Арав.мн

Хоёр туйлын 10 гол ялгаа

Хоёр туйлын 10 гол ялгаа

Дэлхийн хоёр туйл болох их мөсөн тив болон их мөсөн далай нь онцлог хэв шинжүүдээрээ ч өөр хоорондоо эсрэг тэсрэгийн туйл билээ. Хүн суурьших аргагүй хахир хүйтэн энэ хоёр газрын гол ялгаануудаас дор 10-ыг нь онцолж байна. 


10

Гол шинжүүд

Хойд мөсөн далай нь Хойд туйлд орших, байгалиасаа мөсөн бүрхэвчтэй, жилийн тэн хагаст түүнийх нь бараг дийлэнх хувь хайлмагтан гэсдэг, харин өвөл цагт эргэн хөлдөж буцаад эх хэлбэртээ ордог их усан ай билээ. Хойд туйлын мөсөн бүрхэвч өвлийн улиралд бараг АНУ-ын нутаг дэвсгэртэй тэнцэнэ. Гэвч сүүлийн жилүүдэд Гринланд орчмын мөс хурдтай хайлж, энэ зууны эцэс гэхэд ор мөргүй алга болно гэсэн тооцоо гарчээ.

Харин Антарктид тив буюу Өмнөд туйлд цас, мөсөн бүрхэвч хайлах нь Хойд туйлынхаас өөр бөгөөд ерөнхий хэмжээ нь жилийн турш бараг нэгэн янзаар байна. Сүүлийн үед Антарктидын мөсөн бүрхэвч ч мөн хайлах нь ажиглагдсан нь уур амьсгалын дулаарлын нөлөө юм. Хэрэв Өмнөд туйлын мөс бүхэлдээ хайлбал дэлхийн бүх далай, тэнгисийн хэмжээ дунджаар 60 метрээр өснө гэсэн судалгаа бий.

Хойд туйлын цас, мөс Өмнөд туйлынхаас илүү хурдаар хайлж буй нь Хойд мөсөн далайн өөрийнх нь эргэлт, урсгалтай холбоотой бол Антарктидын бүс нутаг хэдий цас, мөсний орон ч гүндээ чулуурхаг давхаргатай, бат бөх хөрс шороо бүхий хуурай газар тул мөсөн бүрхэвчийн хайлах нь харьцангуй удаан байдаг байна. 


09

Озоны давхаргын цоорхой

Антарктидын харалдаа дээрх озоны давхаргын цоорол өдгөө АНУ-ын эх газар дахь нутаг дэвсгэрээс даруй гурав дахин том болчихоод буй. Харин Хойд туйлын дээрх озоны давхарга хэдийгээр жилээс жилд нимгэрсээр байгаа авч хараахан цоорчихоогүй байна. Озоны давхаргын цоорхой гэдэг нь мэдээж хэрэг нүдэнд үзэгдэж, гарт баригдахаар бодит зай завсар биш билээ. Энэ нь гариг дэлхийг хүрээлсэн, биднийг нарны хорт туяанаас хамгаалдаг агаар мандал дахь химийн нэгэн элемент зохих хэмжээнээсээ алдагдсан, эсвээс бүр зарим хэсэгтээ ор мөргүй алга болох үзэгдлийг тодорхойлсон нэршил юм.

Хойд туйлын дээрх озоны алдагдал Өмнөд туйлынхаас бага байдаг нь Хойд мөсөн далайн агаарын температур харьцангуй өндөр тул озоны давхаргыг сүйтгэх стратосферийн үүлс хуримтлагдах орчныг бүрдүүлдэггүйд оршино. 


08

Хахир хүйтний ноёрхол

Өмнөд туйлын уур амьсгал Хойд туйлынхаас хавьгүй хүйтэн. Тиймээс Антарктидад цас, мөс нь огт хайлдаггүй бүс нутаг хүртэл бий. Их мөсөн тивийн жилийн дундаж температур цельсийн -49 градус агаад Антарктид үүгээрээ дэлхийн хамгийн хүйтэн газар болох юм.

Харин Хойд мөсөн далайн жилийн дундаж температур цельсийн -34 градус. Энэ нь зуны улиралд нэлээд хэдэн хэмээр дулаарна. Дан мөсөн бүрхэвчээс бүрэлдэх газар орон тул Хойд туйл уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралд илүү өртөмтгий, орчин нөхцөл нь илүү эмзэг дорой байна.

Түүхэн дэх хамгийн их хүйтэрсэн тохиолдол Өмнөд туйлын Восток нэрт баазын ойролцоо бүртгэгдсэн агаад цельсийн -89.6 градус хүртэл хүйтэрч байжээ. 


07

Цагаан баавгай ба оцон шувуу

Зарим хүн энэ хоёр амьтныг нэг дор амьдардаг хэмээн эндүүрдэг. Тэгвэл оцон шувуу бөмбөрцөгийн өмнөд хагаст, бүр тодруулбал байгалийн нэгээхэн ч ангууч, махчин араатан үгүй Антарктидад болон ойр орчимд нь, харин цагаан баавгай Хойд туйлд аж төрдөг билээ. Хэрэв цагаан баавгай оцон шувуутай хамт юм уу, ойр амьдардаг байсан бол идэш тэжээлийн хомсдолд өртөхгүй, одоогийнх шигээ устаж үгүй болохын ирмэгт тулахгүй байх байлаа.

Оцон шувуу нисдэггүй, амгалан тайван амьтан болсонд мөн энэхүү байгалийн зохицол голлох үүрэг гүйцэтгэжээ. Цагаан баавгай бүү хэл, төсөөтэй ямар нэгэн махчин амьтнаас айж эмээхээргүй орчинд тархан суусны тул оцон шувуу одоогийн дүр төрхөө олж жигүүрээ ашиглахаа больсон гэж судлаачид үздэг. Харин цагаан баавгай хуурай газрын хамгийн үлэмж биет махчин төдийгүй бөмбөрцгийн зөвхөн хойд хагаст, тэр дундаа Хойд мөсөн далай орчимд л тархсан онцлогтой. Цас, мөсөн дунд амьдрах цагаан баавгай далайн хав, далайн үхэр, заримдаа халимны сэг зэмээр хүртэл идэшлэнэ. 


06

Хар алтны нөөц

АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн тооцоогоор дэлхий дээрх бүх нефтийн нөөцийн тэн хагас нь Хойд мөсөн далайн умард хагасын цас, мөсөн дор байна. Чухам энэ шалтгаанаар ОХУ Хойд туйлын нэлээд хэсгийг дангаар эзэмшихийн төлөө улайрч буй бөгөөд ойролцоогоор 1800 км урт сунаж тогтсон мөнхүү бүсэд 10 тэрбум хүртэлх тонн хэмжээний түүхий нефть бий гэсэн судалгаа байдаг аж.

АНУ-ын албаныхан ч мөн нутаг дэвсгэртэйгээ ойр туйл орчмын бүсүүдийг харьяандаа авахыг санаархаж байгаа. Ялангуяа Аляск орчмын бүс нутгуудад америкчууд мөс цуулах, цооног, өрөмдлөг хийх машин техник илгээх нь нэмэгдсэн гэсэн мэдээ бий.

Антарктидын цас, мөсөн доорх хөрсний өнгөн хэсгийн доохно ч мөн түүхий нефтийн нөөц бий гэдэг. Гэвч олон улсын Антарктидын тунхагт тус бүс нутагт газрын тосны олборлолт хийхийг хатуу хориглодог билээ. 


05

Хэний ч нутаг биш

Аялагч, судлаачид Өмнөд туйлд хөл тавиад өөр өөрсдийн улс орны туг далбааг хатгадаг ч энэ нь ердөө бэлгэдэл төдий юм. Антарктид нь аль нэг орны эзэмшил биш дэлхий дээрх цорын ганц нутаг дэвсгэр бөгөөд нутгийн уугуул иргэд байсан гэх ямар нэгэн ул мөр одоогоор олдоогүй байна. Тус бүс нутгийг олон улс Антарктидын хэмээгдэх тунхагт заасны дагуу хянаж, зохицуулах ба аливаа баялгийг нь зөвхөн энхийн болон шинжлэх ухааны тусын тулд ашиглах үүрэгтэй.

Харин Хойд туйл орчимд ойролцоогоор дөрвөн сая хүн аж төрдөг. Аляскийн Бэрроу, Норвегийн Тромсо, Оросын Мурманск, Салехард зэрэг хот, тосгод энэ бүсэд багтана. 


04

Цас, мөсний орон

Дэлхий дээрх бүх мөсний 90 хувь нь Өмнөд туйлд бий. Өөрөөр бол манай гаригийн цэвэр усны нөөцийн дөрөвний гурав нь Антарктидад бий гэсэн үг. Энэ шалтгаанаар Антарктидын цас, мөсийг хайлуулж боловсруулан ган гачигтай, ундны усны гачигдалтай нутгуудад хүргэх ажлыг нэг бус орон санаачлаад байна. Тухайлбал, Саудын Арабын ханхүү Мухаммед аль-Файсаль Өмнөд туйлаас 100 сая тонн мөсөн уул авчирч хайлуулан, усыг нь Арабын хойгт түгээх төсөл боловсруулжээ.

Хойд туйлд харин цэвэр усны нөөц тун бага билээ. 


03

Тив ба далай

Хойд туйл бол үндсэндээ хөлдүү тэнгис бол Антарктид нь цас, мөсөөр хучигдсан, уул ус, тал хөндий, гол нуур бүхнийг хослуулсан, далайгаар хүрээлэгдсэн тив юм. Өмнөд туйлд Эребус нэрт идэвхтэй галт уул хүртэл бий. Гэхдээ дээр дурдсанаар Антарктид тив хэний ч эзэмшил биш бөгөөд эскимочуудын уугуул нутаг гэдэг нь ч худал юм.

Харин Хойд туйл бүхэлдээ мөснөөс бүтэх авч улс төр, нийгмийн хувьд хавьгүй чухагт тооцогдох ба Канад, Гринланд (Данийн эзэмшил), Исланд, Норвеги, Швед, Финлянд, АНУ, ОХУ зэрэг олон орны ашиг сонирхол чухам энд зөрчилддөг. 


02

Туйлын хуй

Хоёр туйлд хоёуланд нь нэгэн онцгой үзэгдэл болдог нь туйлын эргүүлэг хэмээх хуй салхи юм. Туйлын эргүүлэг нь тропосфер буюу шим мандал, стратосфер буюу давхраат мандлын дунд болон дээд хэсэгт болох ба Антарктидын хуй нь Хойд мөсөн далайнхаас илүү хүчтэй, илүү удаан үргэлжилнэ. Энэ нь бөмбөрцгийн хойд хагаст Россбийн долгион хэмээх агаар мандлын үзэгдэл болдогтой, тэр нь туйлын хуйн хүчийг сааруулдагтай холбоотой. 


01

Соронзон орон ба нөөц баялаг

Антарктид нь хуурай газар болохын хувьд хөрсөн дороо никель, алт, мөнгө, цагаан алт, төмөр тэргүүт ашигт малтмал ихтэй. Харин Хойд мөсөн далайн цас, мөсөн дор байгалийн баялаг үгүй нь тодорхой билээ.

Дэлхийн соронзон орны тухайд газар зүйн байршлын умард цэг нь соронзон орны хувьд өмнөд захад, өмнөд цэг нь соронзон орны умард захад оршдог тул луужингийн зүү чухам энэ шалтгаанаар соронзон орны хойд цэгийг бус, ертөнцийн зүгээрх хойд талыг заадаг болно. Гэхдээ соронзон орны зүг чиг бодит зүг чигтэй ойролцоо байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Дэлхийн соронзон туйл газар зүйн чиг зүгтэй яв цав таардаггүйн учир нь соронзон туйл үргэлжид өөрчлөгдөж байдагтай холбоотой юм. Соронзон орны умард туйл өдгөө Хойд мөсөн далайн орчимд оршилгүй, зүүнтээ жилд дунджаар 55-60 км “нүүж” байгаа гэсэн судалгаа бий. Харин соронзон өмнөд туйл хэдийгээр Антарктидыг бүрхэн байгаа авч мөн л жил бүр баруунтаа 10-15 км-ээр шилжиж буй аж. 


8.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Маш гоё
+3
Гоё
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start