Арав.мн

Усны дутагдал хүүхдийн бие махбодод хэрхэн нөлөөлдөг вэ?

Усны дутагдал хүүхдийн бие махбодод хэрхэн нөлөөлдөг вэ?

Хавар цас ханзарч, гол горхи хөдөлгөөнд орон, шувуудын шулганаа ихэсдэг. Гэвч энэ гайхалтай цагаар эмч нар, ялангуяа хүүхдийн эмч нар сайхан мэдээ дуулгана гэж үгүй. Архаг хууч өвчнүүд хаврын ядаргаатай зэрэгцэн илрэхээс гадна ходоод гэдэсний болон бусад халдварт өвчин энэ үед идэвхждэг. Эдгээр өвчний дийлэнх шалтгаан ердийн уснаас үүсэлтэй байх нь цөөнгүй. 


08

Хүүхдэд яагаад ус хэрэгтэй вэ?

Дунд сургуулийн биологийн хичээлээс бид бүхэн хүний биеийн 60 хувийг ус эзэлдэг гэсэн ойлголтыг авдаг. Энэ нь хэрвээ таны биеийн жин 75 кг бол тэдгээрийн 50 хувь нь гэсэн үг. Гэхдээ хүүхдийн бие махбодод насанд хүрсэн хүнийхээс илүү их ус агуулагддаг.

Нэгээс арван нас хүртэл хүүхдийн бие махбодын 65 хувийг ус бүрэлдүүлдэг. Тэр ч байтугай шинэ төрсөн хүүхдийн 78 гаруй хувь, хараахан мэндлээгүй хэвлийдээ байгаа хүүхдийн 90 хувийг ус эзэлдэг гэдгийг анагаах ухааны доктор Наталия Урусова онцолжээ. Тиймээс ундны усны чанар хүүхдэд томчуудаас илүү чухал байдгийн шалтгаан нь энэ. Ус амьдралын олон үйл ажиллагааг тэтгэгч олон талт шингэн. Усны дутагдал хүний бие махбодын бүхий л үйл ажиллагаанд аюул учруулдаг. Хүүхэд байнгын идэвхтэй хөдөлгөөнд оршдог тул энэ хэрээр усны шаардлага нэмэгддэг. Ээжүүд ерөнхийдөө үүнийг мэддэг тул хүүхдээ салхилуулах юм уу биеийн тамирын бэлтгэл сургуулилтанд явуулахдаа лонх ус, шүүс бэлтгэж өгдөг. Хүний бие махбод нийт шингэнийхээ дөнгөж хоёр хувийг алдахад хөдөлмөрийн чадвараа хорин хувь алддаг байна. Харин гурван хувийг алдвал биеийн дулааны хувьд онцгой аюул дагуулдаг.


07

Хүүхдүүд цангаж буйгаа тэр бүр мэдэрдэггүй

Хүүхдүүд цангаж буйгаа шингэн дутагдах бүрийд мэдэрнэ гэж үгүй. Усны дутагдлаас болж ядрах, бухимдах, толгой эргэх, бөөлжис цутгах зэрэг шинж илэрч болно. Иймэрхүү таагүй шинж тэмдэг нь усны дутагдлаас болдгийг хүүхдүүд болон эцэг эхчүүд нь ч анзаарахгүй байх нь элбэг. Усны дутагдал зөвхөн бие махбодын ядаргаа бус оюуны үйл ажиллагаан дээр ч илэрдэг. Тодорхой хэмжээний усны алдагдлаас болж биеийн халуун тэр тусмаа тархины халуун ихэсч анхаарлын даралт буурдаг. Үүнээс болж ой тогтоолт муудан, уймраа болдог аж. Иймэрхүү асуудалтай болсон хүүхдүүд хичээлийн үеэр бусдыгаа үймүүлэх, хичээлдээ анхаарал сонирхолгүй болдог. Тиймээс хүүхдийг тогтмол “усалж” байх шаардлагатай.


06

Хүүхдэд ус дутагдвал юу болох вэ?

Хүүхдийн архаг ус дутмагшил хүүхдийн эмч нарыг зовоож буй гол асуудал гэж хүүхдийн эмч нар онцолж байжээ. Хэрвээ хүүхэд шаардлагатай хэмжээний усаа удаан хугацааны турш авахгүй байвал бөөр, хоол боловсруулах архаг өвчний суурь бэхлэгдсээр байдаг аж. Тиймээс цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдийн өдрийн усны дэглэмд онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн захиргаа хүүхдийг усаар чөлөөтэй хангах бүхий л нөхцлийг бүрдүүлсэн байх ёстой аж. Хүүхэд дийлэнх цагаа өнгөрүүлдэг орчинд халуун, хүйтэн ус цэвэршүүлэгч төхөөрөмж зайлшгүй байрлуулж, сургууль, цэцэрлэгийн хүүхдийн хоолны газрыг ус ундааны өргөн сонголттой байлгах хэрэгтэй гэнэ. Хүүхэд хүссэн үедээ өөрийн дураар ус, шингэн зүйл хэрэглэж болох тийм боломжоор хүүхдийн байгууллагууд нэн түрүүнд хангагдах ёстойг хүүхдийн эмч нар анхааруулж байна. Эцэг, эхчүүд ч хүүхдийнхээ ундны усны өдрийн дэглэмийг гэртээ онцгой баримтлах ёстой. Тоглож, байнгын хөдөлгөөн хийж буй хүүхдэд ойр ойрхон зайтай ус уулгах нь зүйтэй. Цэцэрлэгийн болон цэцэрлэгээс өмнөх насны бяцхан хүүхдүүдэд шингэний хангалт хамгийн чухал нь. Тэд сургуулийн насны хүүхэдтэй харьцуулахад цангаж буйгаа илэрхийлж чадахгүй, мэдэхгүй, өөрөө ус аваад уучихгүй тул шингэний дутагдалд өртөх нь олонтаа. Бага насны хүүхдэд усны дутагдал нулимсгүй уйлах, хэлний хуурайшил, мэнгэ, үү гарах, арьс хуурайшиж өнгөө алдах, гэнэт цочих, татах зэрэг шинж тэмдгээр илэрдэг. Иймэрхүү тохиолдолд даруй эмчид хандах нь зүйтэй. Харин эмч ирэх хүртэн нэг шилэн аягатай усанд 0,5 мл давс юм уу нэг цайны халбага элсэн чихэр хутган хүүхэддээ бага багаар тогтмол уулгах хэрэгтэй. 


05

Сүү юу? Шүүс үү?


Хүүхдэд ямар шүүс илүү тохиромжтой вэ? Хүүхдийнхээ эрүүл мэндэд онцгой анхаардаг ээжүүд сүү юм уу шинэхэн жимсний шүүс хүүхэддээ уулгахыг эрхэмлэдэг. Мэдээж эдгээр нь хүүхдийн хоолны цэсэнд байх шаардлагатай. Сүү нь кальцийн орлуулашгүй эх үүсвэр бол жимсний шүүсэнд шаардлагтай амин дэмүүд агуулагддаг. Гагцхүү бүхнийг хэмжээтэй хэрэглүүлэх ёстой. Сүүний илүүдэл нь илүүдэл жин үүсэх нөхцлийг бүрдүүлдэг бол жимсний шүүс ихэдснээр ходоод, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг алдагдуулж, хөөнгө байдалд хүргэнэ. Орчин үеийн зөвлөмж ёсоор бага насны хүүхдэд өдөрт 200-250 мл тослоггүй сүү өгөх нь зүйтэй. Харин жимсний шүүсийг зургаа хүртэлх насны хүүхдэд өдөрт 100-150 мл, зургаагаас дээш насны хүүхдэд 200-300 мл өгөхөд хангалттай аж. Гэвч ундны устай зэрэгцүүлж юм уу бага багаар өгөх ёстой. Мөн хүнсний ногооны шүүс болон жимсний шүүсийг оройн цагаар өгөх ёсгүй гэнэ.

“Хүүхдийн нэг өдрийн хоолны цэсэнд сүү, жимсний шүүс байх шаардлагатай. Хатаасан жимсний ундаа, ногоон ургамлын цай, эрдэсжүүлсэн ус зэргийг ч мартаж болохгүй” гэж Москвагийн анагаах ухааны их сургуулийн хүүхдийн өвчний тэнхимийн профессор, анагаах ухааны доктор Сергей Бельмер зөвлөжээ.


04

Амьд ба амьгүй ус

Дэлхийн олон оронд тулгамдаад буй асуудлын нэг. Хүн ардынхаа ундны эх үүсвэр болсон томоохон гол мөрөнд аж үйлдвэрийн болон нефть, органик хаягдал хаядаггүй улс орон цөөхөн болсон. Тиймээс бохир ундны усны аюул хүүхдийн эрүүл мэндийн гол дайсан болоод байна. Ялангуяа хүүхдийн хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд химийн элдэв хорт бодисын агууламж бүхий ус хамгийн их аюулыг дагуулж буй. Бохир ундны уснаас болж Оросын зарим мужид л гэхэд 5-14 насны хүүхдийн талаас илүү хувь буюу 56 хувь нь ходоод гэдэсний архаг өвчтэй болоод буй аж.

Хүүхэд зөвхөн цэвэр ус уух ёстой. Үүний тулд эцэг, эх яах ёстой вэ?

Юун түрүүнд өөрийн амьдарч буй бүс нутаг, ундны усны эх үүсвэрийнхээ бүтцийг тодруулах хэрэгтэй. Хэрэвзээ шаардлагад нийцэхгүй нь тогтоогдвол гэртээ ус цэвэршүүлэгч байрлуулах нь зүйтэй. Ус цэвэршүүлэгч ахуйн шүүлтүүр сонгохдоо бохир уснаас чухам юуг шүүж цэвэрлэдгийг сонирхоорой. Хэрвээ танд санал болгож буй шүүлтүүр усанд агуулагддаг хлор болон бусад хорт бодисоос гадна бүхий л давсыг шүүдэг бол энэ нь нэрсэн устай бараг адил тул хүүхдэд тийм ч тохиромжтой бус. Ийм ус бие махбодоос ч хэрэгцээт давсыг гадагшлуулан хөөдөг тул “амьгүй” ус гэгддэг. Хүүхдэд эрдсийн бүтцийг тэнцвэржүүлсэн ус хамгийн тохиромжтой. Ийм усанд хамгийн ойр нь булгийн ус буюу газрын гүнээс оргилж буй цэвэр ус юм. Ий ус бие махбодыг хэрэгцээт давсаар хангахаас гадна эрүүл мэндийн бүхий л систем, дотоод эрхтний үйл ажиллагааны тэнцвэрт байдлыг хангадаг.


03

Хүүхэд хэр их ус уух ёстой вэ?


Эл асуултанд нарийн зөв хариулах боломжгүй. Учир нь хүүхэд бүр өөр. Ус, ундаа их уудаг хэсэг байхад бага уудаг хэсэг байна. Эмч нар энэ тал дээр чихэрлэг ундаа бага өг гэж ерөнхийд нь зөвлөдөг. Харин шингэний хэрэгцээ дутагдал хүүхэд бүрт харилцан адилгүй тул хүслээр нь өгөх нь зүйтэй гэнэ. Мөн 18 хүртэлх насны хүүхдэд өтгөн цай, кофе, какао зэргийг хэрэглүүлэхээс татгалзах нь зүйтэй.

АНУ-ын эрүүл мэндийн үндэсний хүрээлэн янз бүрийн насны хүүхдэд шаардлагатай усны хэмжээг тодорхойлохыг оролджээ. Энд зөвхөн өдрийн туршид хоолны цэсэнд орох цэвэр ус бус уух ундаа, хоол цайнд агуулагдах усны хэмжээг ч оруулжээ. Хэрвээ бид өдөрт иддэг хоолоороо бие махбоддоо хэрэгцээт усныхаа гуравны нэгийг хүлээж авдаг бол хүүхэд янз бүрийн шингэн, усыг ямархуу хэмжээгээр хэрэглэж болохыг тогтоож болно.


02

Жишээ 1

Шинэ төрсөн хүүхдэд хоногт дунджаар 270 мл /90 мл х 3 кг/ ус шаардагддаг. Ийм хэмжээний ус 385 мл хөхний сүүнд агуулагддаг. Тиймээс хүүхдийг хөхөөрөө хооллох шаардлагатай гэж анагаахынхан зөвлөдөг. Хөхөөрөө хооллож буй хүүхдэд зургаан сар хүртэл хэрэгцээт ус шаардлагагүй. Харин нэмэгдэл тэжээлээр хооллодог бол ус өгөх шаардлагатай аж.


01

Жишээ 2

Арван дөрвөн настай, 50 кг жинтэй өвсөр насны хүүхэд өдөрт дунджаар 2750 мл ус шаардагддаг. Үүний 30 хувь /800мл/ нь хоолонд агуулагддаг гэж үзвэл өдрийн туршид 1950 мл ус уух шаардлагатай аж. Гэхдээ өвсөр насны эрэгтэй хүүхдэд үе тэнгийн охидоос 10 хувиар илүү ус шаардагддаг байна.


9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start