Арав.мн

Эргэлзээ, хэл ам дагуулсан энхтайвны 10 нобельтон

Эргэлзээ, хэл ам дагуулсан энхтайвны 10 нобельтон

Альфред Нобель 1888 онд Францын нэгэн сониноос өөрийгөө "нас барсан" тухай мэдээ олж уншжээ. Мэдээ нь "Үхлийн худалдаачин таалал төгсөв" гэсэн гарчигтай байв. Үнэн хэрэгтээ ах Людвиг нь нас барсныг дээрх сониныхон Альфредтэй андуурсан байж. Гэхдээ өөрийг нь "эрт үхүүлсэн"-ээс илүүтэй мэдээний өнгө аяс Альфред Нобельд айдас төрүүлсэн гэдэг. Мэдээнд "Альфред Нобель хүмүүсийг үй олноор нь хөнөөх арга боловсруулснаараа хөлжиж баяжсан хүн" хэмээн бичсэн байлаа. Нас барсныхаа дараа иймэрхүү маягаар дурсан санагдах вий гэхээс эмээсэн Нобель чухам дээрх сонины мэдээнээс болж өөрийн нэрээр олон улсын томоохон шагнал бий болгохыг гэрээслэн үлдээжээ. Нобелийн шагнал өдгөө дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал юм. Харин нүдээ олдог уу гэдэг нь цаг үргэлж хэл ам үүсгэсээр ирж. Тэр дундаа Энхтайвны салбарын шагнал нь ихэнхдээ талцал, маргаан дагуулдаг бөгөөд дор эргэлзээтэйгээр уг шагналыг хүртсэн 10 шагналтныг жагсааж байна. 


10

Ригоберта Менчу

Хүний эрхийн төлөө тэмцэгч, феминист энэ эмэгтэй 1960-1996 оны хооронд буюу бүтэн 36 жил үргэлжилсэн Гватемалын Иргэний дайны сүүл үед улс орныхоо уугуул гаралтай иргэдийн эрхийн төлөөх тэмцлээрээ танигдаж, 1992 онд Нобелийн энхтайвны шагнал хүртжээ. Менчу тухайн цагтаа хамгийн залуудаа буюу 33 насандаа уг шагналыг хүртсэн хүнээр тодорч байв. Тэрээр олон улсад олсон энэхүү нэр хүндээ ашиглаж 2007 онд нутгийн уугуул иргэдийн "Винак" нэртэй нам байгуулан 2007, 2011 оны Гватемалын Ерөнхийлөгчийн сонгуульд хүртэл өрсөлдсөн байна. Харин Менчугийн хүний эрхийн олон арван шагнал 1983 онд хэвлэгдсэн "Миний бие Ригоберта Менчу" гэх намтар-дурсамжийн номонд нь багтсан худал ташаа мэдээллээс болж Нобель хүртсэнээс нь арваад жилийн дараа хэл ам дагуулжээ. Түүний номондоо бичсэн өлсгөлөнгөөр нас барсан гэх эрэгтэй дүү нь бүр ерөөс байгаагүй бол цэргүүдийн амьдаар нь шатаасан гэх өөр нэг дүү нь огт өөр байдлаар амиа алдсан байж. Мөн сургуульд сураагүй, испаниар ярьж чаддаггүй байсан зэргийг нь сурч байсан католик сургуулийнх нь гэлэнмаа нар няцаасан байна. Иймэрхүү баримтуудыг нь цуглуулсан хэсэг сэтгүүлчид Нобелийн хороонд удаа дараа хандсан ч тус хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга "Энэ шагналыг хатагтай Менчугийн нийгмийн ажил, хүний эрхийн төлөөх тэмцэлд олгосон болохоос үзэж туулсан амьдралаа өгүүлэн хүүрнэх арга барилд нь хүртээгээгүй" гэсэн хариу барьжээ. Ригоберта Менчугийн энэхүү дуулианыг антропологичид орчин цагийн Америкийн уугуул гаралтай иргэдтэй холбогдох олон нийтийг хамгийн их талцуулсан гурван явдлын нэгээр нэрлэдэг байна.


09

Хуан Мануэль Сантос

2010-2018 онд Колумбын Ерөнхийлөгчөөр ажилласан Хуан Мануэль Сантос зэвсэгт босогчдын ФАРК хөдөлгөөнийхөнтэй энхийн гэрээ байгуулах хүчин чармайлтаараа 2016 онд Нобелийн энхтайвны шагнал хүртсэн юм. Түүнийг Нобелийн хорооноос "260 мянган хүний аминд хүрч, долоон сая хүнийг дүрвэгч болгосон бүтэн 50 жилийн Иргэний дайныг эцэслэхийн төлөө тууштай зүтгэсэн" хэмээн онцолсон байлаа. Гэвч түүнийг шагнал гардахаар болсныг зарласнаас ердөө сарын дараа энхийн гэрээ байгуулах эсэх асуудлыг Колумбын парламент бүх нийтийн давтан санал асуулгагүйгээр баталсан нь ард иргэдийн асар их дургүйцэлтэй тулгарчээ. Учир нь хэдэн сарын өмнөхөн нь болсон эхний санал асуулгаар Колумбын иргэдийн талаас илүү нь ФАРК-тай хийх энхийн гэрээний нөхцөлүүдийг зөвшөөрөөгүй байж. Албаныхан зэвсэгт босогчдод дэндүү зөөлөн хандаж, өршөөл үзүүлсэн, бүр парламентад хүртэл суудал гаргаж өгсөн хэмээн ард түмэн уурсаж байлаа. Хуан Мануэль Сантос энэ мэт иргэдийн дургүйцлээс болж Нобелийн шагнал хүртсэнээсээ жил гаруйхны дараа Колумбын түүхэн дэх хамгийн бага дэмжлэгтэй Ерөнхийлөгч болон суудлаасаа буужээ. Түүний халааг дээрх энхийн гэрээний зүйл заалтыг хүчтэй эсэргүүцэгчдийн нэг Иван Дуке Маркес гэх улстөрч аван, Колумбын төрийн тэргүүнээр сонгогдсон байна. 2017 оны арваннэгдүгээр сард задарсан Диваажингийн баримтууд гэх олон улсын санхүүгийн дуулианд мөн Хуан Мануэль Сантосын нэр холбогдож, Барбадост хоёр ч оффшор компанитай нь илэрсэн нь шүүмжлэгчдийг Нобелийн хороонд хандахад хүргэж байв. 


08

Корделл Халл

АНУ-ын түүхэнд хамгийн олон жил буюу бүтэн 11 жил Төрийн нарийн бичгийн даргын алба хашсан Корделл Халл дэлхийн II дайны үед Ерөнхийлөгч Франклин Д.Рузвельтийн итгэлт хүн байсан гэдгээрээ түүхэнд үлджээ. Дайны дараа НҮБ-ын суурийг тавилцахад онцгой хүчин чармайлт гаргасан хэмээн 1945 онд Нобелийн энхтайвны шагнал хүртэхэд нь Ерөнхийлөгч Рузвельт түүнийг "Нэгдсэн үндэстнүүдийн эцэг" хэмээн сайшааж байв. Харин Халл Нобелийн шагналтан болохоосоо зургаан жилийн өмнө буюу 1939 онд Европоос амь зулбан зугтсан 960 гаруй еврейчүүдийг Америкийн эрэгт буулгалгүй буцаах шийдвэрийг гаргасан байдаг. Тэдгээр еврейчүүдийн талаас илүү нь хожим хорих лагериуд руу ачигдаж, 254 нь нацистуудын гарт амиа алдсан гэх тооцоо бий. Халл 1940 оны есдүгээр сард мөн Румыний еврейчүүдийг ачсан "Кюанза" гэх хөлгийг Европ руу буцаасан бол хилийн чанад дахь Америкийн Консулын газруудад еврейчүүдэд виз олгохгүй байхыг Төрийн департментаас онцгойлон даалгасан гэдэг баримт хүртэл байдаг аж. Үүнийг нь эсэргүүцсэн еврей гаралтай Америкийн Конгрессийн гишүүд Ерөнхийлөгч Рузвельтэд өргөдөл гаргаж, Европоос 20 мянган еврей хүүхэд авчрахыг хүссэн ч ямар ч хариу хүлээж аваагүй байна.


07

Европын холбоо

2012 оны Нобелийн энхтайвны шагналыг "Европын энхтайван, эв эе, ардчилал, хүний эрхийн хөгжилд 60 гаруй жил хувь нэмэр оруулсны учир" Европын холбоонд олгожээ. Нобелийн хорооны энэхүү шийдвэрийг эсэргүүцэгчид тухайн үеийн эдийн засаг болон дүрвэгсдийн хямралд Европын холбоог буруутгаж, тус холбооны албаныхан энхтайвныг сахин хамгаалахаасаа илүү дайн самуунд оролцсон нь их гэсэн маргаан үүсгэсэн байдаг. Өмнөх Нобелийн энхтайвны шагналтнууд болох Десмонд Туту, Мейрид Магуайр, Адольфо Перес Эскивель нарын эрхмүүд бүр хамтдаа ил захидал бичиж шагналыг нь түдгэлзүүлэхгүй юм гэхэд дагалдах найман сая швед крон буюу 1.2 сая ам.долларыг Европын хороонд олгохгүй байхыг хүссэн байна. Ил захидалд мөн хэдэн арван хуульч, зохиолч, нийгмийн зүтгэлтнүүд гарын үсэг зуржээ. Судлаач, шүүмжлэгчид дайны дараах Европын хөгжил дэвшилд Европын холбоо голлох үүрэг гүйцэтгээгүй, тус холбоо Европын орнуудын хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалж чадаагүй, еврогийн бүс бий болгосон нь Европ дотор харин ч хагарал үүсгэсэн гэсэн байр суурьтай байдаг бол Европын холбоо дэлхийн хамгийн том зэвсэг үйлдвэрлэгчийн нэг гэдэг нь Альфред Нобелийн энхийн шагнал үүсгэсэн анхдагч зорилготой илэрхий зөрчилдөнө гэсэн хандлага ч түгээмэл байдаг аж.


06

Ан Сан Сү Чи

Улс орноо ардчилсан засаглалтай болгохын төлөө цэрэг армийнхны эсрэг олон жил тэмцэж, амьдралынхаа бүтэн 15 жилийг гэрийн хорионд өнгөрүүлсэн Ан Сан Сү Чи 1990-ээд оны эхээр дэлхийн хамгийн алдартай улс төрийн хоригдол, ардчиллын төлөө тэмцэгчдийн нэг байв. Түүнийг хүчирхийллээс ангид иргэний нийгмийн үзлийг дэлгэрүүлэгч хэмээн үнэлж, Махатма Гандийн залгамжлагч гэж хүртэл цоллож байлаа. Ан Сан Сү Чи-г Нобелийн хорооноос 1991 онд "хүний эрх болон ардчилсан үзлийн төлөө хүчирхийллийн бус замаар олон жил тууштай тэмцсэний учир" Нобелийн энхтайвны шагналаар шагнажээ. Харин тэрээр 2010 онд гэрийн хорионоос суллагдмагцаа сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж 2016-2021 онд Мьянмарын Төрийн зөвлөх буюу Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайдаар ажилласан юм. Гэвч энэ хугацаандаа Мьянмарын үндэстний цөөнх, исламын шашинт рохинжа нарыг хоморголон устгах үйлдлийг таслан зогсоогоогүй, үг дуугүй байж, бүр удаа дараа үгүйсгэсэн гэх шүүмжлэлд өртөх болжээ. Олон улсын байгууллагуудын тооцоогоор Мьянмарын Зэвсэгт хүчин 25 мянга гаруй рохинжа иргэдийг хөнөөж, 700 мянга гаруй хүнийг нутаг орноосоо дайжин дүрвэхэд хүргээд байна. Энэ явдлаас болж олон улс Ан Сан Сү Чи-д олгосон хэдэн арван шагнал, өргөмжлөл, хүндэт цол зэргээ хурааж авсан бол хамгийн их шахалтад орсон Нобелийн хороо л ямар нэг хариу үйлдэл үзүүлэлгүй өдий хүрчээ. Сү Чи 2020 оны Мьянмарын парламентын сонгуульд ахин ялсан ч армийнхан дахин нэгэнтээ цэргийн дэглэм тогтоож, 2021 оны хоёрдугаар сард түүнийг баривчилсан юм. Мьянмарын шинэ эрх баригчид түүнийг КОВИД-19-ийн хууль зөрчсөн, хээл хахууль авсан зэрэг арваад зүйл ангиар яллаж, нийт 33 жил хорих ялаар шийтгэсэн бөгөөд өдгөө Сү Чи-г гянданд ганцааранг нь тусгаарлан хорьж байгаа гэсэн баттай бус мэдээ байна.  


05

Тереза эх

Одоогийн Умард Македоны нутагт төрсөн, албани угсаатай Тереза эхийн жинхэнэ нэр нь Агнес Гонжа Бояжу юм. 19 настайгаасаа хойш бүхий л амьдралаа Энэтхэгийн ядууст зориулсан тэрээр 1950 онд "Энэрэл хайрын бүлгэм" гэгчийг байгуулсан нь өдгөө 133 улсад 4500 гаруй гэлэнмаа, хэдэн зуун сайн дурынхныг ажиллуулдаг олон улсын буяны сүлжээ болон өргөжин тэлжээ. Хүнд өвчтэй, үгээгүй ядуу мянга мянган хүнийг толгой хоргодох газартай болгосон энэхүү хүмүүнлэгийн үйлсийг нь үнэлж Тереза эхэд олон улсын хамаг л нэр хүндтэй шагналуудыг олгосны дотор 1979 оны Нобелийн энхтайвны шагнал багтана. Гэвч түүний буяны үйлс үнэхээрийн ариун цагаан мөртэй үгүй нь амьд ахуйд нь ч, нас барсных нь дараа ч асар их хэл ам дагуулжээ. Эрэн сурвалжлах сэтгүүлчид болон Тереза эхийн дор ажиллаж байсан сайн дурынхны мэдүүлснээр "Энэрэл хайрын бүлгэм"-д анаагахын мэдлэг, туршлагатай хүн байгаагүйгээс хүнд өвчтэй хүмүүс олноороо хохирсон байна. Тэдний дэлгэсэн цочирдмоор баримтуудаас заримыг нь дурдвал: өвчтөнүүдэд бохир зүү, тариураар тариа тарьдаг байсан; хоол унд гуйж ирсэн ядууст буцалгаагүй бохир ус өгдөг байсан; асрамжийн газар нь хорих лагерь шиг зохион байгуулалттай, эрүүл ахуйн шаардлага хангаагүй байсан; үхлүүт хүмүүст өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр усан баталгаа хийдэг байсан; хүнд өвчтөнүүдийг орноос нь юм уу, модноос хүлдэг байсан зэргийг онцолж болох юм. Гэтэл Тереза эх олон улсын байгууллага болон алдар нэртэй хүмүүсээс жил бүр дунджаар 30 сая ам.долларын хандив хүлээж авч байсан баримт бий. Энэ бүхний тухай өгүүлэх "Тамаас ирсэн тэнгэрийн элч" нэртэй баримтат кино Тереза эхийг нас барахаас гурван жилийн өмнө 1994 онд дэлгэцэнд гарч, ихээхэн дуулиан шуугиан дэгдээжээ. Тереза эх мөн Албанийн дарангуйлагч Энвер Хожа, Италийн фашист үзэлтэн Личо Желли, Гаитийн дарангуйлагч Дювалье зэрэг "маапаан"-тай хүмүүсийг дэмждэг байсан гэдэг. 


04

Абий Ахмед

Этиопийн Ерөнхий сайдаар 2018 оноос хойш ажиллаж байгаа Абий Ахмед Этиоп, Эритреягийн хооронд 20 жил үргэлжилсэн газар нутгийн маргааныг шийдвэрлэж, 110 гаруй сая хүнтэй улс орноо илүү чөлөөт болгох итгэл найдвар төрүүлсэн хэмээн засгийн эрх барьж эхэлснээсээ ердөө жилийн дараа буюу 2019 онд Нобелийн энхтайвны шагнал хүртжээ. Харин жил гаруйхны дараа, 2020 оны эхээр Абий Ахмед парламентын ээлжит сонгуулийн товыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулснаар Этиопийн улс төрд Үндсэн хуулийн хямрал нүүрлэж, нөхцөл байдал удтал даамжирснаас есдүгээр сард нь нутгийн хойд захын Тыграйн бүс нутагт бие даасан сонгууль болсон байна. Энэ нь он удаан жилийн зөрчилтэй байсан Тыграйн салан тусгаарлагчдыг төв Засгийн газрынхаа эсрэг босоход хүргэж, бүтэн хоёр жил үргэлжилсэн Иргэний дайнд хөтөлжээ. Зэвсэгт мөргөлдөөн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард албан ёсоор дууссан гэх ч энгийн иргэд одоо ч өдөр тутамдаа өлсгөлөн, бэлгийн хүчирхийлэлд өртсөөр байна. Зарим эх сурвалжийн тооцоогоор Тыграйн дайнд одоогоор 600 мянга орчим хүн амь эрсдэж, сая гаруй хүн орон гэрээсээ дайжжээ. Уг зөрчил хөрш зэргэлдээ Эритрея, Судан зэрэг улс руу хальж даамжрах бодит аюул ч нүүрлээд байгаа аж. Гэтэл Абий Ахмедийн тэргүүлсэн Засгийн газар энэ бүхнийг одоо хүртэл "цэргийн тусгай ажиллагаа" гэж нэрийдсээр байгаа бөгөөд түүнийг Тыграйн бүс нутагт энгийн иргэдийн эсрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутгаж, Нобелийн шагналыг нь хураахыг олон улс шаардсаар байна. 


03

Ясир Арафат, Шимон Перез, Ицхак Рабин

Нобелийн хороо 1994 онд Палестиний удирдагч Ясир Арафат, Израилийн Ерөнхий сайд Ицхак Рабин болон тус улсын Гадаад хэргийн сайд Шимон Перез нарыг Энхтайвны шагналаар шагнахдаа Израиль-Палестиний зөрчлийг шийдвэрлэхэд түлхэц болсон Ослогийн гэрээг энэ гурван хүн хэлэлцэн баталсны учир Ойрх Дорнодод энхийг тогтоох зам засагдлаа гэж үзсэн байдаг. Гэвч энэ нь Израиль-Палестиний хямралыг эцэслээгүйгээс гадна алан хядагчийг шагнасан гэгдэн ихээхэн хэл ам дагуулж, олон нийтийг дургүйцэхэд хүргэжээ. Учир нь Ясир Арафат олон улсад алан хядах бүлэглэл гэгддэг Палестиний чөлөөлөх байгууллагын гол фракц болох "Фатах" хөдөлгөөний тэргүүн байв. Ажиглагч, түүхч, судлаачид Арафат болон "Фатах" хөдөлгөөнийг Израилийн зуу зуун энгийн иргэдийн аминд хүрсэн хэдэн арван дэлбэрэлтийг зохион байгуулсан; бүр Ливаны Иргэний дайнд хүртэл зэвсэгт босогчдыг санхүүжүүлсэн; Израилийн араб гаралтай хүүхэд, залуусыг олноор нь алан хядах ажиллагаанд уруу татсан; Палестиний засаг захиргааны удирдах шатанд авилга, хээл хахуулийг хавтгайруулсан гэж үздэг. Энэ бүхнээс нь болж Арафатыг "Нобелийн шагнал хүртсэн хамгийн муу хүн" хэмээн тодорхойлж байв. Арафатад Нобелийн шагнал олгох шийдвэрийг эсэргүүцэж Норвегийн нэртэй улстөрч Каре Кристиансен Нобелийн хорооны гишүүнчлэлээсээ хүртэл татгалзжээ. Харин Ослогийн гэрээний тухайд Палестиний чөлөөлөх байгууллага, Израилийн төр хоёр бие биеэ харилцан хүлээн зөвшөөрсөн ч Палестин улс байгуулагдаагүй бөгөөд Баруун эрэг, Газын зурвасын асуудал ч гэрээнд зааснаар шийдэгдээгүй юм. Шимон Перез, Ицхак Рабин хоёр мөн Нобель хүртсэнээсээ болж ихэд шүүмжлүүлсэн байдаг. Перез Палестиний газар нутгийг хууль бусаар эзэлсэн гэх дайралтад өртсөн бол Рабин Нобель хүртсэнээсээ ердөө жилийн дараа 1995 онд Ослогийн гэрээг байгуулснаасаа болж иүдийн шашинт хэт үзэлтний гарт амиа алджээ.


02

Барак Обама

Этиопийн шинэхэн Ерөнхий сайдыг хэдийн хийж бүтээсэн зүйлийнх нь төлөө биш, харин ирээдүйд хүрч мэдэх амжилтынх нь төлөө; мөн залуу, эрч хүчтэйнх нь төлөө шагнасныхаа адилаар Нобелийн хороо дөнгөж Ерөнхийлөгч болоод удаагүй байсан Барак Обамаг 2009 онд "олон улсын дипломат харилцаа, ард түмнүүд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх хүчин чармайлтынх нь төлөө" Нобелийн энхтайвны шагналаар шагнасан юм. Түүнийг зөвхөн өнгөт арьстан болохоор нь, бас Жорж Буш биш болохоор нь шагналаа гэж дургүйцсэн хүмүүс ч байлаа. Харин Обама найман жилийн засаглалынхаа эцэст Америкийн түүхэн дэх хамгийн олон жил дайн дажинтай хутгалдсан Ерөнхийлөгч болжээ. Гадаад харилцааны зөвлөл гэх Америкийн хараат бус нэгэн байгууллагын судалгаагаар Обамагийн засаг захиргаа найман жилийн хугацаанд нийт долоон улсын нутаг дэвсгэрт 26 мянга гаруй бөмбөг хаясан нь жилд дунджаар 582 энгийн иргэнийг хөнөөсөн байна. Өөр нэг судалгаагаар Америкийн арми Сомали, Пакистан, Иемен зэрэг улсад зөвхөн дроноор гэхэд 563 удаа халдлага үйлдсэн нь дангаараа 3797 хүний аминд хүрчээ. Обама хэдийгээр дайн дажинд оролцсон Цагаан ордны анхны тэргүүн биш ч Америкийн империалист бодлогоос зугтаж зайлж чадаагүй нь үүнээс харагдана. Түүнийг дайны гэмт хэрэгтэн, хэзээ нэг өдөр Олон улсын эрүүгийн шүүхэд дуудагдах ёстой гэж үздэг шинжээчид олон бий. 2015 онд Норвегийн Нобелийн хүрээлэнгийн тэргүүн Гейр Лундестад "Энхтайвны нарийн бичгийн дарга" нэртэй дурсамж номондоо Обамад Нобелийн шагнал олгосон нь том алдаа байсныг хүлээсэн байдаг. 


01

Хенри Киссинжер, Ле Дик То

Ганц энхтайвны салбарын гэлтгүй ерөөс Нобелийн шагналын түүхэн дэх хамгийн хэл амтай, хүмүүсийг хамгийн их маргаж мэтгэлцэхэд хүргэсэн нобельтон бол Вьетнамын дайны үеэр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Хенри Киссинжер юм. 1973 онд Өмнөд Вьетнамын хувьсгалч Ле Дик То-гийн хамт "дайны галыг зогсоож, америк цэргүүдийг эргүүлэн татсан" хэмээн Нобелийн энхтайвны шагнал хүртсэн тэрээр 1975 онд Сайгон хотыг Хойд Вьетнамын армид эзлэгдсэний дараа шагналаа буцаахыг хүссэн ч Нобелийн хороо хүсэлтийг нь хүлээж аваагүй байна. Ле Дик То ч мөн дараахан нь шагналаасаа татгалзжээ. Киссинжер ганц Вьетнамын дайнаар тогтохгүй Улаан Кхмерийн дэглэмийн үеэр Камбожийн нутагт хэдэн зуун бөмбөг хаясан; Аргентин, Болив, Бразил, Парагвай, Уругвайн дотоодын үймээн самуунд хөндлөнгөөс оролцсон; Чилийн цэргийн дарангуйллын үеэр амь үрэгдсэн франц иргэдийн хэрэгтэй холбогдсон; Киприйг эзлэх Туркийн цэргийн ажиллагааг дэмжсэн зэрэг олон улсын өдий төдий "бохир" явдалд гар бие оролцсон нэгэн юм. Үүнээс нь болж Нобелийн хорооны хоёр гишүүн ажлаа өгч, "The New York Times" сонин Нобелийн энхтайвны шагналыг Дайны шагнал хэмээн нэрийдэж байв. Нобелийн хорооны шийдвэрийг эсэргүүцсэн дайны эсрэг үзэлтнүүд жагсаал цуглаан зохион байгуулах вий гэхээс сэрэмжилсэн Киссинжер өөрийн биеэр шагналаа гардаж аваагүй байдаг. Харин шагналын мөнгөө тэрээр Энэтхэг-Хятадын хойгт амь эрсэдсэн америк цэргүүдийн үр хүүхдүүдэд сургалтын тэтгэлэг болгон хандивлажээ. Хенри Киссинжер өдгөө 99 настай бөгөөд Никсоны Засгийн газрын гишүүдээс амьд сэрүүн байгаа ганц хүн юм. 


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Заримыг нь ёстой мэдээгүй явж дээ.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start