Арав.мн

Тариалангийн талбайн нууц

Тариалангийн талбайн нууц

АНУ-ын Колумбын их сургуулийн харьяа Сэтгүүл зүйн сургуулиас нэрлэсэн 1912-2012 оны хоорондох шилдэг 100 нийтлэлийн нэгийг танд хүргэж байна. 2011 оны арванхоёрдугаар сарын 12-нд тус улсын Мэдээллийн нээлттэй байдал, шинжлэх ухааны судалгаа хяналтын төв нэртэй байгууллагын сонинд анх хэвлэгдсэн, сэтгүүлч Саша Чавкиний уг нийтлэл нэр хүндтэй олон шагнал авсны дотор Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн консорциумын дээд шагнал хүртжээ.

Ядуусын “тахал”                

19 настай Модиель Мартинез нүдээрээ инээмсэглэсэн, долгиотсон хар үстэй, чихрийн нишингийн талбайд олон жил ажилласнаас булчин, шөрмөс нь зангирч, бяр суусан хүү. Саяхныг хүртэл тэр өдөржин нишингэтэй зууралдсан ч ядрахыг мэддэггүй эрүүл, чийрэг нэгэн байв. Харин одоо нутгийнх нь залуусыг төдийгүй мянга мянган төв америкчуудыг “залгих” болсон ямар нь үл мэдэгдэх бөөрний өвчнөөр шаналж хэвтэнэ. Энэ өвчнөөр түүний өвөө, аав хоёр хорвоог орхиж, гурван ах нь өвдөөд байгаа гэнэ. “Дотроос иддэг өвчин байгаа юм. Яаж ч чадахгүй гэж бодохоор л хэцүү байна” гэж тэр ярив. Эдгэшгүй энэ өвчнийг олон улс, тэр дундаа АНУ-ын албаныхан үл тоодог. Чинээлэг орнуудын эрх баригчид био түлшний хамгийн том “мангас” агаад тус бүс нутгийн ард иргэдийн амьдрал ахуйг бодолцож үзэлгүй, эндээс авах ургацынхаа хэмжээг нэмсээр байна.

Бөөрний энэхүү архаг үрэвслийн талаар дэлхий нийт мэдэхгүй, томоохон агентлагууд мэдээлдэггүй, мэргэжилтнүүд ч сайтар судлаагүй. Дэлхийн ядуусыг чимээгүйхэн ниргэж байгаа уг “тахал”-аар өвчлөгсөд Төв Америкийн Номхон далайтай залгаа нутаг буюу эрэг хавийн нутгууд нь нийтдээ 700 гаруй бээр зайд сунаж тогтсон зургаан улсад хамгийн олон бүртгэгджээ. Өвчний гол хохирогч нь хар ажилчид, түүний дотор чихрийн нишингийн талбайд ажиллагсад юм.

Төв Америкийн орнуудад 2005-2009 онд жил бүр 2800 гаруй эрэгтэй бөөрний архаг дутагдлаар нас баржээ. Зөвхөн Эль-Сальвадор, Никарагуа улсад гэхэд л энэ өвчнөөр хорвоог орхисон эрчүүдийн тоо өнгөрсөн 20 жилийн дотор тав дахин өссөн байна. Одоо энэ өвчин тус бүс нутагт ХДХВ/ДОХ, чихрийн шижин, цус багадах өвчнөөс ч илүү олон хүний аминд хүрэх болжээ. “XXI зуунд хэн ч бөөрний өвчнөөр үхэх ёсгүй” гэж Эль-Сальвадорын эмч Рамон Трабанино хэллээ. Энэхүү учир битүүлэг өвчнийг арав гаруй жил судалсан түүний ярьснаар бөөрний архаг үрэвслээс болж эмнэлгүүдийн төсөв хүрэлцэхээ байж, орон нутагт бэлэвсэн эмэгтэй, өнчин хүүхдүүд олширсон гэнэ. Эль-Сальвадорт энэ өвчин эрчүүдийн аминд хүрдэг өвчин эмгэгүүдийн хоёрт бичигдэж байна. Харин Никарагуад ид хөдөлмөрлөх насны хэдэн мянган эрэгтэй нас барж, Модиель Мартинезийн амьдардаг Арал нэртэй сууринг нутгийнхан Бэлэвсэн эмэгтэйчүүдийн арал гэлцэх болж. Энд хөл тавихад эхлээд Латин Америкийн хаа ч таарах жирийн суурин шиг харагдана. Хүүхдүүд тоос, шороо бужигнасан зам дээр дугуй унаж, золбин ноходтой тоглоно. Гар хоосон явах нь үгүй эмэгтэйчүүд сонжсон харцаар гаднынхныг ширтэнэ. Харин эрчүүд үзэгдэхгүй бөгөөд захын айлд ороход л өрхийн тэргүүн юм уу, хөвгүүдийнх нь жаазтай зураг бурхан тахилынх нь дэргэд байх ажээ.

Үл тоомсорлол

Олон улсад бөөрний өвчлөлийн гол шалтгаан нь даралт ихсэх өвчин болон чихрийн шижин байдаг. Хүндэрч, архагшаагүй ихэнх тохиолдолд энэ өвчний шалтгаан болоод хэрхэн эмчлэх арга нь ч тодорхой байна. Харин Төв Америкт газар авсан өвчний тухайд шалтгаан нь тодорхойгүй бөгөөд өвчлөгсдийн олонх нь чихрийн шижин болон даралт ихсэх өвчингүй байдаг нь эмч нарыг гайхашруулдаг аж. Тариалангийн талбайд өдөржин ажиллахад наршиж, шингэний дутагдалд ордог нь бөөрний ачааллыг нэмдэг гэж зарим судлаач үздэг бол ургацад сайнаар нөлөөлдөг гэх химийн бодисууд тариаланчдын эд эрхтнийг “иддэг” байж магадгүй гэж үзэх эмч нар ч бий. Бөөрний ердийн өвчин ихэнх тохиолдолд хүйс харгалзалгүй, нас дээр гарсан хүмүүсийн бөөрөн дэх венийн буюу хураагуур судсуудад нөлөөлдөг бол тариаланчдыг үхэлд хүргэж буй өвчин идэр залуу эрчүүдийн бөөрний тараагуур судсуудыг “барьдаг”. Энэ өвчнийг юу гэж нэрлэхээ ч мэргэжилтнүүд шийдэж чадахгүй байна. Месоамерикийн өвчлөл, хөдөө аж ахуйн өвчин, нишингийн тахал зэрэг олон нэр санал болгоод байгаагаас Эль-Сальвадорын Бөөрний өвчлөлтэй тэмцэх үндэсний хорооноос дэвшүүлсэн Месоамерикийн бөөрний өвчин гэсэн нэр хожим олон улсад зөвшөөрөгдөж мэдэх юм.

Анагаах ухааны салбарынхныг нэр томъёо юухнаар ийн хөөцөлдөж байх хооронд учир битүүлэг өвчинтэй холбогдох учир нь үл олдох явдлууд ар араасаа хөвөрсөөр. Олон улсын шинжээчдийн тогтоосноор Никарагуагийн нэгэн уурхайн сууринд энэ өвчнөөр өвчлөгсдийн тоо өссөөр байгаа гэнэ. Үүнээс үзэхэд бөөрний энэ архагшил зөвхөн нишингийн талбайд ажиллагсдад хамаагүй болж таарна. Гэтэл нишингийн үйлдвэрлэл эрхлэгчид энэ судалгаанд дөрөөлөн, бөөрний шинэ өвчнийг өөрсдөөсөө түлхэхийг оролджээ.“Никарагуа чихэр” компанийн гүйцэтгэх захирал “Их ажиллавал хэн ч ядарна шүү дээ. Бид ажилчдынхаа эрүүл мэндэд санаа тавьж, их ядраахгүйг хичээдэг. Ямар ч байсан манай үйлдвэрлэлийн үйл ажиллагаа энэ өвчинтэй хамаагүй” гэж ярьсан удаатай. Гэвч тариалангийн талбайд ажиллагсдын хөлсийг ажилласан цагаар нь биш, хураасан ургацаар нь бодож төлдөг учраас хэдэн мянган хүнийг талбайд ажиллуулагсад яаж ч мэлзээд нэмэргүй юм.

Эхлэл

Нэг л өөр төрлийн бөөрний өвчнөөр өвчилсөн залуус эмнэлэгт нь ирээд байгааг анх 2000 онд анзаарсан сальвадор эмч Р.Трабанино 2002 онд энэ төрлийн анхны судалгааны тайланг нийтэд дэлгэжээ. Түүний судалгаанд хамрагдсан 205 хүн бараг бүгд 45-аас доош насны эрчүүд байсан бөгөөд гуравны хоёрт нь бөөрний ердийн үрэвслийн шинж тэмдэг илрээгүй байна. Тэдэнд ижил төсөөтэй хэдэн зүйл ажиглагдсаны дотор бараг бүгд нам дор нутагт, далай тэнгис юм уу, томоохон гол мөрний эрэг хавиар аж төрдөг, шавьж устгах болон бусад төрлийн хортонтой тэмцэх хэрэгсэлтэй ойр ажилладаг зэрэг нь Р.Трабаниногийн анхаарлыг татжээ. Харин Коста Рикад бөөрний архаг үрэвсэлтэй гэх 20-40 насны эрчүүдийн дунд явуулсан өөр нэг судалгааны тайланд өвчлөгсөд бараг бүгд чихрийн нишингийн талбайд олон жил ажилласан хүмүүс байсан тухай дурдсан нь мэргэжилтнүүдийг био түлшний үйлдвэрлэл рүү хандахад хүргэсэн байна.

Аминаас үнэтэй түлш

Төв Америкийн нишингэ боловсруулах компанийн удирдлагууд эмч, мэргэжилтнүүдэд үүдээ нээж өгөхдөө дурамжхан байлаа. Харин нас барагсдын тоо нэмэгдэхийн хэрээр тэд эмээж эхэлсэн бөгөөд “Никарагуа чихэр” л гэхэд саяхнаас Сан Антониогийн тариалангийн талбайд Бостоны их сургуулийнхнийг оруулаад байна. Гэвч бие даасан шинжээчдийг нүд үзүүрлэсэн хэвээр. Никарагуа дахь Леоний их сургуулийн багш, судлаач Аурора Арагоны ярьснаар дээрх компанийн удирдлага тариалангийн гурван ч талбайд нэвтрэх гэсэн хэд хэдэн хүсэлтийг нь удаа дараа буцаажээ. “Чихрийн үйлдвэрлэлийг бөөрний өвчинтэй холбох гэсэн увайгүй хүн олон байна. Энэ салбарт ажиллах гэж ирсэн хүмүүс бөөр муутай гэдгийг бид анх мэдээлсэн байтал ингэж хандах нь ёс зүйгүй хэрэг. Иймэрхүү хандлага үйлдвэрлэлийн ашиг орлогыг бууруулж мэднэ” гэж “Никарагуа чихэр” компанийн үйлдвэрлэл хариуцсан менежер Марио Амадор ярив.

Төв Америкийн нишингэ боловсруулагчид дэлхийн чихрийн зах зээлд чухал байр суурь эзэлдэг тул энэ нь ч аргагүй юм. 2011 онд АНУ гэхэд л тус бүс нутгаас 330 мянган шоо метр нишингэ авсан нь дэлхийн хэмжээний боловсруулаагүй чихрийн импортын 23 хувийг эзэлж байна. Үүний нэлээд хувийг АНУ-ын Засгийн газар био түлш үйлдвэрлэхэд зориулжээ. WikiLeaks-ийнхний дэлгэснээр америкчууд 2008 оны сүүл үеэс эхлэн Эль-Сальвадор, Никарагуад био түлшний хэд хэдэн чуулганыг нууцаар санхүүжүүлсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй эдгээр улсыг Венесуэлээс хараат байдгийг нь болиулахын тулд био түлшний үйлдвэрлэлд нь их хэмжээний хөрөнгө оруулах тухай ч ярьж байж.

Дэлхийн банк хүртэл шинэ төрлийн өвчин гарсныг тоож үзэлгүй, био түлшний үйлдвэрлэлийг өсгөхийн тулд Төв Америкийн орнуудад 100 гаруй сая ам.доллар зээлүүлж байлаа. Энэ талаар Бостоны их сургуулийнхныг гомдоллоход судалгааг нь дэмжих нэрээр сая ам.доллар өгсөн мэдээ бий. Харин 2006 оны аравдугаар сард Дэлхийн банкны харьяа Олон улсын санхүүгийн корпорац (IFC) дээр дурдсан Никарагуагийн Сан Антониогийн талбайд 55 сая, 2007 оны зургадугаар сард мөн тус улсын Монте Роза тариалангийн талбайд 50 сая ам.долларын хөрөнгө оруулжээ. Тэр мөнгөөр Никарагуагийн чихрийн компаниуд үйл ажиллагаагаа тэлж, хэдэн зуун хүнийг үхлийн талбай руу илгээсэн байна.

Мухардал

Бөөрний үрэвсэл анх илэрснээс арваад жилийн дараа л Төв Америкийн эрх баригчид уг өвчнийг тахлын хэмжээнд хүрснийг хүлээн зөвшөөрч, хамгийн түрүүнд Эль-Сальвадорын Засгийн газар олон улсын шинжээчдээс тусламж хүсчээ. Тус улсын албаныхны хичээл зүтгэлийн дүнд 2011 оны хоёрдугаар сард Мексикийн Мехико хотод чуулсан НҮБ-ын гишүүн орнуудын Эрүүл мэндийн сайд нарын дээд хэмжээний уулзалтын үеэр тариалангийн талбайд ажиллагсад болон бусад хар бор ажил хийж, амь зуудаг эрчүүдийн амийг авч одсон бөөрний өвчний талаар олон улсын мэргэжилтнүүд анх удаа санал солилцсон байна. Эль-Сальвадорын Эрүүл мэндийн сайд Мария Изабел Родригез НҮБ-аас санхүүжилт, хамгийн гол нь анхаарал хүссэн ч АНУ-ын төлөөлөгчид огт хэрэгссэнгүй.

Хатагтай Родригезийн ярьснаар америкчууд энэ өвчнийг үл мэдэгдэх тахал бүү хэл, шинэ төрлийн өвчин гэдгийг ч хүлээн зөвшөөрөөгүй байна. Тийм байхад хортон устгагч, био түлш зэрэг үгийг сонсохыг ч хүсээгүй нь тодорхой. Харин Төв Америкийн төлөөлөгчид чуулганаас баталсан гол тунхагт гарын үсэг зурахаас татгалзсан учир америкчууд арга буюу тэдний шаардлагыг хүлээн авч, тунхагт нэмэлт зүүлт хийсэн нь “Төв Америкт бөөрний архаг өвчин газар авчээ” гэсэн ганц өгүүлбэр байлаа. Үүний дараа ч гэсэн АНУ-ын эрх баригчид бөөрний өвчнийг судлах, өвчлөгсдөд туслах, био түлшний бодлогоо өөрчлөх зэрэгт хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Энэ нийтлэлийг бичих явцдаа бөөрний өвчний талаар албаны хүмүүсээс тодруулах гэсэн боловч нэг нь ч “баригдаагүй” юм.

Өвдвөл өлбөрнө

Сан Антонио, Монте Розагийн тариалангийн талбайн эзэд саяхнаас ажилчдаасаа цусны шинжилгээ авч, креатиний хэмжээ нь их хүмүүсийг ажиллуулахаа больжээ. Сан Антониогийнхон харин ажлын цагийг багасгаж, ажилчдадаа цэвэр ус нэмж өгдөг болж.

2009 оны арваннэгдүгээр сарын нэг өдөр Модиель Мартинез ажилчдын автобусаар талбай руу гарчээ. Тэрбээр нишингэ зулгаагаад дөрөв дэх жилийнхээ нүүрийг үзээд байв. Ургац хураалтын ажил удахгүй эхлэх байсан тул “Никарагуа чихэр” компанийн ажилтнууд талбайд ажиллагсдаас шинжилгээ авав. Мартинез автобуснаас бууж амжаагүй байхдаа өөрийнх нь шинжилгээ муу гарсныг мэдсэн байна. “Би уйлаад л байсан. Дөнгөж 17-той, хүүхдээрээ байсан даа” гэж тэр ярина. Гэр бүлээ тэжээх хэрэгтэй байсан болохоор Мартинез хуурамч бичиг баримт бүрдүүлж, Нийгмийн халамж үйлчилгээний газрын ажилтанд хэдэн цаас атгуулаад, тариалангийн талбай руу буцжээ. 2011 оны хавар нийтлэгдсэн нэгэн мэдээнд дурдсанаар Сан Антониогийн талбай руу ажилчид зөөдөг автобус өглөө 05.25 цагт хөдөлж, 17.30 цагт буцаж ирдэг байна. Тэгэхээр Мартинез хүү өдөр бүр багаар бодоход 10 цаг тариалангийн талбай дээр ажилладаг гэсэн үг.

Үхлээ хүлээхүй

2011 оны зургадугаар сарын 10-нд Мартинез дөрвөн эгнээ нишингэ огтлох даалгавар авав. Саваа нишингийг навчнаас нь салгаж, хэдэн хэсэг тасдаад, боодол болгох ёстой. Бараг 40-өөд саваа нэг боодол болно. Боодол тус бүртээ Мартинез хүү нэг кордоба буюу таван цент ч хүрэхгүй хөлс авдаг.

08.30 цаг гэхэд тэр хэдийн хоёр эгнээ нишингэ огтлоод байлаа. Гэтэл гэнэт дотор нь харанхуйлж, хөл нь гуйваад явчихжээ. Гэсэн ч ажиллаад л байв. Харин ажлаа дуусгахын алдад, 11.00 цагийн үед Мартинез хөл дээрээ ч зогсож чадахаа байж. Гэрээт ажилтан болохоор компанийнхаа харьяа эмнэлэгт ч тэр очих эрхгүй. Гэрийнхээ харалдаа гүүрэн дээр нэг юм хүрсэн хойно нь ээж, ах хоёр нь түүнийг үүрч дүүрсээр орон дээр нь хэвтүүлсэн байна. Ухаан балартаад сэргэснийхээ дараа л креатин нь өссөнийг тэр мэджээ. “Одоо удахгүй байх аа. Үхэх нь гарцаагүй юм чинь үхлээ хүлээхээс өөр яах вэ.Ингэж бодохоор дотор шатах шиг болж байна” гэж тэр арай ядан дуугарлаа.

(Месоамерикийн бөөрний үрэвслийн талаарх хамгийн сүүлийн томоохон хурал чуулган 2015 оны арваннэгдүгээр сард Коста Рикагийн Сан Хосед болсон ч чуулганы дүн мэдээ, холбогдох судалгааны ажлуудынх нь хариу одоо хүртэл гараагүй байна).


9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
Хүн гэдэг амьтан яагаад ийм харгис байдаг юм бол?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start