Арав.мн

Амьтад ч бас “худал ярьдаг”

Амьтад ч бас “худал ярьдаг”

Худлаа ярих чадвар зөвхөн хүн төрөлхтөнд заяагаагүй гэнэ. Амьтны ертөнцөд ч худал “ярих” үзэгдэл түгээмэл тохиолддогийг эрдэмтэд тэмдэглэжээ. Ялангуяа гэр бүлийн хэв маягтай юмуу олноороо сүрэглэн амьдардаг амьтдын дунд худалчууд элбэг тохиолддог байна.


04

Мэлхийнүүд “худлаа” ваагладаг

Цөөрмийн дэргэдүүр зугаалж яваа хэн ч болов намгийн мэлхийн вааглахыг анхааралтай сонсч үзэх хэрэгтэй гэнэ. Тэдний гаргаж буй өвөрмөц авиа нь худал сүржигнэж буйн нэгэн жишээ ч байж болох юм. Намгийн эр мэлхий вааглан хашгирахыг өөрийн хүч чадал, хэмжээгээ илэрхийлэх хэрэгсэл болгодог. Эр мэлхий хэдий чинээ том биетэй байна, түүний гаргаж буй дуу авианы өнгө төдий чинээ доогуур байдаг аж. Ийм сүрлэг эр мэлхий байгаа юм байна гэдгийг дуугаар нь таньсан ямар ч өрсөлдөгч газар нутгийг нь тэмцэн булаалдах нь бүү хэл тийш зүглэдэггүй аж. Ер нь ихэнх мэлхий чин үнэнчээр ваагладаг ч зальтай, бяцхан биетэй зарим мэлхий өөрийгөө том биетэй, сүрлэг мэлхий мэт мэдрүүлэхийн тулд хоолойгоо шахан, доод өнгөөр худлаа вааглах үзэгдэл цөөнгүй байдгийг эрдэмтэд тогтоосон байна. Тэд газар нутгийн төлөөх сөргөлдөөнд хүчирхэг өрсөлдөгчтэй нүүр тулахгүйн тулд хууран мэхэлж буй нь энэ аж.


03

Худалч сарьсан багваахай

Хүн бүрийн мэдэх цус сорогч – сарьсан багваахай овог нэгтнүүдээ хүн төрөлхтөнд ч түгээмэл үзэгддэг нэгэн зорилгоор хууран мэхэлдэг гэнэ. Энэ нь өөрийн гар, биеэ хумсын төдий ч хөдөлгөлгүй амттай хооллон, жаргаж хэвтэх. Хүний нийгэмд ч бусдын хөдөлмөрийг мөлжин, бусдаар тэжээлгэн зүгээр хэвтэх этгээдүүдийг шимэгч хорхой хэмээн шүүмжилдэг шүү дээ. Яг үүнтэй адил. Өмнөд Америкт нутагладаг цусаар хооллогч, сарьсан багваахайнуудын төрөл бий. Гол амин тэжээл болсон үнэт шингэний эрэлд цус сорогч сарьсан багваахайн гэр бүл шөнө бүр сүргээрээ морддог байна. Ходоодоо цусаар дүүргэсэн шөнийн ”анчид” үүрэндээ буцан ирж, анд яваагүй нэгэндээ олзолсон цуснаасаа хуваадаг. Үүний зэрэгцээ хангалттай их цус сорж чадаагүй нь цус горьдон буй төрөл садандаа өнөөдөр олзоо хувааж яасан ч чадахгүй нь өөртөө л дөнгөж хүрэлцэхийг олсон гэдгээ тусгай дохиогоор ойлгуулдаг байна. Эрдэмтэд шөнийн ангууч цус сорогчдын үйл ажиллагааг мөрдөн судалсны дүнд анчдын гуравны нэг нь өөртөө дөнгөж хүрэлцэхүйц цус олсон гэсэн дохиог төрөл садандаа уламжилж, хууран мэхэлдэг болохыг тогтоожээ. Эдгээр зальт сарьсан багваахай олж ирсэн цуснаасаа бусаддаа өгдөггүй мөртлөө анд оролцоогүй гэртээ үлдсэн үедээ овог нэгтнүүдээ ангаас буцаж ирмэгц цус хуваалцах үйл ажиллагаанд шаламгайлан нэг дүгээр байр эзлэн, хамгийн түрүүнд шинэхэн цус сорохын төлөө тэмцэлддэг байна. Судлаачдын ажиглаж тогтоосноор иймэрхүү хууран мэхлэлт дийлэнхдээ нууцлагдмал явагддаг агаад зальт цус сорогчид ерөнхийдөө элбэг байдаг аж.


02

Амьтдын хууран мэхлэх үзэгдэл ямар үр дагавартай вэ?

Амьтдын хууран мэхлэх үзэгдэл ба түүний хувьслын ашиг тусыг биологичид өнөөг хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа аж. Нэг талаар иймэрхүү хуурамч байдал нь амьтдын дундах итгэлцлийг үгүй хийж, хангалттай олон зальт этгээдтэй төрөл амьтны бүлгийг үгүй болоход хүргэмээр. Нөгөө талаас ийм зальтай амьтан олонтой бүлэг онгон байгальд хамгийн хүчирхэг, хөгжил сайтай нь баймаар. Бүх зүйл үнэнчээр, өчүүхэн төдий хууран мэхлэлгүйгээр ямар нэг зүйл оршин тогтнох аргагүй ч юм шиг.


01

Бяцхан мөөгөнцрүүд хүртэл бие биенээ хуурдаг

Хуурах үзэгдлийн ашиг тус чухам юу юм бол? Энэ асуултын хариуг Их Британий эрдэмтэд олсон бололтой гэнэ. Оксфордын их сургуулийн бичил бие судлаач, биологич Крейг Маклин хамтрагчидтайгаа мөөгөнцөр болон эсгэлтийн хөрөнгийг нарийвчлан судалсны дүнд бяцхан мөөгөнцрүүд дотор ч овог нэгтнээ хуурах чадвартай эсүүд байдгийг илрүүлжээ. Уг үйл явц дараах байдлаар явагдана. Исгэлтийн хөрөнгөний дийлэнх эс байгалийн хувьсалд исэх үйл явцыг үүсгэдэг. Гэтэл хөрөнгөний зарим эс исэх үйл явц үүсгэхгүй мөртлөө бусдын хөдөлмөрөөр бий болсон глюкозыг таашаалтайгаар “зооглох” үзэгдэл ажиглагджээ. Энэ нь исэх үйл явц сахарыг эсийн дотоод талд бус гадна талд задарснаас үүдэлтэйгээр явагдаж байсан агаад ийм нөхцөлд тухайн эсийн үйлдвэрлэсэн глюкоз зөвхөн өөрт нь төдийгүй хөршүүдэд нь ч хүртээлтэй байх боломж бүрддэг байна. Байгалийн эл өвөрмөц зүй тогтол болон түүнд зохицсон зальжин эсүүдийн үйл ажиллагааг эрдэмтэд олон удаагийн туршилт, судалгаа хийсний дүнд л тогтоосон аж. Эрдэмтэд тэрхүү хууран мэхлэгч эсүүдийн бүлгийг бусдаас нь тусгаарлан “коммунист нийгэмлэг” хэмээн тодотгожээ. Гэвч зальжин эсүүдийн бүлгийн өсөлт, үржилт нэн удаан явагдаж байсан төдийгүй удалгүй үхэж байжээ. Уг зальжин бүлгийн эргэн тойронд тэжээлийн эх үүсвэр хангалттай байж. Эрдэмтэд дараагийн шатны судалгаандаа “хулгайчдын нийгэмлэг”-ийг загварчлан үнэнч мөөгөнцөрүүдийн дунд цөөн тооны зальт эсийг оруулсан бүлгийг тусгаарласан байна. Эл бүлгийн хувьслын хэв маяг эхэн үедээ адил явагдаж байсан ч сүүл рүүгээ зарим зальт эс “бодлоо өөрчилж”, үнэнч хөдөлмөр эрхэлж эхлэх нь ажиглагдсан байна. Үнэнч эсүүдийн тоо нийт мөөгөнцрүүдийн хоёрны гурав болох үед тус бүлгийн өсөлтийн идвэх эрс сайжирч байжээ.

Тэгэхээр исгэлтийн хөрөнгийн хувьсалд бүлгийн гишүүд дотор тэднийг хууран мэхэлдэг цөөн тооны зальт эс байх зайлшгүй шаардлагатай байх нь. Учир нь үнэнч эсүүд бараг бүхий л цаг хүчээ шаардлагатай исэлдлэгийг үйлдвэрлэхэд зориулдаг. Энэ үедээ тэд хооллох, үржих асуудлаа муутгадаг байна. Хөдөлмөрлөсөөр байгаад хооллох, үржих ажилдаа эрч хүчгүй болдог гэсэн үг.

Ингэснээр мөөгөнцрүүдийн эргэн тойронд глюкозын илүүдэл (түүнийг овжноор ашиглах зальт эс байхгүй үед) бий болдог аж. Эсүүдийн багана ч томордоггүй байна.

Тэгхээр амьтны хувьсалд зарим тохиолдолд хууран мэхлэлт байх ёстойгоос гадна зөвхөн бие эсэд төдийгүй бүхий л бүлэгт тодорхой хэмжээний ач холбогдолтой гэж болох юм хэмээн эрдэмтэд дүгнэжээ.

Тиймдээ ч байгалийн зохилдлого ёсоор өдий хүртэл оршиж ирсэн болов уу хэмээн таамагласан байна. Хэрвээ үнэхээр тийм бол хүн төрөлхтний дийлэнх хэсгийн хувьд таагүй зүйл хэмээн тооцогддог хуурмаг байдал, заль нь зөвшөөрөхөөс өөр аргагүй хөгжлийн нэг шат болох юм. Гэхдээ худалч, зальт эс, амьтан ихэдсэн бүлгийн хөгжил хоромхон зуур сүйрэлд хүргэдэг болохыг илтгэсэн баримтыг ч санаж явах нь зүйтэй. Хууран мэхлэгчид тухайн бүлгийн хэвийн хөгжилд шаардагдах хэмжээний байвал л зүй ёсных болох юм. Үнэндээ энэхүү тоог хүн амьтны ертөнцөд хэрхэн тэнцвэржүүлэх нь одоохондоо ойлгомжгүй байна. 


9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Үнэхээр гайхлаа
+2
sonirholtoi kkk. Бүх зүйл үнэнчээр, өчүүхэн төдий хууран мэхлэлгүйгээр ямар нэг зүйл оршин тогтнох аргагүй ч юм шиг.
+1
хөөрхөн юм бэ эд нар чинь :p
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start