Арав.мн

Эрдэнийн ногоон чулууд

Эрдэнийн ногоон чулууд

Анагаах, тайвшруулах идтэй гэгддэг ногоон өнгийн үнэт болон өнгөт чулуудаас содон долоог нь онцолж байна. 


07

Авантюрин

Онцгой гялтганагч шинжтэй авантюрин саарал, улаавтар болон боронзын өнгөөр солонгорч үнэт эдлэлд дурлагсдын сэтгэлийг татдаг. Гэхдээ ийм туяаг нь анзаараагүй нэгэнд хаш эрдэнээс ялгаагүй харагдана. Хачирхалтай нь хүн төрөлхтөн олон мянганы турш авантюриныг хаш хэмээн андуурч иржээ. Ердөө XVIII зууны үед л Венецийн нэгэн шил урлаач гоёлын ваарнаа хаш шигтгэх гэж байгаад халуун шилэнд мөнгөлөг туяа тусахыг анзаарсан байна. Ингээд бүтцийг нь судлуулсан бөгөөд мөнөөх чулуу хаш биш өөр чулуу болж таарчээ. Шинэхэн эрдэнийг тэрээр санаандгүй нээснээ санаж италиар “ventura” буюу санаандгүй гэж нэрлэсэн нь авантюрин хэмээх үгийн үүсэл болсон байна. 

Авантюрин ногоон өнгөтэй бусад эрдэнийн чулууг бодвол харьцангүй ховор бөгөөд Энэтхэг, Чили, Орос, Бразил, Австри, Танзанийн нутгаас хамгийн элбэг олддог. Цайвар ногооноос гадна бор, цэнхэр өнгөтэй байдаг энэ чулуу бат бөх атлаа засч, өнгөлөх боломжтой тул ваар, аяга сав, хэв зэрэгт ашиглагдах нь их. 

Нэр, түүх болон нууцлаг туяа зэргээс нь шалтгаалж авантюриныг азын тэнгэр илгээсэн гэдэгт итгэдэг хүмүүс бий. Тиймээс мөрийтэй тоглоомчид энэ чулууг аз авчирна гэж биедээ авч явдаг байна. Анагаах увдис нь ч мөн аз дагуулдаг гэх ба бухимдал тайлаад зогсохгүй төсөөлөн бодох, урлан бүтээхэд эерэг нөлөөтэй гэгддэг. Эртний түвдүүд авантюриныг ойрын хараа сайжруулж, анхаарал төвлөрүүлэхэд тустай гэж үздэг байжээ. 


06

Гаспит

Эрдэнийн чулууны ертөнцөд хамгийн отгон чулууны нэг нь алиман ногоон өнгөтэй гаспит юм. Туйлын ховор энэ чулуу үүсэл, бүтцийн хувьд газрын хэвлийд хэдэн мянган жилийн өмнө бүрэлдсэн ч ердөө саяхан буюу 1966 онд л чулуу судлаачдын гарт орж, эрдэнийн чулууны жагсаалтад бүртгэгджээ. Канадын Кэбэк мужийн нутаг дахь Гаспэгийн хойгоос олдож, уг газрын нэрээр нэрлэгдсэн гаспит нимбэгэн шаргал туяатай ногоон өнгөтэй бөгөөд бүр неон ногоон байх нь бий. Туйлын ховор өнгө, содон бор судалтайн дээр цөөхөн газраас олддог учир гаспитын үнэ цэнэ өдрөөс өдөрт өсч байна.

Өнөөгийн Канадын нутагт аж төрж асан нутгийн уугуул иргэд энэ чулууг анхлан хэрэглэгчид байсан бололтой. Тэд гаспитыг газрын гүний ургамал хэмээн дээдэлж, сэтгэл санааг ариусгагч, алжаал тайлагч гэж үздэг байжээ. Мөн зүрх судас, давсаг, уушгинд ээлтэй хэмээн эрхэмлэдэг байв.


05

Алтан чулуу

Гоо үзэсгэлэнгийн дээд хэмээн цаг үедээ төдийгүй бүхий л түүхийн турш шагшигдсан Египетийн их хатан Клеопатра эрдэнийн чулууг ихэд таашаан цуглуулдаг байв. Тэрээр маргад эрдэнийг сүлд чулуугаа болгон дээдэлдэг байсан бөгөөд таалал болсных нь хойно эрдэнэсийн цуглуулгаас нь олдсон мөнөөх маргад эдлэлүүдийн олонх нь үнэн хэрэгтээ хризолит буюу алтан чулуу хэмээгддэг шар туяат ногоон өнгөт чулуу байж таарчээ. 

Ой тайгын мэт гүн ногоон өнгөтэй маргадтай харьцуулахад хризолит тал хээрийн өвс, навч мэт шаргал туяатай, гэрэл цацруулсан ногоон өнгөтэй. Хурц гэрэлд туйлын гоёмсог, солонгорсон туяа ялгаруулдаг тул алт мэт үнэтэй хэмээн онцолж алтан чулуу гэх болжээ. Ойрхи Дорнод, хойд Африкийн ард түмнүүд алтан чулууг зөн билгийн үүдийг нээгч, тэнгэрийн хүчийг тээгч, муугаас хамгаалагч гэж үздэг. Тиймээс ч эдгээр нутгийн далайн дээрэмчид замд гарахдаа хризолит авч явдаг байсан гэдэг. Эртний египетчүүд алтан чулууг зөн билэг өдөөгч гэж дээдэлдэг байсан тул энэ чулуу мөрөөдөл биелүүлж, хайр дурлалтай учруулдаг гэдэгт өнөө ч олон хүн итгэдэг.

Энэ чулуу наймдугаар сар болон жинлүүрийн ордод төрөгсдийн ивээл эрдэнэ бөгөөд хуримын 16 жилийн ойн бэлгэдэл болдог. Мөн уушги, судас, үе мөчний анагаагч гэгддэг байна. 


04

Оюу

Баяр баясгалан авчирч, аз дагуулдаг гэх оюу чулуу тэнгэрийн хөхөөс гадна ногоон, цайвар ногоон, цэнхэр ногоон, шаргал саарал өнгөтэй бөгөөд хамгийн түгээмэл нь цэнхэр ногоон юм. Нумын ордод төрөгсдөд ээлтэй энэ чулуу хуримын таван жилийн ойн бэлгэдэл болдог. 

Цэнхэр ч биш, ногоон ч биш тул тэнгэрээс газраа буусан жир бус эрдэнэ гэгдэн МЭӨ 4000-гаад оны үеэс олон үндэстний дээдлэн ирсэн энэ чулуу хүн төрөлхтөний ахуй, гоёл чимэглэлдээ хэрэглэсэн хамгийн эртний эрдэнийн чулууны нэг юм. Эртний египетчүүд, Америкийн уугуул индианчууд болон Төв Ази, Хятад, Энэтхэгийн ихэс дээдсүүд оюуг аз авчирч, анагаагч сүнснүүдийг дууддаг хэмээн эрхэмлэдэг байв. Эзнийх нь бие тавгүйтэхэд оюу өнгө зүсээ хувиргаж, анхааруулга болдог нь энэхүү эрдэнийг хүний салшгүй анд болгожээ. Эрүүл мэндийн манаач оюу эрдэнийг Франц, Англи зэрэг Европын орнуудад XIII зууны үед унаж бэртэхээс хамгаалагч гэж үздэг байсан тул морьт баатрууд нь үргэлж оюу эдлэл биедээ авч явдаг байсан гэх түүх бий.


03

Хаш

Гуравдугаар сар болон охины ордод төрөгсдөд ивээл хаш чулуу хайр дурлал, чин үнэнч сэтгэл, нэр хүндийн илэрхийлэл бөгөөд нас уртасгаж, эрч хүч нэмдэг гэгддэг. Хятад, энэтхэг, солонгос түмэн эртнээс хаш чулууг эрхэмлэсээр иржээ. Ялангуяа, нанхиад түмэн хаш эрдэнийг ихэс дээдсийн гоёл, дээд чимэг хэмээж, бүр алт, мөнгөнөөс ч илүү үнэлж байсан удаа бий. Хашийг дорнын анагаах ухаанд бөөр, элэг цөс, зүрх, залгиур хоолойд сайн хэмээдэг тул гаанс, энгэрийн зүүлт зэрэг хөрөнгө чинээ, зэрэг дэвийн илэрхийлэл болох тансаг эд хэрэглэлийг хашаар урладаг байв. Мөн Хятад, Солонгосын ихэс дээдэс, хаад язгууртнуудын булш бунхнаас хаш эдлэл хэдэн арваараа олддог нь барууны ертөнцөд очир алмааз, шижир алт хэр үнэ цэнэтэй вэ, дорнын орнуудад энэ чулуу яг л тийм хүндтэй эрдэнэ гэдгийг нотолно. 

Хаш чулуу ягаан, нил ягаан, улбар шар, бор, бор шаргал, цагаан зэрэг олон янзын өнгөтэй ч ногоон өнгөтэй хаш шиг эрхэмлэгдсэн нь үгүй.


02

Ногоолин

Хосгүй өнгөт чулуу ногоолин нь муу бүхнээс хамгаалагч гэгдэн ертөнцийн түүхнээ, тэр дундаа дорнын ард түмнүүдийн дунд хэдэн мянган жилийн тэртээгээс эрхэмд тооцогдсон юм. Ялангуяа, ханзын соёлт орнууд буюу Хятад, Солонгос, Японд ногоолинг бага насны хүүхдэд сахиус болгон зүүж өгдөг уламжлалтай. Эртний Грек, Египетэд мөн муу ёрын сүнс, үхээрийн бузрыг арилгах зэрэг зан үйлд ногоолинг тэнгэрийн хамгаалагч хэмээн ашигладаг байв. Ногоолин нь өнгөт чулуудаас үнэт эрдэнийн тоонд ордог цөөн чулууны нэг юм. 6000 жилийн тэртээгээс хүн төрөлхтөний гоёл чимэглэлдээ ашиглаж ирсэн энэ чулуу тун хэврэг, зөөлөн бөгөөд өнгөлөг гадарга нь сэвтэхдээ амархан. Тиймээс ногоолин эрдэнээр үнэт эдлэл хийнэ гэдэг туршлага, мэдлэгтэй, нарийн ур, ухаантай уран дархны л хийх ажил юм. Хэврэг, зөөлөн шинж нь ногоолинг ариун нандин зүйлийн бэлгэдэл болоход нөлөөлжээ. Үүний нэгэн тод жишээ нь барууны зарим оронд байх хуримын ойн зан үйл. Хуримын 13 жилийн ойн бэлэг болгож хосод ногоолин бэлэглэх нь хосын хайр дурлал, аз жаргал хэзээ ч хөрөхгүй, эхэн үе шигээ үргэлж ариун нандин байхыг бэлгэддэг байна. 

Цайвар ногоон, хар ногоон, хар зэрэг олон өнгийн судалтай учир ногоолинг мөн арвижин баяжихын бэлгэ тэмдэг болгодог. Энэ чулууг дорнын анагаах ухаанд тайвшруулах, цусны эргэлт сайжруулах, нойргүйтлээс хамгаалах зэрэгт тустай гэж үздэг. 


01

Маргад

Ногоон өнгөтэй бүх эрдэнийн чулууны хаан гэгддэг маргадыг эртний түүхт олон ард түмэн нүдний эмгэг анагаагч хэмээн эрхэмлэсээр иржээ. Тавдугаар сард болон үхэр, мэлхийн ордод төрөгсдөд ээлтэй энэ чулууг зарим улсад ногоон сувд гэдэг. Харин барууны орнуудад хуримын 20, 35 болон 55 жилийн ойг маргад хурим гэх ба хосод маргад бэлэглэдэг уламжлалтай. Хуучин цагт ногоон өнгөтэй чулуу бүрийг маргад хэмээн дээдэлдэг байв. 

Шинжлэх ухаанчаар тайлбарлавал, маргад нь ногоон өнгөт биндэръяа юм. Цэвэр биндэръяа маргадаас хэд дахин хатуу бөгөөд голдуу өнгөгүй, тунгалаг байдаг. Биндэръяагийн түгээмэл өнгө нь ногооноос гадна цэнхэр, улаан, шар, цагаан юм. Маргад эрдэнэ үнэт чулуудын дээд буюу тансаг ангилалд багтдаг бөгөөд доржпалам буюу алмааз, рубин буюу бадмаараг, сапфир буюу индранил, александрит буюу хувилгаан чулууны хамт байгалийн хамгийн үнэт, ховор эрдэнэ гэгддэг байна.


7.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start