Арав.мн

Бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай 10 манга

Бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай 10 манга

Манга гэдэг нь Японы зурагт ном юм. Комик ном гэж хэлж болох ч комик номноос бага зэрэг ялгаатай. Энэ төрлийн зурагт ном нь одоогийн хэв маягаа 19-р зуунаас олж авсан ба Дэлхийн 2-р дайны (1940-өөд оноос) дараа бүрэн утгаараа хөгжиж эхэлсэн байдаг.

Хэдийгээр Японд "манга" гэдгээр олон төрлийн зурагт ном, хүүхэлдэйн кино, анимейшн зэрэг зүйлүүдийг хамруулан ойлгодог боловч Дэлхийн олон улс оронд "манга" гэдгээр зөвхөн "Японы зурагт ном" гэж ойлгож хэвшжээ. Японд мангаг бүх насны хүмүүс шимтэн уншдаг ба уншигчдын насны онцлогч, сонирхлын хүрээнээс хамаараад төрөл сэдвийн хамрах хүрээ өргөн. Адал явдалт, триллер, хайр дурлал, детектив, бизнес худалдаа, комеди, түүхэн, драма, зөгнөлт, фантази, секс, спорт, тоглоом гэх мэт олон төрөлд хуваагддаг. Гэхдээ эдгээрийг ерөнхийд нь ангилж нэрлэж заншсан нэршил байдаг.

  • Ёожи (Yōji, 幼児向け漫画) буюу 1-4 насны хүүхдийн манга
  • Кодомо буюу Жидо (Kodomo эсвэл Jidō) манга (児童漫画、子ども漫画) - Бага насны хүүхдэд зориулагдсан манга. Сэдвийн хувьд мэдлэг, хүмүүжил олгоход чиглэсэн байдаг.
  • Шоонэн (Shōnen, 少年漫画) - Бүх насныханд зориулагдсан, адал явдал, тэмцэл тулаан голлосон сэдэвтэй манга. Цуврал олон бүлэгтэй байх нь олонтаа.
  • Шоожо (Shōjo, 少女漫画) - Сэтгэл зүрхний ээдрээ, хайр дурлалын хэв маягтай манга. Гол төлөв 13-17 насны охидод зориулагдсан байдаг.
  • Сэйнэн (Seinen, 青年漫画) - Насанд хүрсэн хүмүүст чиглэсэн манга. Буурьтай буюу амьдрал, философи зэрэг сэдвийг гол төлөв хөндсөн байдаг.
  • Сэйжин (Seijin, 成人漫画) - Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан манга. Ихэвчлэн бэлгийн дур хүсэл дээр тулгуурласан сэдэвтэй байдаг.

Үнэндээ Японы манга, анимегийн зах зээл асар том. Өнгөрсөн жилийн байдлаар л гэхэд тус зах зээл 17.7 тэрбум ам.долларт хүрээд байгаа билээ. Эдгээрийн дунд дэлхийн өнцөг булан бүрт буй сая уншигчдын шимтэн үздэг, уншдаг манга олон байдгаас борлуулалтаараа тэргүүлдэг 10 мангаг танилцуулъя. Энэ жагсаалтад зөвхөн Японы мангаг оруулсан тул Солонгосын манхва, Хятад болон Тайванийн манхуа байхгүй юм.


10

Astro Boy

Мангака: Осаму Тезука
Хэвлэлийн компани: Kobunsha
Насны ангилал: Шоонен
Нийт гарсан бүлэг: 23
Гарсан он: 1952-1968
Борлуулалт: 100 сая хувь

“Хүчирхэг Атом” нэрээр анх гарч байсан “Астро хүү” 1952 онд Weekly Shonen Jump-аар хэвлэгдэн гарч, нийт 23 бүлгийн 112 боть хэвлэгджээ.

Үйл явдлын хувьд роботикийн инженер Уматаро Тенма автомашины ослоор хүүгээ нас барсанд ихэд гашуудан шинээр бүтээсэн хүүхэд роботод хүүгийнхээ дурсамжийг суулгадаг. Астро хүү хүн шиг сэтгэл хөдлөлтэй, хэзээ ч өсч том болохгүй робот болох боловч төрсөн хүүг нь хэзээ ч орлож чадахгүй юм байна гэдгийг мэдсэн Доктор Тенма хөөрхий Астрог роботуудын циркэд зардаг. Циркэд үзүүлбэр үзүүлдэг хүнд хэцүү амьдралаас нь Астрог Шинжлэх ухааны сайд профессор Очаномизу авардаг. Ийнхүү Очаномизу Астрог өргөн авах ба хэвийн амьдралаар амьдрахад нь туслах зорилгоор робот гэр бүлийг бүтээн өгнө. Зуун мянган морины хүчтэй, тийрэлтэт онгоц шиг хурдан нисдэг, асар хүчирхэг Астрог цаашид олон сонирхолтой адал явдалтай хүлээж байдаг.

“Астро хүү” мангаг Mushi Production болон Tezuka Productions компаниуд хамтран гурван хэсэгт хөдөлгөөнт кино болгон хийснээр Японы хамгийн анхны аниме болсон юм. Хүүхэд багачуудын хамгийн хайртай баатар болсон Астро хүү нь Японы хамгийн анхны масс мерчендайзингэд ашигласан манга дүрүүдийн нэг болж, түүний дүрстэй тоглоом, цуглуулгын материалууд, хоол хүнсний бүтээгдэхүүн, хувцас, карт гэх мэт бүтээгдэхүүнээр асар их ашиг олсон байдаг. Зөвхөн 2004 оны мэдээгээр эдгээр бүтээгдэхүүнээс 3 тэрбум ам.доллар олсон байв.


09

Bleach

Мангака: Тите Кубо
Хэвлэлийн компани: Shueisha
Насны ангилал: Шоонен
Нийт гарсан бүлэг: 74
Гарсан он: 2001-2016
Борлуулалт: 120 сая хувь

Мангака Тите Кубог амжилтын оргилд хүргэсэн бүтээл “Bleach” 2001 оны 8 дугаар сард анх WSJ сэтгүүлд хэвлэгдсэн билээ.  Нийт 74 бүлэгтэй уг манга зөвхөн Японд л гэхэд 90 сая хувь, дэлхий даяар 120 сая хувь зарагдан бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай мангануудын нэг болсон байдаг. 2004 оноос аниме болсон ба бүрэн хэмжээний дөрвөн кино, 10 тайзны мюзикл, олон тооны видео тоглоомтой болсон юм.

Ахлах сургуулийн сурагч 15 настай Күросаки Ичиго 9 настайгаасаа хойш сүнс харах чадвартай болдог. Нэг орой Ичиго болон түүний гэр бүл рүү Хар сүнс (Hollow) дайрдаг бөгөөд яг энэ үед Шинигами охин Күчики Рүкиа Ичигог аврах гэж байгаад маш хүнд гэмтсэн тул аргагүй эрхэнд Ичигод өөрийн бүх хүчээ шилжүүлснээр манганы үйл явдлууд эхэлдэг. Үүнээс цааш тухайн мангаг нь 4 том аркад хуваан үзэж болох бөгөөд арк тус бүрд манганы 5 гол дүрийнхний тухай, тэдэнд тулгарсан асуудлуудыг харуулдаг.


08

Slam Dunk

Мангака: Такехико Иноуэ
Хэвлэлийн компани: Shueisha
Насны ангилал: Шоонен
Нийт гарсан бүлэг: 31
Гарсан он: 1990-1996
Борлуулалт: 121 сая хувь

Такехико Иноуэгийн бүтээсэн “Slam Dunk” манга бол бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай мангануудын нэг төдийгүй манга сонирхогчдын дунд спортын төрлийн хамгийн шилдэг манга хэмээн алдаршсан байна. Shueisha компанийн эрхлэн гаргасан “Slam Dunk” нь 1990 оноос хойш 6 жилийн хугацаанд нийт 31 бүлэг гарчээ.

Гол дүр Ханамичи Сакураги бол нэгэн бүлэглэлийн тэргүүн, хэрэг төвөгт байнга оролцож байдаг нэгэн. Охидын дунд нэр хүнд муутай тэрбээр 50 удаа “хаягдаж” байсан аж. Сакураги Шонан бүсийн Шохоку ахлах сургуульд ороод мөрөөдлийнхөө охин Харуко Акагитай танилцдаг. Биеийн хөгжил сайтай, өндөр, чадварлаг Сакурагиг сургуулийн сагсан бөмбөгийн багт орохыг Харуко ятгаснаар түүний амьдрал нь бүрэн өөрчлөгдөнө.

Toei Animation компани уг мангаг 101 ангит аниме болгон дэлхий даяар цацсанаар Ази, Европын орнуудад асар их амжилт олсон юм. Зөвхөн Японд л гэхэд 121 сая хувь зарагдсан “Slam Dunk”-ийн ачаар өсвөр насны хүүхдүүдийн дунд сагсан бөмбөгийн спорт хүчтэй дэлгэрч, хичээллэх залуусын тоо ч огцом нэмэгдсэнд Японы Сагсан бөмбөгийн холбооны зүгээс Иноуэд албан ёсоор талархал илэрхийлсэн байдаг.


07

Oishinbo

Мангака: Тэцү Карияа, Акира Ханасаки
Хэвлэлийн компани: Shogakukan
Насны ангилал: Сэйнен
Нийт гарсан бүлэг: 111
Гарсан он: 1983-2014 (завсарласан)
Борлуулалт: 130 сая хувь

“Oishinbo” хэмээх энэ мангаг Тэцү Кария бичиж, Акира Ханасаки зурсан билээ. Нэрийн хувьд Япон хэлний “oishii” буюу “амттай”, “kuishinbo” буюу “хоолон дуртай хүн” гэх хоёр үгийн нийлбэр. Нэрнээс нь харахад энэ манга юуны тухай гардаг нь ойлгомжтой байгаа байх. Мэдээж ХООЛ. Хоолны сэтгүүлч Широ Ямаока болон түүний найз бүсгүй (хожим нь гэрлэдэг) Юүко Курита нарын адал явдлыг өгүүлдэг.

“Oishinbo”-г 1983-2008 оны хооронд Shogakukan компани эрхлэн гаргаж байгаад завсарлан, 2009 оноос 2014 оны 5 дугаар сар хүртэл дахин үргэлжлүүлсэн юм. Тодорхой бус хугацаанд дахин завсарлаад байгаа нь уг мангад Фукушимагийн атомын цахилгаан станцад болсон ослын талаар буруу дүрсэлснээс болж ихээхэн шүүмжлэлд өртсөнтэй холбоотой юм. Ийнхүү завсарлахаас өмнө уг манга нь хамгийн удаан хугацаанд гарч буй мангануудын жагсаалтын 10 дугаарт бичигдэж байсан юм.

Бүлэг бүр нь дунджаар 1.2 сая хувь борлогдож байсан уг манга нийт 130 сая хувь зарагдсан билээ. Түүнчлэн Asahi телевизээр 136 ангит аниме нь гарсан байдаг.


06

Kochira Katsushika-ku Kameari Koen-Mae Hashutsujo

Мангака: Осаму Акимото
Хэвлэлийн компани: Shueisha
Насны ангилал: Шоонен
Нийт гарсан бүлэг: 200
Гарсан он: 1976-2016
Борлуулалт: 157 сая хувь

“Энэ бол Кацушика хорооны Камэари цэцэрлэгт хүрээлэнгийн урдах цагдаагийн хэлтэс” буюу “Kochikame” хэмээн товч нэрээрээ олонд танигдсан уг мангаг Осаму Акимото бичиж, зурсан юм. Хошин төрлийн энэ бүтээлд дунд эргэм насны цагдаа Канкичи Рёцүгийн бүтэлгүй боловч онц сонирхолтой адал явдлыг өгүүлдэг.

1976 оноос хойш тасралтгүй 40 жилийн турш WSJ сэтгүүлд хэвлэгдэхдээ нийт 200 бүлгийн 1960 боть гарсан байдаг нь хамгийн олон бүлэгтэй манга гэх рекордыг тогтоож, Гиннессийн рекордыг эзэмшдэг аж. Түүнчлэн Studio Gallop компани аниме болгон, Fuji телевизээр цацсан билээ. Уг мангаг өсвөр насны хөвгүүдээс эхлээд дундаж насны эрчүүд хүртэл шимтэн үздэг байна.


05

Golgo 13

Мангака: Такао Сайто
Хэвлэлийн компани: Shogakukan
Насны ангилал: Сэйнен
Нийт гарсан бүлэг: 187
Гарсан он: 1968 оноос хойш одоог хүртэл
Борлуулалт: 200 сая хувь

Мангака Такао Сайтогийн бүтээл “Golgo 13” (Gorugo Satin) бол 1968 оны 10 дугаар сараас хойш Shogakukan компаниас эрхлэн гаргадаг Big Comic сэтгүүлд хэвлэгдэж буй манга юм. Одоогийн байдлаар хамгийн удаан үргэлжилж буй манга ба нийт 187 бүлэгтэйгээр хамгийн олон бүлэгтэй манганы жагсаалтын гуравдугаарт бичигддэг байна. 1975 онд Shogakukan Manga Award-ын ялагч, 2002 оны Японы Мангака нарын нийгэмлэгийн дээд шагналыг хүртсэн юм. Ном, манга, сэтгүүл гэх мэт олон хэлбэрээр нийт 200 сая гаруй хувь борлогдсон “Golgo 13” бол Сейнен төрлийн хамгийн амжилттай бүтээл гэхэд болно. Бүрэн хэмжээний кино, аниметэй төдийгүй зургаан ч видео тоглоомтой.
Үйл явдлын хувьд Duke Togo хочит Голго 13 гэх хөлсний алуурчны амьдрал гарна. Үг цөөтэй эл алуурчин зөвхөн хэрэгтэй үедээ л ярих ба аллага үйлдэхдээ ямар ч сэтгэл хөдлөл гаргадаггүй. Тусгайлан тоноглосон М16 бууг ашигладаг тэрбээр улс төрийн зүтгэлтнүүд, зохион байгуулалттай гэмт бүлэглэлийн боссуудыг устгах захиалгын томоохон ажлуудыг гүйцэтгэдэг. Энэ ч утгаараа түүний дайснууд олон бий. Гэвч түүний талаар мэдээлэл маш ховор тул АНУ-ын Тагнуулын төв газар, Холбооны мөрдөх товчоо болон АНУ-ын зэвсэгт хүчин түүнийг олж, устгахыг оролддог. 


04

Case Closed/ Detective Conan

Мангака: Гошо Аояама
Хэвлэлийн компани: Shogakukan
Насны ангилал: Шоонен
Нийт гарсан бүлэг: 94
Гарсан он: 1994 оноос хойш одоог хүртэл
Борлуулалт: 200 сая хувь

Ахлах сургуулийн сурагч Жимми Кудо (Японоор: Шиничи Кудо) орон нутгийн цагдаагийн хэлтэстэй хамтран ажиллаж, хэрэг илрүүлдэг байв. Нэгэн удаа түүнийг Хар бүлэглэлийнхэн барин авч, туршигдаж байсан хор уулгадаг. Гэвч энэ хор Конаны амийг хөнөөхийн оронд бяцхан хүү болгон хувиргана. Өөрийн жинхэнэ төрхөө нуухын тулд өөртөө Конан Эдогава гэх нэр өгөх ба багын найз Рэйчл Моор (Ран Моури) болон түүний аав Ричард (Когоро Моури)-тай амьдрах болно. Ричард нь хувийн мөрдөн байцаагч бөгөөд Конан түүний хэргүүдэд туслах болдог. Харин хэргийн зангилааг тайлах үедээ Ричардад нойрсуулах тариа хийн, хоолойгоо өөрчлөн Ричардын дүрээр хэргийн шийдлийг тайлбарлаж өгдөг байна. Тэр маш олон ээдрээтэй хэргүүд дээр ажиллахын хажуугаар эргэн хэвэндээ орохын тулд Хар бүлэглэлийнхнийг зогсоохыг оролдоно.
Гошо Аояамагийн “Мөрдөгч Конан”-ы адал явдлууд 1994 оны 1 дүгээр сарын 19-нд WSJ сэтгүүлд гарч эхэлсэн цагаасаа хойш 2017 оны 12 дугаар сарын байдлаар 94 бүлэгтэй болжээ. “Detective Conan” гэдэг нэр нь зохиогчийн эрхийн дагуу олон улсад хэрэглэх боломжгүй тул англи хэл дээрх хувилбарыг “Case Closed” гэх нэрээр гаргадаг төдийгүй дүрүүдийг Америк нэртэй болгосон байдаг юм. 2001 онд 46 дахь удаагийн Shogakukan Manga Award-ын тэргүүн байрыг хүртсэн уг манга дэлхий даяар 200 гаруй сая хувь борлогдсон амжилтаар хамгийн өндөр борлуулалттай дөрөв дэх манга цувралаар тодорсон байна. 


03

Naruto

Мангака: Масаши Кишимото
Хэвлэлийн компани: Shueisha
Насны ангилал: Шоонен
Нийт гарсан бүлэг: 72
Гарсан он: 1999-2014
Борлуулалт: 235 сая хувь

Алдарт мангака Масаши Кишимотогийн “Naruto” цуврал 1999-2014 оны хооронд WSJ сэтгүүлд хэвлэгдсэн юм. Хүүхэд гэлтгүй, томчуудын шимтэн үзэх, унших дуртай дэлхийн хамгийн алдартай манга, анимегийн нэг “Naruto” нь авьяас, чадвар муутай ч бууж өгөхийг мэддэггүй Узумаки омгийн Наруто гэх нинжа хүү хокагэ болох мөрөөдлийнхөө төлөө хэрхэн зүтгэж, найз нөхдөө аврахын тулд хүчирхэг нэгэн болж байгааг өгүүлнэ.

Анх хэвлэгдсэн даруйдаа асар амжилттай болсон уг мангаг 2002 оны 10 сарын 3-наас аниме болгон цэнхэр дэлгэцээр цацжээ. Нарутогийн хүүхэд насыг харуулах нэгдүгээр хэсэг нь 220 ангитай ба 2002-2007 онд гарсан бол өсвөр насыг нь харуулах хоёрдугаар хэсэг буюу “Naruto Shippuuden” 2007-2017 оны хооронд 500 гаран ангитайгаар дууссан юм. Зөвхөн Японд төдийгүй дэлхий даяар сая сая үзэгчтэй болсон уг мангаг 35 оронд 235 сая хувь борлуулсан байдаг.

Дүрүүдийн хувирал, өсч том болох, хүчирхэг болох явцыг онц сонирхолтойгоор үзүүлэхийн хажуугаар нинжа, самурайн уламжлалт дүр төрхийг эрс өөрчилсөн хэдий ч Японы ардын домог үлгэрүүд, Күнзийн сургаалиудыг чадварлагаар ашигласан байдгаараа шүүмжлэгчдийн сайшаалыг хүртдэг билээ.

Хэдийгээр Нарутогийн зохиол дууссан ч Масаши Кишимотогийн дараагийн цуврал болох “Boruto” буюу Нарутогийн хүүгийн адал явдал мөн л амжилттай болох нь тодорхой болоод байгаа юм.


02

Dragon Ball

Мангака: Акира Торияама
Хэвлэлийн компани: Shueisha
Насны ангилал: Шоонен
Нийт гарсан бүлэг: 42
Гарсан он: 1984-1995
Борлуулалт: 300 сая хувь

Акира Торияамагийн 1984-1995 оны хооронд бүтээсэн “Dragon Ball” буюу “Луут бөмбөг”-ийг мэдэхгүй хүн үгүй биз. Shueisha компаниас эрхлэн гаргадаг уг манга нь 42 бүлгийн 519 ботитой. Торияамагийн бүтээсэн ертөнц дэлхийн өнцөг булан бүрт зуу зуун сая хүнийг байлдан дагуулжээ. “Dragon Ball” зөвхөн Япон улсад л гэхэд 159 сая хувь зарагдсан бол дэлхийн хэмжээнд 300 гаруй сая хувь борлогдсон амжилтаар энэ жагсаалтын хоёрдугаар байрт орж байна. Хятадын алдарт “Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” туужаас санаа аван хийсэн уг манга эхэндээ хошин маягийн байсан бол явцдаа адал явдалт, тулаант цуврал болсон юм.

Үйл явдлын хувьд, Мичин сүүлтэй Сон Гоку гэх хүү долоон Луут бөмбөгийн эрэлд гардаг. Долууланг нь цуглуулж чадвал Шенлонг луу сэрж, түүний юу санасан нэг хүслийг нь биелүүлж өгөх ёстой юм. Луут бөмбөгүүдийг хайх явцдаа үй олон адал явдалтай учирч, олон найзтай болохын хажуугаар олон дайсантай тулалдаж, удалгүй хорвоогийн хамгийн хүчирхэг тулаанчдын нэг нь болдог.

“Dragon Ball” бол домогт Масаши Кишимото (Naruto), Тите Кубо (Bleach), Эйчиро Ода (One Piece), Хиро Машима “Fairy Tail” зэрэг мангака нарын бүтээлд хамгийн их нөлөө үзүүлсэн манга гэгддэг.

Сонирхуулахад, 2013 онд “Луут бөмбөгийн ертөнц” гэх үзэсгэлэн Такашимаяа их дэлгүүрт нээлтээ хийхэд ердөө 19 хоногийн дотор 72 мянган хүн ирж сонирхсон байдаг. Нийт 7 хэсгээс бүрдсэн уг үзэсгэлэнд уг мангад дүрслэгдсэн 400 гаруй дүрийн түүх, мангакагийн гар зургууд, бичвэрүүд гэх мэт олон сонирхолтой эд зүйлс тавигдсан байна. Тэр бүү хэл 2015 онд гол дүр Goku гэх нэр нь японы “Go” буюу 5, “Ku” буюу 9 гэсэнтэй ижил дуудагддаг тул жил бүрийн 5 дугаар сарын 9-ний өдрийг “Гокугийн өдөр” хэмээн зарласан билээ.


01

One Piece

Мангака: Эйчиро Ода
Хэвлэлийн компани: Shueisha
Насны ангилал: Шоонен
Нийт гарсан бүлэг: 89
Гарсан он: 1997 оноос хойш одоог хүртэл
Борлуулалт: 440 сая хувь

Жагсаалтын тэргүүн байранд Эйчиро Одагийн бүтээсэн “One Piece” орж байна. 1997 оны 7 дугаар сарын 22-ны өдөр WSJ сэтгүүлд анх гарсан уг бүтээл одоогийн байдлаар 89 бүлэг, 913 ботитойгоор гарчээ.

Энэ ертөнцийн бүхнийг өөрийн болгосон далайн дээрэмчний хаан Гол Д Рожерын цаазлуулахаасаа өмнө хэлсэн "Миний эрдэнэс үү? Хүсэж байвал авч болно. Хайж ол! Би бүгдийг тэр газар орхисон!" гэх сүүлийн үг хүмүүсийг далай руу хөтлөх болжээ.

Энэ явдлаас хойш 22 жилийн дараа Монки Ди Луффи гэх залуу хүү далайн дээрэмчдийн хааны эрдэнэсийг олохоор далайд гардаг. Түүнийг 7 настай байхад нь хамгийн хүчирхэг далайн дээрэмчдийн нэг "Улаан үст" Шанксын хөлөг дээр байсан Резин Резин гэх чөтгөрийн жимсийг идсэнээр резинэн биетэй хүн болон хувирсан юм. Хамгийн дөлгөөн тэнгисээс дэлхийн хамгийн аймшигт тэнгисийн хязгаарт орших нууц арлыг чиглэн явах замдаа асар олон адал явдалтай учрах ба явсан газар бүртээ найзуудтай болж, өөрийн гэсэн хүчирхэг багийг бүрдүүлдэг.

One Piece-ийн ертөнц магадгүй бүх манганууд дундаас хамгийн баялаг, хамгийн өргөн цар хүрээтэй байх. Тэнгэрийн улс, лусын хүмүүс, аварга биетүүд, минк омгийнхон буюу хүн дүрст амьтад, одойчуудаас эхлээд уншигчдыг гайхшруулах зүйлс олон. Эйчиро Ода бүтээлдээ гарч буй бүх үйл явдлууд, дүрүүдийг маш нарийн бодож, тооцон бүтээсэн байдаг нь гайхамшигтай. Чухал дүр болгон маш ярвигтай түүхтэй байх бөгөөд тэр бүр нь уншигчдыг догдлуулж, баярлуулж, уйлуулж чаддаг. Магадгүй Эйчиро Ода энгийн нэг хөлөг онгоцны “үхлээр” хүмүүсийг уйлуулж чадах цорын ганц хүн байх. 1998 оноос хойш аниме болон гарч буй “One Piece” маш олон рекорд амжилт тогтоосон байдгийн дунд “хамгийн олон хэвлэгдсэн нэг зураачийн гаргасан комик цуврал” гэсэн Гиннессийн рекордыг эзэмшдэг юм. 2018 оны 5 дугаар сар гэхэд 440 сая хувь зарагдаад буй уг манга нь 2017 оны байдлаар 10 жил дарааллан хамгийн өндөр борлуулалттай мангагаар тодорсон гайхалтай бүтээл билээ. 


9.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (4)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+6
Naruto One piece-ийг дийлдэггүй л байсан юм даа. Гарсан жилүүддээ байнга нэгт гэж байгаа биз дээ.
+4
Dragon ball,Naruto odoo hvrtel garj bsn bol yun One piece hol hayh bsn bh
+7
Гоё сайт байнадаа
+11
One Piece-г хүүхэд байхаасаа л уншдаг байсан. Одоо хүүхэдтэй болчихоод хамт үзэж байна даа.Дөнгөж 60% дууссан гэсэн. Тэгэхээр ач, зээтэйгээ хамт үзэх юм байлгүй.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start