Арав.мн

Жирэмслэлтээс хамгаалах хамгийн эртний хэрэгсэл

Жирэмслэлтээс хамгаалах хамгийн эртний хэрэгсэл

2600 орчим жилийн өмнө Африкийн хойд хэсэгт орших Кирен хотод суурьшсан грек иргэд Газар дундын тэнгисийн эрэг орчмоос нэгэн онцгой ургамал илрүүлсэн нь хожим өөрсдөд нь төдийгүй үр хойчид нь үлэмж хэмжээний хөрөнгө мөнгө, нэр хүнд авчирчээ. Тэр ургамал хүн төрөлхтний түүхэн дэх жирэмслэлтээс сэргийлэх хамгийн эртний хэрэгсэл байлаа.


10

Байгалийн гамшгаас үүдсэн нээлт

2600 жилийн өмнө буюу МЭӨ 630 оны үед Грекийн Тера аралд ган гачиг нүүрлэжээ. Төрж өссөн нутагтаа амьдрах аргагүй болсон Терагийнхан уур амьсгалын илүү таатай орчин, амьдран суух шинэ газар орон эрж, өмнө зүгийг зорин алсын замд гарснаас энэхүү шидэт ургамлын түүх эхэлнэ. Байгалийн гамшгаас зугтсан тэдгээр грек иргэд өнөөгийн Ливийн нутагт орших Кирен хотод суурьшсанаар эргэн тойрны газар нутгийг нь ч мөн эзэмших болжээ. Уг хот хожим Хойд Африк дахь Грек-Ромын нөлөө бүхий хамгийн эртний, хамгийн чухал таван хотын нэг болсон түүхтэй. Киренийг грек болгох, хожмоо мөнөөх шидэт ургамлын худалдааны төв болох үндэс суурийг тэгэхээр байгалийн гамшиг тавьжээ.


09

Аварга гоньд

Шинэхэн киренчүүдийн нээсэн мөнхүү ургамал цагийн явцад уг хотын эдийн засгийн гол тэтгэгч болсны дээр хотын алт, мөнгөн зоосон дээр хүртэл мөнхөрчээ. Тэдгээр зоосон дээр ихэвчлэн нэг гартаа дээрх ургамлыг бариад, нөгөө гараа хэвлий тус газраа болон бэлэг эрхтэндээ хүргэн сууж буй эмэгтэй хүнийг дүрсэлсэн байна. Сильфий (Silphium) хэмээх энэ ургамал зүрхэн хэлбэрт жимснийхээ хамт эртний ертөнцөд дур хүсэл, эрх чөлөөний бэлгэдэл болж байв. Учир нь шидэт гэгдсэн уг ургамал эмэгтэйчүүдийг хүсээгүй жирэмслэлтээс хамгаалдаг байж. Сильфий нь Газар дундын тэнгисийн эрэг дагуух чийг багатай дов толгодоор ургадаг нэгэн төрлийн аварга гоньд юм.


08

Хайр дурлалын бэлгэдэл

Хойд Африкийн шинэхэн грек иргэд Кирен хотод суурьшмагцаа сильфийн үр амтат хачир болдгийг, шаргал дэлбээнээс нь тансаг үнэр ялгардгийг мэджээ. Цагийн эрхээр эл ургамлын хэрэглээ ихсэж, өөр олон давуу чанар, ид шид нь илэрсэн байна. Могойд хатгуулах, халуурах, хоолой үрэвсэх, дотор эвгүйрхэх зэрэг олон өвчин зовуурийг аварга гоньдоор анагаах болов. Харин хамгийн биширмээр шид нь яах аргагүй жирэмслэлтээс сэргийлдэгт оршино.
Жирэмслэлтээс сэргийлдэг гайхамшигт ургамлын тухай яриа эртний Европ, Африк, Ази даяар тархаж, төрөл бүрийн гоньд зээлийн газруудад хэдхэн жилийн дотор хамгийн эрэлттэй бараа болжээ. Улмаар сильфийн үр тухайн цагийн хамгийн чинээлэг орнууд болох Грек, Ром, Египет, Энэтхэгт ихэд тархсан байна. Эдгээр нутагт сильфий нийгэм, соёлынх нь салшгүй хэсэг болтлоо дэлгэрсэн бөгөөд зарим эх сурвалжид хайр дурлалын бэлгэдэл болон дүрслэгдсэн байдаг. Тухайлбал, Ромын яруу найрагч Катуллын “гоньдны үнэрт Кирений талд хайрттайгаа учирсан”, “сильфийтэй мэт удаан жаргасан” зэрэг мөртийг дурдаж болох юм.


07

Хөрс голомтгой ургамал

Гэхдээ тун богино хугацаанд нэр олж, хэрэглээ нь өссөнтэй харьцуулахад сильфийн тархац, тариалангийн талбай огт тэлээгүй байна. Олон зууны турш газар газрын тариачин, худалдаачид шидэт ургамлыг тарихыг оролдсон ч хөрс голомтгой аварга гоньд Газар дундын тэнгисийн эрэг дагуух нарийхан зурвас газраас өөр газар ургахаас “татгалзжээ”. Тиймээс ч олон зууны турш хяналт, хэмнэлтгүй хэрэглэсэн сильфийг хамгаалах, их хэмжээгээр хураахыг хориглох шийдвэрийг тухайн үед сильфийн сүлжээнд багтаж байсан орнуудын эрх баригчид гаргасан байдаг.


06

Зүрхэн тэмдэгтийн эх

Шидэт ургамлын нөөц дундарч, худалдааны эргэлт нь саарсан ч Кирен хотынхон сильфийн сүлжээнд ноёрхсоор байлаа. Тус хот олон зууны турш зөвхөн энэ ургамлаар л аж амьдралаа залгуулж, хөлжжээ. Аварга гоньдны үр цагийн эрхээр үнэд орж, сүүлдээ цэвэр мөнгөтэй хүртэл дүйх болов. Ромын эрх баригчид ховордож эхэлсэн сильфийн үрийг улсын сан хөмрөгт хадгалах, үнэт эрдэнэ мэтээр хайрлан хамгаалах шийдвэрийг хүртэл гаргасан түүхтэй. Энэ үеэс Кирений зоосонд сильфийн зүрхэн хэлбэрт үрийг дүрслэх болжээ. Түүхчид эл дүрсийг орчин цагт хайр дурлалыг бэлгэддэг зүрхэн тэмдэгтийн эх загвар гэж таамагладаг.


05

Ромыг аврагч

Эрт цагт хэрэглэгдэж байсан гэх ихэнх эмийн ургамалтай харьцуулахад сильфийг тухайн цаг үеийн судлаач, эрдэмтэд нэлээд өндөр үнэлсэн байдаг. Эртний Ромын Соран хэмээх эмчийн тэмдэглэн үлдээснээр язгууртан эмэгтэйчүүд сар тутам сильфийн шүүс уудаг байжээ. Энэ нь жирэмслэлтээс сэргийлээд зогсохгүй үр зулбуулах ч чадалтай байж. Сильфий гоньдны хэрэглээ өссөн хэдхэн зуун жилд Ромд төрөлтийн тоо эрс буурч, иргэдийн дундаж наслалт ч уртасчээ. Хүн ам зүйн бодлого алдагдсанаас хоол хүнсний хомсдолд нэрвэгдэхийн ирмэгт байсан Ром мөн энэ үед л элбэг хангалуун орон болж, түүхэндээ хамгийн цөөн удаа дайтан, хамгийн цөөн халдварт өвчинд нэрвэгдсэн байна. Зарим түүхч энэ бүхнийг шидэт сильфийтэй холбон тайлбарладаг.


04

Сүүлчийн үндсийг нь Нерон руу илгээсэн

Харамсалтай нь, орчин цагийн эрдэмтэд түүхт аварга гоньд үнэхээр жирэмслэлтээс сэргийлдэг байсан эсэхийг нарийвчлан судлах боломжгүй байна. Тавь гаруйхан жилийн дотор огцом багассан сильфийг устаж үгүй болсныг Ромын түүхч Плиний МЭ I зууны сүүлээр тэмдэглэн үлдээжээ. Сильфийн сүүлийн багц үндсийг эзэн хаан Нерон руу дурсгал болгон илгээсэн гэдэг. Ийнхүү жирэмслэлтээс хамгаалах түүхэн дэх хамгийн эртний хэрэгсэл хүн төрөлхтний хэрэгцээг зургаан зууны турш хангасны эцэст бүрэн устаж үгүй болжээ.


03

Тогтворгүй засгийн балаг

Сильфий чухам ямар шалтгаанаар устаж үгүй болсон нь эдүгээ ч тодорхойгүй. Гэхдээ олонх эрдэмтэн хяналтгүй хэрэглээ болон газар нутгийн зүй бус ашиглалтаас болсон гэж таамагладаг. Газар дундын тэнгисийн эрэг дагуух бүс нутаг, ялангуяа Африкийн өмнөд хэсэг Ромын эзэнт гүрний мэдэлд шилжсэнээс хойш буюу МЭӨ 74 оноос сильфийн худалдаа багассан гэх таамаг бий. Мөн Кирен хотын захиргаа жил бүр өөрчлөгдөж байсан нь богино хугацаанд их ашиг хонжоо олохыг хүсэгчдийн шуналыг өдөөж, шидэт гоньдны талбай хумигдахад хүргэсэн байх талтай. Ган гачиг, цөлжилт зэрэг байгалийн хүчин зүйлс ч хувь нэмрээ оруулсан нь маргаангүй.


02

Зүсээ хувиргаагүй

Харин ургамал судлаач зарим эрдэмтэн эртний аварга гоньд бүрэн устаагүй, зөвхөн зүсээ хувиргасан төдий гэж үздэг байна. Орчин цагийн Ferula Tingitana хэмээх гоньдны төрлийн нэгэн ургамлыг сильфийтэй төстэй гэж тэд үздэг. Гэхдээ сайтар судлахад энэ ургамал олон мянганы турш тун өргөн газар нутагт ургаж ирсэн нь эл таамгийг няцаахад хангалттай үндэслэл юм.


01

Ойрын төрөлтнүүд

Орчин цагийн дэвшилт шинжлэх ухаан сильфийн адил жирэмслэлтээс сэргийлэхэд хэрэглэгдэж байсан цөөнгүй ургамлыг судалжээ. Тухайлбал, хатан Аннагийн гэх тодотголтой хоёр ургамлыг олон жил судалж, хулгана дээр туршсан нь бий. Мөн сильфийтэй хамгийн ойр төрлийн Asafetida, Ferula Jaeschikaena хэмээх ургамлыг судлаачид илрүүлж судалсан бөгөөд эхнийх нь үр тогтохоос 40-50 хувь сэргийлэх чадвартай байсан бол сүүлийнх нь бэлгийн харьцаанд орсны дараах гурван өдрийн дотор эр бэлгийн эсийг устгах чадвар нь бараг 100 хувийн магадлалтай байсан аж.
Гэхдээ эл дүгнэлтийг хулгана дээр хийсэн судалгааны дүнд гаргасан тул эмэгтэй хүнд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй байна. Олон зууны турш хэрэглэгдсэн гэхээр сильфий эдгээр ургамлаас илүү эерэг нөлөөтэй, ач тустай байсан байж таарна.


9.3

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start