Арав.мн

Амьдралыг тэтгэх уламжлалт анагаах ухааны 10 дадал

Амьдралыг тэтгэх уламжлалт анагаах ухааны 10 дадал

Эрүүл аж төрөх нь зохистой хоол, амралт, хөдөлгөөн, сэтгэл зүй, амьдралын зөв хэв маяг зэргээс хамааралтай ч бие эрхтний мэдрэлийн эсийг гаднаас нь цочроон сэргээх иллэг, дасгалууд нь эдгээрээс дутуугүй үр дүнтэй шалгарсан уламжлалт арга ухаан юм. Доорх дасгалуудыг хэзээ ч, хаана ч, хэдэн ч удаа хийж болох бөгөөд элдэв тоног хэрэгсэл, илүү зардал, тусгайлан цаг хугацаа шаардахгүйгээрээ давуу талтай.


10

Нуруугаа илэх

Нуруунаасаа дулаан байж, гараа үрж бүлээцүүлэн ууц бүсэлхийгээ байнга илэх нь нуруугаар хөшиж өвдөх, хуян хөөрөх зэрэг зовуурийг эдгээдэг. Энэ дасгалыг өглөө орноосоо босохын өмнө хийж хэвшээрэй. Орноосоо гэнэт ухасхийн босох нь бөөр давсаг, хэвлийн хөндийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэйг сана.


09

Үе мөчөө хөдөлгөх, хөлийн улаа илэх

Хөдөлгөөнгүй удаан сууж бие хөшин чилээрхсэн үед гар, хөлөө урагш, хойш савчин хөдөлгөж, булчин шөрмөсөө тэнийлгэх хэрэгтэй. Мөн бүсэлхий, ууц нуруугаараа нэг бөхийж, нэг гэдийн хуян шар усаа тараа. Хөлөө шагайны үеэр эргүүлэн хөдөлгөхөд хөлийн булчин чангарч, венийн судасны эргэлт сайжирч, үе мөчөөр шархирч өвдөхийг намдаадаг. Боломж байвал өдрийн цагаар хэсэг зуур ч болов гутлаа тайлаад хөлийн улаа илж байгаарай.


08

Гүн амьсгаа авах

Гүн амьсгаа авах нь уушгины бохир агаарыг гадагшлуулж, уушгины үйл ажиллагааг дэмжин, цусанд агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн цус багатай хүмүүсийн цус төлжилтийг дэмжинэ. Энэ дасгалыг эрүүл агаарт 15 минутаар 10 хүртэлх удаа хоёр сарын турш хийхэд л үр дүн нь аяндаа мэдрэгдэнэ.


07

Дагзаа товших

Хоёр гарынхаа алгаар чихээ таглан, долоовор хуруугаараа дунд хуруун дээрээ товшин чихний ар дагзанд 16-36 удаа зөөлөн товш. Энэ нь ой санамж, сонсгол сайжруулахад тустай бөгөөд толгой эргэх, өвдөх, чих шуугих, үрэвсэхээс сэргийлдэг.


06

Шүдээ товших, хавирах

Хооллохын өмнө уруулаа жимийн, шүдээ зуугаад зөөлөн хавирах буюу товшиход шүд бэхжин, шүдний өвчнөөс сэргийлдэг.


05

Хэлээ тагнайдаа хүргэх

Хэлний үзүүрийг тагнайдаа хүргэн эргэлдүүлэхэд амны хөндийд шүлс ялгаран хуримтлагдана. Энэ нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, шингэцэд эерэгээр нөлөөлөн ам цангах, залгиур хоолой, буйлны үрэвсэл зэргээс сэргийлдэг.


04

Шүлсээ залгих

Дээрхтэй төстэй. Гэхдээ хэлээ хөдөлгөлгүй амаа жимийн удаан байхад хуримтлагдах шүлсээ залгидгаараа тагнайдаа хэлээ хүргэх дасгалаас ондоо. Энэ дасгалыг хийхдээ нэг удаад шүлсээ 10 удаа залгих ба энэ нь хоолны шингэц, биеийн эсэргүүцэл сайжруулна.


03

Нүдээ эргэлдүүлэх

Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлж, мөн дээш, доош, баруун, зүүн тийш тус бүр нь 10-14 удаа хөдөлгөх нь нүдний чилээ, ядаргаа арилгадаг. Мөн нүд эрээлжлэх, хараа муудах, үүл буух эмгэгээс сэргийлнэ.


02

Суниах, эвшээлгэх

Суниахад биеийн ихэнх булчин чангарч, цусны эргэлт, зүрхний цусан хангамж сайжирдаг. Мөн булчингийн цусны эргэлт, бодисын солилцоо сайжирч, биеийн чилээ, ядаргаа арилан тайвширна. Харин эвшээлгэх нь уушгины үйл ажиллагааг дэмжиж цээж давчдах, багтрах, бүгшүүлэн ханиалгахаас сэргийлнэ.


01

Үсээ самнах, илэх

Үсээ самнах буюу гарын 10 хуруугаар хуйхаа урагш, хойш илэх нь толгойн хэсгийн мэдрэлийн судсыг өдөөж, мэдрэлийн чадавх, цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулдаг. Даралт унах, нойр хулжих, толгой эргэх, хуйх загатнах, үс унах, бууралтах, зүрх дэлсэх зэрэг олон эмгэг, зовууриас сэргийлье гэвэл өдөр бүр 3-5 минут үсээ самнаж, илж байгаарай.


8.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start