нь уг тэмцээний бэлэг тэмдэг болсон жимс нь гүзээлзгэнэ боловч 17-р зуунд ханборгоцой хамгийн үнэтэй, хамгийн ховор жимснүүдийн тоонд орж, баячуудын эд хөрөнгийг бэлэгддэг болсон байна. Иймээс уг цомыг ханборгоцойгоор чимэглэжээ. Түүнчлэн цом дээр сийлсэн үг нь тун сонирхолтой. “Бүх Английн өвсний теннисийн клубын нэг гарт дэлхийн аварга”. Тийм ээ, “нэг-гарт”. Энэ нь одоогийн тамирчдын үзүүлдэг шиг хоёр гарын тоглолт бус Английн уламжлалт нэг гарт барилтыг илтгэсэн үг юм байна. 


09

Champions League Trophy

“Дэлдэн чихт” хочит Аваргуудын лигийн цом өмнө нь Европын цом гэдэг нэртэй байжээ. Өдгөө спортын ертөнц дэх хамгийн алдартай цомуудын нэг. Тус цом маш энгийн хийцтэй байдаг нь илүү гоёмсог харагдуулдаг гэж үздэг.

Хамгийн анхны Аваргуудын лигийн цомыг 1956 онд L’Equipe гэх спортын сонины газар хандивлаж байжээ. Уг цомыг тухайн үед 6 удаа аваргалсан Реал Мадрид багт 1967 онд бүр мөсөн дурсгасан байна. Харин оронд нь ашиглах цомыг UEFA-гийн зүгээс Швейцарийн үнэт эдлэлийн мастер Jorg Stadelmann-д 10 мянган франкаар захиалж хийлгэсэн байна. Тус цом нь 74 см өндөр, 11 кг жинтэй бөгөөд дээр нь “Coupe des clubs champions Europeens” гэсэн бичигтэй.

Цомыг Реал Мадридаас гадна 1973 онд 3 дарааллаж түрүүлсэн Аjax клуб, 1976 онд 3 дарааллаж түрүүлсэн Байерн Мюнхен клуб, 1994 онд 5 дахь удаагаа түрүүлсэн Милан, 2005 онд Ливерпүүл клубуудэд бүр мөсөн дурсгаж, тухай бүрт нь тэмцээнд ашиглах цомоо шинээр хийлгэсэн байна.


08

Wanamaker Trophy

Мэргэжлийн гольфийн PGA аварга шалгаруулах тэмцээний ялагч энэхүү цомыг авдаг. PGA тэмцээнд ихэвчлэн АНУ-ын тамирчид өрсөлддөг бөгөөд хамгийн анх 1916 онд энэ цомыг гардуулсан байдаг. Цомын хэмжээний хувьд 12 кг жинтэй, 71 см өндөр, 26 см өргөн юм. 1916 оны 1-р сард алдартай бизнесмэн, сонины газрын эзэн Родман Ванамэйкер тухайн үеийн хамгийн шилдэг гэсэн 35 гольфчдыг урьж хооллохдоо тус спортын мэргэжлийн холбоо байгуулах талаар хэлэлцэж байжээ. Эндээ PGA буюу Америкийн мэргэжлийн гольфчдын холбоо бий болсон юм.

Сонирхолтой нь 1928 оны аварга тамирчин Уолтер Хэйгэн цомоо алдаж байсан бөгөөд хоёр жилийн дараа буюу 1930 онд Детройт хотын нэгэн байшинд цэвэрлэгээ хийж байсан хүн олж, эргүүлэн өгсөн байдаг. 


07

Ryder Cup Trophy

АНУ болон Европын гольфийн мэргэжлийн багууд Райдерын цомын төлөө өрсөлддөг. Спортын хамгийн том тэмцээнүүдийн нэг болох уг тэмцээнд ялсан тамирчин энэхүү цомын эзэн болдог. Цомыг гольфийн спортын багийн тэмцээнийг үүсгэн байгуулсан гэгддэг бизнесмэн Сэмуэль Райдерын нэрээр нэрлэсэн юм. Тэмцээн хоёр жилд нэг удаа болдог.

Энэхүү 1,8 кг жинтэй, 43 см өндөр, 22 см өргөн цомыг тухайн үедээ 400 ам.доллараар бүтээсэн бол одоо яг ижилхэн цом хийхэд 6000 ам.доллар хэрэгтэй болно. 


06

Webb Ellys Cup

Бас нэгэн алтан урлагийн бүтээл. Рэгбигийн дэлхийн аваргад түрүүлсэн баг энэхүү цомыг авна. Сургуулийн хөлбөмбөгийн тэмцээний үеэр бөмбөгийг гартаа барьж, рэгби гэх спортыг үүсгэн байгуулсан гэгддэг Вэбб Эллисийн нэрээр цомыг нэрлэсэн байдаг. Цом 38 см өндөртэй ба 4,5 кг жинтэй мөнгөн цом юм. Бариулын нэг дээр нь сатирын толгой, нөгөө бариул дээр нь нимф дүрсэлсэн байдаг.

Цом нь хоёр оригиналь хувилбартай бөгөөд ээлжилж гардуулдаг юм байна. 1740 оны Paul de Lamerie-гийн бүтээсэн Викторийн загварын цомоос санаа авч, 1906 онд Carrington and Co. гэх Англи компани хийсэн байдаг. Харин хоёр дахь цомыг 1986 онд дуурайлган хийж байжээ. 


05

Europa League Trophy

Өмнө нь UEFA-гийн цом гэгддэг байсан Европын лигийн цом бол хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн их шунадаг цомуудын нэг билээ. UEFA-гийн мөнгөн эдлэлүүд дундаа хамгийн хүнд нь болох уг цом 15 кг жинтэй, 65 см өндөр, 33 см өргөн, 23 см гүн юм.

Цомыг Милан хотын Bertoni компани урласан байдаг. Бусад цомуудаас ялгаатай нь Европын лигийн цом нь бариулгүй. Оригиналь цом нь UEFA-д хадгалагддаг ба тэмцээнүүдийн ялагчид гардуулж буй цом нь үнэндээ дуураймал юм байна.  


04

Challenge Cup Trophy

Рэгбигийн лигийн хамгийн удаан үргэлжилж буй тэмцээний ялагч энэхүү гайхамшигтай цомын эзэн болдог. Стерлинг мөнгөөр хийсэн уг цомыг хамгийн анх танилцуулсан цагаас нь хойш буюу 120 жилийн турш нийт 111 ялагчийн гар дамжжээ. Чэллэнж Кап тэмцээн нь 1896 оноос хойш жил бүр зохиогдож байгаа (1915-1919 болон 1939-1940 онуудад завсарласан) ба сонирхогчийн, хагас мэргэжлийн болон мэргэжлийн клубуудын дунд хасагдах журмаар явдаг тэмцээн юм.

Цомыг гар аргаар 60 паундын үнээр (өнөөдрийн ханшаар бол 16,000 паунд) хийсэн Фатторинигийн гэр бүлийн компанийн зургаа дахь үе өнөөдрийг болтол цомыг засварлах ажлыг хариуцдаг байна.


03

Claret Jug

Жагсаалтад буй гольфийн спортын 3 дахь цом бол Нээлттэй аварга шалгаруулах тэмцээний ялагчийн шагнал юм. 1873 оноос өмнө уг тэмцээнд ялсан тамирчинд Морокко арьсаар хийсэн бүс гардуулж өгдөг байжээ. Цомыг хийхэд тэмцээнд оролцдог багуудаас 10 паундын хандив цуглуулсан ба дээр нь “The Golf Champion Trophy” буюу Гольфийн аваргын цом гэх үгийг сийлүүлсэн байдаг. Цомыг Mackay Cunningham компани хийсэн юм. Жил бүрийн ялагчийн нэрийг цом дээр сийлдэг. 


02

Уимблдоны эмэгтэйчүүдийн цом

Цом гэхээс илүү таваг болох энэхүү шагнал үнэхээр нүд баясгам сайхан хийцтэй билээ. Анх 1864 онд Бирмингемд Messrs Elkingtong компани 50 алтан зоосоор бүтээсэн уг цомын нэг хуулбар нь Луврын музейд бий. Ханборгоцой байхгүй хэдий ч үлгэр домгийн дүрсүүд, сонгодог бэлгэ тэмдэгүүдээр чимсэн байдаг. Тавагны голд нь дэнлүү, ваар барьсан бүсгүйн сийлбэр бий. Түүний дөрвөн талд нь эртний бурхад болон дөрвөн элементийг дүрсэлсэн байх ба гаднах хүрээнд долоон либерал урлаг буюу одон орон судлал, арифметик, геометр, илтгэх урлаг, мэтгэлцэх урлаг болон зөв бичгийг илэрхийлсэн сийлбэр бий. 


01

Stanley Cup

Магадгүй бүх спорт дундаа хамгийн том цом болох Стэнли цом нь стерлинг мөнгөөр хийсэн аварга эд. Мөсний хоккейн спортын ялагч багт олгодог энэ цомыг хамгийн анх 1893 онд гардуулсан байдаг. Мөнгө болон никелиэр хийсэн уг цомын нийт өндөр 89,5 см ба 15,5 кг жинтэй аж. Цомын анхны хувилбар нь хамаагүй жижиг буюу 18,5 см өндөртэй, мөнгөн аяга байсан ба тэр нь өдгөө шинэ цомын орой болсон юм байна. Лорд Стэнли 1888 онд Канадын ерөнхий амбан захирагчаар томилогдож ирээд хоккейн спортод дурласан байдаг. Гэр бүлээрээ уг спортыг дэмжиж ирсэн ба хоёр ч хүү нь өөрсдийн гэсэн хоккейн багийг байгуулжээ. Ийнхүү жил бүр хоккейн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахаар болж, энэхүү цомыг бүтээсэн байна.

Гэвч Стэнли өөрөө Стэнлигийн цомын тэмцээнийн аваргын цомыг гардуулж үзээгүй, тэр ч бүү хэл нэг ч тоглолт үзээгүй байдаг. Түүний албан томилгоо 1893 онд дуусч, Англид эргэн ирсэн ба ах нь болох Эдвард Стэнли өөд болсноор Дэрбийн 16 дахь Гүн болж үлдсэн билээ.

Сонирхолтой нь ялагч багийн тамирчид хоёр ч удаа хүүхдүүдээ уг цом дотор баптизм хүртээж байжээ. Хамгийн сүүлд 2008 онд Томас Хольмстром цомыг Швед дахь гэртээ аваачиж, үеэлийнхээ 7 долоо хоногтой хүүхдэд усан ёслол хийхэд ашигласан байдаг. 


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Энэ 2т орсон зүгээр нэг таваг гоё цом байлаа юу хаха. Арай дээ
+1
Алтан дагина урлагийн лут бүтээл мөн үү???
altan dagina 1t baimaar yum?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start