Арав.мн

Тэнгэрлэг тэмцэл

Тэнгэрлэг тэмцэл

Уран зургийн түүх, аугаа уран бүтээлчдийн намтар цадигийг бичиглэн үлдээж, урлагийн өвийг хайрлаж хамгаалахын эрхэм чухлыг Жоржо Вазари (1511-1574)-гаас илүү мэдэх хүн цаг үед нь байсангүй. Микеланжелогийн “Каскинагийн тулаан” зургийн хуулбарыг Мантуа хотын нэгэн сурвалжтаны гэрт бишрэн харж, зураачийн сэтгэлийн хөдлөл, онгод билгийг мэдрэн, гайхамшигтай яруу дүрслэн бичсэнээс нь үүнийг харж болно. Тэрбээр “Зураг дээрх дүрүүд хүмүүний биш бурхдын нүдээр биесээ ширтэж байна” хэмээн бахдан бичжээ. Түүний 1568 онд хэвлүүлсэн “Зураач, уран барималч, сийлбэрчдийн амьдрал” нэртэй номд энэ мэт дүрслэл, тайлбараас гадна Сэргэн мандалтын үеийн уран бүтээлчдийн хувийн амьдрал, хоорондын харилцааны талаар олон баримт бий.

Түүхч, зохиолчоос гадна зураач, уран барималч байсны хувьд Вазари 1560-аад онд Флоренц хотын Палаццо Веккьо буюу Эртний ордны Зөвлөлийн танхимыг сэргээн засварлах үүрэг авч, хуучин зураг, чимэглэлүүдийг нь арилгажээ. Тэдний дунд түүхэн дэх хамгийн хосгүй урлагийн бүтээлийн тоонд орж мэдэх байсан хоёр ч зураг байлаа.

Леонардо да Винчи, Микеланжело Буонарроти нар XVI зууны эхэнд чухам энэ танхимд мөр зэрэгцэн ажиллаж, цэлгэр том ханан дээр нь дайн байлдаан дүрсэлсэн аварга том хоёр зураг зурсан байна. Харамсалтай нь, тэдгээрийг орлосон Вазаригийн зургууд гайхаж бишрэм биш байлаа. Өдгөө Палаццо Веккьогийн төв танхим хараа булааж, сэтгэл хөдөлгөх зүйлгүй, эл хульхан ханхайна.

Түүхнээ мөнхөрсөн урлагийн олон хосгүй бүтээлтэй Флоренц шиг хотод ийм газар байна гэдэг угтаа эмгэнэл юм. Магад тийм болоод ч тэртээ Вазаригийн үеэс хоёр суутны алдагдсан зургуудын эх хувилбар ямархуу байсан, тэдний илэрхий тэмцэл хэрхэн өрнөсөн талаар хүмүүс элдвийг таамаглаж, талцаж мэтгэлцэх болжээ. Тийм хүмүүсийн дунд Рафаэль, Рубенс нарын нэртэй зураачдаас гадна Кеннет Кларк нарын урлагийн түүхчид ч бий. Кларкийн тодорхойлсноор да Винчи, Микеланжело нарыг тийнхүү өрсөлдүүлсэн нь Сэргэн мандалтын үеийн олон чухал явдлын нэг байгаад зогсохгүй урлагийн түүхэн дэх хамгийн ширүүн өрсөлдөөн байв.

Да Винчи “тулаан”-д дуудагдахдаа буюу 1503 онд 50 эргэм настай, алдарт “Мона Лиза”-гаа ид зурж асан, Европ даяар шагшигдсан нэгэн байлаа. Хотын зөвлөлийнхөн түүнийг Палаццо Веккьод авчрахдаа XV зуунд Флоренц болон Милан хотынхны дунд болсон Ангиаригийн тулааныг зуруулахыг хүсчээ. Харин 1504 оны арванхоёрдугаар сард хотын зөвлөл 29 настай нэгэн залуу зураачийг XIV зуунд Флоренц, Пиза хотынхны хооронд болсон Каскинагийн тулааныг да Винчигийн зургийн чанх урд талд зуруулахаар томилсон нь дөнгөж танигдаж эхлээд байсан Микеланжело байв. 1475 онд мэндэлсэн тэрбээр гоц авьяастан хэмээн хүлээн зөвшөөрөгдсөний дээр Лорензо де Медичийн байгуулсан уран барилгын сургуулийг дүүргээд байж. Ром дахь Гэгээн Питерийн сүмд алдарт Пьетагаа урлаж дууссан, 1504 оны тавдугаар сард буюу да Винчийг Флоренцийн Дээд зөвлөлтэй харилцаагаа сэргээж, Ангиаригийн тулааны зургаа үргэлжлүүлэхээр болсон үед хожмоо өөрийнх нь хамгийн сод бүтээлээр нэрлэгдэх “Давид”-аа Палаццо Веккьогийн өмнө залсан Микеланжелог зөвхөн алдар нэр, амжилт л хүлээж байлаа. Харин ийм хүнийг да Винчи өрсөлдөгч хэмээн харах нь аргагүй байв.

Вазаригийн бичсэнээр тэдний сөргөлдөөнийг хотын зөвлөл бүр ч дэвэргэсэн агаад Микеланжелог авчруулахдаа шуудхан “Леонардотай өрсөлд” хэмээн тушаажээ. Микеланжело да Винчид дургүйгээ огт нууж байсангүй. Тэр нь сүүлдээ да Винчид тэсвэрлэхийн аргагүй болж, тэрбээр залуу өрсөлдөгчтэйгөө таарахгүйн тулд Франц хүртэл явж байж. Да Винчи ч гэсэн “томоотой” байсангүй, Микеланжелогийн арга барилыг “модон”, хөндий хүйтэн гэхчлэн элдвээр гоочилжээ. Иймд хотын дээд түшмэлээр 1502 онд сонгогдсон Пьеро Содеринигийн санаачилгаар хоёр зураачийг нэгэн барилгын ханан дээр зэрэг ажиллуулахаар болсон нь ихээхэн дуулиантай хэрэг байлаа. Харин Палаццо Веккьод болсон явдал дуулиан шуугиан дагуулсныхаа хэрээр нууцлаг нэгэн түүх болж, хоёр зураачийн хувьд амин хувийн асуудал болж үлджээ.

Энэ явдал зөвхөн уран зураачдын өрсөлдөөн байсангүй. Хотын зөвлөлийн төв танхим олон нийтийн дэмжлэгийг дөнгөж хүлээгээд байсан бүгд найрамдах засаглал хийгээд Флоренцийн сэргэн мандалтын төв байлаа. Бүтэн зууны турш хөрөнгөтнүүдийн халаасанд багтаж байсан тус хот нийгмийн эрх чөлөөт байдлаа алдаж, ханлигийн шинжтэй болсны дараах бүгд найрамдахчуудын сэргэлт чухам энд тохиожээ. Ийм түүхэн үед да Винчи, Микеланжело нарын хэн хэн нь хотынхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулж, нэрээ мөнхлөхийг хүсэж байв. Тэд бүгд найрамдахчуудыг талархан дэмждэг байсан байж мэднэ. Ялангуяа, Микеланжелог эр хүний гоо сайхныг харуулсан, эрч хүчтэй, эрэлхэг, шинэлэг бүтээл туурвиж байсны учир бүтээл туурвилаараа флоренцчүүдийг бурангуй засгийн эсрэг босохыг уриалсан гэж зарим түүхч үздэг билээ.

Да Винчигийн Микеланжелотой халз “тулалдахдаа” зурсан бүтээлээс ердөө дунд хэсэг нь буюу Рубенсийн хуулбарласан хэдэн дайчин, цөөн морины зураг л үлджээ. Харин Микеланжелогийн зургаас түүний шавь Бастиано да Сангаллогийн хуулбарласан хувь л бидний үед хүрсэн байна. Хэдийгээр эх зураг нь алдагдсан ч судлаачид “Каскинагийн тулаан” болон “Ангиаригийн тулаан”-ыг яагаад энэ хоёр зураачийн хамгийн чухал бүтээлд тооцдогийг эдгээр хуулбарыг харах төдийд л ойлгож болно.

Насны зөрүүтэй, арга барил нь адилгүй энэ хоёр зураачид ижил төстэй зүйл бараг байгаагүй ч нэг л онцлогоороо ижилсэж байсан нь эхэлснээ дуусгадаггүй зан байв. Микеланжело “Каскинагийн тулаан”-ыг зурсныхаа дараа ийм муу зантай болсон, тэр нь да Винчитэй холбоотой гэж таамаглах хүн олон. Юутай ч хоёр аугаа зураач хоёулаа тулааны зургуудаа гүйцээгээгүй агаад оронд нь да Винчигийн бүтээсэн модон өргөгч дээр өдөржин суун, том танхимын адар, туургыг гар нийлэн чимэглэжээ. Да Винчи дайн тулааны уур амьсгал, хүн амьтны айдас хүйдсийг үйл хөдлөлөөр нь дамжуулан товойлгосон бол Микеланжело тулааны талбар дахь торгон агшныг, дайчдын сэтгэлийн хөдлөл, илэрхийллийг дүрсэлсэн байна. Гэхдээ Микеланжелогийн зураг зөвлөлийн ханан дээр удаагүй бол да Винчигийнх Вазаригийн хийсэн засвар хүртэл төв танхимыг чимжээ. Харин 1565 онд мөнөөх цаг үеийнхнээ магтан дуулж, да Винчигийн намтрыг хүртэл бичээд байсан Вазари “Ангиаригийн тулаан”-ыг баллан, дээрээс нь эв хавгүй, ур муутайхан зургаа давхарлан зурсан байна. Энэ нь одоогоор мэдэгдэж, түүхнээ тэмдэглэгдсэн, да Винчигийн зургийг зориудаар балласан ганц тохиолдол юм.

1512 онд Испанийн арми Флоренц руу халджээ. Пьеро Содерини зугтаж, Медичийн овгийнхон дахин засгийн эрхэнд гарав. Харин 1530 он гэхэд бүгд найрамдах засаглал нурж, Флоренцийн урлаг соёлын сэргэн мандалт дахин давтагдахааргүйгээр шувтарсан байна. Палаццо Веккьо Медичийнхний өргөө болж, Вазари нарын зураачид төв танхимын бүх л зүйлсийг, өөрөөр хэлбэл бүгд найрамдахчуудын үеийг санагдуулам бүхнийг үгүй хийх тушаал авлаа. Түүнд нь да Винчигийн “Ангиаригийн тулаан” ч багтжээ.

Хоёр аугаа зураачийн бүтээлч тэмцлийн ул мөр өдгөө арилж баларсан ч тэдгээр алдагдсан зургийн “сүнс” энэ цаг үед Флоренц хоттой танилцах хэнд ч олдоно. “Каза Буонарроти” музейд байх Микеланжелогийн “Кентаврын тулаан”-аас “Каскинагийн тулаан”-д үзэгдэх цэргүүдийн өөр нэгэн дүрийг харах бол да Винчигийн “Адисласан нь” зургаас дайн тулааны ул мөр бэлхнээ харагдана. Урлагийн түүхчдийн санал нийлдэгээр Каскинагийн болон Ангиаригийн тулааныг дүрсэлсэн зургууд уран зургийн ертөнц дэх дайн, байлдааны сонгомол бүтээл юм. Харин тулааны зураг зурж, ганц удаа хамтран ажиллаж ахуйдаа хэн хэнийгээ хүлээн зөвшөөрөөгүй, түүнээс хойш бараг үг солиогүй гэлцдэг хоёр зураачийн хэн хэн нь урт насалсан ч Палаццо Веккьогийн төв танхимд чухам юун тухай ярилцаж, цаашдаа яагаад харилцахаа больсон нууцаа зөвхөн өөрсдөдөө аван амьсгал хураажээ.


02

Ангиаригийн тулаан (хуулбар)


01

Каскинагийн тулаан (хуулбар)


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


wow
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start