Арав.мн

Нэгэн зургийн түүх: Эрх чөлөөний зүг

Нэгэн зургийн түүх: Эрх чөлөөний зүг

Дэлхийн II дайны дараа Берлин хотыг эрхэндээ оруулсан Холбоотны хүчин хотыг дөрвөн бүсэд хуваагаад байлаа. Гэвч тэдгээр нь хоорондоо эрс ялгаатай байснаас зөвхөн Зөвлөлтийн мэдлийн хэсгээс гэхэд 1949-1961 оны хооронд 2.5 сая зүүн германчууд зугтаж дөнгөсөн байна. Иймд энэ олон хүний урсгал, хөдөлгөөнийг зогсоохын тулд Зүүн Германы удирдагч Вальтер Ульбрихтын тушаалаар 1961 оны наймдугаар сараас тэдгээр тойрог бүсүүдийг ялгаж зааглан төмөр тор татаж эхэлсэн нь хожмын Берлиний ханын суурь болжээ.

Хотын дунд төмөр тор тавьж эхэлснээс хэд хоногийн дараа “Associated Press” агентлагийн гэрэл зурагчин Питр Лейбинг ээлжит нэгэн “оргодол”-ыг баруун руу зугтах мөчийг хүлээн Баруун Берлиний хаалт хашлагатай бүсийн дэргэд камераа барин зогсож байв. Гэтэл эргэн тойрных нь хүмүүс гэнэтхэн дуу шуу орж “Хурдлаарай! Гүйгээрэй!” хэмээн орилолдоход хандсан зүг рүү нь эргэтэл хилийн залуухан цэрэг төмөр торыг давахаар гүйж айсуй нь харагджээ. Лейбингийн амжиж зургийг нь дарсан мөнөөх цэрэг 19 настай Ханс Конрад Шуманн гэгч байлаа. Төмөр торыг давмагцаа буугаа хаяж, өөрийг нь тосож авсан хүмүүстэй тэврэлдэн золгосон тэрээр энэхүү зургийн ачаар алдаршиж, коммунист дэглэмээс зугтсан Зүүн Германы анхны цэрэг гэгдсэн байна. Гэвч өөрийн мэдэлгүй барууны үзэл суртлын зэвсэг, харин зүүнтнүүдийн хувьд урвагч болсон нь түүнд хүнд тусчээ. Хүйтэн дайны үеийн хамгийн алдартай дүр зургийн нэгийг бүтээлцсэн Шуманн Берлиний хана нуран унасны дараа ч хуучны анд нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ уулзахаас цааргалж байв. Тэрээр олон жил сэтгэл санааны гүн хямралтай байсаар 1998 онд 56 насандаа өөрийгөө боомилон амиа егүүтгэжээ.

Энэхүү гэрэл зургаас сэдэвлэсэн “Ханын дээгүүр харайгч” нэртэй хөшөө өдгөө Шуманны хил давсан газарт сүндэрлэж байна.  


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start