Арав.мн

Хүн төрөлхтөнд хүчтэй нөлөө үзүүлсэн зурагнууд

Хүн төрөлхтөнд хүчтэй нөлөө үзүүлсэн зурагнууд

Урлаг гэдэг хүнд гоо зүйн таашаал өгөх үүрэгтэй зүйл. Гэвч урлагт дэлхийг ч өөрчлөх хүч бий. Суут зураач Пабло Пикассо “Уран зураг гэдэг зөвхөн барилгын ханыг чимэх зориулалттай эд бус. Энэ бол дайнд дайсныхаа эсрэг цохилт өгөх, хамгаалалт хийх хэрэгсэл” гэж хэлсэн байдаг.

Түүхийн туршид зарим урлагийн бүтээлүүд бидний улс төр, нийгмийг харах өнцөг, тэр ч байтугай урлагийг өөрийг нь үзэх үзлийг хүртэл өөрчилсөөр ирсэн билээ.

Сүг зургаас шөлний лааз хүртэл, гүнжийн хөргөөс социалист удирдагчид хүртэл зурсан эдгээр зургууд урлагийн ертөнцөөс эхлээд бусад бүх зүйлд нөлөөлж чадахуйц хүчирхэг бүтээлүүд юм.


11

Ласко агуй /одоогоос 17,000 жилийн өмнө/

17,000 жилийн өмнө зурагдсан сүг зураг бүхий Францад байдаг уг агуй нь “Балар эртний Систиний сүм” нэрээрээ алдартай. 1940 онд 18 настай дөрвөн хүүхэд гайхамшигт урлагийн бүтээл бүхий тус агуйг илрүүлжээ. Агуйн ханан дээрх сүг зургууд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний зургууд биш боловч балар эрт үеийн уран зургийн гайхамшиг, хүн төрөлхтний урлагийн замналыг илэрхийлсэн бүтээл юм. Тус агуй нь 200 гаруй метрийн урттай, дундаж температур нь +12.7 ба нийт 600 гаруй зурагтай том "музей" аж.


10

Эхийн хэвлий дэх ургийн судалгаа /1510 он. Леонардо да Винчи/

Леонардо да Винчигийн хэд хэдэн бүтээлд гэр бүлийнхэн нь дүрслэгдсэн байдаг. Энэ зураг тэдний нэг биш ч байж магад. Ямартай ч хэвлий дотроо байрласан ургийн зураг “Мона Лиза”, “Сүүлчийн зоог”-с ч илүү дэлхий дахинд нөлөөлсөн байх магадлалтай. Түүний хүний биеийн анатомийг дүрсэлсэн зургууд нь үргэлж бодит хүний бие дээр зүсэлт хийж байж дүрсэлсэн байдаг бөгөөд энэ нь эмч биш хүний хувьд хууль бус үйлдэл байжээ. Тиймээс Леонардо да Винчи ёс зүйгүй, урлагийн тогтсон хэв маягийг зөрчигч хэмээн тооцогдож байв. Гэвч тэр шинжлэх ухаан болон урлагийн аль алиных нь түвшинд хүний биеийг судладаг байжээ.


09

“Las Meninas” /1656 он. Диего Велискас/

Энэ бол энгийн нэг уран зураг биш. Маргарита гүнж болон түүний “meninas” буюу үйлчлэгч нарын хөрөг. Испани зураач Диего Велискасын зурагт үзэгчийн харах өнцөг, үзэл бодлыг харуулсан байдаг. Диего Велискас зурагтаа биднийг дүрсэлсэн юм биш байгаа? Арын ханан дээрх хаан, хатан хоёрын тусгал нь бид юм биш биз дээ? Энэ зураг урлагийн түүхэнд гүнзгий нөлөөлсөн бүтээл билээ. Дээрх асуултууд бол уг зургийг зурагдсанаас хойш 250 жилийн дараа кубистуудын асуусан олон зуун асуултуудын жишээ юм. Пабло Пикассо уг зурагт маш дуртай байсан бөгөөд 58 өөр хувилбарыг нь зурсан байдаг.


08

Маратын үхэл /1793 он. Жак Луи Давид/

Францын уран бүтээл Жак Луи Давидын энэхүү бүтээлийг жинхэнэ улс төрийн сэдэвт анхны уран зураг гэж үздэг. Хувьсгалын удирдагч Жан Поль Маратыг усны онгоц дотор байхад нь үзүүртэй зүйлээр сүлбэж амь насыг нь бүрэлгэсэн байсныг дүрсэлсэн зураг юм. Жак Луи Давид хувьсгалын удирдагчийн үхлийг харуулсан гунигт бүтээлээ фото зураг шиг дүрсэлсэн байна. Нас барсан дотнын нөхрөө зурсан энэхүү зураг нь улс төрийн суртал ухуулгын чухал хэсэг болж олны дунд тархжээ.


07

Олимпия /1863 он. Эдуард Моне/

Эдуард Моне Олимпияг зурахдаа Сэргэн мандалтын үеийн зураач Тицианы “Venus of Urbino” зургийн байрлалыг дуурайлган зуржээ. Тицианы зураг ил задгай, хүйсийн ялгааг харуулснаараа алдартай. Харин Монегийн зургийг ойроос ажвал нүдний харц урин дуудсан маягай, гарын тавилт нь эсрэгцсэн байдалтай харагддаг байна. Түүний гарын байрлал нь урин дуудсан биш харин ч бэлгэ эрхтнээ халхалсан маягтай аж.


06

Black square /1915 он. Казимир Малевич/

Энэ зурагт зүгээр л дөрвөлжин дүрсийг хараар будсан байдаг. Казимир Малевичийн энэ бүтээл нь юуг ч дүрслээгүй анхны уран зураг гэж тооцогддог. Малевич уран зураг заавал ямар нэг зүйлийг дүрсэлсэн эсвэл ямар нэг санаа агуулсан байх албагүй гэж үздэг бөгөөд түүнийгээ батлахын тулд энэ зургийг зуржээ. Түүний энэ санаа нь 21-р зууны олон уран бүтээлчдэд урам зориг өгсөн бөгөөд абстракт урлагийг хөгжүүлэх томоохон хөдөлгөөний үндэс болжээ. Энэ зураг дэлхий ертөнцийг өөрчлөөгүй боловч урлагийг үүрд өөрчилсөн бүтээл юм.


05

Кэмпбэллийн шөлний лааз /1962 он. Энди Уорхол/

Энэ зурганд гарцаагүй нэг л зүйлийг дүрсэлсэн боловч таны төсөөлж байгаа шиг зүйлийг дүрслээгүй байдаг. Энди Уорхол Америкчуудын өдөр тутам хардаг зүйлийг урлагийн бүтээл болгожээ. Энэ бүтээлийг туурвиснаар Энди Уорхол урлагийн үнэ цэнийн талаар асуудлыг хөндсөн бөгөөд Кэмпбэллийн шөлний лааз Леонардогийн бүтээлээс бага үнэ цэнэтэй, анхаарал татамгүй юу гэсэн асуултыг төрүүлсэн байна. Зорилгоо илүү тодорхой болгохын тулд Уорхол лаазнуудыг галерей доторх тавиур дээр дэлгүүрийн лангуун дээр өрөөстэй байгаа мэт харагдуулахаар байрлуулжээ.


04

Герника /1937 он. Пабло Пикассо/

Пикассогийн энэ зураг шиг хүчтэй дайныг эсэргүүцсэн, сэтгэл өвтгөм зураг байхгүй. Зурагт 1937 онд Испаний иргэний дайны үеэр Герника  хотыг шөнөжин бөмбөгдөж байсан үеийг дүрслэн харуулсан байдаг. Испанийн засгийн газраас суут зураачид урлагийн бүтээл туурвих үүрэг өгсөн бөгөөд Пикассо харгис хэрцгий байдлыг жигшин зэвүүцэж уг зургийг зурсан гэдэг.


03

The problem we all live with /1964 он. Норман Роквелл/

Зураач Норман Роквелл өөрийн зурагтаа 20-р зууны Америкийн сайн муу талыг хоёуланг нь дүрсэлжээ. 1964 онд зурагдсан уг зурагт цагаан арьстнуудын сургуульд сурдаг цорын ганц хар арьст охин Рубы Бриж охин сургуульдаа явж байгааг зурсан байдаг. Охин арьс өнгөөр ялгаварлан гадуурхагчдаас хамгаалуулан алхаж байгаа ч арьс өнгөөр ялгаварлан үзсэн бичиг бүхий хананы дэргэдүүр алхаж байна. Уг зураг нь Иргэний эрхийн хөдөлгөөний гол зураг болсон бөгөөд 2011 онд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Брижийг Цагаан ордонд хүлээн авч байжээ.


02

Guerilla Girls, 1989, Do women have to be naked to get into the Met Museum?

Guerilla Girls нь нийгэмд чухал сануулга өгдөг уран бүтээлчдийн нэгдэл юм. Энэхүү нэгдэл нь сүүлийн 30 жилийн турш урлагийн ертөнц дэх арьс өнгө, хүйсээр ялгаварлан гадуурхлын эсрэг идэвхитэй тэмцэж байгаа аж. Тэд энгийн нэг баримтыг тайлбарласан бөгөөд уг баримтанд дурьдснаар Нью-Йоркийн Метрополитан музейн орчин үеийн уран бүтээлчдийн 5 хүрэхгүй хувь нь эмэгтэйчүүд боловч нүцгэн дүрслэл бүхий бүтээлүүдийн 85% нь эмэгтэйчүүдийг дүрсэлсэн байдаг аж. Энэ зурагт хуудас нь эмэгтэй уран бүтээлчдийг таниулах бэлэг тэмдэг болж байгаа гэнэ.


01

My God, Help Me Survive This Deadly Love /1990 он. Дмитрий Врубель/

1979 онд ЗХУ-ын удирдагч Леонид Брежнев, БНАГУ-ын удирдагч Эрих Хонеккер нар энэхүү алдарт зургийг авуулжээ. Энэ бол социалист ахан дүүсийн үнсэлт бөгөөд хоёр удирдагч хэчнээн дотно болохоо харуулах гэж уруулаа тас жимийн үнсэлцсэн байна. Уран бүтээлч Дмитрий Врубель тус зургийг Берлиний ханан дээр зурсан нь маш их шуугиан тарьж байжээ.

East Side галерейн хамгийн алдартай үзмэр болох Берлиний хананы үлдэгдэл дээр дүрслэгдсэн уг зураг нь урлаг хүний эрх мэдлийг хэрхэн илэрхийлдэг болон улс төрийн үзэл бодлыг ч өөрчлөх чадалтайг харуулсан бүтээл болсон байна.


9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Энэ ямар үлгэр юм бэ дээ?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start