Арав.мн

Хумс заслын тухай 10 баримт

Хумс заслын тухай 10 баримт

Монголчууд хумс, үс зэрэг нь хүний энергийг агуулдаг гэж үздэг байсан учир хумсаа аваад, “Тэхийн эвэр тэнгэрт хүрч, тэмээний сүүл газар шүргэхэд арван хонь, ачлагын тэмээтэй эргэж ирж авна” гэж амандаа шивнээд хумсаа газарт булдаг заншилтай байжээ. Мөн зарим улс оронд шөнө дунд хумсаа авбал баяжина гэж итгэдэг.

Гэвч орчин цагт хумс гэдэг эдгээр зан үйлээс илүүтэй гоёл чимэглэл, гоо сайхны нэг хэмжүүр болон хөгжжээ. Хумс засал ямар үе шат дамжин өнөөгийн урлагийн түвшинд хүрснийг сонирхоцгооё.


10

Хумсны будагны үүсэл

Хумсны будаг нь анх МЭӨ 3000 оны үед эртний Хятадад үүссэн бөгөөд анхны хумсны будагны найрлаганд зөгийн лав, өндөгний цагаан, цардуул болон хүнсний ногооноос гаргаж авсан өнгө оруулагч ашигладаг байжээ. Эртний Хятадад язгууртнууд алтлаг болон мөнгөлөг өнгийн хумсны будгийг ихэвчлэн хэрэглэдэг байв. Гэвч удалгүй улаан болон хар өнгийн хумсны будгууд язгууртнуудын хэрэглээ болжээ.

МЭӨ 3200 онд эртний Вавилонд зөвхөн эрчүүд хумсаа буддаг байжээ. Архлеогчид эртний Вавилон цэргүүдийн булшнаас нэгэн гайхалтай зүйл олсон нь хумс заслын багажнууд байсан байна. Вавилон дайчид тулааны өмнө хар болон ногоон өнгөөр хумсаа буддаг байсан бөгөөд ингэснээр дайснуудыхаа зоригийг мохооно гэж итгэдэг байжээ. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хумсаа будах нь тулааны өмнөх зан үйл болтлоо хөгжсөн байв.

Харин эртний Египтед зөвхөн доод давхаргынхан нь цайвар өнгөөр хумсаа буддаг байсан бол язгууртнууд нь улаан хүрэн өнгөөр хумсаа будаж, ургамлаас гаргаж авсан тусгай будгаар гар дээрээ хенна зуруулж чимэглэдэг байжээ. Мөн Фараонуудыг занданшуулахдаа хумсыг нь хеннагаар буддаг байв. Клеопатра нь ургамлын охиос гаргаж авсан цусан улаан будгаар хумсаа буддаг байсан бөгөөд үргэлж шинэ загварыг эрэлхийлэгч үзэсгэлэнт хатан гараа бүхэлд нь биш зөвхөн хумсаа л буддаг байв. /Хатан хаан Нефертити гар дээрээ хенна зуруулдаг байсан/


09

Орчин үеийн хумсны будаг

Бидний мэдэх хумсны будаг анх 1920-д оны үед нетроцеллюлозын найрлагатай үүссэн хэдий ч хумсан дээр зурж, шигтгээ нааж чимэглэх нь цоо шинэ зүйл биш байв. Учир нь занданшуулсан Фараоны хумсан дээр хенна зурсан байдаг бөгөөд Африк болон Энэтхэг эмэгтэйчүүд мөн хеннагаар хурууныхаа үзүүрийг чимэглэдэг байжээ. Хэдийгээр хумсны будагны найрлага өөрчлөгдсөн ч гоёл чимэглэлийн үүрэг нь одоо ч хэвээр байна.

Нетроцеллюлозын найрлагатай будагнаас өмнө бүсгүйчүүд нунтаг эсвэл тосон будгийг даавуунд шингээн хумсан дээрээ тогтооход даавууны будаг хумсанд нь шингэн цайвар ягаан өнгөтэй болгодог байв. Дэлхийн нэг дүгээр дайны үед  АНУ Германы химийн патентыг эзэмшиж, АНУ-ын компаниудад лиценз олгож эхлэсэний үр дүнд АНУ-ын химийн компаниудын дунд жинхэнэ тэсрэлт болсон нитроцеллюлозын найрлагатай хумсны будгийг гаргажээ. Уг хумсны будаг гарсан дариудаа хамгийн алдартай бүсгүйчүүдийн хэрэглээ болсон байна.


08

Хамгийн анхны хумсны будагны брэнд

1916 онд автомашины будагнаас санаа авч анхны өнгөгүй хумсны будгийг үйлдвэрлэжээ. Харин 1932 Revlon компани анх өнгөт хумсны будагны брэнд болон гарч ирсэн байна. Revlon компаний хумсны будаг нь тухайн үеийн хамгийн дэвшилтэт хумсны будаг байсан бөгөөд будагч бодисын оронд пегментээр бүтээгдэхүүнээ өнгө оруулдаг байжээ.  1937 оноос Revlon компаний хумсны будгууд их дэлгүүр болон эмийн сангуудаар худалдаалагдаж эхлэсэн бөгөөд зургаан жилийн дотор сая сая долларын ашиг олжээ. Дэлхийн хоёр дугаар дайны үед ч тус компани үйлдвэрлэлээ үргэлжүүлсээр байв.


07

Дэлхийн хамгийн үнэтэй хумсны будаг

Azature Black Diamond King буюу 257 каратын очир эрдэнийн орц бүхий хумсны будаг нь дэлхийн хамгийн үнэтэй хумсны будаг аж. Үнэт эдлэлийн дизайнер Азатюр дотроо очир эрдэнэ бүхий хар өнгийн хумсны будгийг бүтээсэн бөгөөд тус будаг нь 250,000 ам.долларын үнэтэй.  Түүнчлэн жирийн хэрэглэгчдэд зориулсан адил өнгийн бүтээгдэхүүнийг нь 25 ам.доллараар худалдан авах боломжтой.


06

Хамгийн анхны хиймэл хумс

Хиймэл хумсыг анх хумсаа мэрдэг хүмүүст зориулж шүдний эмч Максвел Лаппе гэгч 1934 онд зохиож байсан бол одоог хүртэл хэрэглэж байгаа акрилан хумсыг мөн шүдний эмч Фред Слак зохиож байжээ. 


05

Дэлхийн хамгийн муухай хумс засал

Дэлхийн хамгийн муухай хумс засалтын жагсаалтанд галууны хөл, бөмбөлөг хумс зэрэг хумснууд орсноос гадна хамгийн хамгийн муухай хумсаар супер урт, хурц үзүүртэй хумс оржээ. Учир нь энэ төрлийн хумс нь ямар ч гоо үзэмжгүй бөгөөд хүний хумс биш харин хурц үзүүртэй зэвсгийг санагдуулам байдаг гэж хүмүүс үзсэн байна. Түүнчлэн зарим хүмүүс ийм хумсыг Хайчин гарт Эдвардийн гартай адил харагддаг ч түүнээс илүү бусдыг гэмтээх магадлалтай,  хуруундаа сахлын хутга зүүгээд явж байгаа мэт гэх зэргээр дургүйцлээ илэрхийлжээ.


04

Дэлхийн хамгийн үнэтэй маникюр

Дуучин Келли Осбурн 2012 оны Греммийн шагнал гардуулах ёслолд ирэхдээ 250.000 ам.долларын үнэтэй Azure Black Diamond King будгаар хумсаа будаж ирсэн нь дэлхийн хамгийн үнэтэй хумс засал аж. Түүний хараа булаам гоёмсог хумсны үнийг сонссон хүмүүс дуучныг жирийн америк иргэний жилийн дундаж орлоготой дүйцэхүйц мөнгөөр зөвхөн хумсаа янзалж хэт үрэлгэн зан гаргалаа хэмээн шүүмжилжээ. Уг шүүмжийн хариуд дуучин Келли Осбурн Твиттер хуудсаараа дамжуулан уучлалт гуйсан байна.


03

Хумс заслын загварын нөлөө

Хумс засах урлаг буюу “Nail art” нь 1930-д оны үед Англид дэлгэрч эхлэсэн бөгөөд бүсгүйчүүд хумсаа будаж, хумсан дээрээ гоёмсог зургууд зурж эхлэжээ.

1950 оны үеэс хумс засалд үсний лак ашиглан хумсны будгийг түргэн хатаах, хугарч гэмтсэн хумсыг акрил болон нимгэн цаас, цавуу ашиглан янзлах зэрэг технологиуд үүссэн байна. Түүнчлэн энэ үед хиймэл шүдний материалаар хийгддэг байсан хиймэл хумснууд 1970-аад оны үеэс илүү мэргэжлийн түвшинд хүрч хөгжжээ.

Өнөө үед хумс заслаар дамжуулан өөрийн үзэл бодол тэр ч бүү хэл бэлгийн чиг хандлагаа хүртэл чөлөөтэй илэрхийлэх боломжтой болсон билээ.


02

Оддын хумс засалч

Мэри Сол Инзерилло хэмээх бүсгүй нь “Оддын хумс засалч” нэрээрээ үйлчлүүлэгчдээсээ дутахгүй алдартай. Түүний үйлчлүүлэгчид нь холливуудын одод, алдартай дуучид, загвар өмсөгч, моделиуд байдаг аж. Мэри Сол Инзерилло нь 17 жилийн турш гоо сайхны салоны хүлээн авагч байсан бөгөөд Лэйди Гага, Опра Унфри, Жижи Хадид зэрэг алдарнуудтай мөр зэрэгцэн ажиллах юм гэж зүүдэлж ч байгаагүй байна.Алдартай маникюр бүсгүйгээр нэг удаа хумсаа будуулахдаа 2000 ам.доллар зарцуулах тохиолдол ч байдаг байна.


01

Хатан хааны хумсны будаг

Их Британий хатан хаан II Элизабет Essie Ballet Slippers хумсны будгийг хэрэглэдэг байна. Уг будаг нь цайвар ягаан өнгөтэй учир хатан хааны хумсыг эрүүл, будаагүй мэт харагдуулдаг гэнэ. Essie брэндийн албан ёсны цахим хуудсанд бичсэнээр хатан хаан II Элизабетийн үсчин тус брэндийн үүсгэн байгуулагчид хандан захидал бичиж зөвхөн хатан хаанд зориулсан хумсны будаг хийж өгөхийг хүссэн гэжээ. Гэвч хүмүүс хатан хаан үргэлж бээлийтэй байдаг бөгөөд зарим тохиолдолд бээлийгүй зурган дээр хумсаа янзлаагүй байдаг тул энэ бол бүтээгдэхүүнээ сурталчилах гэсэн арга хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн байдаг.


9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Баярлалаа
юу муухай вэ харинч гоё
+3
тэр бөмбөлөгтэй хумс яасан муухай юм бэ хаха
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start