Арав.мн

Нэгэн зургийн түүх: Биафрагийн эмгэнэлт түүх

Нэгэн зургийн түүх: Биафрагийн эмгэнэлт түүх

Нэгэн цагт баруун Африкийн хязгаар нутагт Бүгд найрамдах Биафра хэмээх улс байсныг өдгөө мэдэх хүн хуруу дарам цөөхөн биз ээ. Одоогийн Нигери улсын өмнөд хэсгийг 1967 онд “тасдан авч” өрх тусгаарласан боловч гуравхан жилийн дараа хүчгүйдэн мөхсөн энэ улсыг тухайн үед ч анзаарч дуулсан хүн төдий олон байсангүй. Эл жижигхэн орны хувь заяа, хүн ардынх нь эмгэнэлт түүхийг харин ганцхан зүйл дэлхий дахинд анхлан мэдүүлсэн нь таны одоо харж буй өр өвтгөж, сэтгэл сэртхийлгэм энэхүү гэрэл зураг юм. Хэдэн зуун мянга, магад хэдэн саяар тоологдох хүн дайн дажны хөлд үрэгдэн, өлсгөлөнд нэрвэгдсэн тухай мэдээ барууны орнуудад хүрч байсан ч тэр олон хүнд дорвитой туслах улс орон, тэр бүү хэл олон улсын байгууллагууд ч тодорсонгүй уджээ. Харин Британийн дайны гэрэл зурагчин Дон МакКаллиний энэ зураг энгийн ард төдийгүй нийгмийн идэвхтэн, улстөрчдийг сэрхийтэл босгож Биафрад хоол хүнс, эмнэлгийн тусламж, бүр зэр зэвсэг хүртэл аваачсан байна.

Тураалд орж, дөнгөж амьтай голтойгоо үлдсэн есхөн настай энэ хүү дайнд эцэг эхээ алдан өнчирсөн байлаа. Дээр нь төрөлхийн арьсны цайралттай буюу албино учир адилхан өлсөж зовсон хүмүүсийнхээ дунд хүртэл нүд үзүүрлэгдсэн хүүг анх хараад л МакКаллин олон сая хүний зовлон шаналлыг гэрэл зургаас өөр юу ч үнэн бодитоор мэдрүүлж чадахгүйг, Биафрад буулгасан зургуудаа аль болох олон хүнд хүргэж, тусламж дуудах хэрэгтэйг ухаарсан байна. Хожим түүний ярьснаар хүү гэрэл зурагчинд хөлөө зөөж ядан арайхийн хүрээд гараас нь атгасан бөгөөд МакКаллин тэрхэн мөчид өөрийн эрхгүй нулимс унагасан ч олон хүүхдийн өмнө уйлж болохгүй хэмээн биеэ ихэд барин байж зургаа дарсан гэдэг.

Хөөрхий хүүгийн зураг зовж зүдэрсэн биафрачуудад зөвхөн хэрэгцээт зүйлсийг авчраад зогсохгүй сайн дурын хүмүүнлэгийн ажилтнуудыг, түүний дотор Биафраг дэмжиж асан өрнийн ганц улс болох Францын хэдэн мянган эмчийг дайны бүс рүү татжээ. Тэд өлсгөлөнд нэрвэгдсэн олон хүнийг аварсан хэдий ч дөнгөж байгуулагдсан орны тусгаар тогтнолыг хамгаалж чадсангүй, Биафра 1970 онд эргээд Нигери улсын нэг хэсэг болсон байна. Тэр үед Биафрагийн хоёр сая иргэн өлсгөлөнгөөр амиа алдсан байлаа. Түүхчид энэ явдлыг одоо ч тухайн цагийн Нигерийн эрх баригчдын зориуд өдөөсөн гэмт хэрэг, хорт явуулга гэж үздэг.

Харин Дон МакКаллиний тухайд тэрбээр Африкийн олон орноос гадна Вьетнам, Ливан, Кипр, Умард Ирланд зэрэг газар газрын дайн самуун, зэвсэгт зөрчлийн үеэр галын шугаманд ажилласан боловч биафра хүүтэй нүүр тулсан өдрөө карьерынхаа хамгийн хүнд хэцүү, мартагдашгүй мөч байсан хэмээдэг. Тэрбээр өөртэйгөө адил Биафрад байсан бусад гэрчүүд болон сэтгүүлч, эмч нарын хамт дайн дажин, халдварт өвчин, байгалийн гамшгийн үеэр энгийн хүмүүст тусламж үзүүлэх олон улсын сайн дурын байгууллагыг үндэслэсэн нь 1971 онд үйл ажиллагаагаа эхэлсэн “Хил хязгааргүй эмч нар” (Médecins Sans Frontières) юм. 


7.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


ертөнц дээр туйлын гэх зүйл нэгээхэн ч үгүй яахав өнөө үед гайгүй ухаантай харагдах гээд амьдрахын тулд иддэг л гэнэ яг үнэндээ хүн бас л нэг төрлийн амьтан яах аргагүй идэхийн тулд л амьдардаг яахав оюун санаатай болохоор арай л өөр харгдана
Medehgui ym yasan ih ve
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start