Арав.мн

Хос тархитны хам шинж

Хос тархитны хам шинж

Санкт-Петербургийн иргэн Сергей Лебедров ямар ч үгийг урвуулан хэлж чаддаг онцгой чадвартай. Тэрээр ийм авьяастай ганц хүн биш бөгөөд түүн шиг хэдэн арван хүн чухам яагаад “урвуу” сэтгэлгээтэй болсноо мэдэхгүй. Зарим нь өөрсдөд нь хянагддаггүй эл чадвараа бусдаас нуух хүндхэн сорилттой байнга тулдаг. Сергей Лебедровын адил Санкт-Петербургийн уугуул нэгэн залуу шүүгч хэвлэл мэдээллийнхэнд хандан тусламж хүсчээ. Нэрээ нууцлахыг хүссэн тэрээр анх дунд сургуулийн сурагч байхдаа шалгалтын асуултуудад хойноос нь урагш хариулаад байгаагаа анзаарсан байна.

Олон жил өөрийгөө хүчилсэн ч жигтэй авьяасаа нууж сураагүй тэрээр өдгөө урвуугаар ярьж, бичдэгээсээ болж ажлаа ч хийж чадахаа больжээ. Түүнийг шүүхийн танхимд харь хэлээр ярих мэт ойлгомжгүй үгс урсгаж эхлэхэд хүмүүс инээлдэж, зарим нь “Галзуурчихаж” хэмээн шивнэлдэж байж. Ставропольд Евгений Качура хэмээх залуу эр мөн тонгоруу ярьж, дуулдгаараа хотынхоо хамгийн алдартай хүний нэг болжээ. Тэрээр бага ангид байхдаа гудамжны хаяг сэлтийг урвуулан уншсаар засаршгүй зуршилтай болсон бөгөөд одоо яаж ч хичээгээд бусад шиг ярьж чаддаггүй гэнэ.

Шинжлэх ухаанд амбидекстрия буюу хоёр гараа зэрэг ашиглах болон аливааг туйлын хоёр талаас нь хийх хэмээгддэг, заримдаа хос тархитны хам шинж гэгддэг энэхүү үзэгдлийн талаарх мэдээлэл тун хомс. Зарим судлаачийн тооцоогоор тонгоруулан ярих чадвартай хүн саяд нэг л байдаг бол толинд харж байгаа мэт бичиж чаддаг хүн хавьгүй олон буюу 100 мянга тутамд нэг байдаг гэнэ. Харин Леонардо да Винчигийн гэгддэг бичгийн чадвартай буюу хоёр гараараа хоёулангаар нь бичиж чаддаг хүн бүр ч олон байдаг байна. Гэхдээ Москвагийн Тархи, сэтгэц судлалын хүрээлэнгийн эрдэмтэд үүнтэй санал нийлдэггүй. Тэдний үздэгээр шинжлэх ухаан амбидекстриягийн шалтгаан хийгээд шинж тэмдгийг өнөө ч бүрэн судлаагүй тул хэчнээн хүн ийм чадвартай вэ гэдгийг ингэж тооцоолох нь өрөөсгөл гэнэ. Солгой биш бүх хүн хичээвэл зүүн гараараа бичиж сурдаг, төсөөлөл сайтай хэн ч тонгоруу ярьж сурч болох ч гагцхүү байгалиас заяасан авьяастай буюу төрөлхийн амбидекстриятай хүмүүс л эдгээрийг саадгүй, өөрсдөө ч мэдэлгүйгээр хийдэг гэж тэд үзжээ. Тархины хоёр тал ижил түвшинд нэгэн зэрэг идэвхтэй байх нь сэтгэцийн эмгэг биш ч солгой хүүхдийг зөв гараар бүхнийг хийхэд хүчлэн сургах нь хүүхдийг сэтгэцийн хямралд хүргэдэг нь хэдийн батлагдсан билээ. 

Амбидекстриятай хүүхдийг өөрчлөх гэж хүчлэх ёсгүй гэдэгтэй өдгөө эрдэмтдийн олонх нь санал нийлэх болжээ. Европ, АНУ-ын зарим сургуульд хүүхдийг бүр багаас нь хоёр гараар бичиж сургадаг. Энэ нь хүүхдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлдэг гэж албаны хүмүүс үздэг ч үр дүн нь үнэхээр сайн, үгүйг судлаачид мөн л тогтоож чадахгүй байна. Баруунаас зүүн тийш буюу тонгоруулан бичдэг хүнд олон давуу шинж бий. Тухайлбал, ийм бичлэгтэй араб, еврей болон эртний Энэтхэгийн хэлнүүдийг эзэмшихэд эл чадвар нь голлон нөлөөлдөг бол зарим нь зөвхөн энэ авьяасынхаа ачаар зурах, дүрслэх ухаанд мэргэшдэг. Өөрөө хүсэж, цааш хөгжүүлбэл тэрхүү чадвараа урлагийн ямар ч төрөлд сорьж болно. Нэгэн онцгой жишээ дурдахад, Леонардо да Винчи хоёр гараараа нэгэн зэрэг ажиллах чадвартай байв. Тэрээр нэг гараараа бичиж байхдаа нөгөө гараараа зурдаг байлаа. Мөн нэрт хөгжимчин Жимми Хендрикс зөв гартнуудад зориулсан гитарыг солгой гараараа дардаг, гитараа доош харуулан барьсан ч чадварлаг гэгч нь тоглодог байв. Москвагийн хий судлалын хүрээлэнгийн сэтгэл мэдрэлийн эмч Татъяана Виселийн тайлбарласнаар тонгоруулан ярьж, бичдэг чадвар тархины баруун хэсгийг идэвхжүүлдэг. Тархины баруун хэсэг биеийн зүүн, зүүн хэсэг биеийн баруун хагасын хөдөлгөөнийг удирддаг. Харин тархины хоёр хэсэг нэгнийхээ үйл ажиллагаанд нөлөөлж эхлэхэд амбидекстрия үүсдэг байх магадлалтай. Төрөлхийн ийм онцлогтой хүмүүс байхад сэтгэлийн хямрал, цочролоос болж олдмол амбидекстриятай болох хүн ч бий. Өнөө цагт төрөлхийн амбидекстриятай хүн олширсон нь судлаачдыг харин гайхшируулж байна.

Дэлхий нийтийн 90 хувь нь баруун гартан, 10 хувь нь солгой гэсэн нийтлэг ойлголт 2000-аад он гарснаас хойш хурдтай өөрчлөгдөж байгаа аж. Хамгийн сүүлийн үеийн тооцоогоор баруун гартнуудын хүн амд эзлэх хувь 88, солгой гартнуудынх 11 хувь болж өөрчлөгджээ. Тэгэхээр үлдсэн нэг хувь нь амбидекстриятай гэсэн үг. Ийм хүн улам олон болж байгаа нь техник технологийн хөгжил, суурин газрын амьдралтай холбоотой гэж эрдэмтэд үздэг. Ингэж дүгнэвэл амбидекстрия нь шинэ үеийн хүний гол шинж ч байж мэдэх юм. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
100k iin neg yum bn kk
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start