Арав.мн

Суутнууд хазгай тархитай байдаг

Суутнууд хазгай тархитай байдаг

Бидний чадварт "хязгаар" үгүй. Гэвч...


06

Хүн уураг тархиныхаа ердөө аравны нэг хувийг л ашигладаг

Тэгэхээр логик аргаар үзэхэд суутнуудын “дээд ерөнхий удирдагч” нь үй олон сүлжээгээр ажилладаг байх нь. Гэтэл үнэндээ үгүй аж. Суутнуудын тархины муруй ердийн хүнийхээс бага нөлөөлөлтэй агаад ердийн хүмүүсийн тархинд тайван унтаж байдаг тархины доод, бүдүүлэг хэсэг нь суут хүний тархинд ажиллаж байдаг гэнэ. Энэхүү дүгнэлтийг Австралийн үндэсний их сургуулийн тархи судлалын төвийн мэдрэл судлаач Жон Митчелл, Аллан Снайдер нар хийсэн байна. Судлаачид бусдаас давуу сэтгэдэг оюуны чадвар өндөртэй хүмүүсийг хэдэн жилийн турш судалсан байна. Тэд судалгаанд хамрагдсан хүмүүсийнхээ толгойд эрхтнээс мэдрэхүйд хүрэх мэдээлэл боловсрогдох үед тархины аль хэсгүүд ажилладгийг мэдэх боломжтой төхөөрөмж суулгажээ.

Тэгэхэд шил, болор зүйлийн туяаг нүднээ тусгахад харсан зүйлээ мэдэрч, танихад ойролцоогоор секундын дөрөвний нэгтэй тэнцэх хугацаа шаардагддаг нь тодорхой болсон байна. Харин ердийн хүн энэ хугацаанд мэдээллийг автоматаар ойлгож эхэлдэг аж. Гэхдээ мэдээллийг боловсруулахдаа харсан зүйлээсээ ерөнхий төсөөлөл үлдээн тархиндаа очсон мэдээллийн дийлэнхийг устгадаг байна. Харин суут ухаантан бүхнийг хэсэгчлэн, уран зөгнөл маягаар хүлээн авч боловсруулдаг. Зөвхөн харах ч бус сонсох чадварын хувьд ч ялгаагүй. Ердийн хүн сонссон хөгжмөө бүхлээр нь хүлээн авдаг бол суутан тусгайлсан хэсэг авиа сонсдог ажээ.


05

Бидний бүх авьяас, чадвар ухамсар дор булшлагдсан байдаг

Хүн бүр хэмжээлшгүй чадвартай байдаг бөгөөд энэхүү чадвараа сэргээж хөглөх тийм ч хэцүү биш гэж доктор Аллан Снайдер дүгнэжээ. Гэвч байгаль эх өөрөө хүнд бүхий л чадварыг нь ашиглах боломжийг олгодоггүй. Яагаад гэвэл “суутны тэнэглэл” түүнд хэрэггүй. Тухайлбал, 2050 оны аль нэг сарын эхний өдөр долоо хоногийн ямар өдөр байхыг агшин зуур тооцоолох шаардлага бидэнд бий гэж үү? Yүнийг тооцоологч хүмүүс секундын дотор л хэлчихнэ. Гэхдээ ердийн хүмүүс ч үүнийг агшин зуур тооцоолох чадвартай гэж эрдэмтэд үзэж байна. Гэвч бидний тархины дээд хэсгүүд иймэрхүү мэдээлэл ямар ч ашиггүй гэдгийг ухамсарладаг болохоор түүнийг гүйцээлгүй ухамсар дороо орхидог байна. Түүнчлэн эрдэмтдийн үзэж буйгаар, ердийн хүмүүсийн дийлэнх нь авьяаслаг хөгжимчдийн туурвидаг хөгжмийн уран бүтээлд аль ч нотны үргэлжлэл, өндрийг хоромхон зуур тодорхойлох чадвартай гэнэ. Гагцхүү бидний тархи тэнэглэлийн эсрэг ажиллаж эхэлдэг. Yүний үр дүнд бид хөгжмийг тусгай нотны үр дагавар бус бүхэл зүйл болгон хүлээж авдаг байна.


04

Тархины муруй зам

Суутнуудын тархины аль нэг хэсэг нь төрсөн цагаасаа эхлэн бусад хэсэгтээ санаа тавихуйц эрчимтэй хөгжиж эхэлдэг гэж мэдрэл судлаачид үздэг. Энэхүү хамгийн чадвартай хэсэг нь өөрөө томорч бусад хэсгээсээ илүү товойж эхэлдэг байна. Энэ үед хүн гайхалтай багтаамж бүхий санах ой, хөгжмийн чадвар юмуу шатрын авьяас зэргээрээ бусдыг гайхшруулж, бусдаас давуу гэдгээрээ илэрхий болдог. Саяхан Альберт Эйнштейний тархийг судалснаар эрдэмтэд энэхүү дүгнэлтийг бататгасан байна. Түүний тархины математик чадварыг хариуцсан хэсэг нь бусдаасаа хөгжил сайтай том байжээ. Гэхдээ тархины муруй нь бусад хэсгүүдээ хязгаарлагч бүслүүрээр хөндлөн гараагүй байж. Харин ердийн хүний тархины муруй бусад хэсгийн бүслүүрийг хөндлөн гарсан байдаг байна.


03

Аутистууд толгойндоо цагтай

Аутизм өвчнөөр шаналсан хүүхдүүдийн дотор авьяаслаг зураач, хөгжимчин, математикч цөөнгүй байдаг гэж Австралийн эрдэмтэд үзжээ. Аутизм гэдэг нь хүмүүстэй харьцахдаа муу, харьцааны ухаанд суралцахдаа ч авьяас, чадваргүй чанарыг илэрхийлдэг өвчин аж. Иймэрхүү хүмүүсийн амьдралыг тод томруун өгүүлсэн найруулагч Бэрри Левинсоны “Борооны хүн” гэдэг кино ч бий.

Доктор Жон Митчелл аутистууд хэвтэж эмчлүүлдэг эмнэлэгт зургаан настай Жеймс охинтой танилцсан тухайгаа ярьжээ. Жеймс ямар ч үед цаг харалгүйгээр тухайн үеийн цагийг минут, секундтэй нь зөв хэлж чаддаг гэнэ. Тус эмнэлэгт эмчлүүлж буй хүүхдүүд тус бүртээ өвөрмөц чадвартай байжээ. Тухайлбал, таван настай Женни охин ямар нэг зүйлийг харангуутаа хэмжээ, кг-ийг нь алдалгүй хэлдэг байна. Мөн 15 настай Кристофер 24 орны хэл мэддэг. Аутистуудын энэхүү чадвар нь тархины зарим хэсгүүдийн салан тусгаарлалтын үр дүн гэж зарим эрдэмтэн тайлбарладаг байна. Янз бүрийн мэдээллийг хамтад нь холбож, ерөнхий шийдвэр гаргах боломжтой болсон тархины салан тусгаарлагч эдгээр хэсгүүд бусдаасаа хүчтэй болон хөгжиж санаанд багтамгүй чадвар эзэмшихэд хүргэдэг байна.

Ухаалаг байдал, учир шалтгааныг илэрхийлдэг тархины зүүн талын тал бөмбөрцөг аутистуудын хувьд муу ажилладаг ажээ. Харин мэдрэхүй, сэтгэл санааны хөдлөл зэргийг хариуцдаг баруун тал нь ердийн хэмжээнээс дээгүүр хөгжилтэй байж ямар нэг онцгой авьяасын үүслийг өдөөдөг байна. Хэрэв аутистуудын зүүн тал бөмбөрцгийг эмчилж сайн ажиллагаатай болговол тэдний бүхий л авьяас чадвар үгүй болох аж. Суутнуудын дийлэнхийнх нь тархи мөн ийм бүтэцтэй. Тиймээс авьяастнууд, аутистуудын хооронд ижил, төстэй зүйл олон бий.


02

Суутныг төрүүлнэ

“Өнөөдөр шинжлэх ухааны тархи, оюун ухаан судлалын салбар авьяас, оюун ухаантныг төрүүлэх томоохон нээлтийн босгон дээр зогсож байна” гэж доктор Снайдер үзэж байгаа аж. Тэрбээр “ойрын 10 жилд бид хүний тархины аль хэсгийг унтрааж, асаах хэрэгтэйг тодруулах судалгаа хийнэ. Ингэснээрээ бид ердийн хүнийг Леонардо да Винчи юмуу Пифагор болгоно” гэжээ.


01

Yр хөврөл ч оюун ухааны сонжоо

АНУ-ын эрүүл мэндийн үндэсний их сургууль төрөлхийн гоц авьяастай 200 хүүхэд мөн ийм тооны дунд түвшний оюун ухаантай хүүхдүүдийг ДНК-ийн шинжилгээнд хамруулан ажиглаж буй аж. Энэхүү шинжилгээний эцсийн дүгнэлт гарах болоогүй ч суу билэг оюун ухааны хөгжилд эрдэмтдийн тооцоолсноос хамаагүй эрт нөлөөлдгийг эрдэмтэд батлан хэлж байна. Хүн гэдэг хүрээлэн буй орчин болоод боловсрол, хүмүүжлээс бүхий л зүйлээ хүлээн авдаг “цэвэрхэн самбар” гэж олонхи эрдэмтэн өнөөг хүртэл дүгнэсээр ирсэн. Гэвч энэ бол буруу үзэл гэж бид үзэж байна гэж шинжилгээний багийн тэргүүн Роберт Пломин ярьжээ. “Ухаалаг чадварын хөгжилд удамшлын дүрийг тодруулах шаардлагатай. Тиймдээ ч эрдэмтэд бяцхан хүүхдүүдийн төдийгүй үр хөврөлийн оюун ухааныг шалгах суу билгийн сонжоо бүтээхээр зэхэж байна” тэрбээр тодотгосон байна.


8.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start