Арав.мн

Чих биш, чихний омог

Чих биш, чихний омог

Эх сурвалж: "Уран зурагт элдэв түүх"

Ван Гог яагаад заавал чихээ огтолсон юм бол  доо? Хуруугаа ч огтлочихож болно шүү дээ, яагаад чих гэж?

Улаан үстэй залуу маань бараг хориод жил сэтгэцийн өвчнүүд хийгээд төрөл бүрийн биеийн өвдөлтөөс шаналж байсан гэж болно. Түүний өвчний түүх уртаас урт. Нэг хүнд дэндүү ахадсан гэмээр. Тэр бол тарчилж зовсон уран бүтээлчийн идеал дүр юм. Аливаа агуу бүхэн төлөөстэй байдаг гэдгийн бас нэг жишээ. Анхны хайр нь бүтээгүйгээс эхлээд бүх л эмэгтэйчүүдтэй тогтоосон харилцаа бүтэмжтэй болоогүй нь түүний сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн юм. Южине Лойер түүнээс татгалзахад Ван Гог анхны удаа сэтгэцийн гүн хямралд өртөж хачин этгээд зан ааш гаргаж эхэлжээ. Тэр бүхий л бичсэн шүлэг найраг, номоо урж зөвхөн библиэ үлдээн, зураг зарахын оронд салонд ирсэн хүмүүсийг хөөж туух болсон зэргээс үзэхэд тэр энэ үеэс хойш хэзээ ч гарахааргүй гүн ангал руу орсон нь илт юм. Шашны итгэл үнэмшил нь түүний бодит туулж буй амьдралын хандлагатай зөрчилдөн тэр чухам юуг үнэт зүйл гэхээ мэдэхгүй эргэлзэж байв. Бурхан байдаг юм бол яагаад түүнд хайр дурлалыг зүгээр өгчихөж болоогүй юм бол оо. Тэгсэн ч тэр бурханд итгэсээр, бурхан нь түүнийг аварна гэж найдсан нь болоогүй юм.

Хожмын үеийн судлаачид түүний бичсэн асар их захидлууд болон, түүний тухай баримтуудыг цуглуулж Ван Гог чухам ямар ямар өвчний улмаас өвдөж байв гэж олонтаа судалсан юм. Түүний Гэгээн Реми сэтгэцийн эмнэлэгт эмчлүүлж байхдаа бичсэн захидлууд болон эмнэлгийн баримт бичгүүдэд Ван Гог хоёр туйлт эмгэг (Bordeline personality disorder), Менерейн өвчин (чихэнд хий юм, олон давтагдсан үгс сонсогдох), шизофрени, хоол боловсруулах системийн доголдол, магадгүй олон туйлт сэтгэцийн эмгэг (bipolar disorder), нойргүйдэл, депресс, мөн бэлгийн замын өвчин зэргээр шаналж байсан нь нотлогдсон юм. Тэр нэг л сэтгэлээр уначихвал удаан хугацаанд тэр байдлаасаа гарч чаддаггүй байсан нь гол асуудал байв. 

Хамгийн сүүлд 1888 оны зул сарын баярын өмнөхөн найз Пол Гогентой маргалдан чихээ огтолсон нь түүний сэтгэцийн эмгэг туйлдаа хүрсэн нэг шинж юм.  Уул нь Ван Гог Арль нутагт ирэхдээ мөрөөдөл дүүрэн тун ч өөдрөг иржээ. Тэр зураачдын нийгэмлэг байгуулах хүсэлтэй байв. Францын өмнөд нутгийн нарлаг газар орон ч түүнд маш их таалагдлаа. Тэр сарын 15 франкын жижигхэн шар байшин олж хөлсөлж суув. Дараа нь тэр хамтдаа зураг зурах зураач хайж эхлээд Пол Гогенийг санажээ. Тэд яг жилийн өмнө Ван Гогийн дүү Теогийн танилцуулснаар бие биеээ мэддэг байлаа. Ингээд Ван Гог Гогенийг гэртээ урьж Тео ч бас бага зэрэг ятгаснаар Пол Гоген 10-р сарын 23-нд Арльд ирэв. Эхний хоёр долоо хоног найзууд тун давгүй байж хамтдаа хооллож, хамтдаа зурж, хамтдаа ууж ер нь сайхан байв. Тэд хоёулаа имперсионизмд дуртай, ижилхэн эд зүйлс, ижилхэн сэдэв зурна. Ингэснээрээ нэг зүйлийг хоёр өөр хүн, хоёр өөр уран бүтээлчийн үүднээс хэрхэн харагдах нь тун сонирхолтой байв. Пол Гоген Ван Гогийг зурсан " The painter of sunflower" гэдэг зураг бий. Харин Ван Гог найздаа зориулж өөрийн хөргийг зурсан байна. 

Удалгүй Пол Гоген, Ван Гогтой байна гэдэг амаргүй даваа болохыг ойлгожээ. Уран бүтээлийн тал дээр тэд санал зөрөлдөх болж хоёр эрд хоёуланд нь нөхцөл байдал улам хэцүү санагдах болсон ч Ван Гог шинэ найзаа явуулахыг хүсэхгүй байв. Пол түүнд 12-р сарын 23-нд явахаар шийдсэнээ хэлж удалгүй тэд маргалдаж эхэллээ. Гоген байшингаас гарч явахдаа ард нь хөлийн чимээ гарахад эргэж хартал Ван Гог гартаа сахлын хутгатай зогсож байв. Ван Гог түүнийг эргэж хармагц эргээд цаашаа явжээ. Тэр өрөөндөө эргэж орсон даруйдаа чихнийхээ омгийг тэр чигт нь огтлон сонинд ороогоод гарч янхны газарт очин Рейчил гэх биеэ үнэлэгчид өгөөд "Үүнийг сайн хадгалаарай" гэж хэлсэн байна. Ингээд тэр өрөөндөө эргэж ирээд цус алдалтын улмаас ухаан алдав. Дараа өдрийнх нь орой Гоген шар байшинд ирэхэд эргэн тойрон шат хана цусаар будагдаж хүмүүс байшингийн гадаа цугларсан байжээ. Гоген цагдаа дагуулан ирэхэд Ван Гог цусаар будагдсан ор хөнжлийн даавуун дунд үхсэн мэт харагдав. Харин Гоген амьсгалж байгааг нь хараад хэсэг тайвширч цагдаад Ван Гог өөрийг нь асуувал явчихсан гэж хэлээрэй гээд дахин эргэж ирэхгүйгээр явжээ. Ван Гог эмнэлэгт хүргэгдэж ирээд дөнгөж эдгэрмэгцээ Гогентой холбоо барихаар маш их хичээсэн боловч бүтсэнгүй. Тэр нөхөрлөлөө нураасандаа өөрийгөө зэмлээд барахгүй байв. Энэ хүнд депресс нь жил хагасын турш түүнийг зовоосоор эцэст нь тэр амиа хорлосон билээ.

Одоо харин яагаад чих гэж? Гоген, Ван Гог хоёр Рейчил хэмээх биеэ үнэлэгч бүсгүйгээс болж муудалцсан гэх. Тэд маргааныхаа үеэр Гоген санамсаргүйгээр сахлын хутгаар чихийг нь гэмтээчихсэн гэж зарим судлаачид үздэг. Учир нь Ван Гог дүүдээ бичсэн захидалдаа чихээ огтолсон тухайгаа тодорхой бичилгүй харин "би нууцыг хадгалах болно" гэжээ. Найзыгаа хамгаалах гэсэн байж болно л доо. Бас чихээ Рейчил гэх бүсгүйд аваачиж өгдөг нь энэ хувилбар нь үнэн ч юм шиг.

Ван Гог сэтгэцийн эмгэгээс болж өөрийгөө шийтгэсэн. Дээр дурдсанчлан Ван Гог хоёр туйлт сэтгэцийн эмгэгээр (Borderline personality disorder) шаналж байсан гэж үздэг. Хоёр туйлт сэтгэцийн эмгэгтэй хүн өөрийгөө сүйтгэх болон шийтгэх хандлагатай, өөрийгөө буруутгах мэдрэмж хүчтэй, огцом өөрчлөгддөг сэтгэл хөдлөл зэрэг шинж тэмдэг илэрнэ. Ван Гог Абсинте гэх өндөр градустай архи хэрэглэж, ихэнхдээ кофе тамхиар өл даран заримдаа будагнаасаа идчихдэг байсан нь түүний өөрийгөө шийтгэх хандлагатайг батлаад байх шиг. Тиймдээ ч тэр нөхөрлөлөө нураасандаа гэмшин чихээ зэрэмдэглэсэн байж болох. Мөн багаас шашны гүн итгэл үнэмшилтэй гэр бүлд өссөний хувьд тэр ч бас маш шүтлэгтэй, бурханд хайртай нэгэн байсан юм. Библид Есүсийг баривчлахаар ирсэн дөрвөн цэргийн нэг болох Малкесийн чихийг Есүсийн дагалдагч шавь Симон Петр сэлмээр цавчсан тухай гардаг. Тэр энэ тухай эргэцүүлээд өөрийгөө шийтгэсэн нь ч тэр байж мэдэх юм. Хэн мэдлээ, тэр үнэхээр сэтгэцийн эмгэгийн хувьд авралгүй болсон байгаад тэр нь туйлдаа хүрсэн мөчдөө өөрийгөө гэмтээсэн биз. Хэрвээ тухайн үедээ эмчлэгдсэн бол тэр улам чадвартай уран бүтээлч болж сайхан амьдралын үзүүрээс атгах байсан байх.

Чихээ эдгээгүй боолттой байхад өөрийнхөө хөргийг хоёр удаа зурсан байдаг. Толинд харж зурсан учраас баруун чих нь гэмтсэн мэт харагддаг. Нэгэн үе гаансгүй хөргийг түүний бүтээл биш гэж үзэж байж. Гэтэл тэр 1889 оны нэгдүгээр сард дүүдээ "дахин нэг өөрийн хөрөг зурж дуусгасан" тухайгаа бичсэн захидал зураг түүнийх гэдгийг баталсан юм.  Хоёр зураг арын фон хэсэг, гаанс зууснаараа ялгаатай. "Self portrait with bandaged ear" зурагт түүний ард зургийн модон тавиур, гейша нарыг дүрсэлсэн зураг, онгорхой цонх харагдана. Өөрийнх нь арьсны өнгө шаргал ногоон туяатай, нөгөөх л түүний дуртай ногоон шаргал өнгө зонхилсон байх нь. Ван Гог абсинте их ууснаас болж юмсыг шараар харж эхэлсэн гэдэг ч тиймээр хардаг болоход тэр архинаас бараг 190 литр уух шаардлагатай юм гэнэ. Тэгэхээр тэр магадгүй эмчилгээнд ууж байсан эмнээсээ болж шараар хардаг болсон ч байж мэднэ. "Starry night" зургийн одны шаргал цацарсан тусгалууд, мушгирсан эрчлээс бүхий долгионтой бийрийн таталтууд, тэр чигтээ мансууралд байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. 

Дижиталис (foxglove) хэмээх зүрхний хэм жигдрүүлэх, тайвшруулах үйлчилгээтэй ургамлын тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд юмсыг шар ногоон туяатай, эргэн тойронд нь хурц шар долгионтойгоор хардаг юм байна. Ван Гог Гачет эмчийн гурван хөрөг зурсан байдаг. Дижиталис гэдэг ямар ургамал юм бол гээд харсан чинь бээлий шиг, эсвэл хонхон цэцэг шиг тод ягаан цэцэг байдаг юм билээ. Харин Гачет эмчийн хөрөгт энэ цэцгийн хатаасан иш харагдсан. Тэгэхээр Гачет эмч түүний сэтгэл санааны хэт тогтворгүй байдлыг эмчлэхээр энэ цэцгийг хэрэглэж байсан байх нь. Магадгүй тэр өөрөө ч энэ ургамлыг эмчтэй уулзахаас өмнө хэрэглэж байсан байж. Ямартай ч тэр сэтгэцийн хувьд эрүүл нэгэн байгаагүй. Сэтгэцийн хувьд хэвийн бус байх нь олон уран бүтээлчдэд тохиолддог асуудал. Ван Гог ч тэр, тэр хэрвээ энгийн нэгэн байсан бол тэр гайхамшигтай уран зургуудыг зурах ч байсан юм уу. Тэр төрөхөөсөө л ийм хэцүү тавиланг туулах учиртай байжээ.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start