Арав.мн

Цаг тооллын тухай 10 баримт

Цаг тооллын тухай 10 баримт

Шууд яриандаа орцгооё.


10

December гэж хэддүгээр сар вэ?

"Наймаалжийг англиар Octopus гэдэг. Оctober-тэй үгийн үндэс нь ижил. 10 см-ийг дециметр гэх ба спортын 10 төрөлтийг декатлон гэдэг. Үгийн үндэс нь өнөөх л December-тэй ижил. Seven - Sept хоёрын дунд нэг их ялгаа алга. Яагаад 12-р сарын үгийн үндэс 10, 10-р сарынх 8, 9-р сарынх 7 гэх мэтээр бодит байдлаас 2-оор багасаад байгаа юм бол?" гэх мэтээр толгойгоо гашилгаж байгаад интернэтээс хайгаад үзтэл Латин хэлэнд "September" гэдэг нь 7-р сар, "October" 8-р сар, "November" 9-р сар, "December" 10-р сар гэж орчуулагддаг аж.  Тэгэхээр "ber" гэдэг нь сар гэж байгаа юм байхдаа?



09

Хоёроор багасаад байсны учир нь

Эртний Ромчууд жилийг 304 өдөрт, түүнийгээ 10 сард хуваадаг байсан гэнэ. Хавар болохоор шинэ жил ирлээ хэмээн үзэх бөгөөд 1-р сар буюу March-аас эхлэн 10-р сар болох December хүртэл 1 жил үргэлжилдэг байж. Гэвч хүн төрөлхтөн аливаа зүйлийг улам төгс болгодог учир МЭӨ 700-аад оны үед January, February гэдэг 2 сар нэмээд 355 хоногтой болгожээ. Энэ нь явсаар Ромын эзэнт гүрний үед хүрэхэд мэдээжийн хэрэг замбараагаа алдсан бололтой. Учир нь жил бүр хоногийн алданги гараад байна шүү дээ. Үүнийг нэгэн агуу хүн зассан бөгөөд түүний шинээр бий болгосон хаунлийг улс орнууд багаар бодоход 1600 жил (1582 он), зарим улс бүр 1918 он хүртэл хэрэглэсэн юм.

Тэр агуу хүн хэн бэ?



08

Юлий Цезарь (МЭӨ 100 - МЭӨ 44 он)

Ромын эзэнт гүрний агуу жанжин Гай Юлий Цезарь улс гүрнээ эмхэлж байхдаа цаг тоололд ихээхэн санаа зовдог байж. Тэгээд жилийг 365 хоногтой болгож, 4 жил тутамд 1 удаа буюу өндөр жилд 1 өдөр нэмж 366 хоногтой байхаар өөрчлөв. МЭӨ 46 онд болсон энэ гайхалтай өөрчлөлтийг Юлийн тоолол хэмээдэг.

44 онд Сенатын хурал дээр Брут тэргүүтэй нөхөддөө алуулсан Юлий Цезарь 7-р сарын 13-нд төрсөн бөгөөд түүний дурсгалд зориулж 7-р сарыг July хэмээн нэрлэсэн билээ. Түүнд нэгэн өргөмөл хүү байсан нь 31 онд Ромын анхны эзэн хаан болсон юм. Ааваасаа дутахгүй агуу удирдагч байсан түүний нэрээр 8-р сарыг нэрлэжээ. Түүний нэрийг Цезарь Октавиан Август гэдэг.


07

Гэвч...

Юлийн хуанли ёсоор жилд 365.25 өдөр байдаг. Гэтэл дэлхий маань нарыг 1 удаа тойроход 365.2422 өдөр болно. Үүний үр дүн буюу зөрүү нь 1000 жилд 8 хоногийн алдагдалтайгаар гарч ирсэн юм. 3-р сарын 21-нд өдөр шөнө тэнцэх ёстой байтал тэс өөр өдөр таарах нь байна шүү дээ. Үүнийг засахад их амархан. 400 жилд гуравхан удаа өндөр жилийг байхгүй болгосноор 1 жилийн өдрийн тоог 365.2425 болгочихож байгаа юм. Жишээ нь 1700, 1800, 1900 онууд хэдийгээр өндөр жил боловч 365 хоногтойгоор харин 2000 оныг 366 хоногтойгоор тооцоход л болоод явчихна.



06

Алдаагаа зассан нь

1582 оны 10-р сарын 4-ний өдрийн маргаашийг шууд 1582 оны 10-сарын 15-ны өдөр болгон үсэргэснээр бүх зүйл буцаад хэвэндээ орсон билээ. Энэ шийдвэрийг гаргасан пап ламын нэрийг Григорий гэдэг.

Өнөөдөр бидний хэрэглэж буй Григорийн тоолол 3300 жилд ердөө 1 өдрийн л зөрүү гарна.

Пап лам Григорийн шийдвэрийг олон улс орнууд хүлээн аваагүй юм. Католик шашинтай Итали, Испани, Португаль, Польш зэрэг улсууд тэр даруй авч хэрэглэсэн боловч протестант, үнэн алдартны шашинтай улсууд Юлийн тооллоо хэрэглэсээр байжээ.


05

Тэгвэл яагаад Октябрийн баяр 11-р сард болдог юм бэ?

Зарим улс орнуудын Григорийн тоолол ашиглаж эхэлсэн цаг хугацааг харуулбал:

1582 оны 10 сарын 15 – Итали, Испани, Португал, Польш
1582 оны 12 сарын 20 – Франц
1583 оны 1 сарын 1 – Бельги, Нидерланд
1583-1587 он – Герман, Швейцари, Унгарын католик шашинтай хотууд
1700 оны 3 сарын 1 - Германы протестант шашинтай хотууд, Дани
1752 оны 9 сарын 14 – Их британи, АНУ
1918 оны 2 сарын 14 – Оросын холбоот улс 

Большевик, Аврора хөлөг онгоц, Ленин, Петрбург..... 11-р сарын 7-ны өдөр Октябрийн баярыг бид олон ч жил тэмдэглэсэн дээ. Гэтэл Ноябрийн баяр гэж нэрлэмээр юм? Шалтгаан нь 1917 онд болсон энэ хувьсгал өнөөх олон хоногийн алдагдалтай хуанлийгаа хэрэглэж байсан сүүлчийн жил буюу Юлийн тооллоор 10-р сарын 25-нд болсон юм. 



04

12 жил

Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг
Эрүү цагаан хулгана нэгэн жилээ

Энэ дууг хэн анх зохиосон юм болдоо? Тэмээ 12 жилд багтаж чадалгүй хасагдаж, хулгана нэмэгдсэн тухай гайхалтай сайхан домогтой тул хулганыг шууд 1-р жил болгосон юм болов уу? 1987 онд XVII жаран эхэлсэн бөгөөд энэ нь туулай жил юмдаг. Тэгэхээр шинэ жаран болгон туулайгаар эхэлдэг гэсэн үг. Түвд, Монголын жаран 1027 оны гал туулай жилээс эхлэн 17 дахь жарандаа явж байна.  Мөн өглөөний 05:40-07:40 бол туулай цаг. Энэ цагт нар мандаж, хүн орноосоо босон шинэ өдрийг эхлүүлдэг. Энэ шалтгаануудаас болж надад "туулай нэгэн жил" баймаар санагддаг юм. 

Харин 23:40-01:40 бол хулгана цаг. "Хулгана нэгэн жилээ" хэмээн дуулахад "00:00 цагт шинэ өдөр эхэлдэг" гээч зүйл нөлөөлөөгүй биз? Энэ тухай мэддэг хүн байвал мэдээний доор байгаа сэтгэгдэл гэдэг дээр бичиж үлдээн бусаддаа мэдлэгээ түгээгээрэй.

Ямартай ч Золушка хулгана цагт болор шаахайгаа гээжээ.


03

Хумх гэж юу вэ?

"Хумхын ордны хумх гэж юуг хэлдэг вэ?" гэдэг асуултанд зарим найзууд маань "хумхын тоос" гэж хариулж билээ. Хумх гэж бумбыг хэлдэг бөгөөд тиймээс ч мөн "Бумбын орд" гэж нэрлэдэг. Тэгвэл бумба гэж юу вэ? 

Монгол хэлний тайлбар толинд "ХУМХ - Алт, мөнгө, зэс гууль тэргүүтнээр хийсэн их төлөв амсар нь цухал, ёроол нь уужим хэлбэртэй рашаан агуулах, цорго бүхий сав, бумбатай ойролцоо, найман тахилын нэг" гэсэн бол "БУМБА - Найман тахилын гуравдугаарт ордог алт, мөнгө, зэс, гууль тэргүүтнээр хийсэн рашаан агуулах өндөр хүзүүтэй, бариулгүй сав" гэжээ.

1-р сарын 20-оос 2-р сарын 18 хүртэлх хугацааг Хумхын орд гэнэ. Энэ үед хүйтний эрч суларч хумханд хөлдсөн байсан ус гэсч эхлэх үе тул хумхын орд хэмээн нэрлэжээ. Нэгэнт дулаараад эхэлсэн тул гол мөрөн цөн түрж загас хүртэл чөлөөтэй сэлдэг болж байгаа тул 2-р сарын 19-өөс 3-р сарын 20-ыг загасны орд, хавар болж тариа ногоогоо тарихад үхрээр анжис чирдэг тул үхрийн орд, намар нь өнөө тариа буудайгаа хурааж аваад ид худалдаа наймааны үе тул жинлүүрийн орд хэмээн нэрлэсэн тухай нэрт зурхайч Л.Тэрбишийн номон дээр дэлгэрэнгүй бичсэн байгааг та олж уншаарай.


02

7 хоног

"Хуучин гэрээ"-нд Бурхан орчлон ертөнцийг бүтээхдээ 6 хоног ажиллаж 7 дахь өдөр нь амарсан тухай гардаг. Үүнээс улбаалан 7 хоног гэдэг зүйл Библээс үүдэлтэй бөгөөд бусад улс орнууд еврейчүүдээс үүнийг "зээлсэн" гэх таамаг бий. Гэвч 7 хоног нь Сар Дэлхийг тойрохдоо үүсгэж буй фазтай (үе) холбоотой үүссэн байх магадлалтай. Учир нь шинэ сар гараад 7 хоноод тал харагдан, хоёр 7 хоноод бүтэн, дахиад 7 хоноод тал, мөн дахин 7 хоноод үзэгдэхгүй болдог. 

Гаригуудын англи нэршил юунаас гаралтай вэ?

"Monday" (moon - сар)
"Tuesday" (Tîwaz - дайны бурхан)
"Wednesday" (Wōden буюу Odin - үхэл, амьдрал, мэдлэг, дайн тулаан, ид шид, яруу найраг... гээд олон зүйлийн бурхан бөгөөд маш нэр хүндтэй)
"Thursday" (Thor's Day буюу Аянгын бурхан Thor)
"Friday" (Frige - Англо-Саксоны эртний бурхны нэр, дарь эх)
Saturday (saturn-санчир)
"Sunday" (sun-нар)


01

Дурсамж

Эцэст нь цаг тоололтой холбоотойгоор үүссэн саяхны нэгэн түүхийг хамтдаа эргээд дурсацгаая. 

2012 оны 12-р сарын 21-ний өдрөөр Маяачуудын цаг тооллын бичиг дуусдаг тухай шуугисан. Мөн "Эдгээр өдрүүдэд 3 хоног нар гарахгүй" хэмээн гоо сайхны бараа зардаг нэг алдартан, түрийвчээрээ далладаг бас нэг алдартан нар зэрэг айлдсанаас болж тэр өдөр 22-ын товчоо болон Баянзүрхийн товчоогоор хотоос гарсан машины тоо бүх цаг үеийн дээд амжилтыг тогтоосон байдаг. Мөн лааны үйлдвэр маань урьд өмнө үзэгдээгүй борлуулалтыг хийсэн мэдээ ч бий. Түүгээр ч үл барам шинжлэх ухааны доктор цолтой, их сургуулийн багш, өнөөгийн УИХ-ын гишүүн хүртэл "юмыг яаж мэдэхэв" гээд зуслан руу явсан тухайгаа өөрөө бичсэн байдаг шүү дээ....


9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (10)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-2
Boovoo saa
+1
Шимтэн байж уншлаа.баярлалаа
Сайхан мэдээлэл байна. Ха ха төгсгөл бол бүр 89...
+3
Хүүе яаж дуусчваа хаха
+3
Сонирхолтой.
+5
:)
+12
ххэ лааны үйлдвэр тэр гоо сайхны бүтээгдэхүүний эгч эдр хоорондоо тохиролцсон байсан байхаа гэж боддог шд
+9
Хахаха энийг яг Зандаа бичсэн нь илт шүү. Золушка бас хамгийн сүүлийнх нь бүр янзтай. Уншаад мэдээлэл ч авна, татаж унатлаа ч инээнэ. Сайхан бна, бичээд бгаарай. Амжилт арав.мн
+7
Гоё
+8
төгсгөл нь юу вэ хахаха
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start