Арав.мн

Хүслийн хүч

Хүслийн хүч

Эми Жижи Александр Америкийн зохиолч, сэтгүүлч юм. Түүний “Гутралын солио”, “Хилийн чанадад яваа гэмгүй нэгэн”,“Сайн сайхны эрэл”, “Панамын индианчууд” зэрэг ном уншигчдын хүртээл болжээ. Түүний дараах нийтлэл BBC агентлагаас зарласан “Аян замын шилдэг тэмдэглэл” уралдааны сүүлийн шатанд шалгарсан бүтээл юм.

Амьдрал минь хорт хавдраас болж, эсвэл өөрийн минь гарт үрэгдэх нь гэж бодохдоо, 15 жилийн өмнө би хүслийн жагсаалт гээч зүйл гаргасан юм. Тэр үед хэвлий дотор минь саглагар мод шиг салаалан ургасан хавдраас болж би өвдөж шаналаад өчнөөн жилийн нүүр үзээд байлаа. Хамаг байдгийг минь барсан олон хүнд хагалгааны дараа тэр муухай юмны ихэнх хэсэг байхгүй болсон ч үлдсэн жаахан хувь нь эргэн эргэн томорч, тэгэх бүртээ илүү хүчтэй, илүү өлсгөлөн болж, дотрыг минь идсэн.

Тэгэхэд энэ бие минь минийх байсангүй. Гал тогооны ширээн дээр задлахыг минь хүлээн хэвтэх өр, төлбөрийн олон хуудас цаасыг айж түгшин харах, дүйнгэтэж гүйцсэн, даагдахаа больсон толгой тархи л надаас үлдээд байв. Эм, тарианаас зүрх алдан, эмч харахаас уурсаж бухимддаг байсан тэр үеийн би өдөр хоногуудыг арайхийн барж, уртаас урт шөнүүдийг хар даран өнгөрөөдөгсөн. Хорт хавдартай байна гэдэг ганцаардлын “ажил”. Эрсдэл, хүнд хэцүүг нь хөндлөнгийн хүмүүс ойлгохгүй. Тааралдсан хүн бүр “Даваад гарна аа” гэж хэлэх ч давж чадахгүй бол юу болох талаар дурсах ч зүрх зориггүй байдаг. Гэтэл өвдсөн хүн нь тэр бүхнийг өдөр бүр гэдэс дотроо эргэтэл гашуунаар мэдэрнэ. Хэчнээн амгалан унтаж амраад ч өглөө нь сэрэхэд “Үхэж магадгүй” гэх мөнөөх үнэн байж л байх. Дотроосоо үйрэн байгаа нь хором бүрт мэдрэгдэнэ.

Өглөө босоод зүсээ тольдоход ч, шүдээ угаахад ч, хатуу хуурай юм идэж болохгүй учир шингэрүүлсэн хүнсээ гуурсаар тамшаалж суухад ч, бүр найз нөхөдтэйгөө утсаар ярьж байхад ч “Удахгүй үхнэ” гэсэн бодол санааны мухраас арилахгүй. Тэгээд нэг өглөө би сайтар эргэцүүлэн бодлоо, “Ингээд л төгсгөлөө хүлээж суух уу? Эсвэл амьдрах гээд оролдоод үзэх үү?” гэж. Тийм үед ч сонголт хийх тухай бодол хүнд орж ирдэг юм билээ. Тэр өдрийг би одоо ч сайн санадаг. Том өрөөнийхөө шалан дээр хэвтээд, хэдий даарч байсан ч өндийн босож ил зуухандаа мод нэмэх тэнхэлгүй, сонирхол ч үгүй байсан юмдаг. Тэгээд шээсээ ч барьж дийлсэнгүй. Халуу дүүгэн, уур савсуулсан шээс хэдхэн хормын дараа тэсэхийн аргагүй хайрч, хувцас, үсийг минь хүртэл барьцалдуулан “хөлдөөх” шиг болов.

Бараг долоо хоног усанд ороогүй байсан би хэний ч билээ өгсөн жирэмсэн эмэгтэйн гонжийсон урт даашинзтай байж билээ. Хорт хавдар дахин томорч ургаснаас гэдэс цэрийж, өмсөхөөр хувцас ч үгүй болоод байсан юм. Тэр муу даашинзыг хэчнээн ч удаан өмслөө дөө, даг дайр болсон юм л байсансан. Бие жаахан дээрдээд өндиймөр аядахад хөөрхий нохой минь өлсчихсөн, үүдний хавьд надаас хоол горьдон сууж байв. Түүнийгээ хооллоё гэж санан хамаг чадлаа шавхан бослоо. Гэтэл нохой минь нүдээ дүрлийлгэн өөдөөс ширтэж, огт танихгүй хүн харсан мэт гайхаж хоцров. Тэгэхэд л би өөрийгөө арчаагүй, хачин муухай харагдаж байгаагаа мэдэрч билээ. Өрөө рүүгээ буцахдаа толинд хартал үнэхээр айж сэртхийм, нөгөө ертөнцөөс өндийсөн болов уу гэмээр төрх үзэгдэх нь тэр ээ. Тэр мөчид л “Ингэж байж болохгүй. Өөрөөс минь өөр хэн ч намайг аврахгүй” гэсэн бодол зурсхийсэн юм.

Чингээд эмчилгээний бүх хуваариа цуцалж, хамаг эмээ хаяад тэмдэглэлийн дэвтэр, дэвсгэр хоёроо аван хотын захад, хонь бэлчиж, наран ээх тал газар хэсэг суулаа. Тэнд л амийг минь аварсан хүслийн жагсаалт маань мэндэлсэн түүхтэй. Гэхдээ түүнийгээ бичиж суухдаа хэзээ ч ард нь гарахгүй, биелүүлж ч чадахгүй зүйлс хөрвүүлж байгаагаа мэдэж байлаа. Тэгэвч өвчнөө мартаж, энэ ертөнцөөс алсарч одоход надад хий хоосон мөрөөдөл ч болох нь ээ хэрэгтэй байжээ. Тэр өдөр би хүслийн жагсаалтаа бичсээр эзгүй хээр гэгээ тасартал сууж билээ. Уртаас урт жагсаалтаа дуусгах тэр мөчид миний өвчин шаналал, уйтгар, ганцаардал, айдас хүйдэс мартахуйн шидэт хүчинд туугдан, сэтгэлийнхээ гүнд би хэн байснаа мартан, хэн байх ёстойгоо ухаарсансан.

Гэртээ эргэж ирмэгцээ мөнөөх жагсаалтаа хэд дахин хуулж хөргөгч, угаалгын өрөөний толь, машиныхаа хяналтын самбар гээд аль таарсан газартаа нааж орхив. Харин урт, нарийхан цаасан дээр тэмдэглэсэн хэдээ өөрт байсан бүх номынхоо завсар, түрийвч, гал тогооныхоо шургуулганд хүртэл хийлээ. Ингээд хэсэг хугацааны дараа амьдрах хэрэгтэйг минь сануулах алга дарам цааснууд хаа сайгүй үзэгдэж, надад хань болж эхэлсэн юм. Тэдгээрт биелшгүй, яаж биелэх нь тодорхойгүй, хэзээ нэгэн цагт гүйцэлдүүлнэ дээ гэж хар багаасаа мөрөөдсөн хачин сонин хүслүүд минь бичээстэй байв.

Нар мандсаны дараахан Невадагийн цөлд шүхрээр буух, “Эмпайр” цамхагийн орой дээр өдөржин байж, таван одтой зочид буудлаас хоол авчруулж идэх, Испанийн Камино де Сантъяго уулын орой дээр өөрийн гараар загалмай хийж хатгах, Буддын гэлэнмаа болж үзэх, католик хийдэд нууцаар хоног төөрүүлэх, далайн дээрэмчний хөлөг онгоцонд сууж үзэх, ямар ч хамаагүй алдартантай оройн зоог барих, шөнө дунд хотын энд тэндгүй шүлэг бичсэн цаас наах, Их хавцлын хормойд оддын талаар тайлбар хэлж чадах одон орончтой зэрэгцэж хэвтэх гээд хүүхдийн гэмээр хүслүүдэд минь хязгаар байсангүй.

Өвдөж зовох минь хэвээрээ байсан ч өдөр хоногууд арай хурдан өнгөрч, адал явдлаар дүүрэн айсуй өдрүүд ямархуу байх бол гэхээс сатаарч, санаа бодол минь цэлмэж байв. Гэхдээ зарим хүслээ яагаад ч биелэхгүй гэдгийг мэдэх тун урамгүй байж билээ. Жишээ нь, далайн дээрэмчний хөлөг онгоц над шиг хүнд яагаад ч олдсонгүй. Бас “Эмпайр” цамхагийн орой дээр идэх юм авч орохыг хориглодог юм билээ. Заримдаа хүслээ өөрчлөхөөс аргагүй болно.

Гэлэнмаа болбол ядаж л уруул өнгөлөгч хэрэглэхгүй, цанаар гулгах нь арай л эрсдэлтэй гэхчилэн жагсаалтаасаа зарим төлөвлөгөөгөө хассан юм. Тэгэвч жагсаалт минь намайг амьд байлгаж, өвчтэй биеэ би эрүүл юм шиг санан, шүхрээр буух, дарвуулт онгоцоор зугаалах, цэнгээнт бүжгээр хичээллэх гээд олон зүйл хийж үзсэн.

Харин хүслийн жагсаалт гаргаснаас зургаан сарын дараа, Их хавцлын хормойд хэвтэхийн өмнө бил үү, шөнийн 02.00 цагт хотын төвийн барилгуудын ханан дээр шүлэгтэй цаас нааж, цагдаад баригдсаныхаа дараа ч бил үү гэнэтхэн эрүүл болсноо мэдэрч билээ. Эмчдээ үзүүлтэл үнэхээр ч хорт хавдар үгүй болсон байлаа.

Эдгэрснээсээ таван жилийн дараа ч би жагсаалт дээрээ бичсэн мөрөөдлүүдээ гүйцээхээр дэлхийг тойрон аялж байна. Энэ хугацаанд бичиж тэмдэглэсэн бүхнээ бараг бүгдийг нь биелүүлсэн ч ганцхан том “ажил” л үлдээд байсан нь татахыг минь хүлээн санжиганах аварга том олс шиг толгой дээрээс минь зүүлттэй байсаар байв. Дотор хүн минь түүнийг угз татаж, хорт хавдартай холбоотой бүх түүхээ жаргаахыг хүсэж байсан бол “гадаад” оюундаа би жагсаалт дуусчихвал миний амьдрал ч гэсэн дуусах вий гэж эмээж байсан юм. Тэр л эцсийн хүсэлт минь бүтэн сарыг Луврын музейд өнгөрөөх байв. Парист очиж байгаагүй, франц хэл мэдэхгүй, хэдэн өдөр ч үзээд барагдахааргүй олон сайхан үзмэртэй гэхээс өөрөөр Луврын талаар олигтой зүйл дуулаагүй надад гоо үзэсгэлэнгийн дээдийг бүрдүүлсэн алдартай музейтэй бүтэн сар танилцана гэдэг ерөөс амьд үлдсэнээ тэмдэглэх хамгийн том баяр байлаа. Хэдийгээр мөнгө, санхүүжилтгүй байсан ч Парист саатсан минь цаанаасаа хувь заяаны тохироо байжээ.

Энэтхэг явахаар визээ хүлээж байсан би Парист гурван сар болохоос өөр аргагүй болов. Мехико хотын онгоцны буудалд онгоцоо хүлээн хонохдоо танилцсан, салахдаа амны цаасан дээр утасны дугаараа үлдээсэн Парисын уугуул, дүрслэх урлагийн сургуулийн оюутан гэх эмэгтэйгээс өөр Францад таньж, мэдэх хүнгүй би гудамжны сандал дээр хоног төөрүүлж магадгүй гэхээс зүрх алдаж, түүн рүү утас цохив. Гэтэл аз таарч, мөнөөх эмэгтэйн ах өөр хот руу түр нүүчихсэн, Бастиллийн ойролцоо эзгүй сууц бий гэх нь тэр. “Хүсвэл бүтэн гурван сар ч тэнд байж болно” гэж үл таних эмэгтэй надад найр тавив. Ингээд гэнэтхэн Лувраас холгүй сууцтай болсон би дараа өдөр нь үзэсгэлэнт Парисыг дээрээс нь тольдонгоо халуун жигнэмэг амтлан, нар мандахыг харж суулаа. Шиврээ борооноос өөр хань татах зүйл байгаагүй ч тэр өдрөө би алхан алхсаар өнөөх алдартай шилэн пирамидад тулж билээ.

Эргэн тойронд минь япон жуулчдын өнгө өнгийн шүхэр алаглаж, усан оргилуурын нэгэн жигд амгалан хэмнэлээс өөр юу ч эс мэдрэгдэнэ. Тэгэхэд л борооны дуслууд миний нулимсаар солигдон, хацар дээгүүр бөмбөрч, өчнөөн олон жилийн өмнө том өрөөнийхөө хүйтэн шалан дээрээс биеэ хүчлэн өндийснөө санан, эдгэрснээсээ хойш бараг анх удаа уйлсансан. Тэр үед надад хөтөч, тайлбарлагчийн хэрэг байсангүй. Бусдаасаа хоцорчих вий гэж цагт баригдан, хөтчөөсөө зүүгдэх жуулчдаас ялгаатай нь цаг заваас их юм байгаагүй миний өмнө Лувр шиг хосгүй газар үүдээ дэлгэн байхад юунд ч яарах билээ. Уйлж, дотроо цэлмээсэн тэр өдрөө би “Самофракийн ялалтын жигүүр” нэртэй анхны баримлаа үзсэн юм.

Гоёмсог завин дээр жигүүр юүгээ дэлгэн зогсох хүн дүртэй тэр сахиусан тэнгэрийг харж зогсоход “Музей хаасан хойно үдэш бүр амилж, энэ тэрүүгээр нисдэг байх даа” гэсэн бодол төрсөнсөн. Тэр л төсөөлөлдөө автан шатан дээр суухдаа би энэ мөч амьдралын минь төгсгөл биш, эхлэл юм байна гэдгийг мэдэрч билээ. Сар гэдэг бас чиг богино хугацаа биш ажээ. Зураачийг бийрээ ганц татлахуй хэдэн зуун санааг нь амилуулж, өдөр өдрөөр өнгө зүсээ хувирган, дүр дүрслэл нь товойдог уран зургийн адил Лувр дахь бүтэн сар минь хачин сайхан, ер бусын “амттай” өнгөрлөө. 30 хоногийн турш би өглөө бүр хотоор алхаж, халуун жигнэмэг, аяга кофе худалдаж авахаас өөрөөр бараг л саатаж зогсолгүйгээр амьд байхын гайхамшгийг мэдэрдэг байв. Парисын хог ачигчдаас эхлээд халаасны хулгайч, цэцгийн худалдаачин, нарийн боовны мухлагийн эзэн, Луврын музейн харуулууд хүртэл намайг андахаа байж билээ. Хоёр долоо хоногийн дараа гэхэд би Парисаар нүдээ аниад ч явж чадахаар болов. Байнга явдаг замынхаа хашлага, шатны бариулыг хэдий элэгдсэн ч мөлчгөр, цэвэрхэн болохыг нь харах ч үгүйгээр мэдэрч, музейн харуулууд хэзээ, хэрхэн ээлжээ сольж, тэгэх бүрт гантиг зам дээр гутлын ямархуу дуу гарч, агаарт ямархан анир дэгддэгийг хүртэл мэддэг боллоо. Музей доторх бүх л уран зураг, хөшөө дурсгал ганцхан намайг л хүлээж байсан мэт, хамгийн дэгжин өмсгөл зүүлтээрээ гоёчихоод өмнө минь талархан мэхийх шиг санагддагсан. Ялангуяа Луврын бүсгүйчүүд надад тун элгэмсэг ханддаг байж билээ. Өмнө нь хэнийг ч ойртуулж байгаагүй унтлагын өргөөндөө урьж залан, нууцаа дэлгэж, аальгүйтэж шивнэлдэцгээнэ. Ногоолин туяатай, жижигхэн өрөөндөө дуудах Мона Лиза үл харагдах хөмсгөө өргөн, надаас юу ч юм асууна.

Габриэль д’Эстрегийн цээжээ гаргасан зураг, оо энгэсэг, сүрчиг тэргүүтэн нь бараг л үнэртэх шахах Маркиза де Помпадурын гэгээ татуулсан хөрөг, ичингүйрсэн дүр эсгэвч бүх дэлхийн өмнө нүцгэн бие цогцсоо эрээгүй дэлгэсэн “Ахлах шивэгчин” гээд Луврын бүх эмэгтэй аргагүй сэтгэл татам. Эндхийн эмэгтэйчүүд эмэгтэй хүн болж төрсөндөө харамсдаггүй, байр байдалдаа зовж, уучлалт гуйхгүй, ичиж эрээлэхгүй. Төгс бус хэрнээ төгс, эсвэл төрх байдалдаа огт анхаардаггүй, үр хүүхэд тээх чадвартай ч хүүхэдгүй, эр хүн шиг хувцаслаж, эрийн ажил хийдэг, эсвэл биеэ үнэлдэг, хөгширч хаягдсан, эсвэл дөнгөж гэрлэх насандаа хүрсэн, төөрөлдсөн, эсвэл өөрийгөө олсон, хэн нэгний өмч болсон, эсвэл биеэ чөлөөлсөн гээд Лувр дахь эмэгтэйчүүдийн олон дүрийг нүдээ ч үл цавчин харсан минь олонтаа.

Бид бүгд өөр ч гэсэн бүгдийнх нь харцнаас би өөрийгөө олж хардаг байв. Музейд өнгөрүүлсэн 30 дахь өдрөө би бүгдтэй нь салах ёс хийж билээ. Эхэндээ огт танил бус, хавтгай зурагдсан болохоор хүйтэн хөндий санагддаг байсан Луврын бүсгүйчүүд яваандаа амь орж, дотнын найз, эгч дүү шиг минь болоод байв.

Луврт очсон сүүлчийн өдрөө би байр луугаа буцахдаа өөр замаар, Сена мөрний эргээр алхсан юм. Тэгэхэд өөрийгөө аврах гэж олон жилийн өмнө эзгүй хээр сууж, хүслийн жагсаалт гаргасан эмэгтэйг, түүний өвдөхгүй байхсан гэсэн хүсэл хэчнээн ид шидтэй болсон тухай бодож билээ. Тэр л эмэгтэйн жагсаалтыг би энэ олон жил биедээ авч явж, дээр нь бичигдсэн бүхний ард гарчээ. Ингэж санаад жагсаалтыг халааснаасаа гаргатал хуудас цаас яг л миний сэтгэл шиг хөөрөн нисэхээр тэмүүлж байв.

Нэгэн цагт энэ биед минь байсан, сэтгэлийн тэнхээгүй, амьдрах итгэлгүй, хэдийд ч бууж өгөхөд бэлэн эмэгтэйтэй салах ёс хийн, хүслийн жагсаалтыг нь би завь болгон нугалаад Сена мөрний их усанд хөвүүлж орхилоо. Жижигхэн, цагаан завь холдохдоо нисэн одох тагтаа шиг үзэгдэхэд өнгөрсөнтэйгөө би анх удаа эвлэрч, муухай өвчин туссанаа мөн л анх удаа сэтгэл өвдөлгүй дурссансан. “Тагтаа”-г цэг болтол, усны мандалд уусан алга болтол нь би зогссон. Түүнтэй хамт өнөөх эмэгтэй ч бас алга болж, амьдралдаа анх удаа эрх чөлөөтэй болсноо мэдэрч билээ. Хүсэл, басхүү эвлэрэл, ухаарлын хүчээр би одоо ч эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун, эрүүл саруул байна.


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Маш сайхан санагдлаа
+5
Танай сайт бүүр нэг таалагдаад байх боллоо шүү, Үнсье
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start