Арав.мн

Дорно дахины шинэ жилийн баярууд

Дорно дахины шинэ жилийн баярууд

Сарны хөдөлгөөнд суурилсан цаглабар бүтээх дорнын ёсон олон улсад, ялангуяа өрнийн орнуудад хятад гэгддэг ч үнэндээ нар, сарны хөдөлгөөнийг нэгэн зэрэг ажигласны дүнд бүтээгдсэн, олон үндэстний түүх соёл шингэсэн холимог өв юм. Мэргэжилтнүүдийн үздэгээр зөвхөн сарны хөдөлгөөнийг дагаж бүтээгдсэн цаг тооллын цорын ганц зурлага бол исламын хижри аж.

Өнөө цагт зүүн азийнханд илүү хамаатай болсон ч сарны зурлага нэгэн цагт дэлхий даяар түгээмэл байлаа. Эртний Грек, Вавилоны цаг тооны бичиг, өвөг франц, германчуудын колин хуанли болон еврейчүүдийн цаг тооллын бичиг нь сарны хөдөлгөөнд суурилжээ. Уг гарвалиар нь хөөвөл одоогийн билгийн тооллын ухаанд эртний Энэтхэгийн болон бурхны шашны соёл хамгийн их нөлөөлсөн гэгддэг. Тиймээс ч шашин шүтлэг, зан заншил, түүх соёлын хувьд дорнын ард түмний хамгийн онцгой, эрхэм дээд баяр нь билгийн тооллын шинэ жилийн баяр юм. Таван мянганы түүхтэй уг бэлгэдэлт сайхан баярыг дорнын ард түмнүүд өөр өөрсдийнхөөрөө тэмдэглэсээр иржээ. 


10

Шёогацу (Shōgatsu)

Уламжлалт шинэ жилийн баяраа албан ёсоор халж, өрнийн орнуудын адил Грегорийн тооллын нэгдүгээр сарын 1-нийг шинэ оны эхний өдөр болгон тэмдэглэдэг дорнын ганц улс бол Япон юм. Хятадын Хаврын баяртай нэг өдөр тохиодог Шёогацу хэмээх уламжлалт шинэ жилийн баяраа япончууд 1873 он хүртэл тэмдэглэжээ. Хэдийгээр албан ёсоор шинэ жилийн гол баяр байхаа больсон ч олон зууны түүхтэй баяраа орчин үеийн япончууд өргөн хүрээнд биш ч тасралтгүй тэмдэглэсээр байна.

Баярын гол хүнс нь осэчи хэмээх далайн ургамлын шөл, камабоко хэмээх загастай боов, төмс, буурцаг, самар юм. Билгийн тооллын шинэ жилийн баярын өмнөх өдөр буюу Сэцүбүн гэгддэг өдрөөр япончууд гэрийнхээ үүдээр шош хаядаг ёстой. Энэ нь хуучин оны муу муухай, саад бэрхшээлтэй бүхнийг гаргаж хаялаа гэсэн санаа аж. Уг зан үйлийн үеэр они хэмээх баг зүүсэн хүн “Они ва сото. Фүкү ва үчи” гэж хэлэх нь “Чөтгөр цаашаа, аз наашаа” гэсэн утгатай.

Харин европ тооллын шинэ жилийн баярын өмнөх өдөр буюу арванхоёрдугаар сарын 31-ний орой Японы өнцөг булан бүрт бурхны шашны сүм хийдүүдэд 108 хонх жингэнэж, сайныг бэлгэдэн цуурайтдаг.


09

Ниэпи (Nyepi)

Шинэ жилийг япончууд хонх жингэнүүлэн угтдаг бол баличууд нам гүмхэн хүлээж авдаг. Индонезийн Бали арлын уугуул иргэдийн олонх нь хиндү шашны эртний салбар шүтлэгийг дагадаг тул эртний Энэтхэгийн цаглабар ёсоор шинэ жилийн баярыг тэмдэглэдэг байна. Өдөр, шөнө тэнцэх өдөртэй хамгийн ойр тохиох хаврын бүтэн сар гарах өдөр Ниэпи баяр болдог.

Индонезийн уламжлалт гамелан хөгжмийг эгшиглүүлэн, толгой дээрээ идээ ундааны дээжээ өргөсөөр тосгон суурингийн иргэд бүгд цуварч алхана. Тэд төв талбай юм уу, тосгоныхоо хамгийн ахмад оршин суугчийн гэрийн үүдэнд цугларч цаас, хулсаар хийсэн мангасан толгойт, бурхны дүрст барималд мөргөдөг. Гэхдээ Ниэпийн гол онцлог нь баярын уур амьсгал байдаггүйд оршино. Бали шинэ жилийн баяраар түүдэг, дэнлүү асаах, зоог бэлтгэх, айлд зочлох гэсэн ойлголт үгүй. Радио, телевизүүд хаагдаж, зам хүртэл эзгүйрнэ. Ниэпийн үеэр янаг амрагийн явдал, зугаа цэнгэл, их ярихыг хүртэл цээрлэдэг. Энэхүү хачирхалтай заншил нь ирж буй оныг тайван амгалан байхыг бэлгэддэг бөгөөд хүн бүрт хүсэл тачаалаа тэвчиж, ухаалаг, ёсорхуу байхыг сануулдаг байна.


08

Тет (Tết)

Тет Нгуен Дан нь вьетнамаар Анхны өглөөний баяр гэсэн утгатай. Гурав хоног үргэлжилдэг вьетнам үндэстний шинэ жилийн уламжлалт баяр Хятадын Хаврын баяртай нэг өдөр тохионо. Энэ өдөр ойр дотныхонтойгоо мэндчилэх, ахмад буурлуудаа хүндэтгэх, хүүхдүүдэд азын мөнгө бэлэглэх бөгөөд шинэ ажил үйлс эхлэхэд билэгт сайн өдөр гэгддэг.

Гэр бүлийн ахмад гишүүд хүүхдүүдэд улаан дугтуйнд хийсэн мөнгө бэлэглэх бол хүүхдүүд настан буурлуудаас бэлэг авахаасаа өмнө хүндэтгэлийн үг хэлнэ. Төрөл төрөгсөд, ах дүүсийндээ зочилдог Азийн бусад орны ёс заншлаас ялгаатай нь вьетнамчууд урилга илгээгээгүй айлд түрүүлж очдоггүй. Шинэ оны эхний өдөр гэрт ирсэн хүн тайван дөлгөөн, ааль сайтай, амжилт бүтээлээр дүүрэн хүн бол айсуй жил ээлтэй сайн байна гэж вьетнамчууд үздэг. Харин баярын өмнөхөн хагацал үзсэн, гашуудсан нэгэн гэрт ирвэл азгүй явдал тохиолдоно гэж үздэг тул эмгэнэн гашуудаж буй хүн Тет баяраар айлд зочилдоггүй ёстой. Мөн баярын үеэр шүүр барихыг цээрлэдэг. Учир нь шинэ оны аз хийморыг шүүрдчихнэ, хог тоостой хольчихно гэж вьетнамчууд үздэг байна.

Вьетнам шинэ жилийн бас нэг онцлог нь баярын мод юм. 5-6 метр өндөр хулс модыг цэцэг, жимс, элдэв зурагт хуудас, цаасан загас, өргөст ургамлын иш зэргээр гоёдог. Энэ нь шинэ ондоо элбэг хангалуун, зүс өнгөлөг, эрүүл энх байхыг бэлгэддэг байна. Тетийн өдрүүдээр мөн дэлгэрч буй цэцэг, шинэ хувцас, тахиа, цагаан будаа зэрэг бэлэг солилцож “Зуу наслаарай”, “Мөнгө ус шиг урсаг”, “Энх тунх байгаарай” зэрэг ерөөлийн үг хэлэлцдэг. 


07

Сонгкран (Songkran)

Тай үндэстний уламжлалт шинэ жилийн баяр Сонгкраныг өдгөө Тайландаас гадна Лаос, Камбож зэрэг зүүн өмнөд Азийн орнуудад тэмдэглэж байна. Европ тооллоор дөрөвдүгээр сарын 13-15-нд тохиодог энэ баярыг Ариуслын баяр гэх бөгөөд гол уламжлал нь ус шүрших юм. Гурав хоног үргэлжилдэг усны наадмаар хүн бүр гэрт, гадаагүй нэгэн рүүгээ ус цацаж, өөрийнхөө болон бусдын муу муухай, хуучин бүхнийг угааж арилгана.

Сонгкран билгийн тоолол даган тэмдэглэдэг Азийн уламжлалт шинэ жилийн баяруудаас хамгийн хөгжилтэй нь юм. Луу хэлбэрт завиар уралдах нь Сонгкраны бас нэгэн уламжлал. Наадам, уралдаан дууссаны дараа бусад баяр ёслолын адил Сонгкраны баярын ширээ шинэ загас, амтат жимс, халуун ногоо, цагаан будаа тэргүүтнээр дүүрнэ. 


06

Новруз (Nowruz)

Ираны шинэ жил гэгддэг Новрузын баяр нь шинэ өдөр гэсэн утгатай перс үгээр нэрлэгдсэн, зөвхөн перс угсаатны уламжлалт баяр мэт ойлгогддог ч угтаа перс түмэнтэй үндэс угсаа, хэл соёлын хувьд ойролцоо хэдэн арван үндэстэн ястны эртний түүхт өдөр юм. Баруун Ази, Төв Ази, Кавказын уулс, Хар тэнгисийн сав газар болон Балканы хойгоор нутаглагч ард түмнүүдийн 3000 илүү жил тэмдэглэж ирсэн Новруз нь Ираны соёл төдийгүй Зороастрын шашнаас үүдэлтэй агаад цагийн явцад хэл аялга болоод угсаа гарваль ойролцоо олон шашинтны баяр болжээ.

Энэ баяр жил бүрийн гуравдугаар сарын 21-нд (зарим нутагт 20-нд юм уу, 22-нд) буюу нар наашилж өдөр, шөнө тэнцэн бөмбөрцгийн хойд хагаст хавар эхлэх өдөр тохионо. Мөн өдөр нь перс хуанлийн Фарвардин сарын эхлэл юм. Дорно дахины бусад шинэ жилийн уламжлалт баяртай харьцуулахад олон хоног үргэлжилдэггүй, ердөө ганц өдөр болох тул Новрузаар нэг айлд удаан саатдаггүй ёстой. Ялангуяа Иранд нэг айлд 30-аас илүү минут болдоггүй, бэлэн идээ будаа амсаад дараагийн айлд очин, настнуудтайгаа мэндчилэхээр яаран гардаг уламжлалтай.

Новруз болон бусад төстэй баяраар орон гэрээ цэвэр цэмцгэр байлгаж, идээ ундаагаар элбэг байхыг эрхэмлэнэ. Мөн хүн бүр ямар нэгэн шинэ хувцас заавал өмсдөг ёстой. 


05

Угади (Ugadi)

Тэмдэглэдэг хүнийхээ тоогоор Хятадын Хаврын баярын дараа орох Угади нь Энэтхэгийн хиндү шашинтнуудын шинэ жилийн гол баяр бөгөөд эдүгээ тус улсын Махараштра, Андра Прадеш, Карнатака, Телангана зэрэг мужид илүү уламжлагдан үлджээ. Уг баярыг эдгээр мужийн ард иргэдээс гадна хилийн чанадад амьдарч буй хэдэн сая хиндү шашинтан буюу нийт 700 сая орчим хүн жил бүр тэмдэглэн өнгөрөөдөг. Угади нь өрнийн тооллын гурав, дөрөвдүгээр сарын аль нэгэнд, ведийн шашны сар, нарны хосолсон хөдөлгөөнд суурилсан эртний цаг тооны бичгийн Чайтра хэмээгдэх сарын эхний өдөр тохионо.

Хиндү шашинтнууд шинэ жилийн баярын өдрөө гэрийнхээ шалыг бэлгэдэлт хээ угалз, дүр дүрслэл бүхий өнгө өнгийн зураг, чимэглэлээр гоёж, үүд хаалгаа жимсний модны навч, мөчрөөр хүрээлнэ. Мөн ирэх оноо өнгөтэй өөдтэй, элбэг хангалуун байхыг бэлгэдэж бие биедээ тод өнгийн хувцас хэрэглэл, бөс даавуу бэлэглэдэг ёстой. Угадийн гол зан үйл нь хиндү сүмд мөргөл үйлдэн, сүмийн ариун усанд орж, зулын тосоор биеэ ариулах бол энэ бүхнийхээ дараа ядуусыг хооллон, өглөг өгч, буян үйлдэхийг эрхэмлэдэг. Уг баярын гол хүнс нь пачади хэмээх зутан бөгөөд нялуун, исгэлэн, шорвог, гашуун гэсэн бүх төрлийн амтыг агуулсан энэ содон амттан амьдрал нэгэн хэвийн биш, зовлон жаргал ээлжилдэг болохыг сануулдаг байна. 


04

Солнал (Seollal)

Солонгосчуудын шинэ жилийн баяр дорнын бусад үндэстний шинэ он, урин цагийг угтах баяртай адил гэр бүлийн баяр юм. Гурав хоног үргэлжлэх Солналын баяраар хүн бүр ээж, аавдаа очиж, төрөл төрөгсөдтэйгөө мэндчилнэ. Мөн талийгаачдаа дурсаж, бунханд нь хүндэтгэл үзүүлнэ. Баярын гол өмсгөл нь солонгос үндэсний ханбок бол гол хүнс нь цагаан будааны боов буюу тэокгук юм.

Хүүхдүүд гэрийнхээ ахмад хүмүүсийн өмнө бохирч суугаад уламжлалт ёсоор хоёр гараа хавсран духандаа хүргэн мөргөнө. Харин эцэг эхчүүд хүүхдүүддээ мөнгө өгч, дэокдам буюу сургаал хэлдэг ёстой. Эрчүүд баярын үеэр жэги чаги хэмээх цаасан шувуу хөөргөж, дараа нь гэр бүлээрээ юүтнори хэмээх хөлөгт тоглоом тоглоно. Харин охид, эмэгтэйчүүд хуучин цагт нэолтиги хэмээх дээсэн тоглоом тоглодог заншилтай байв. Тэгэхээр Солналын баяр нь уламжлалт ёс заншлыг дээдлэхээс гадна гэр бүлээрээ жаргалтай, хөгжилтэй байхыг бэлгэдсэн баяр юм. 


03

Лосар (Losar)

Түвдийн буддизмын гол баяр Лосар нь өдгөө Түвдөөс гадна Балба, Бутаны уламжлалт шинэ жилийн баяр болжээ. Өрнийн тооллын хоёр, гуравдугаар сарын аль нэгэнд болдог Лосар энэ жил хоёрдугаар сарын 16-18-нд тохиож байна. Балбад Лочар гэгддэг энэ баяр тус улсад заримдаа Түвдийн Лосараас найман долоо хоногийн өмнө болох нь бий. Ийм зөрүүтэй байх нь түвд хуанлийн тухайн оны тооллоос шалтгаална. Лосарыг бүтэн 15 хоног тэмдэглэх ба эхний гурван өдөр нь хамгийн чухалд тооцогдоно.

Түвд, Хятад, Монгол түмний уламжлалт шинэ жил буюу Сар шинийн баяр ойролцоо тохиодог нь уйгарууд хятад, харин монгол болон түвдүүд уйгар хуанлийг мөрдөх болсонтой холбоотой (Эх сурвалж: “Шашин шүтлэгийн нэвтэрхий толь”. 2003. Жеймс Хэстингс). Лосарыг өмнө нь жилийн хамгийн урт шөнө, богино өдөртэй арванхоёрдугаар сарын 22-нд тэмдэглэдэг байсан ч XIV зуунд Шарын шашны тэргүүн нар Монголын Цагаан сартай ойртуулахаар хоног хугацааг нь өөрчилжээ. 


02

Хаврын баяр (Chūn Jié)

Өрнийн тооллоор нэгдүгээр сарын 21-нээс хоёрдугаар сарын 20-ны хооронд буюу хятад хуанлийн арваннэгдүгээр сард тохиодог Хаврын баяр нь аз хиймор, элбэг хангалуун амьдрал, урт насыг бэлгэдсэн хан үндэстний хамгийн чухал уламжлалт баяр юм. Хүн бүр өр ширээ дарж, ажил хэрэг, ахуйн бүх асуудлаа цэгцэлж шинэ оноо угтана. Мөн жилийн эхний өдрийг шинэ хувцастай угтахыг хичээдэг. Хүүхдүүд гэрийн ахмад гишүүдээсээ улаан дугтуйнд хийсэн азын мөнгө авч, хариуд нь ерөөл хэлнэ.

Баярын хамгийн чухал үйл нь оройн зоог болон луут бүжиг юм. Хаврын баярын гол зоог нь урт насыг бэлгэдсэн олон төрлийн гоймон, эв эеийг бэлгэдсэн загас, хангалуун жаргалтай амьдралыг бэлгэдсэн цагаан будааны бялуу болно. Луут болон арслангийн бүжиг, улаан дэнлүү, галын наадам зэрэг нь баярын уур амьсгалыг бүрдүүлдэг. Баярын эхний өдөр хятад түмэн тэнгэр, газрын бурхдыг хүлээн авч мөргөл үйлдсэнийхээ дараа ээж, аав, азай буурлууддаа хүндэтгэл үзүүлэхээр гэр бүлийнхээ хамгийн ахмад гишүүний гэрт цуглана. Харин хоёр дахь өдөр гэрлэсэн эмэгтэйчүүд төрсөн гэртээ очиж аав, ээждээ мэндчилдэг.

15 хоног үргэлжилдэг Хаврын баярын хамгийн түгээмэл өнгө нь улаан, шар юм. Улаан өнгө хан үндэстний хувьд аз хиймор, сүр хүчийг бэлгэдэх бол алтан шар өнгө нь эд баялаг далладаг. 


01

Цагаан сар

Хятадын Хаврын баяраас илүү Түвдийн Лосар баяртай төстэй гэгддэг монгол түмний Сар шинийн баяр суурин амьдралын уламжлалтай Азийн бусад орны шинэ жилийн баяртай харьцуулахад нүүдэлчдийн аж төрөл, түүх уламжлалын өвөрмөц шинжийг хадгалж үлдсэнээрээ онцлог юм. Цагаан сар ихэвчлэн жилийн хамгийн урт шөнө, хамгийн богино өдөртэй хоног буюу Грегорийн тооллын арванхоёрдугаар сарын 21-нээс хоёр сарын дараах эхний бүтэн сартай өдөр тохиодог.

Эртнээс бөө мөргөлийн шүтлэгтэй байсан монголчууд Цагаан сараар бэлгэдлийг чухалчилж, байгаль дэлхийгээ тахина. Энэ баярыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой гэж Чингис хаан зарлиг буулгасан гэдэг. Харин өмнө нь цагаан идээний баяр хэмээж намар тэмдэглэдэг байсан гэх баримт бий. Цагаан сарын гол утга учир нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, тэднийгээ хүндэтгэх зан үйл юм. Тиймээс төрөл садан, ахмад буурлуудынхаараа заавал зочилдог заншилтай. Ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн байлгахын үүднээс хаврын тэргүүн сарын шинийн 1-нд гадуур хоноглодоггүй. Мөн шинийн 1, 2-ныг хөтөл өдөр хэмээн холын замд гардаггүй ёстой.

Цагаан сараар өрх бүр идээ ундаагаар элбэг байж, хүн бүр бэлгэтэй сайхан үг хэлэлцэх ёстой гэж үздэг. Тиймдээ ч уур, шунал, мунхаглал хэмээх гурван үйлийг цээрлэдэг байна.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start