Арав.мн

Усны хомсдол тооны хэлээр

Усны хомсдол тооны хэлээр

Ус үгүй бол дэлхий дахины энхтайвны талаар ярилтгүй билээ. Тиймээс ч XXI зуунд хүн төрөлхтний өмнө тулгарах гол бэрхшээлийн нэг нь цэвэр усны хомсдол, түүнээс үүдэх нийгэм, улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал гэдэгтэй, цэвэр усыг энэ зууны “газрын тос” болохтой салбар салбарын мэргэжилтнүүд санал нийлдэг. 2000-2050 оны хооронд дэлхий дахины усны хэрэглээ өмнөх 50 жилийнхтэй нь харьцуулахад 55 хувиар өснө гэсэн тооцоо бий. Гэтэл цэвэр усны нөөц дэлхийн хэмжээнд жилээс жилд багассаар байна. 


10

Тэгш бус хуваарилалт

Байгалийн тогтолцоо, уур амьсгалын ялгаанаас шалтгаалж усны тархалт газар бүрт өөр өөр. Дэлхий дээрх хэрэглээний нийт усыг тооцоолоход нэг хүнд жилд дунджаар 1800 куб метр ус ногддог ч дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр усны хуваарилалт ч шударга бус байна.Тухайлбал, египет хүн жилд дунджаар 30 куб метр ус хэрэглэдэг байхад исланд хүн 708 мянган куб метр усаар туйлдаг байх жишээтэй. Гэтэл дундаж америк хүн багаар бодоход өдөрт 350 гаруй литр ус хэрэглэдэг. Харин өдөрт 50 литр ус хэрэглэдэг буурай хөгжилтэй улсын иргэд өөрсдийгөө азтайд тооцож байна. Африкт энэ тоо бүр ч бага бөгөөд ундны устай хамгийн ойр газар нь арав гаруй км-ийн цаана байх бяцхан худаг юм уу, хатаж ширгэсэн голын сайр байх нь бий. 


09

1000 куб метр ч хүрэхгүй хэрэглээ

Хүн төрөлхтний 60 хувь нь аж төрдөг, дэлхийн томоохон гол мөрдийн 36 хувь нь орших Ази тивд ч ийм дүр зураг ажиглагдана. Ундны цэвэр усны эх булаг болох гол мөрдийн 15 хувь нь цутгадаг Амазон мөрний хишгийг гэхэд дэлхийн хүн амын ердөө 0.4 хувь нь л хүртэж байна. Энэхүү шударга бус хуваарилалтыг илүү тэнцвэртэй болгоход өнөөх л эрх баригчдын зөв зүйтэй шийдвэр, хөрөнгө мөнгө хэрэгтэй юм. Жилээс жилд усны гачаалд орох хүний тоо нэмэгдэж буй бөгөөд өдгөө 30 гаруй улсын иргэд жилд 1000 куб метрээс ч бага ус хэрэглэж байна.


08

Эдийн засаг, эрүүл мэндэд нөлөөлөх нь

Усны хомсдолоос үүдэх сөрөг үр дагавруудыг тоочоод барахгүй. Уснаас үүдсэн хямрал, дайн самуун хүн төрөлхтний түүхэнд цөөнгүй бий. Сахарын гарамантууд, Төв Америкийн майячуудын хувь заяаг зөвхөн ус л шийдсэн бөгөөд эдүгээ усны хомсдолоос болж 80 гаруй улсын эдийн засаг, ард иргэдийнх нь эрүүл мэнд эрсдэлд ороод байна гэсэн судалгаа бий. Чинээлэг улс орнууд далан, хаалт барьж, орчин цагийн дэвшилт технологийг ашиглан бохир усыг цэвэршүүлж, тэр ч бүү хэл далайн усыг хүртэл давсгүйжүүлэх болсон. Харин ядуу буурай орнуудад ийм боломж үгүй тул бохир усыг олон дахин хэрэглэснээс халдварт өвчнөөр нас барагсдын тоо нэмэгдсээр байна.


07

21 секунд тутамд нэг хүүхэд

1990 оны байдлаар дэлхийн хэмжээнд нийт 1.2 тэрбум хүн бохир уснаас үүдсэн халдварт өвчнөөр өвчлөөд байв. Гэтэл энэ тоо бараг 30 жилийн дараа буюу одоо ч буураагүй бөгөөд жилд 3.5 сая хүн уснаас үүдсэн өвчнөөр нас барсан хэвээр байна. Тэдний хоёр сая орчим нь бага насны хүүхдүүд агаад 21 секунд тутамд дэлхийн хаа нэгтээ нэг хүүхэд усаар дамжсан халдварт өвчнөөр нас бардаг гэх судалгаа бий. 


06

Бохирдол хоёр дахин, хэрэглээ зургаа дахин өснө

Өнгөрөгч зуунд усны бохирдол хоёр дахин нэмэгдсэн бөгөөд одоогоос 10 жилийн дараа мөн хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Өнөөдөр дэлхийн хүн амын 15 хувь нь ундны цэвэр усанд шууд хүрэх боломжгүй байгаа бол 30-аад хувь нь ариун цэврийн үйлчилгээнд бүрэн хамрагдаж чадахгүй байна. Ганцхан зууны дараа буюу 2110-аад онд дэлхийн хүн ам ойролцоогоор хоёр дахин нэмэгдэж, 13 тэрбумд дөхөхөд цэвэр усны хэрэглээ одоогийнхоос зургаа дахин өсөж, усны хомсдол бүр ч газар авах нь тодорхой юм. 


05

2.1 тэрбумаас 4.2 тэрбум

Одоогийн нөхцөл байдал цаашдаа энэ хэвээр үргэлжилбэл зуун жилийн дараа гэхэд жилд 25 сая хүн усны гачаал болон уснаас үүдсэн өвчнөөр хорвоог орхихоор байна. 2050 он гэхэд буурай хөгжилтэй улсуудын хүн ам өссөөр дэлхийн хүн амыг 9.3 тэрбумд хүргэнэ гэсэн тооцоо бий. Энэ нь 4.2 тэрбум хүн хоол хүнс, цэвэр усны гачаалд орно гэсэн үг. Эдүгээ 2.1 тэрбум хүн энэ гамшигт хэдийн нэрвэгдээд байгаа билээ.


04

Ой сүйтгэсний уршиг

Байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс гадна хүний зүй бус үйлдлээс болж цэвэр усны нөөц дундарчээ. Захын жишээ дурдахад ой модыг их хэмжээгээр сүйтгэж буй нь хуурайшилт, цөлжилтөд хүргэж, дэлхийн өнцөг булан бүрт хэдэн арван мянгаар тоологдох га газрыг ногоон ургамалгүй, усны эх ундаргагүй болгож байна. Ой ширэнгийн сүйтгэлээс болж ийнхүү усгүй болох үзэгдлийг Амазоны нөлөө гэдэг. Амазоны нөлөөллөөс болж ундны усны гачигдалд орсон, хамгийн олон хүнтэй дэлхийн 10 их хотын хоёр нь Бразилийн хот байна. Цэвэр усны нөөц мөн усан тээврийн үсрэнгүй хөгжлөөс болж дундарчээ. Хатаж хуурайшсан газрыг хур тунадсаар тэтгэх учиртай борооны үүлийг аварга хөлөг онгоцнуудын утаа униар хөөж сарниадаг байна. 


03

450 куб км бохир ус

Дэлхийн нийт гол мөрний 48 хувь нь ширгэсэн юм уу, их хэмжээний бохирдолтой гэсэн судалгаа бий. Энэ нь ус, хөрсний буруу ашиглалттай шууд холбоотой юм. Yйлдвэрийн хог хаягдлыг томоохон гол нуур луу цутгах явдал дэлхийн улс бүрт байна. Дэлхийн хэмжээнд цэвэр уст гол мөрөн, нуур цөөрөмд жил бүр дунджаар 450 куб км бохир ус цутгадаг болохыг АНУ-ын Вашингтон хотод төвтэй Wilson Center-ийнхэн тогтоожээ. 


02

Усны дайн

Дэлхийн хүн амын 40 хувь нь нэгээс илүү улс орны нутаг дэвсгэрт орших томоохон гол мөрдийн бэлчир нутагт аж төрж байна. Энэ нь хожим усны хомсдол газар авахад олон улсын дунд улс төрийн зөрчил, зэвсэгт мөргөлдөөн, бүр цаашлаад уснаас үүдэлтэй дайн дажин үүсгэх эрсдэлтэй. Ийм аюул ялангуяа Ойрх Дорнод, Африк, Төв Азид хэдийн бодитоор нүүрлээд буй бөгөөд Израиль, Палестин, Иордан, Ливаныг хамарсан Иордан мөрний зөрчил, Египет, Этиоп, Суданы дундах Нил мөрний зөрчил, таван “Стан”-ы хоорондох Арал тэнгисийн маргаан зэргийг дурдаж болох юм. Номхон далайн хүрээлэн хэмээх судалгааны байгууллага уснаас үүдэлтэй зөрчил тэмцэл 5000 орчим жилийн түүхтэй гэж үзсэн агаад Руандагийн хядлага, Суданы Дарфурын хямрал зэрэгт усны хомсдол голлон нөлөөлсөн гэж дүгнэжээ.


01

Гидро улс төр

Өнгөрөгч XX зуун Нефтийн зуун байсан. Харин XXI зуун Усны зуун болно гэдэгт мэргэжилтнүүд санал нэг байна. Ус үнэд орсноор Канад, Чили, Норвеги, Колумб зэрэг усны арвин нөөцтэй, өмнө нь олон улсын тавцанд онцгой үүрэг оролцоогүй байсан орнуудын байр суурь огцом өснө гэж үзэх судлаачид бий. НҮБ-аас өнгөрсөн онд гаргасан Дэлхийн усны хөгжлийн тайланд онцолсноор ирэх 20 жилд усны хүртээмж 30 хувиар буурах гэнэ. Чухам үүнээс болж олон улсын харилцаанд цэвэр усны асуудал улам бүр чухалд тооцогдох үзэгдлийг усны буюу гидро улс төр хэмээж байна.


8.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Маш мундаг баярлалаа ллруда
-2
Ymr unen ug ve
+1
Usni tuvshing nemegduulece psda
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start