Арав.мн

Анхны коронавирусийг нээсэн эмэгтэй

Анхны коронавирусийг нээсэн эмэгтэй

Хүнд халдварласан анхны коронавирусийг илрүүлсэн эрдэмтэн 16-хан насандаа сургуулиа орхисон, Шотландын ердийн жолоочийн охин Жюнь Алмейда хэмээх эмэгтэй байлаа. Тэрээр вирусийн зурагчлалыг мөн анхлан гаргасан судлаач юм. Өдгөө дэлхий даяар дэгдэж, цар тахлын хэмжээнд хүрээд байгаа Ковид-19 халдварт өвчний нян хэдийгээр хүний биед өмнө нь илэрч байгаагүй шинэ төрлийн вирус боловч уг вирусийн багтах коронавирусийн бүлэг, зүйл нь шинжлэх ухаанд цоо шинэ үзэгдэл биш билээ. Доктор Алмейда энэ төрлийн вирусийг анх 1964 онд Лондон хотын Гэгээн Томасын эмнэлгийн байран дахь лабораторидоо олж илрүүлжээ.

Нян судлаач Жюнь Алмейдагийн жинхэнэ нэр нь Жюнь Харт юм. Шотландын Глазго хотод 1930 онд мэндэлсэн тэрээр ар гэрийн гачигдлаас болж сургуулиа эрт орхисон ч Глазго хотын эзэн хааны нэрэмжит цэргийн эмнэлэгт эмгэг эд эс судлалын тасгийнх нь лабораторийн техникчээр ажилд оржээ. Хожим Лондон руу нүүсэн Харт бүсгүй 1954 онд буюу 24 насандаа Энриквес Алмейда хэмээх венесуэл зураачтай гэр бүл болсноор овгийн нэр нь өөрчлөгдсөн аж. Залуу хос удалгүй Канадын Торонто хот руу нүүж, охинтой болсон бол залуу мэргэжилтэн Жюнь Онтарио мужийн Хорт хавдар судлалын хүрээлэнгээс судлаач болох гараагаа эхлэн чухам тэнд байхдаа цахилгаан микроскоп дээр ажиллаж сурчээ. Тэрээр элдэв төрлийн нянг гаднын биетээр идэвхжүүлэн хэлбэр хэмжээ, дүр байдлыг нь тодруулах, зурагжуулах аргыг сэдсэн бөгөөд энэхүү шинэлэг ажил нь төд удалгүй Британид танигдан эх нутгаас нь 1964 онд түүнийг эргүүлэн татах, тусгай судалгаа шинжилгээний төсөлд томилох ажлыг зохион байгуулсан байна. Эх орондоо эргэн ирсэн Жюнь Алмейда саяхан Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны хэвтэн эмчлүүлж байсан Лондоны Гэгээн Томасын эмнэлэгт ажилд ормогцоо ердийн томуу, томуу төст өвчин судалж байсан доктор Дэвид Тайрреллтай нэг баг болсон нь хожмын судалгааны ажлыг нь өөр чигт хөтөлжээ. 

Тухайн үед доктор Тайррелл сайн дураараа судалгаанд хамрагдсан өвчтөнүүдээс хамар, залгиурын сорьцын шинжилгээ авч, хүний биед илэрч болох томуугийн вирусүүдийг судлах зорилготой байж. Харин тэдний дунд 1960 онд анхны дээжийг нь авсан Суррей хотын дунд сургуулийн дотуур байрны нэг сурагчийн хамрын шингэний сорьц байжээ. Тэрхүү дээжийг судлах үүргийг хатагтай Алмейда хүлээсэн агаад залуу судлаач бүсгүй томуугийн гэгдэх мөнөөхөн вирусийн ерөнхий зураг нь яг ч томуугийнх шиг харагдахгүй байгааг анхлан анзаарсан байна. Түүний ажил, мэргэжилдээ сэтгэлээсээ ханддаг, ажигч гярхай зангийн ачаар хүний биед илэрч болох анхны коронавирус ийнхүү шинжлэх ухаанд бүртгэгдсэн түүхтэй. Жюнь Алмейдагийн олж тогтоосон коронавирус нь өдгөө SARS-CoV-2 гэгдэх бүлэгт хамаарах, 1964 оны томуугийн дэгдэлтээр бараг хоёр сая хүний аминд хүрсэн B814 нэрт вирус байлаа.

Коронавирус нь нарийвчлал сайтай электрон микроскопоор харахад нэгэн төрлийн хүрээ буюу титэм адил “эвэр”-тэй бөгөөд хатагтай Алмейда өмнө нь хулганаас илэрч болох гепатит, тахианд тусдаг халдварт бронхит зэргийн вирусийг судалж байсны дээр өөрөө вирусийн зурагчлалыг анхлан гаргаж, таньж тогтоох ажлыг хариуцаж байсан болохоор титэмт вирусийг нээн илрүүлсэн хэрэг. Коронавирус гэх нэршлийг чухамдаа хатагтай Алмейда, доктор Тайррелл, тухайн цагт Гэгээн Томасын эмнэлгийн ерөнхий эрхлэгч байсан профессор Тони Уотерсон нар хамтран гаргасан гэдэг.

Жюнь Алмейда хожим Лондоны Анагаахын их сургуульд багшилж, нарийн мэргэжил эзэмшээгүй, тусгай  сургуульд сураагүй атлаа мөнхүү сургуулиас хүндэт докторын зэрэг хүртжээ. Тэрээр ажил хөдөлмөр эрхэлсэн сүүлийн жилүүдээ Уэллкамын хүрээлэнд өнгөрөөж, вирусийн зурагчлалыг гаргах ажлаараа сая нэг хэд хэдэн зохиогчийн эрхтэй болсон байна. Харин чөлөөний амралтандаа гараад хэсэг зуур йогын багш хийж байсан ч 1980-аад оны сүүлчээр ахин вирусийн зурагчлал гаргах, вирусийг таньж тогтоох ажилд зөвлөхөөр оролцон ХДХВ-ийн зургийг гаргаж авахад гар бие оролцжээ.

Вирус судлалын салбар дахь “мартагдсан баатар” доктор Жюнь Алмейда 2007 онд 77 насандаа өөд болсон авч таалал төгссөнөөс нь бүтэн 13 жилийн дараа ч вирус зурагчлалын аргууд нь хүн төрөлхтөнд үр өгөөжөө өгсөөр байна. Бактерилогийн ухааны профессор Хью Пеннингтоны хэлснээр одоо дэгдээд байгаа Ковид-19-ийн вирусийн зургийг Хятадын эрдэмтэд анх доктор Алмейдагийн аргаар гаргаж авчээ.


9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start