Арав.мн

Таньж мэдүүштэй 10 эмэгтэй зураач

Таньж мэдүүштэй 10 эмэгтэй зураач

Урлагийн түүхч Линда Нохлиний 1971 онд бичсэнээр “барууны цагаан арьст эрчүүдийн үзэл санааг хөдөлбөргүй чигээ болгосон урлагийн түүх шиг салбар өөр нэг ч үгүй” билээ. Хэдэн зууны турш зөвхөн эрэгтэй уран бүтээлчдийг “тоож” ирсэн дүрслэх урлагийн салбарт нэр, зүсгүй хэдий ч гайхамшигтай, авьяаслаг зураач эмэгтэйчүүд хэдэн арваараа бий. Тэднээс илүү өргөн хүрээнд танигдах учиртай 10 эмэгтэйг онцолж байна. 


10

Амрита Шер-Гил (Amrita Sher-Gil)

Энэтхэг, унгар гаралтай Амрита Шер-Гил (1913–1941) 28-хан насандаа өөд болохдоо дөнгөж олонд танигдаж эхлээд байлаа. Эдүгээ түүний зургууд энэтхэг гаралтай эмэгтэй зураачдын бүтээл туурвил дундаа дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрдэгт тооцогдож байна. Урлагийн түүхчид түүнийг мөн Энэтхэгийн орчин үеийн дүрслэх урлаг, тэр дундаа авангард урсгалын анхдагчдын нэг гэж үздэг. 


09

Хенриетта Браун (Henriette Browne)

Францын нэгэн нэртэй дипломат ажилтны гэргий, дорно дахины дүрслэх урлаг судлаач Хенриетта Брауны (1829–1901) жинхэнэ нэр нь Софи де Буэер юм. Тэрбээр нөхрийнхөө ажил албаны ачаар хорвоо ертөнцтэй маш эрт танилцсан агаад Сири, Мароккод үзэж харсан юмс нь уран бүтээлийнх нь гол сэдэв болжээ. Брауны жинхэнэ нэрээрээ олонд танигдаагүй нь XIX зуунд олон нийт дээд зиндааны эмэгтэйг мэргэжлийн зураач байх зохимжгүй гэж үздэг байсантай холбоотой. 


08

Эмили Кейм Кнгваррейе (Emily Kame Kngwarreye)

Австралийн уугуул иргэдийн дундаас төрсөн гол эмэгтэй зураач Кнгваррейе (1910–1996) 80 дөхсөн насандаа бийр, будаг нийлүүлэхээр шийджээ. Тэрбээр дүрслэх урлагийн хүрээнд дорхноо танигдаж, абстракт хэв маяг нь мэргэжлийнхний анхаарлыг татсан байна. Түүний зургуудын хурц тод өнгөнүүд төрж өссөн нутаг Австралийн Умард мужийнх нь газар орны онцлог, өвөрмөц тогтоцыг илтгэдэг. 


07

Элизабет Катлетт (Elizabeth Catlett)

Элизабет Катлетт (1915–2012) Африк, Мексикийн уламжлалт хэв маягийг бүтээл туурвилдаа тусгадгаараа танигдсан модернист зураач байлаа. Өнгөрөгч зуунд нэр нь тодорсон Америкийн африк гаралтай цөөхөн эмэгтэй зураачдын нэг тэрбээр чөлөөлөгдсөн боолуудын үр ач агаад өнгөт арьстнуудын дотоод эрчим, эрх чөлөө, тэгш эрхийн төлөөх тэмцэл түүний зургуудын гол сэдэв болжээ. 


06

Луиза Ролдан (Luisa Roldán)

Испанийн түүхэнд нэрээ үлдээсэн анхны уран барималч, зураач энэ эмэгтэй Ла Ролдана (1652–1706) нэрээр урлаг соёлынхны дунд танигджээ. Тэрбээр ид бүтээн туурвиж ахуйдаа нэр алдрыг олсон Шинэчлэлийн үеийн гэгдэх цөөхөн уран бүтээлчийн нэг бөгөөд хаан II Карлос нарын дээд зиндааныханд хүртэл үнэлэгдээд байв. Ла Ролданагийн эцэг, нөхөр хоёр ч уран барималчид байлаа. Харин цаг үеийнх нь нэртэй урлаг судлаач Антонио Паломиногийн тодорхойлсноор тэрбээр тэднээсээ төдийгүй үеийнхээ бүх л эрэгтэй уран барималчдаас хэд дахин илүү уран бүтээлч байжээ. Түүний модон баримлуудыг шашны томоохон баяруудад хүртэл ашигладаг байсан гэдэг. 


05

Францис МакДональд (Frances MacDonald)

Гласгогийн дэг хэмээгдсэн хэв маягаар 1890-ээд онд ид урлан бүтээж байсан МакДональдсын эгч дүүс буюу Францис МакДональд (1873–1921), Маргарет МакДональд хэмээх хоёр шотланд эмэгтэйн дүү нь болох Маргарет эдүгээ эгчээсээ илүү танигдаж үлджээ. Энэ хоёр эмэгтэйн бүтээл туурвил, тэр дундаа зориуд сунгаж уртасгасан ер бусын дүрүүд нь Густав Климт нарын зураачдад хүртэл нөлөөлсөн байдаг. Францис дүүгээсээ бага танигдсаны гол шалтгаан нь нөхөр нь болох Херберт МакНер хэмээх зураач түүнийг өөд болсны дараа ихэнх зургийг нь устгасантай холбоотой. 


04

Үэмүра Сёэн (Uemura Shōen)

Урлагийн түүх эрчүүдийн амилуулсан үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн хөргөөр дүүрэн билээ. Харин Үэмүра Сёэн (1875–1949) хэмээх япон эмэгтэй модон хавтан дээрх бүсгүйчүүдийн зураг буюу бизинга хэмээгдэх бүтээлүүдээрээ олныг алмайруулж, эмэгтэй хүний гоо сайхныг эр хүнээс дутуугүй нээн харуулсан дүр дүрслэлүүдээрээ үеийнхээ эрэгтэй зураачдын нүдийг ёстой л орой дээр нь гаргаж байжээ. 


03

Эдмония Льюс (Edmonia Lewis)

Индиан, өнгөт арьстны эрлийз Эдмония Льюс (1844–1907) олон улсад танигдсан уран барималч байлаа. Тэрбээр ийм хүндлэл хүртсэн Америкийн анхны уугуул гаралтай зураач бөгөөд африк гаралтай анхны эмэгтэй уран бүтээлч юм. Түүний зураг, баримлууд индианчууд болон өнгөт арьстнуудын онцлогийг неокласссик хэв маягаар илэрхийлдгээрээ өвөрмөц.


02

Анна Доротея Тербуш (Anna Dorothea Therbusch)

Буурчийн газрын эзэнтэй гэрлэснийхээ дараа нөхрийнхөө шахалтаар зураг зурахаа болихоор шийдээд байсан Анна Доротея Тербуш (1721-1782) хэдэн жилийн дараа дахин нууцаар зурж эхэлжээ. Тэрбээр хожим Парист олж авсан мэдлэг, туршлагаараа герман нутагтаа хөрөг зургийн мастер гэгдэж, Прүссийн ихэс дээдсийн гэр бүлийн хөргийг хүртэл бүтээсэн байна. 


01

Феде Галиция (Fede Galizia)

Олон улсад алдаршаад буй Артемизия Жентилескитэй харьцуулахад түүний адил Сэргэн мандалтын үед хамаарах, ойролцоогоор 1574-1630 оны хооронд амьдарч байсан гэх энэ эмэгтэй зөвхөн Италийн дүрслэх урлагийн хүрээнийхэнд л танигдсан хэвээр байна. Феде Галиция уг нь амьгүй зүйлсийг амилуулагч дүрслэлийн анхдагч мастеруудын нэг бөгөөд хөрөг зураг, судалбар зэрэгт ч гарамгай байжээ. Тэрбээр Библид гардаг олон үйл явдлыг зургаар өгүүлсний дотор Олоферний толгойг авч буй Иудифийг хүртэл зурсан нь буй. Урлагийн зарим түүхч түүний дүрсэлсэн Иудифийг өөрийнх нь хөрөг гэж үздэг. 


8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+4
Эмэгтэй зураач Калогоос өөрийг мэдэхгүй байсан юм байна хөөе.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start