Арав.мн

Олонд танигдаагүй уран барилгын 10 гайхамшиг

Олонд танигдаагүй уран барилгын 10 гайхамшиг

Таж Махал, Хятадын Их цагаан хэрэм, Ромын Колизейг хүн бүр мэднэ. Харин үүх түүх, ур хийцээрээ эднээс дутахааргүй хэр нь зөвхөн орон нутгийнхан болон зорин очдог аялагчдад л танигдсан, дэлхий нийтийн бараг мэдэхгүй шахам дараах 10 онцгой байгууламжийг уран барилгын “нуугдмал” гайхамшгуудаар тодруулж байна.


10

Румыний парламентын ордон (Palace of the Parliament)

Бухарест хотын төвд байх энэ ордон бол дэлхий дээрх иргэний засаг захиргааны барилгуудаас хамгийн том, хамгийн өндөр өртгөөр боссон, хамгийн олон өрөөтэй нь юм. Өөрөөр хэлбэл, хаадын өргөөг эс тооцвол энэ барилга дэлхийн хамгийн том ордон гэсэн үг. Румыний коммунист дарангуйлагч, хожим эхнэрийнхээ хамт хувьсгалчдын гарт алагдсан Николае Чаушеску эрх сүрийнхээ оргилд байхдаа буюу 1984 онд уг ордныг бариулж эхэлжээ. 340 мянган ам метр талбай эзлэн орших 12 давхар (дороо найман давхар нуувчтай), 3100 гаруй өрөөтэй энэ нүсэр том байгууламжийг 1997 онд ашиглалтад оруулахад нийт өртөг нь бараг 3.3 тэрбум еврод хүрсэн гэдэг. Ордныг барих гэж Бухарест хотын тавны нэг хэсгийг газартай тэгшилж, түүхэн дурсгалт олон арван барилга, түүний дотор 30-аад сүм хийдийг нураан, 30 мянга гаруй өрхийг нүүлгэн шилжүүлжээ.

Өдгөө энэ барилгад Румыний парламентын дээд, доод танхим байрлаж, нэлээд хэсгийг нь үзвэр, үйлчилгээнд ашигладаг ч 70-аад хувь нь хоосон хэвээр байна.


09

Стари Мост (Stari Most)

Стари Мост нь Хуучин гүүр гэсэн утгатай. Османы эзэнт гүрний үеийн турк уран барилгач Мимар Хажрудины 1566 онд барьсан энэхүү нуман гүүр Босни ба Герцеговина улсын Мостар хотод оршдог. 427 жилийн турш уг хотын зүрх нь байсан Стари Мостыг Балканы дайны үеэр Боснийн серб, хорватууд сүйтгэжээ. Гүүрийг сэргээн засварлах ажил 10 жил үргэлжилж, 2004 оны долдугаар сард “шинэ” Хуучин гүүр ашиглалтад орсон байна.

Гүүрийг бат бөх байлгахын тулд зарим хэсгийг нь өмнөхөөс нь өөр болгон шинэчилсэн ч Мостар хотынхны хувьд Стари Мост огт өөрчлөгдөөгүй. Тэдний хувьд Хуучин гүүр эрхэм, ариун газар бөгөөд Неретва мөрний хүйтэн ус руу шумбах, эр зоригоо харуулах хамгийн тохиромжтой газар хэвээр байна. Энд жил бүрийн долдугаар сарын сүүлчээр нутгийн шилдэг шумбагчдын тэмцээн болдог.


08

Дераварын цайз (Derawar Fort)

Нүд алдам элсэн цөлийн дунд гэнэт “ургаж” өндийсөн гэмээр Дераварын цайз нь 40 хэсэг бэхлэлт бүхий хамгаалалтын хэрэм юм. 1500 метр урт сунаж байрлах цайзын хана 30 метр өндөр. Пакистаны Бахавалпур хотын ойролцоо, Чолистаны цөлд орших уг цайзыг XVI зууны эхээр нутгийн бати угсааны язгууртнууд буюу ражпутуудын зарлигаар барьж байгуулжээ.

Цайзыг пакистанчууд өөрсдөө ч сайн мэддэггүй бөгөөд энд хөл тавьсан хүн цөөхөн байдаг аж. Учир нь Дераварт очъё гэвэл Бахавалпураас цөлийн гүн рүү бүтэн өдөр давхих жолооч хөлслөх хэрэгтэй. Тийм жолооч, унаа тэрэг олох хэцүү, оллоо гэхэд цайз тийш очих, дотогш нэвтрэх тусгай эрхийг нутгийн удирдагч амираас авах амаргүй байдаг байна.


07

Дженнегийн сүм (Great Mosque of Djenne)

1907 онд баригдсан, исламын шашны уг сүм дан шавраар барьсан, дэлхийн хамгийн том байгууламж юм. Судан, сахели хэв маягийн уран барилгын гайхамшиг, жинхэнэ африк бүтээл гэгддэг, Мали улсын төв хэсэгт орших энэ байгууламжийг 1988 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэсэн байна.

Дженнегийн сүмийг нутгийнхан жил бүрийн дөрөв, тавдугаар сард засаж сайжруулдаг, гадна хэсгийг нь нэмж шавраар өнгөлдөг. Энэ нь хэдэн жилийн өмнөөс хаврын баяр нэртэй арга хэмжээ болсон бөгөөд нэг отог овгийнхныг хийгээд амраг садангуудыг уулзуулдаг гол баяр болжээ. Хойд Африкийн хурц наранд шавар байгууламж хатаж, сууринд нь ан цав үүсдэг тул ийнхүү борооны улирлаас өмнө амжиж торддог байна.

“Vogue” сэтгүүлийнхэн 1996 онд Малигийн албаныхны зөвшөөрөлтэйгөөр сүм дотор зураг авчээ. Гэтэл сэтгүүлд хэвлэгдсэн зургууд голдуу хагас нүцгэн хүүхнүүдийн зураг байсанд нутгийнхан дургүйцэж, түүнээс хойш өөр шашинтай болон нутгийн ёсыг үл хүндэтгэсэн харийнхныг сүмд оруулахыг хориглосон байна.


06

Саграда Фамилия (Sagrada Família)

Каталан нутгаас төрсөн нэрт уран барилгач Антонио Гаудийн бүтээл, Барселон хотноо сүндэрлэх энэхүү католик сүмийн шавыг 1882 онд тавьжээ. Бүтээсэн эзнээ 1926 онд өөд болоход ердөө 25 хувийн гүйцэтгэлтэй байсан Саграда Фамилиягийн барилгын ажил одоо ч үргэлжилж буй бөгөөд Гаудийн нас барсны 100 жилийн ойгоор буюу 2026 онд бүрэн дуусах төлөвтэй байна.

Хэдий бүрэн гүйцэд биш ч Испанийн хожуу үеийн готик, Каталаны модернизм, новесентизмын аль алиных нь тусгалыг гүн бат шингээсэн, нийт 18 шовх оройт цамхагтай байх (одоогоор найм нь баригдаад буй) энэхүү өвөрмөц байгууламжийг уран барилгын хосгүй бүтээл хэмээн ЮНЕСКО-гоос 1984 онд Дэлхийн өвд бүртгэжээ. Шовх оройнуудынх нь зарим нь 170 метр байхаар төлөвлөгдсөн тул Саграда Фамилия нь ашиглалтад орохдоо дэлхийн хамгийн өндөр сүм болох юм.  


05

Чаанд Баори (Chand Baori)

Уран барилгын асар баялаг өвтэй Энэтхэг орны хаа ч саатсан үзэж харах зүйл бишгүй. Гэхдээ Ражастан мужийн нутагт байх Чаанд Баорид зөвхөн саатах биш, 13 давхар байшин дээр гарахтай дүйх урт зам туулан байж гүнд нь нэвтрэхийг аялагчид зөвлөж байна. Энэ бол нэг төрлийн худаг юм. Баори нь шаттай худаг гэсэн үг бөгөөд 30 метр гүнд хүрэх шатаар нь доош буухад маргадын өнгөт усан сан угтана. 3500 гаруй гишгүүртэй Чаанд Баори нь дэлхийн хамгийн гүн, хамгийн эртний, хамгийн том шаттай худаг юм.

МЭ 800-900 онд Никумба гүрний Чанда хааны зарлигаар барьсан уг байгууламж гүнийн цэнгэг усыг татахаас гадна цөлөрхөг, хуурай Ражастаны нутагт ундны усыг хүйтэн сэрүүн байлгах зорилготой аж.


04

Шейх Лотфоллагийн сүм (Sheikh Lotfollah Mosque)

Уг барилгыг Ираны уран барилгын оргил гэж үзэх хүмүүс бий. Тус улсын Исфахан хотын Нагш-и Жаханы талбайн хойморт орших энэхүү сүмийг 1603-1619 оны хооронд буюу I Шах Аббасын хаанчлалын үед барьж, хаантны хадам эцгийн нэрээр нэрлэжээ.

Шейх Лотфоллагийн сүм өндөр цамхаг, олон багана, үүдний талбайгүй гэдгээрээ Ираны томоохон сүм хийдүүдээс ялгардаг. Сүмийг анхнаасаа олон нийтэд зориулаагүй, шахын өргөөн дэх охид, эмэгтэйчүүдэд зориулсан тул зориуд ингэж барьсан гэж таамагладаг. Мөргөлийн төв танхим нь газар доорх олон арван хонгилтой холбогдох бөгөөд бөмбөгөр орой нь өнгө өнгийн уран нарийн, гоёмсог хээ угалзтай. Чухамдаа энэхүү өвөрмөц, тансаг адар нь уг сүмийг Ираны хамгийн үзэсгэлэнтэй сайхан, үзүүштэй газрын нэг болгосон байна.


03

Энэтхэгийн их хэрэм (Kumbhalgarh)

Зөвхөн Хятадад л хүний гараар бүтсэн эртний том хэрэм байдаг гэвэл эндүүрэл. Кумбалгар буюу Энэтхэгийн их хэрэм нь уртаараа Цагаан хэрэмний дараа орох, дэлхийн хоёр дахь том хэрэм юм. 36 км урт, бэхлэлтийн долоон хаалгатай, 4.5 метр зузаан ханатай, Ражастаны нутагт орших уг хэрмийг нутгийн бага хаан Рана Кумба зэргэлдээх дайнч аймгуудаас ордноо хамгаалах гэж 1443 онд бариулжээ.

Нутгийн ардын санаачилгаар их хэрмийг XIX зууны эхээр сэргээн засварлаж, дутуу орхисон хэсгийг нь гүйцээж барьсан байна. Өдгөө Кумбалгар бүрэн бүтэн сүндэрлэж буй бөгөөд энгэртээ 360 гаруй сүм хийдийг хамгаалан байдаг, ариун номын газар гэгдэх болжээ. Хүрэхэд хэцүү тэдгээр сүм хийд уул толгодын дунд, өтгөн ой хөвч дотор халхлагдан байгаа шиг Энэтхэгийн их хэрэм дэлхий нийтийн хувьд нуугдмал газар хэвээр байна.


02

Гэгээн Георгийн сүм (Church of Saint George)

Хээр талаар алхаж яваад гэнэтхэн хөл алдаж аварга том нүх рүү унатал урд тань эртний нүсэр том байгууламж дүнхийж байна гэж төсөөл. Этиопийн Лалибела нэрт хотын захад орших загалмайтны шашны хэд хэдэн сүмийг анх үзсэн хүнд чухам ийм сэтгэгдэл төрөх вий. Аварга том чулууг хөдөлгөлгүй суурин дээр нь зорж хийсэн, XII зуунд бүтээгдсэн гэх 11 сүмээс хамгийн гоёмсог бөгөөд хамгийн бүрэн бүтнээрээ үлдсэн нь Гэгээн Георгийн сүм юм. Агаараас аварга том загалмай адил харагдах, хааш хааш 25 метр хэмжээтэй уг сүмийг Этиопийн нутагт МЭ 900-1270 онд оршин тогтносон Загвегийн хаант улсын их хаан Гебре Мескелийн зарлигаар бүтээжээ.

Христийн шашныг төрийн шашин болгосон дэлхийн түүхэн дэх хоёр дахь улс болох Этиоп орон уран барилгын цолгорсон бүтээл гэгдэхүйц олон арван сүмтэй ч чухам уг сүмийг нутгийнхан Дэлхийн найм дахь гайхамшиг хэмээдэг. Гэвч Лалибелагийн газар доогуурх сүмийг дэлхий нийт сайтар таньж мэдээгүй хэвээр байна. 


01

Боробудур (Borobudur)

Индонезийн Ява аралд орших, IX зуунд баригдсан энэ цогцолбор бол дэлхий дээрх хамгийн том буддын хийд юм. Зургаан дөрвөлжин, гурван дугуй нийт шаталж зассан есөн давхартай, бүхэлдээ нэгэн том суваргын хэлбэртэй, 2672 хэсэг ханын товгор зураг, Бурхан багшийн 504 барималтай, тэдгээрийн 72 нь суварга дотор суугаагаар дүрслэгдсэн гээд Боробудурын онцлог шинжүүдийг тоочоод барахгүй. Ява арлын буддын соёлын хосгүй өв болох уг цогцолбор исламын шашныг төрийн шашин болгохын өмнөх Индонез орны урлаг, нийгмийн бүхий л онцлогийг, түүн дотор Энэтхэгийн соёлын нөлөө нэвт шингэсэн ява хийцийн уламжлалт уран барилгын хэв шинжийг товойлгон тодотгосон ер бусын байгууламж юм. Судлаачдын таамагладгаар Боробудурыг МЭ 760-аад оны үед барьж эхлэн, 75 жилийн дараа буюу Шайлендра гүрний Самаратунга хааны үед ашиглалтад оруулжээ.

Английн Сэр хэргэмт ноён Томас Стэмфорд Раффлесийг 1814 онд Явад хөл тавихад буюу ердөө саяхнаас гадаад ертөнцөд танигдсан буддын хамгийн том хийдийг ЮНЕСКО-гоос 1991 онд Дэлхийн соёлын өвөөр бүртгэсэн байна.


9.2

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Ok
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start