Арав.мн

Өдрийн зоог (өгүүллэг) - У. Сомерсет Моэм

Өдрийн зоог (өгүүллэг) - У. Сомерсет Моэм

Би түүнийг нэгэн жүжгэн дээр олж харсан агаад над руу дохьсных нь хариуд жүжгийн завсарлагаанаар дөхөж очин, дэргэд нь суусан юм. Түүнтэй сүүлд уулзсанаас хойш он удаад байснаас хэн нэгэн надад нэрийг нь дурслаа гэхэд би түүнийг бараг танихааргүй болсон байв. Харин тэр надтай тун ч хөхиүн хөгжүүн мэндэллээ.

“Анх танилцсанаас хойш олон жил өнгөрсөн байна шүү. Цаг хугацаа ямар хурдан юм бэ! Бүгдээрээ одоо залуу зандан болохоосоо нэгэнт өнгөрчээ. Чи надтай анх нүүр тулсан үеэ санаж байна уу? Чи намайг өдрийн хоолонд урьсан даа.” Би санаж байна гэж үү?

Тийм ээ, тэр бол хорин жилийн тэртээх, миний Парист амьдарч байсан үе юм. Би оршуулгын газар луу хандсан латин дүүрэгт жижигхэн орон сууцанд амьдардаг, бие сэтгэлээ зогоох төдий жаахан мөнгө арайхийн олж амь зуудаг байв. Харин тэр эмэгтэй миний нэг номыг уншсан гээд над руу захидал бичсэн байлаа. Түүнд би талархлаа илэрхийлэн хариу бичсэн агаад удалгүй түүнээс Парисаар дайран өнгөрнө, надтай ярилцахыг хүсэж байна, гэхдээ цаг бага тул дараагийн пүрэв гаригт нь л цаг зав гаргах боломжтой, одоогоор Люксембургт өглөөг өнгөрөөж байна, харин өөрийг нь хүрээд ирэхэд Фоёотын зоогийн газарт багахан зоог барихгүй биз гэсэн утгатай өөр нэгэн захидал хүлээж авсан юм. Фоёот бол Францын Сенатын гишүүдийн зоог барьдаг, миний хэзээ ч очно гэж бодож байгаагүй тийм л зоогийн газар байлаа. Гэсэн ч би баярлаж хөөрсний дээр эмэгтэй хүнд “Үгүй” гэж хэлж сураагүй, дэндүү залуухан байжээ. (Маш цөөхөн эрчүүд л үүнийг өтөл насандаа сурдаг бөгөөд тэр цагт хэлсэн үг нь эмэгтэйчүүдэд ямар ч хүч нөлөөгүй болсон байдгийг хэлэх хэрэгтэй.) Надад бүтэн сар хэмнэж хэрэглэх наймхан франк л байлаа. Гэтэл дундаж зоог 15 франкт багтана шүү дээ. Ингээд хоёр долоо хоног кофе уухгүй бол болох юм гэж шийдэв.

Захидлаар харилцагч танилдаа би пүрэв гаригийн 12 хагаст Фоёотын зоогийн газарт уулзъя гэсэн хариу бичлээ. Өнөөх эмэгтэй миний төсөөлсөн шиг залуухан харагдаагүй бөгөөд үнэндээ дур булаам гэхээсээ ердийн 40 настай эмэгтэй шиг (сайхан нас л даа, гэхдээ анхны харцаар гэнэтийн гайхам таашаал төрүүлэхээргүй нас шүү дээ), байх ёстойгоосоо яагаад ч юм хамаагүй том, цагаан, бүр илүү олон шүдтэй мэт санагдаж билээ. Тэр тун ч яриа хөөрөөтэй, угаасаа ч надтай ярилцахыг зорьсон тул би яриаг нь анхааралтай чагнахад биеэ бэлтгээд байв. Харин хоолны цэсийг хараад үнэ ханш нь миний бодсоноос хавьгүй өндөр байсанд би бүр цочирдож орхисон билээ. Гэсэн ч зочин эмэгтэй маань өөрийгөө өдрийн зоогонд бараг юу ч иддэггүй дээ хэмээн тайвшруулсаар байвай.

“Өө, битгий тэгж хэл!” гэж миний эелдэг загнасныг яана.

“Би нэгээс илүү юм иддэггүй юм. Хүмүүс даанч их иддэг болжээ. Би жаахан загас л идье. Жижигхэн яргай загас ч юм уу.”

Яргай загас гараад удаагүй жилийн эхэн байсан билээ. Хэдий хоолны цэсэн дээр байгаагүй ч зөөгчөөс юутай ч яргай байгаа үгүйг нь асууж орхив. Гэтэл сайхан яргай загас дөнгөж саяхан ирсэн, яргай хүлээж авсан эхний өдөр нь болж таарчээ. Ингээд би зочиндоо яргай загасыг нь захиалав. Харин зөөгч загас болох зуур ямар нэгэн юм авах уу гэж асууж байна. “Үгүй дээ” гэж бүсгүй хариулаад “Би нэгээс илүү юм иддэггүй юм. Гэхдээ жаахан түрс байвал болно шүү. Түрснээс би хэзээ ч татгалзахгүй” гэвэй. Зүрх минь ёгхийх нь мэдрэгдэв. Түрс авах чадалгүйгээ би мэдэж байсан ч түүнийгээ зочиндоо хэлж зүрхэлсэнгүй. Ингээд түрс авчрахыг зөөгчөөс хүслээ. Харин өөртөө цэсэн дээрх хамгийн хямдхан хоол хонины махтай шөл захиалав. Гэтэл зочин маань “Мах идэх ч сайн юм биш дээ. Хонины мах шиг хүнд хоол идчихээд яаж ажилладаг байна аа? Ходоод гэдсээ дүүргэх тун ч аягүй дээ” гэлээ.

Удалгүй уух зүйлийн тухай яриа эхлэв. “Би өдрийн зоогондоо юу ч уудаггүй юм” гэж тэр хэллээ. Харин намайг “Би ч гэсэн” хэмээн уулгамч гэгч нь дуугартал “Гэхдээ цагаан дарсыг эс тооцвол шүү дээ” гэж яг л намайг юу ч хэлээгүй аятай мэдэгдэх нь тэр.

“Франц цагаан дарс маш зөөлөн, хоолны шингэцэд хачин сайн байдаг юм.”

“Та тэгвэл юу авах вэ?” гэж би аль болох эелдэг хэрнээ тэгтэл найр тавьсан шинжгүй асуув. Тэр миний өөдөөс том цагаан шүдээ яралзуулан инээмсэглээд “Эмч маань намайг оргилуун дарс л ууж бай гэсэн” гэх нь тэр ээ. Тэрхэн мөчид би бараг л хувхай цайсан байх. Тэгээд арга буюу хагас шил оргилуун дарс захиалахдаа намайг оргилуун дарс ууж болохгүй гэж эмч зөвлөсөн хэмээн ярианыхаа завсар хавчуулаадахав.

“Тэгвэл чи юу уух болж байна?”

“Ус л ууя.”

Тэр, түрсээ бас яргай загасаа идэв. Чингээд баяр хөөртэй нь аргагүй дүрслэх урлаг, уран зохиол, хөгжмийн тухай ярилаа. Би харин хэр их төлбөр гарах бол гэхээс өөр юм бодсонгүй. Харин хонины махтай шөл маань ирэхэд тэр ахиад л намайг ятгаж гарав.

“Нэлээд хүнд зоог барьдгийг чинь мэдэж авлаа. Их том алдаа шүү. Над шиг ганц юм л идэж бай. Тэгвэл бие чинь хэчнээн сайхан хөнгөрнө гээч.”

“Би энэнээс өөр юм идэхгүй ээ.”

Намайг ингэж хэлэхтэй зэрэгцээд зөөгч ахиад л хоолны цэс барьсаар ирлээ. Зочин маань түүн рүү дохив.

“Үгүй дээ, би ч бас өдрийн хоол бараг иддэггүй юм. Маш жаахныг л иддэг. Илүү гарахгүй шүү. Ярианы хачир төдий л юм иддэг. Гэхдээ аварга том хэрээн нүд ногооноос жаахан байвал буцахгүй шүү. Хэрээн нүд амсахгүйгээр Парисаас явбал харамсмаар шүү дээ.” 

Миний зүрх ахиад л ширхийх шиг болов. Хэрээн нүд гэх тэр нарийн ногоог би дэлгүүрт өчнөөн олон удаа харж байсан болохоор хэчнээн үнэтэйг нь мэдэх билээ. Харах болгондоо л миний арааны шүлс асгардаг сан. “Хатагтай танайд том хэрээн нүд байгаа болов уу гэж байна” хэмээн би зөөгчөөс асуулаа. Түүнийг байхгүй гээсэй гэж би хэчнээн их хүссэн гээ. Гэтэл зөөгч залуу нүүрээ байдгаараа мурчийлган инээмсэглэж, бараг л хэрэгт дуртай өнгөөр маш том, бүр урт сайхан, гайхмаар гоё хэрээн нүд байгаа шүү гэх нь тэр.

Зочин маань “Би ч цатгалан байна л даа. Гэхдээ жаахан хэрээн нүднээс татгалзахгүй ээ” хэмээн санаа алдан хэлвэй. Хэрээн нүдийг нь би дуртай дургүй захиалав.

“Чи өөрөө идэхгүй юм уу?”

“Үгүй ээ, би хэрээн нүд иддэггүй.”

“Дургүй хүмүүс байдаг л юм. Үнэндээ их мах идээд амтлах чадвараа алдаж байгаа нь тэр шүү дээ.”

Бид хэрээн нүд болохыг хүлээж суулаа. Бачуурал, сандрал минь намайг баглаж авах шиг болов. Сарын үлдсэн хугацааг яажшуу өнгөрөөнө дөө гэж санаа зовохоосоо илүүтэй зоогийн газрын төлбөрийг яаж төлнө өө гэхээс бүр шаналж гүйцлээ. Арван франк сох дутаж, зочноо царайчлах болбол яана. Тэгвэл хэчнээн эвгүй байдалд орох билээ. Би өөртөө яг хэчнээн франк байгааг яг таг мэдэж байсан болохоор хоолны нийт төлбөр бодсоноос минь илүү гарч гэмээнэ халаасандаа гараа шургуулаад учиргүй уран сайхны хэтрүүлэг үзүүлж, мөнгөө суйлуулчихжээ гэж орилж хашхичъя гэхээс өөр юм бодогдсонгүй. Зочин эмэгтэй маань ч бас хангалттай мөнгөгүй явна гэвэл бүр ч хачин жигтэй юм болно. Тэгвэл надад бугуйн цагаа үлдээж, дараа эргэж ирээд төлье гэхээс өөр сонголт үлдэхгүй биз ээ.

Ингээд хэрээн нүд ирлээ. Маш том, шүүслэг, амттай сайхан харагдана. Аймшигтай эмэгтэй хэрээн нүднээс авч том томоор нь амандаа үмхлэн, яаж зажилж байгааг нь харах зуураа би аль болох эелдэгээр Балканы орнуудад болж буй явдлын талаар хачирхан ярив. Эмэгтэй арай гэж идэж дууслаа. 

“Кофе уух уу?” гэж би асуув.

“Тэгье, жаахан зайрмаг кофетой авья.”

Энэ үед би бараг л цагаандаа гарч өөртөө кофе, зочиндоо зайрмаг, кофе захиаллаа. Гэтэл тэр зайрмагаа идэж байхдаа “Би нэг зүйлд хөдөлбөргүй итгэдэг юм. Хүн хоол идсэнийхээ дараа ахиад жаахан юм идэх зай үлдээх хэрэгтэй” гэвэй.

“Та цадаагүй хэрэг үү?” гэж би доройхон асуув.

“Үгүй дээ. Би цадсан. Угаасаа ч өдрийн хоолондоо их юм иддэггүй юм. Өглөөдөө аяга кофе уучихаад шууд л оройн хоол иддэг. Харин өдрийн хоолонд нэгээс илүү юм иддэггүй. Би зүгээр л танд гэж хэлж байсан юм.”

“Аан, тийм үү?”

Тэгтэл тун ч онцгүй юм боллоо. Биднийг кофегоо хүлээж байх зуур ахлах зөөгч нүүрэндээ худал инээмсэглэл тодруулсаар сагс дүүрэн том том тоор жимс барьсаар дөхөөд ирэв. Яг л гэнэн итгэмтгий охины хацар шиг улаа бутарсан, итали нутгийн үзэмж баян өнгө зүсийг санагдуулам тийм л тоор байлаа. Гэтэл тоор жимсний улирал биш байсан шүү дээ. Хэчнээн үнэ өртөгтэйг нь ёстой бурхан л мэдэх байх. Гэтэл хэдхэн хормын дараа зочин маань яриан завсраараа нэг тоор жимс хээв нэг шүүрээд авчихав.

“Чи гэдэс ходоодоо баахан махаар дүүргэчихсэн (хөөрхий миний идсэн хонины жаахан мах) юм чинь ахиад юу ч идэж чадахгүй байх. Харин хөнгөхөн зууш идсэн юм чинь би ганц тоор амталчихъя.” 

Удалгүй төлбөрийн хуудас ирлээ. Арай чүү төлөхөд ард нь надад гарын мөнгө гэж хэлэхэд хэцүү хэдхэн зоос л үлдэв. Намайг зөөгчийн гарыг цайлгах гуравхан франк үлдээхийг өнөөх эмэгтэй хармагцаа намайг өөдгүй амьтан гэж бодохыг би тэр даруй мэдэрсэн сэн. Гэтэл миний өмнө халаасандаа сохор ч зоосгүй өнгөрөөх чилийсэн урт сар байгаа гэдгийг тэр яахин мэдэх вэ дээ. Гар барихдаа тэр “Над шиг бай. Өдрийн зоогондоо нэгээс илүү юм идээд хэрэггүй” гэж билээ. Би “Одоо хичээнэ ээ. Өнөө орой оройн хоол идэхгүй” гэж хариулсан юм даг. Харин зочин маань таксинд суухдаа учиргүй инээд алдаж “Чи их инээдэмтэй хүн юм. Аргагүй шог зохиолч юм аа” гэсэн сэн.

Эцэст нь би хариугаа авчээ. Би өөрийгөө өсөрхүү хүн гэж боддоггүй л дээ. Гэвч үхэшгүй мөнхийн бурхад алив асуудлыг өөрсдийнхөөрөө шийдвэрлэхэд үр дүнг нь баясан хүлээж авахаас өөр яалтай вэ. Тэр эмэгтэй одоо 130 кг жинтэй болжээ.  


8.1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


аман дээрээ шал өөр юм ярьчихаад цаанаа худлаа байдаг гаруудын тухай юм биш үү кккк
Цаад санаа нь юу өгүүлсэн юм болдоо
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start