Арав.мн

Телевизийн шилдэг 10 шоу нэвтрүүлэг

Телевизийн шилдэг 10 шоу нэвтрүүлэг

Уншигч, үзэгч та бид нийгмийн сүлжээ өргөжин хөгжих тусам телевизийн урлагаас илүү их зүйл хүлээдэг болсон. Сонирхолтой, өрсөлдөөнтэй, үр дүнтэй, чанар, чансаатай гээд тавигдах шаардлага нэмэгдэх тусам контент нийлүүлж буй телевизийн салбар ч хором бүрт шинэчлэгдэж байгааг анзаарч болно. Үүний нотолгоо нь та биднийг цэнхэр дэлгэцийн урд “уяж” олон улсад ам дамжин яригддаг шилдэг шоу нэвтрүүлгүүд юм. Телевизийн нэвтрүүлэг гэдэг тодорхой хугацаанд инээд бэлэглэж сэтгэл ханамж өгөөд дуусахаасаа илүү нийгмийн сэтгэл зүй, тухайн цаг үедээ ямар нэгэн шинэ мэдрэмж, өөрчлөлт, үр өгөөжийг авч ирэх бас нэгэн зорилгыг агуулдаг болов уу. Тийм ч учраас тус салбар нь урлаг басхүү соёл юм. Энэ соёлын том хэмжүүр дунд дэлхий нийтээр ямар шоу нэвтрүүлгийг шимтэн үзэж, анхаарлаа хандуулж байгааг судалж үзээд олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн шилдгийн шилдэг 10 нэвтрүүлгийг та бүхэнд танилцуулж байна. 


10

Survivor

АНУ-ын CBS телевизийн бүтээл “Survivor” нэвтрүүлгийн гол онцлог нь бие биенээ үл таних 16-20 орчим хүмүүсийг ширэнгэн ой гэх мэт алслагдсан газарт хүргэж хамтад нь амьдруулдаг. Тэд уух ус, идэх хоолоо өөрсдөө олох шаардлагатай бөгөөд амьдрах орон байраа босгох болно. Оролцогчид байгалийн хүчин зүйлүүдийг даван туулж амьдрах боловч өөр хоорондоо өрсөлддөг дүрэмтэй. Тэд омгийн зохион байгуулалтаар амьдрах бөгөөд санал хураалтын зарчмаар нэг нэгээрээ хасагдах болно. Харин хамгийн сүүлд шалгарсан нэг оролцогч ялагч болох бөгөөд 1 сая долларын шагналын эзэн болдог. 

“Survivor” шоу нэвтрүүлэг нь дэлхийн олон улсад хийгдэж байсан бөгөөд 2000-2017 оны хооронд нийтдээ 35 улирал хүргэсэн үзүүлэлтээр АНУ-д хамгийн их амжилтыг үзүүлсэн байна. Мөн “TIME” сэтгүүлээс гаргасан бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 шоу нэвтрүүлэгт багтсанаас гадна телевизийн шилдгүүдийг тодруулдаг “Emmy Awards”-аас шилдэг шагналууд хүртэж байжээ. 

Харин манай улсад 2006 онд МҮОНТ-ээр “Амьдрал өөрөө саак” нэртэйгээр хийгдэж байсан юм.


09

The Bachelor

Энгийн нэгэн бүсгүй саятан залуутай гэрлэхийн төлөө өрсөлддөг шоу нэвтрүүлэг. Одоогийн байдлаар 15 улирал амжилттай цацагдсан бөгөөд дэлхийн телевизийн түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй телевизийн шоу нэвтрүүлгээр тодорсон юм. “The Bachelor” шоу нь АНУ-ын АBC телевизээр цацагддаг бөгөөд дэлхийн 21 оронд зохион байгуулагдаж байжээ.


08

Next top model

Америкийн “CBS international” компанийн бүтээл “Next top model” реалити шоу нэвтрүүлэг нь дэлхийн 40 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр хийгдсэн бөгөөд анхны дугаараа цацсанаас хойш 14 жил өнгөрч байна. Мянга мянган охид залуусын загварын ертөнцөд хөл тавих үүд хаалгыг нээдэг тус нэвтрүүлэг нь АНУ-д хамгийн их үзэгчтэй бөгөөд нийтдээ 23 улирал амжилттай хийгджээ. Харин Монгол улсад “Боловсрол суваг” телевиз албан ёсны эрхтэйгээр “Mongolia’s next top model” нэртэйгээр 2017 оны 1-р улиралд амжилттай хүргэж ялагчаар нь загвар өмсөгч Б.Цэрэндолгор тодорсон юм. Дашрамд дурдахад “Боловсрол суваг” телевиз 2-р улирлын дугаараа 2018 онд цацна гэдгээ саяхан зарлаад байна.


07

The Oprah Winfrey Show

1986 онд анхны дугаараа цацсан даруйдаа үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж АНУ-ын телевизийн бүх цаг үеийн шилдэг 50 шоуны нэгээр нэрлэгдэж байсан түүхтэй. 2011 онд сүүлчийн дугаараа хүргэсэн тус шоу нэвтрүүлэгт АНУ-ын шоу бизнес болон улс төрийн алдартнууд оролцдог байна. Мэргэжилтнүүд “Опрагийн шоу” нэвтрүүлгийг Америкчуудын ертөнцийг үзэх үзэл, соёлд томоохон өөрчлөлт оруулсан гэж үздэг байна. 1986-2011 оны хооронд нийт 4561 дугаарыг үзэгчдэдээ хүргэжээ.


06

Star academy

“Star academy” буюу “Оддын академи” нэртэй шоу нэвтрүүлэг нь тухайн улсдаа нэр хүндтэй хамтлаг болон дуучинг төрүүлэн гаргадгаараа онцлогтой. Одоогийн байдлаар дэлхийн 50 орчим улсад амжилттай зохион байгуулагдаад байгаа реалити шоу нэвтрүүлэг юм. Энэхүү нэвтрүүлэгт дуулах авьяастай, өөртөө итгэлтэй залуус оролцох бөгөөд оролцогчид дуулах ур чадвараас гадна олон талын авьяасаа хөгжүүлэн нэвтрүүлгийн турш үзэгчдийн нүдэн дээр өсөн дэвжиж тухайн улсынхаа шоу бизнесд хөл тавих болно. 

Арабын орнууд болон Франц, ОХУ-д хамгийн олон буюу тус бүр 10 улирал хийгдэж байжээ. Хамгийн ойрын жишээ гэвэл, ОХУ-д “Фабрика звёзд” нэрээр гарч олон одыг төрүүлж байсан. Дашрамд дурдахад “Star academy” нэвтрүүлэг “Оддын академи” нэрийн дор манай улсад анх удаа хийгдэхээр болсон байна. Тус нэвтрүүлгийн албан ёсны эрхийг “Боловсрол суваг” телевиз худалдан авсан бөгөөд энэ намар цацахаар бэлтгэл ажилдаа оржээ.


05

X-Factor

Авьяаслаг дуучныг тодруулах зорилготой шоу нэвтрүүлэг. Алдарт продюсер Саймон Кауэлийн санаачилсан тус нэвтрүүлэг нь дэлхийн 50 гаруй оронд албан ёсны эрхтэйгээр хийгдсэн бөгөөд анхны дугаараа Их Британид 2004 онд хийжээ. Тус нэвтрүүлэг нь ОХУ, БНХАУ-д хийгдэж байсан ч манай улсад одоогийн байдлаар зохион байгуулагдаагүй байна.


04

Your face sounds familiar

“Your face sounds familiar” гэдэг манай уншигчдад төдийлөн танил биш ч гэсэн “Яг түүн шиг” гэвэл андахгүй байх. Монгол улсын телевизийн түүхэн дэх хамгийн их хандалттай шоу нэвтрүүлгүүдийн нэг болоод амжсан тус контент нь дэлхийн 50 гаруй улсад албан ёсны эрхтэйгээр хийгдээд байна. Улс улсын олны танил эрхмүүд дэлхийн супер оддыг дуу хоолой, дүр төрхөөр нь дуурайж өрсөлддөг тус нэвтрүүлгийн эрхийг гадаад форматуудаас төдийлөн авдаггүй гэдгээрээ алдартай БНСУ хүртэл худалдан авсан нь нэг талын нотолгоо болох болов уу. 

Монгол улсад 2 улирал амжилттай хийгдсэн “Яг түүн шиг” шоу нэвтрүүлэг 2018 онд эргэн ирэх товтой байгаа хэмээн “Боловсрол суваг” телевиз мэдэгдээд байна.


03

The Voice

Дэлхийн алдартай франчайз болон хувирсан тус нэвтрүүлгийг анхлан 2010 онд Голландын продюсер Жон де Мол санаачилсан байна. Энэхүү алдартай шоу нэвтрүүлгийн эхлэл нь “The Voice of Holland” хэмээн хийгдэж байсан бол өдгөө дэлхийн 70 орчим улсад хийгдээд амжжээ. Мөн энэ тоон дунд мэдээж Монгол улс багтаж байгаа. Монголын телевизийн салбарын тэргүүлэгчдийн нэг “Монгол HD” телевиз тус нэвтрүүлгийн эрхийг худалдаж авсан бөгөөд  2018 онд цацах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.


02

Top Gear

BBC телевизийн бүтээл “Top Gear” нь анхлан 1977 онд автомашины тухай мэдээлэл хүргэдэг нэвтрүүлэг байсан бөгөөд 2002 онд форматаа өөрчилж олон тооны туршилт хийдэг цэнгээнт нэвтрүүлэг болж хувирсан байдаг. Энэ цагаас эхлэн тус нэвтрүүлгийн чансаа огцом нэмэгдэж байжээ. Нийт 24 улирлын 191 дугаарыг албан ёсны эрхтэйгээр хагас тэрбум хүнд хүргэсэн нь амжилтынх нь илрэл юм.


01

Got talent

Монголын телевиз үзэгчдэд дэлхийн хэмжээний шоу нэвтрүүлэг гэж чухам юу байдгийг танилцуулсан контент бол яах аргагүй “Авьяаслаг Монголчууд” билээ. Дэлхийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн продюсер Саймон Кауэл энэхүү нэвтрүүлгийг 2005 онд санаачилж анхны дугаараа 2006 онд “Авьяаслаг Америкчууд” хэмээн цацаж байжээ. 2014 онд тус шоу нэвтрүүлэг нь “Дэлхийн хамгийн амжилттай шоу нэвтрүүлэг” хэмээн Гиннесийн номонд бүртгэгдэж байсан бөгөөд тухайн үедээ дэлхийн 58 оронд хийгдээд байсан юм. Харин одоогийн байдлаар 70 гаруй улсад албан ёсны эрхтэйгээр бүтээгдээд байна.


8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
сайтын мэдээний агуулга бол супер. хуулбар нтрээс хол...
+1
зөөөз
-1
Монголд хийгдэж байгаа л шоунууд байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start