Арав.мн

Хамгийн хачин жигтэй 10 музей

Хамгийн хачин жигтэй 10 музей

Дэлхий дээрх мянга мянган музей дунд олон нийтэд хачин сонин, жигтэй гаж зүйл дэлгэдэг музей олон бий. Тэдгээрээс сан хөмрөгийн хэмжээ, үзэгчдийн тоо, тав тух, музейн зэрэглэлд нийцэх, эсэх зэрэг олон үзүүлэлтийг харгалзан дараах 10 музейг онцоллоо.


10

Олон улсын нөхөрлөлийн танхим

Олон улсын зочид төлөөлөгч, төрийн тэргүүн нарын Хойд Солонгосын эцэг, хүү удирдагчид өгсөн 90 мянга гаруй бэлэг дурсгалын зүйлийг агуулсан уг музей энэ жагсаалтад багтсан музейнүүдээс хамгийн арвин сан хөмрөгтэй нь юм. Олон улсын нөхөрлөлийн танхим нь Мионхянь уулын бэлд оршдог бөгөөд Ким Ир Сен, Ким Чен Ир нарт дэлхийн удирдагчдын өгсөн бэлгүүд 120 гаруй өрөөг нь дүүргэжээ. 90 мянга гаруй бэлгийн 69378 нь 155 орноос Ким Ир Сенд өгсөн дурсгалын зүйлс бол 20 мянга гаруй нь түүний хүү Ким Чен Ир, ач хүү Ким Жон Ун нарт нь бэлэглэсэн зүйлс гэнэ. Чамин тансаг, гайхмаар олон бэлэгнээс Мао Зедун, Иосеф Сталин нарын Ким Ир Сенд бэлэглэсэн ногоон машин олны анхаарлыг хамгийн их татдаг. Хойд Солонгосын мөнхийн удирдагчид хамгийн олон бэлэг илгээсэн орон ЗХУ бол хамгийн цөөнийг илгээсэн нь есхөн зүйл дурсгасан АНУ гэнэ.


09

Зүлэг тэгшлэгчийн музей

Энэхүү музей Их Британийн нутагт бий. Тус улсын Ланкаширийн тойргийн Саутпорт хотод оршдог Зүлэг тэгшлэгчийн музейд 1830 онд бүтээгдсэн анхны зүлэг тэгшлэгчээс эхлээд орчин цагийн хөдөлгүүрт, цахилгаан тэгшлэгч хүртэлх 200 гаруй төрлийн зүлэг тэгшлэгч машин бий. Уг музей 1945 онд байгуулагджээ.


08

Марикинагийн гутлын музей

Филиппиний тэргүүн хатагтай асан Имельда Маркосын гутлын цуглуулгаас эхтэй Марикина хот дахь гутлын музейд өдгөө 15 мянга гаруй хос гутал бий. Тэдгээрийн 3000 гаруй нь хатагтай Маркосын хувийн цуглуулга аж. Гар аргаар урласан гутлаараа алдартай Марикина хотынхон 200 орчим жилийн түүхтэй гутал хийдэг уламжлалаа дэлхий дахинд таниулж, алдаршуулахын тулд 2001 онд уг музейг нээжээ. 


07

Муу бүтээлийн музей

1993 онд байгуулагдсан Муу бүтээлийн музейд уран зургийн мэргэжилтнүүдийн аймшигтай, муухай хэмээн дүгнэсэн 400 гаруй зураг бий. АНУ-ын Массачусетс мужийн Дедхэмийн талбай болон Сомерсвилл хотод хоёр салбартай уг музейн үзмэрүүд өдөр бүр солигддог бөгөөд өдөрт 30-40 бүтээлийг л олонд дэлгэдэг байна. 


06

Тайчигчдын хувцасны музей

Америкийн Лос-Анжелес, Лас Вегас хотыг холбогч 66 дугаар хурдны зам дээр орших Тайчигчдын хувцасны музей зуун жилийн тэртээх цэнгээний газрын бүжигчин бүсгүйчүүдийн хувцаснаас эхлээд цэргүүдэд үйлчилж асан цэнгүүлэгч хүүхнүүд, Холливудын алдартнуудын хувцас, мэргэжлийн тайчигчдын гаж өмсгөл гээд 500 гаруй үзмэртэй. 


05

Муттерийн музей

АНУ-ын Пеннсилвани мужийн Филадельфи хотод орших Муттерийн музей бол энэ жагсаалтад багтсан хамгийн аймшигтай, жихүүцэж жийрхмээр газар юм. Уг музейд хүний дотор эрхтнүүд, араг яс, гавлын яс болон эмэгтэй хүний ясаар хийсэн саван, сиамын ихрийн араг яс зэрэг зөвхөн анагаах ухааны нарийн мэргэжилтнүүдийн л тавгүйтэхгүйгээр үзэх зүйлс бий. 


04

Нохойн хүзүүвчний музей

Тэжээвэр амьтнаа гэр бүлийн гишүүн шигээ санадаг мянга мянган хүн Лондон хот дахь Лидсийн цамхагт орших нохойн хүзүүвчний музейг зорьж очдог. Уг музейд 100 гаруй үүлдрийн нохойд зориулсан Дундад зуунаас өнөөг хүртэлх үеийн 5000 гаруй хүзүүвч бий. Нохойн хүзүүвчний музейг Америкийн уугуул Олив Уилсон Филмер буюу хожим "Бэйли хатагтай" нэрээр Англид танигдсан эмэгтэй 1930-аад онд байгуулжээ.


03

Секс тоглоомын музей

Чехийн нийслэлд орших, олон хүний мэдэх сексийн музейгээс ялгаатай нь энэхүү музей зөвхөн эмэгтэй хүнд зориулсан секс тоглоомуудыг дэлгэжээ. Америкийн Сан Франциско хотод байх уг музейн сан хөмрөг сүүлийн жилүүдэд эрчимтэй арвижиж буй бөгөөд гурван жилийн өмнө 500 орчим байсан үзмэрийнх нь тоо саяхан 2000 давсан байна. 


02

Сулабын жорлонгийн музей

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод орших Сулабын жорлонгийн музейд ариун цэврийн бүтээгдэхүүн, эд хэрэгслийн түүх, жорлонгийн үүсэл, хөгжлийг харуулсан олон мянган жорлон бий. Жорлонд зориулсан дэлхий дээрх цорын ганц музейг байгуулсан А.Сулаб хэмээх эрхэм эрүүл мэндийн салбарт насаараа зүтгэсэн нэгэн бөгөөд боловсронгуй жорлон хүний эрүүл ахуйд хэчнээн тустайг жорлонгийн түүхээр харуулахыг зорьсон байна. 


01

Бэлгэ эрхтний музей

Исландын нийслэл Рейкьявик хотод байх Бэлгэ эрхтний музейд тус улсад байдаг бараг бүх амьтны эр бэлгэ эрхтэн бий. Шумуулаас эхлээд аварга цэнхэр халим, заан хүртэлх Исландын нутагт байдаггүй олон зуун амьтны бэлгэ эрхтэн ч энд байдаг. Харин ганцхан хүний ичимдэг эрхтний “чихмэл” л байхгүй гэнэ. 


8.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сонирхолтой мэдээ мэдээлэл авч байгаадаа баяртай байна.. Бугдэднь ажлын амжилт
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start