Арав.мн

Нар унтрахаар юу болох вэ?

Нар унтрахаар юу болох вэ?

Хэзээ нэгэн цагт нар унтрах нь тодорхой. Дэлхийтэй хамгийн ойр орших энэ од ойролцоогоор 10 тэрбум жилийн настай гэдэг. Одоогоор 5 тэрбум жил нь өнгөрсөн байгаа аж. Нар нь түүний цөмд явагдах устөрөгч -> гели болон хувирах цөмийн нэгдэх урвалын дүнд шатаж байдаг. Мэдээж хэзээ нэг өдөр нарны устөрөгчийн нөөц дуусна. Харин тэр үед юу болох вэ? 

Эндээс урган гарах асуулт бол “Нар унтрахаар юу болох вэ?” юм.


10

Хүлэмжийн хийн нөлөө асар ихэснэ

Нар өөрийн бүх устөрөгчөө гели болгон хувиргах тусам түүний цөм илүү хүндэрч, гелигээс цааших хүнд элементүүд, жишээлбэл нүүрстөрөгч хүртлэх элементүүд бий болж эхлэнэ. Хүнд элементүүдийг цөмийн урвалд оруулахын тулд түүний хэмжээ асар том болох ба температур нь ч мөн ихсэж улам тодорч эхлэнэ.
Манай агаар мандалд буй нүүрстөрөгчийн давхар исэл, метан, азот зэрэг хий нарнаас ирж буй дулааныг шингээж, амьдрал оршин тогтнох боломжийг бий болгож байдаг. Харин нарнаас ирэх дулаан нэмэгдэх тусам агаар мандалд шингэж буй энерги улам ихэснэ гэсэн үг юм. Дэлхий асар халуун болж, ус ууршиж эхлэх ба үүний нөлөөгөөр агаар мандалд өтгөн үүл бий болно.

Үүл дэлхийг нарны цацраг идэвхээс хэсэг хугацаанд хамгаалах юм. Харин хангалттай их халах үед далайн ус буцалж эхлэх аж. Энэ үед дэлхий дээр амьдрал оршин тогтнох боломжгүй болох билээ.


09

Нарны хэмжээ томорно

Нар тод болохын хажуугаар томорно. “Түлш”-ээ шатааж дууссаны дараа амьдралынхаа дараагийн мөчлөг буюу улаан аварга од болох үедээ шилжих аж. Хэдийгээр хэмжээ нь томорсон ч улаан аварга одны температур Цельсийн 2000-3000 хэм буюу харьцангуй бага болох юм. (Наран дээрх одоогийн температур 5000-9000 хэм байдаг)

Хэдийгээр нарны төгсгөл ингэж ирэх ч бүх од унтрахдаа ижилхэн гэсэн үг биш. Нарнаас Арай жижиг одод буюу улаан одой од түлшээ дуусгасны дараа зүгээр л унтарчих аж. Харин харьцангуй том одод буюу цэнхэр болон цагаан аварга оддын хувьд илүү хүнд элементүүдийг шатааж эхлэх ба сүүлдээ төмөр цөмтэй болдог.

Эцэст нь буюу нарнаас 2-2,5 дахин хүнд масстай одод бөхөхдөө супернова гэж нэрлэгдэх асар хүчтэй тэсрэлтийг хийж нейтрон од болох бол түүнээс хүнд одод хар нүх болон хувирдаг. Супернова тэсрэлтийн үед ялгарах энерги нь дор хаяж 1000 нарны энергитэй тэнцдэг ба манай нарны аймгаас алс хол орших од ийм тэсрэлт хийлээ гэхэд өдрийн цагаар ч ажиглагдах боломжтой юм.


08

Тэгээд жижгэрнэ

Хугацаа өнгөрөх тусам Нар өөрчлөгдсөөр л байна. Гелийн хийг шатааж дуусахад нүүрстөрөгчийг шатааж чадахгүй тул цагаан одой болж хувирах аж. Өөрөөр хэлбэл одоогийн хэмжээнээсээ ч жижигхэн болно гэсэн үг.

Цагаан одой одноос гарах энерги хамаагүй бага ч илүү удаан оршин тогтнодог байна. Нэгэн цагт дүрэлзэн шатаж байсан одноос үлдсэн энэ цагаан одой олон тэрбум жил энэ хэвээрээ байх аж. Харин эцэст нь бүрэн унтарч, хар одой болдог. Энэ процесс хэр удаан үргэлжлэхийг мэдэх боломжгүй. Учир нь эрдэмтэдийн үзэж буйгаар  ертөнц хар одой од бий болох хэмжээний урт настай биш байх магадлалтай гэнэ.


07

Дэлхийн тойрог зам өөрчлөгдөнө

Нар унтрах үед дэлхий дээрх бүх зүйл байхгүй болсон байна. Гэлээ гээд дэлхий хөдлөхөө болино гэсэн үг биш. Нар улаан аварга од шатандаа очих үед хэмжээ нь дэлхий болон нар хоорондын зайг хамгийн багадаа 75% богино болгох хэмжээний болж томрох юм.

Энэ үед манай гариг дээрх бүх зүйл үнс нурам болж, байнга шатаж  байна гэж бодож байгаа байх. Хачирхалтай нь үүний эсрэг зүйл болох аж. Нар томорч, дэлхийтэй ойртох тусам Дэлхий болон бусад гаригуудыг татах хүч нь сулрах юм. Өөрөөр хэлбэл нарыг тойрон эргэж буй гаригууд нарнаас улам холдож, илүү аюулгүй тойрог замд орох аж. Гэхдээ нартай хамгийн ойр байх Буд болон Сугар гаригууд нарнаас зугтаж амжилгүй “идэгдэх” юм. Харин дэлхийн хувьд ингэж зугтлаа гээд амьдралыг тэтгэж чадахгүй хэвээр үлдэх гэнэ.


06

Өөр гаригууд дээр амьдрал үүсэх боломжтой

Амьд бие организм дэлхий дээр байхгүй боллоо гээд өөр хаа нэгтээ үүсэхгүй гэх үндэслэл байхгүй. Бархасбадь болон Санчир гаригууд дээр амьдрал үүсэж болох юм. Хоёулаа том хэмжээтэй ба хэд хэдэн дагуултай гариг. Түүнчлэн Европ болон Ганимед гэдэг хоёр саран дээр нь мөс байдаг. Харин улаан аварга од болсон Нар томрохын хэрээр эдгээр саран дээр буй мөсийг хайлуулах хэмжээнд ойр болох магадлалтай. Тэгэхээр энд бидний мэдэх амьдралтай ойролцоо амьдрал үүсэх магадлалтай орчин бий болж магадгүй гэнэ.


05

Манай галактик Андромедатай нэгдэнэ

Хэдийгээр од эрхсийн энэ үзэгдэл нарны үхэлтэй холбоогүй ч цаг хугацааны хувьд ойролцоо байх юм. Хоёр галактикийн анхны уулзалт Нарны үхлийн өмнөхөн тохиох гэнэ. Манай галактик буюу Сүүн зам болон зэргэлдээ орших Андромеда нар цагт 402 мянган километрийн хурдаар бие бие рүүгээ ойртож байдаг. Тэгэхээр явцдаа "мөргөлдөх" (нэгдэх) нь гарцаагүй.

Нарны аймгийн хувьд аюул учрахгүй байх ба хоорондоо нэгдсэн галактик дотор нарны үхэх шат үргэлжилсээр байх аж. Хэрэв энэ үе хүртэл амьдрал оршин тогтнох арга олж чадсан байвал тэнгэрт хоёр галактикийн оддын мөргөлдөөн, хийн урвалууд ихээр үзэгдэж, шөнийн тэнгэр илүү гэрэлтэй, гялалзсан болох юм байна.


04

Нарнаас хол гаригууд дулаарна

Нар үхэж эхлэхтэй зэрэгцэн илүү тод, илүү халуун болно гэж өмнө нь хэлсэн. Ингэснээр нартай ойр орших гаригууд шатаж эхэлнэ. Тэгвэл хол байгаа гаригууд болон одой гаригуудад юу тохиолдох вэ? Тухайлбал, нэгэн цагт “9 дэх гариг”-т тооцогдож байсан Дэлхийн вангийн одоогийн температур Цельсийн -233-аас -223 хэм байдаг. Харин нарны илч нэмэгдсэнээр Дэлхийн ван дулаарах юм. Гэхдээ энэ гариг дээр амьдралыг дэмжих бусад хүчин зүйл байхгүй тул амьдрал үүсэх магадлал тун бага. Харин нар жижгэрч, цагаан одой од болох хүртэл хол орших гаригууд хэсэгхэн хугацаанд дулаацаж авах аж.


03

Хүмүүний амьдрал Дэлхий дээрээс арчигдана

Амьдрал хаа нэгтээ бий болж магадгүй ч тэр нь Дэлхий дээр лав биш. Дэлхийн гадарга дээр амьдрал оршин тогтнох боломжийн тухай бодох ч хэрэггүй. Хүмүүс хэт халуунаас хамгаалах технологи үүсгэж чадлаа гэхэд идэх хоол, уух ус байхгүй болсон байна. Өөрөөр хэлбэл амьдралыг тэтгэгч бүх зүйл байхгүй болсон байна.

Хаа нэгтээ амьдрал бий боллоо гэхэд биднийхтэй ижил төрлийн амьдрал үүсэх магадлал бараг байхгүй. Тийм байсан ч гэсэн бидний одоогийн төвшинд хүртэл олон тэрбум жил шаардагдах билээ.


02

Солирууд холдохгүй

Нар унтрахад огторгуй солироор дүүрнэ гэдэг бодол элбэг байдаг. Гэхдээ Нар цагаан одой болох үед Бархасбадь болон бусад гаригууд нарны өөрчлөлтөд зохицсон шинэ тойрог замдаа орсон байх юм. Бархасбадь гариг асар том хэмжээтэй тул татах хүч нь их. Уг гаригийн нөлөөгөөр солирын тойрог замд өөрчлөлт орж, зарим солир нарны системээс ч гарах магадлалтай. Зарим солир цагаан одой болсон нар руу татагдах бол зарим нь тоос шороо болон үгүй болох аж. Эрдэмтэд одоо буй цагаан одой оддыг ажиглаад энэ таамгийг дэвшүүлсэн юм. Үнэндээ нар үгүй болоход юу болох вэ гэдэг асуултын хариуг олохын тулд асар их хөрөнгө зарцуулж, маш олон эрдэмтэд ажиллаж байдаг. Эдгээр эрдэмтдийн олж илрүүлснээр цагаан одой одыг тойроод их хэмжээний тоос, шороо байгаа аж. Энэ нь уг одыг тойрон эргэж байсан солируудын хэлтэрхий гэж үзэж байна.


01

Хүмүүс амьд үлдэх арга олж магадгүй

20 дугаар зууны хамгийн агуу сэтгэгчдийн нэг, уран зөгнөлт зохиолын хамгийн нөлөө бүхий зохиолч Артур Ч.Кларк нэгэнтээ "Хоёр л боломж байна: Нэг бол бид огторгуйд ганцаараа, эсвэл ганцаараа биш. Хоёулаа яг ижилхэн аймшигтай" гэж хэлсэн билээ.

Хүн төрөлхтөн ирээдүйд ямар технологийг бий болгосон байхыг таамаглах хэцүү. Гэхдээ төсөөлөн бодоход сонирхолтой байдаг. Автомат жолоодлоготой автомашин, ирээдүйг зөгнөсөн төхөөрөмжүүд хэдийнээ харагдаад эхэлжээ.Тэгэхээр дэлхий үгүй болж, амьдрал сөнөхийн өмнө хүмүүс алс хол орших гариг эрхэс хүрэх технологийг бүтээсэн байхыг үгүйсгэхгүй.

Магадгүй бүх зүйл болохоо болиход амьдрал тэтгэх боломжтой газрууд руу явахаар оролдож үзэж болох юм. Мөн нар үхэж эхлэх үед хүн төрөлхтөн хязгаараа давж, өөр нарны системд ч нэвтэрсэн байх вий.

/Зөвхөн манай галактикт л гэхэд амьдрал тэтгэх боломжтой гэж үздэг тэр бум гаруй гариг эрхэс байдаг/

NASA хэдийнээ Ангараг гариг руу аялал хийх ажлыг эхлүүлээд байгаа. Улаан гаригийг колоничлох анхны компани болохоор ажиллаж байгаа тухайгаа зарласан олон компани ч бий. Хэрэв энэ аялал амжилттай болох юм бол хүн төрөлхтний ирээдүйд асар том нөлөө үзүүлж болно. Эдгээр байгууллагуудын төсөөллөөр бол 2030-аад он гэхэд Ангараг руу хүн илгээх билээ. Мэдээж Ангараг хүрнэ гэдэг сансар огторгуйг бүхэлд нь байлдан дагуулахын хажууд жижигхэн алхам. Гэвч саран дээр хөл тавьсан анхны хүн болох Нейл Армстронгийн хэлсэнчлэн “Нэг хүний өчүүхэн алхам бүх хүн төрөлхтний хувьд аугаа үсрэлт” болох юм.


9.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+5
Ямар гоё мэдээ вэ...
+10
Солиотой гоё
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start