Арав.мн

Монгол орны ховор амьтад - БАДАНГА ХҮДЭР

Монгол орны ховор амьтад - БАДАНГА ХҮДЭР

Ногоон байгууламж, ландшафт, мод үржүүлэг, нөхөн сэргээлт зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компани Баданга хүдэр гэх амьтны тухай танилцуулж байна. Хулгайн анчид 25-хан грамм жинтэй заараас нь болж энэ гайхалтай амьтны амийг тасалдаг учир одоо нэн ховордоод байгаа билээ.

Эх сурвалж: Монгол Улсын Улаан ном, 2013



09

Биологийн ангилал

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Туруутан
Овог: Бугынхан
Төрөл: Хүдэр


08

Статус

Нэн ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн.


07

Таних шинж

Гирээ (эр хүдэр), гирэгчин эвэргүй. Гирээ дээд уруул дороосоо илүү гарч эрүүнээс доош сөрдийсэн, 7 см хүртэл урт сэлэм хэлбэртэй, хурц, тод цагаан соёотой. Гирэгчний соёо жижиг. Хажуу, зоо хондлойгоороо бүдэг шаравтар толбо бүхий хүрэн бор, бараан хүрэн зүстэй. Хэвэл, мөчдийн дотор тал цайвар. Хондлой сэрвээнээсээ өндөр, урьд хөл хойд хөлөөс богино харагдана. Биеийн урт 93 см, сэрвээний өндөр 69 см, жин 14 кг хүрнэ.


06

Тархац, байршил нутаг

Хэнтий, Хөвсгөл, Хангайн уулархаг нутаг, Монгол Алтайн умард хэсгийн зарим салбар уулсын ойгоор тархмал. Хөвсгөлийн уулс болон Хангайн нуруу баданга хүдэр тархан байршихад тохиромжтой нөхцөл ихтэй болохыг энэ бүс нутагт Монгол орны баданга хүдрийн нийт нөөцийн 83 хувь байгаа дүн нотолно. Уулсын ар хажууд 1700-2300 м өндөрт хуш, хуш-шинэс, шинэсэн ойд амьдарна. Сүүдэрлэг хэц хажуугийн хөвдөн дэвсгэртэй хөрс, модны хаг ихтэй, унанги модтой балар шигүү ойд байршина. Ой доторх хад цохио, асганд тааралддаг, задгай газар үзэгдэхгүй. Байршлаа улирлаар бага өөрчилдөг. Тодорхой хэcэгхэн газар байнга нутаглана.


05

Амьдралын онцлог

Ороо нийлэгт XII сарын дундаас орж, YI сарын эцэс, YII сарын эхээр голдуу ихэр шовшоорой төрүүлнэ. Сүрэглэдэггүй. YII-YIII сард гуужна. Зун голдуу ургамал, ихэвчлэн хаг хөвд иднэ. Шовшоорой 2 сар гаруй хөхүүл байна. Аюул тохиолдох, айж сандрахдаа исгэрэх, уйлах мэт дуугарна.
Хүдэр дээд тал нь 10-12 жил насалдаг.


04

Тоо толгой, хомсдох шалтгаан

Их агналтаас энэ зууны хорь гучаад онд тархацынхаа ихэнх хэсэгт нэлээд цөөрчээ. Далаад онд манай улсад 60-80 мянга байсны 44 мянга Хэнтий, Хангайд тохиолдов. Элбэг газраа 1000 га-д Хэнтийд 21-35, Хангайд 6-8 толгой бүртгэгдэж байв. Түүнээс хойш популяцийн хэмжээ багасч 1990-ээс 2000 оны байдлаар нягтшил 1км2-д 1.2-оос 0.2 болтлоо буурсан байна. БОАЖЯ, Дэлхийн Банк, Голландын засгийн газар “NEMO-II” төсөл зэрэг байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр ШУА-ийн Биологийн хүрээлэнгээс гүйцэтгэсэн “Монгол орны ойн туруутан амьтдын популяцийн үнэлгээ” 2010 судалгааны ажлын тайланд 34796 км2 нутагт 1000 га-д 1.9 бодгаль ноогдох нягтшилтайгаар 6525 толгой баданга хүдрийн нөөцтэй хэмээн тогтоосон. Сүүлийн жилүүдэд хүдрийн заарыг авах зорилгоор хулгайн агналт ихэссэнээс тоо толгой эрс цөөрөх болов. Байгальд чоно, шилүүс, нохой зээх, баавгайд бариулдаг. Дэлхийн хэмжээнд ховордсон, устах аюулд орсон зүйл.


03

Хамгаалсан байдал

1953 оноос агнахыг хуулиар хориглосон. Амьтны тухай хуулиар нэн ховор амьтнаар, Монгол улсын улаан номонд, зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцийн II хавсралтад тус тус бүртгэсэн. Хүдрийн байршил нутгийг Хангай, Тарвагатай, Хан Хэнтий, Богдхан уулын дархан газар, Горхи Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт хамруулжээ. Баданга хүдрийн тархац нутгийн 6971км2 нутаг нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт, 3854 км2 нутаг нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутагт хамрагдсан байна.


02

Хэрхэн хамгаалах вэ?

Хүдэрийг хууль бусаар агнах, заар худалдах, худалдан авах, дамжуулах, хилээр нууж гаргах зэрэг хууль зөрчсөн үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авах, тархац, нөөц, биологи, экологи онцлогийг судлах, зориудаар өсгөн үржүүлэх, үндсэн тархац нутгийг байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөл, нутгийн иргэдэд холбогдох хуулийн дагуу хариуцуулан хамгаалуулах, удмын санг хадгалах.


01

Бусад эх сурвалжид

Хүдэр нь бугын овог, салаа туурайтны багт хамаарна. 6-7 төрлийн мал, амьтны шинж байдлыг агуулсан өвсөн тэжээлтэн. Хүрэн бор зүстэй, хондлой, зоо нуруу, биеийн хоёр талаар бүдэгхэн шар толбуудтай. Шанаандаа хоёр цагаан зураа бүхий сааралдуу толботой бөгөөд бусад ямар ч амьтанд байхгүй содон зүс юм.  Урт нь 1 метр, өндөр нь 60 сантиметр, дээд уруулын доороос 7-10 сантиметр урт хоёр соёо цухуйсан байдаг.  Хүдэр бүллэн амьдардаг бөгөөд өөр өөрсдийн эзэмшил газар нутагтай. Энгийн 40 гаруй зүйлийн ургамлаар хооллохоос гадна хуш модны хаг, ойн хөвд зэрэгт дуртай. Жилд нэг, заримдаа хоёр жилд нэг удаа төллөдөг.

Сүүлийн үед нилээд ховордож байгаа амьтан бөгөөд агнахыг хуулиар хориглосон. Ховордсон шалтгаан нь түүнд байх заар хэмээх биологийн бодис юм. Хүдрийг нойрсуулж байж заарыг нь авах ёстой боловч хулгайн анчид шууд алж байж авдгаас шалтгаалан нэн ховордож байгаа. Биологийн үүрэг бүхий үйл ажиллагааны үед түүний булчирхайнаас нийлмэл бодис ялгардаг. Түүнийг заар гэх бөгөөд энэхүү заарныхаа тусламжтайгаар өөрийн бүл сүргээ хамгаалдаг. Хүдрийн заар нь гоо сайханы бүтээгдэхүүний гол түүхий эд бөгөөд дэлхийн зах зээлд алтнаас ч илүү үнэ хүрдэг байна. Ардын эмнэлэг, уламжлалт анагаах ухаанд онцгой хэрэгцээт эмийн чухал түүхий эд ч болдог. Дэлхийн 10 гаруйхан улсад хүдэр амьдардаг. Эдгээрээс цөөн хэдэн улс орон гаршуулж үржүүлсэний нэг нь Монгол улс юм. Хүдэр 1980 онд 44000 байсан бол одоо Алтай Хангайн бүсэд 300 хүрэхгүй болсон байна. 1996-2001 онд жил бүр  2500-3000 тоо толгойгоор агнагдаж цөөрсөн бөгөөд одоо бараг үзэгдэхээ больсон байна. 

Эх сурвалж: Ч.Буянбадрах "Монгол орны лавлах" эмхэтгэл ном


9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (21)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+9
Маш гайхалтай амьтны баримт байна.
+4
Баярлала
+10
Би хичээлээ хийсэн баярлалаа
+10
Хүдэр дууслаа... Хамгаалах тал дээр арга хэмжээ авахгүй бол хэдэн жилдээ хядагдаж дуусаад хожим тахь шиг аль нэг улсын зоопаркаас онгоцоор зөөж авчрах, эсвэл үүрд хүдэргүй болох тавилан тосч байна даа.
+13
энэ сэдэв надад маш их тус болсон би шалгалтаа өгч чадсан
+2
Энэ сэдэв надад таалагдлаа
+17
Аав маань монголд анх өсгөж үржүүлж байсан даа.
+2
хамгаалах биологийн ач холбогдлыг хүмүүс таниулах хэрэгтэй
-3
Бөхөнгийн эрийг нь юу гэж нэрлэдэг юм бэ Ховордсон амьтдын талаар мэдээлэл авлаа.Баярлалаа. Бөхөнгийн төлийн нэрийгхэлж өгнө үү.
+7
Эвий дээ эвий. Ийм амьтныг алсан хүнийг цаазалвал болох юм.
+23
үзэх юмсан
+12
bayarlaa chuhal medeelel bain
+10
Энэ хүдэр гэдэг амьтныг заавал хатгаалах болно.Хүүхэд багачуудаа таниулах хэрэгтэй
+10
БАЯРЛАЛАА ҮНХЭЭР ЧУХАЛ МЭДЭЭЛЭЛ БАЙНА.
+12
БАЯРЛАЛАА
+17
Ene nuhriig l uzcheed uheh sen.
+14
хэрэгтэй мэдээлэл бн та бүхэнд баярлалаа
+20
Хүндрэлтэй төрдөг нь хүдэр гэдэг дээ. Төрөхийн хүндрэлээс болж тоо нь өсч чаддаггүй гэсэн.
+15
хөөрхий минь
+35
Сайхан үнэртэй болж төрснийхөө төлөө хүн төрөлхтөнд хядуулах гэж...
+24
Ийм амьтан бдагийг мэдэж авлаа
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start