Арав.мн

Африкийн сувд - ЖИБҮТИ

Африкийн сувд - ЖИБҮТИ

Африкийн сувд, Африкийн Дубай гэгддэг энэ улс тус тивийн хамгийн сайхан байгальтай ч  хамгийн бага танигдсан орны нэг юм. 


10

Африкийн сувд

Жибүти улс Дубайгийн адил газар тариалан эрхлэхэд тохиромжгүй хөрс шороотой ч Адений буланд буюу дэлхийн хамгийн хөл хөдөлгөөн ихтэй усан тээврийн зангилаа бүсийн аман дээр орших газар нутгийн ашигтай байрлалынхаа үр шимийг хүртэж буй орон юм. Өдгөө хэрэгжиж буй нийт 14 байгууламж барих 15 тэрбум ам.долларын төсөл нь тус улсын тэнгисийн болон агаар, хуурай газрын холбоо, зам харилцааг 2035 он гэхэд бэхжүүлэхэд чиглэжээ. Тэдгээр байгууламжаас хамгийн чухал бөгөөд том нь онгоцны шинэ буудал юм. Шинэ буудал баригдсанаар цэргийн болон арилжааны нислэгийг ялгаж зааглахын дээр Жибүтийг зорих жуулчдын тоо 30 дахин нэмэгдэх боломжтой аж.


09

Арлын амьдрал

Жибүтид Дубайд байхгүй нэг давуу тал бий нь байгалийн баялаг, соёлын үнэт өв болсон түүхэн дурсгалт газрууд юм. Тус улсын 324 км хүртэл үргэлжлэн цэлийх эрэг хөвөө газар нь Улаан тэнгист нэвтрэх гол хаалга бөгөөд аравдугаар сараас хоёрдугаар сар хүртэл буюу тэнгисийн ус хамгийн бүлээн үеэр адал явдлын эрэлч, янз бүрийн зорилго өвөртөлсөн шумбагч, загасчдад нээлттэй байдаг. Тэнгисийн эргээс гадна хориодхон хүн амьдардаг, гайхмаар эл хуль Муча арал, захлан хүрээлсэн шүрэн хадаараа алдартай бяцхан арал Маскали зэрэг нь Жибүтийн бусад очиж үзүүштэй газрууд юм. Мучад дээд зэрэглэлийн амралтын газар, зочид буудал баригдаж байгаа нь арлын уур амьсгалыг мэдэрч, тэнгисийн эргийн таатайяа ээх нарыг мэдрэх гэсэн олон мянган жуулчныг, тэр дундаа хөрш зэргэлдээх этиопчуудыг ихэд татаж байна.


08

Байгалийн гайхамшиг

Жибүтийн байгалийн өвөрмөц тогтоцыг Исландынхтай адилтгаж болох юм. Тус улсын нийслэл Жибүтигээс баруун өмнөд зүгт 90-ээд км-ийн зайд орших Ассаль нуур нь дэлхий дээрх хамгийн нам дор газарт оршдог нуурын нэг бөгөөд далайн түвшнээс доош 155 метрт байдаг. Уг нуур нь давсжилтийн хэмжээгээр ердөө Сөнөсөн тэнгисийн дараа буюу дэлхийд хоёрт бичигддэг байна. Ассалийг зорьсон жуулчид нуурын замагны гүн ногоон, эрдэс бодисынх нь хүрэн бор, нарны тусгалаас ойсон усан цэнхэр, давсных нь цасан цагаан зэрэг байгалийн бүхий л өнгийг нэг дор харж болно. Энэ газрын тухайд “Ойр хавьд хүн амьтны бараагүйд давст нуурын уснаа хөвнө гэдэг жилийн туршид жуулчдын хөлд дарагддаг Сөнөсөн тэнгисийн эрэг хөвөөнд амрахтай харьцуулахад гайхмаар таашаал, тансаглал юм” гэж “National Geographic” сэтгүүлд бичжээ.


07

Шинэ далайн эх нутаг

Бэлчир нутгийнх нь гуравны хоёр хэсэг Этиопийн нутагт оршдог Аббэ нуурыг Жибүтийн бас нэгэн үлгэрийн орон гэлтэй. Энд дэлхийн хуурай газрын гол хавтангуудын гурав нь буюу Сомали, Араб, Нубийн хавтангуудын уулзвар цэг оршдог. Хэдийн сөнөж нойрссон галт уулсын дунд орших геологийн эл өвөрмөц газар ойролцоогоор 10 сая жилийн дараа дээрх хавтангуудын бие биесээ түлхэх хөдөлгөөний дүнд Африкийн хошуунаас салж холдон томоохон арал болох бол өнөөгийн Аббэ нуур нэгэн шинэ далайн эх болно гэж геологичид үздэг.


06

Сарны орон

Геологийн аварга том хавтангуудын хөдөлгөөн мөн сордог элс, буцламтгай халуун рашаан зэрэг байгалийн олон сонин үзэгдлийг төрүүлж буй аж. Тэднээс хамгийн ер бусын нь ирмэг хөвөө нь 50 метр хүртэл ургаж өндийсөн галт уулын царууд юм. Халуун рашааны нүх сүвүүдээс савсах уурын нөлөөгөөр бий болсон тэдгээр цар Аббэ хавийн нутгийг сарны гадаргуу шиг болгожээ. Уг жир биш газрыг нуурын эрэг дэх замаг, нянгаар идэшлэдэг тод ягаан зүстэй нал шувууд бүр ч этгээд сонин харагдуулна.


05

Байгальд ээлтэй сууц

Жибүти хотоос гарсан л бол тухтай ор дэвсгэр, цэвэр устай байх нь нэн ховор цөлийн нүүдэлчдийн урц овоохойноос өөр оромж сууц бараг л олдохгүй. Жибүтийн эрх баригчид аялал жуулчлалын гол бүсүүдэд нутгийнхны овоохойг дууриалган хийсэн, байгальд ээлтэй, ган төмөр гадартай сууц бариулах болсноор шинэ цагийн жуулчид түрүү үеийнхнээ бодвол тус улсад хавьгүй тохь тухтай саатах болжээ. Жуулчдад зориулсан шинэхэн сууцнуудад нарны эрчим хүч хуримтлуулагч, цэвэр усны нөөцлүүр зэргийг байрлуулсан нь олны сэтгэлд нийцэж байна.


04

Эзэнгүй буудлууд

Харин Жибүти хотод байдал өөр. Энд аль ч орны нийслэл хотод байх дээд зэрэглэлийн тансаг буудал олон бий. Дубайн Далдуу мод, Дэлхий зэрэг нүсэр байгууламжуудыг барьж байгуулсан “Накиль”-ийнхан энд “Жибүтийн харш” хэмээх 300 өрөөтэй “Кемпинский” буудлын салбарыг барих ажлыг санхүүжүүлжээ. Баригдаад удаагүй хиймэл арал дээр сүндэрлэсэн уг тансаг зочид буудал жилийн ихэнх хугацаанд хэдий эл хуль байдаг ч хоёр ч усан сантай, дээвэр дээрээ дээд зэрэглэлийн уушийн газартай гэдгээрээ алдартай. 2006 онд буюу Зүүн болон Өмнөд Африкийн орнуудын төрүүн тэргүүн нарын их чуулганы өмнөхөн ашиглалтад орсон уг буудал “Кемпинский”-н Африк дахь анхны салбар бөгөөд Жибүтийн аялал жуулчлал, бизнесийн хөгжлийг арай эртдэж үнэлснээрээ “алдаа” гэгджээ. Гэвч Жибүтийн эл хуль буудлуудаар удахгүй зочид, төлөөлөгчид хөлхөнө гэдэгт тус улсын албаныхан ч, гадаадын хөрөнгө оруулагчид ч итгэлтэй байна.


03

Франц, Арабын нөлөө

Жибүти хотод ирмэгц төв гудамжных нь дуу шуугиантай, тоос шороонд дарагдсан орчин, шавар шавхай болсон замаар нь хөл нүцгэн гүйх хүүхдүүд хамгийн түрүүнд анхаарал татах вий. Гэхдээ ийм энгийн ахуйнх нь цаана Жибүтийн нийслэлд үзэж харууштай түүхэн дурсгалт хоёр ч дүүрэг бий нь хотын төвд зэрэгцэн орших Африкийн болон Европын хорооллууд юм. Европын хороололд Жибүтийн нутгийг нэгэн цагт эзэгнэж байсан франц, арабчуудын нөлөө бүхий, араб уран барилга, мавритан хийцийн нуман хаалгатай байшин, байгууламж олон бөгөөд оршин суугчид нь франц, арабын аль алинаар чөлөөтэй ярина. Харин Африкийн хороололд нь нутгийнхны уламжлалт ахуй үлдэж хоцорчээ. Энд тандур зуухны шарсан загас, шоколадтай талх зэрэг нутгийнхны хамгийн амттай хоол, зуушнуудыг шинэхнээр нь амтлах боломжтой.


02

Аяллын шинэ гүүр

Тун удахгүй Жибүти хотод хүрэхэд өмнөхтэй харьцуулахад хавьгүй амар болно. Аддис Абебагаас эхлэн тавигдсан төмөр замыг тэртээ 1900-гаад онд францчууд анх тус хотод хүргэсэн ч тэр нь 2008 оноос хойш ашиглагдахааргүй болжээ. Харин тэрхүү замыг бүхлээр нь шинэчлэн 2018 оны дундуур ашиглалтад оруулах төлөвтэй байна. Хоёр хотын дунд 10-аадхан цаг явах хурдан галт тэрэгний шинэ зам нь Танзани, Жибүтийн хооронд цөл дундуур бүтэн хоёр хоног сэгсчин байж аялдаг нутгийн хүн зон, аялагч жуулчдын хэн хэнийх нь магнайг тэнийлгэх юм. 

Гэхдээ нийтийн тээвэр алаг цоог хөгжсөн, замын тэмдэглэгээ муу зэрэг шалтгаанаар Жибүтийн хөдөө хээрээр аялна гэдэг хэдэн жилдээ л бэрх даваа байх болов уу. Цөлөөр аялахын тулд ус дүүрэн том савнаас гадна GPS-гүйгээр замаа олох чадвар, туршлагатай хөтөч хэрэгтэй. Үгүй бол нутгийн нүүдэлчдээс өөр аврал цөлд олдохгүй. Цөлд төөрнө гэдэг нэг бол гайхамшигт адал явдал, үгүй бол зайлшгүй үхэл гэж аялагчид ярьдаг нь үнэний ортой юм. 


01

Энх амгалангийн баянбүрд

Сомали, Этиоп, Эритриятай хил залгаа тус улс далайн дээрэм, дайн дажны хөлд сүйдсэн Африкийн хамгийн аюултай, тогтворгүй бүс нутагт буй бараг цор ганц гэж болох энх амгалан, хөгжил цэцэглэлтийн баянбүрд юм. Стратегийн онц ач холбогдолтой байршил нь тус улсыг Африк дахь АНУ-ын хамгийн том цэргийн бааз, Францын легионеруудын Африк дахь гол түшиц газар болгожээ. Жил бүр Жибүтийг зорьдог 53 мянган хүний олонх нь жуулчид биш, бизнес эрхлэгчид байдаг. Харин энэ нь ирэх 10-20 жилд өөрчлөгдөх төлөвтэй байна. Сая орчим хүн амтай энэ улсын эрх баригчид нэг жилд зорин ирэх жуулчдын тоог мөн хугацаанд 300 мянгад хүргэхээр төлөвлөжээ. 


9.8

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start