Арав.мн

Хулхины шинжлэх ухааны товч түүх

Хулхины шинжлэх ухааны товч түүх

Robert Smith. 1978 он. The Cure сонсож байхад юу бодогддог гээч? "We are Cure to humans" гэдэг үг санаанд буудаг юм. Гэхдээ энд хөгжмийн тухай нэг их дурдагдахгүй. Харин Гандангийн үрлийг вакцинаас дээгүүр тавьдаг хамба болон шинжлэх ухааны нэрийг ашиглаж мөнгө хүүлдэг "новшнууд"-ын тухай байх болно.


04

Псевдогийн эхлэл

20-р зуунаас хойших Монголчууд хамгийн анхны ХУЛХИ шинжлэх ухааны тохиолтой ардчилсан хувьсгалтай хөл нийлүүлээд л учирчихсан азгүй амьтад. Ардчиллаас өмнө далд хэлбэрээр угшиж асан Орос угшилтай Псевдо шинжлэх ухаан (заримдаг шинжлэх ухаан) Ромбугийн Дашцэрэн, гал "сөнөөгч" Өнөрчимэг, Супер нэгдүүлдэг Ч.Эрдэнэ нараар өмхийгөө сад тавьсан. Гэсэн ч тэр үед тэдэнд итгэх "мунхаг" тархитай хүмүүс бага байсан нь зодуулаад ч болтугай олгогдсон "хуучирсан" боловсролын ач юм. Нөхөд тэгэсгээд алга болчихоод 10-н жилийн давтамжтайгаар эргэн гарч ирдэг болов. Мэдээж шүү дээ, 10-н жил тутамд боловсролын шинэ бүтээгдэхүүнүүд төрөн гарч буй. Харин тэдний, тэдэнд итгэгдсийн тоо нь давтамж бүр дээр өссөөр "анхдагч" нар Ронда Блайт хэмээх "нууцлаг" луйварчны ачаар дурсамж болж "нууц"-руу хошуурагч "индиго, кристал" хүмүүсийн эрэн үе эхэлсэн билээ.
Тэд дэлхийд энх тайвныг авчирч, сайн сайхнаар үлгэрийг дуусгах ёстой байсан ч гэнэтхэн Хурд, Харангаар хүмүүжүүлэгдэж асан 1980-аад оныхон Жавхлангийн тавьсан өгөөш рүү ОГЦОМ "бүдэрчихсэн" шиг найман зуун жилийн өмнө тулааны талбар дээр үхчихсэн хүмүүсийн ясыг өндөлзүүлдэг "БӨӨ" нэрт шинэ луйварчид болон борооны дараах мөөг шиг олширч эхлэх нь тэр. Индиго нарын эрин үе "онгон" нарын эрин үе рүү огцом шилжиж бид татаж унадаг, тахир дутуу, мэдрэл солиотой хамаагүй бүгдийг нь БӨӨ болгодог уламжлалтай болчихов. Тухайн үеийн огцом эргэлтээр арван хүн тутмын гурав нь бөө болж байсан ба БӨӨ гэх мэргэжил цагдаа, эмч нараас илүү эрэлтэнд орж, нэг гэнэн амьтан нь сургууль байгуулах тухай ч хөөцөлдөж байсан юм гэнэ лээ. Гандан байхад чинь Бөөгийн сургууль, ядаж курс дамжаа байхгүй бол болохгүй биз дээ?!
"Гурван сарын дотор баталгаатай БӨӨ болгоно, болохгүй бол төлбөрийг зуун хувь буцаана" гэх мэт...
Энд ч мөн нэгэн чухал байгалийн үзэгдэл ажиглагдсан нь хувьслын онол ёсоор төрөл бүрийн хулхины шинжлэх ухаанд итгэгч нар ч дотроо ялгаран хувьсаж зарим нь "нууцдаа" үнэнч хоцорч төрөл бүрийн соронзон эмчилгээнүүдэд найдан хорт хавдраар хорвоог орхиж байхад харин нэг хэсэг нь сэтгэл гутрал гэх нэн шинэ төрлийн өвчин АНУ, ЯПОН зэрэг ЛАГ орнуудад буйг ажиглаад "ЭМО ҮҮРД" уриан дор нэгдэн нийлж сэтгэл гутралаар өвчлөгсөд болох нь тэр.
Супер нэгдүүлэгчид, нууцханууд тэгэсгээд хорогдон хорогдсоор алга болж ХУЛХИНЫ шинжлэх ухааны нэн шинэ эрин үе СЭТГЭЛ СУДЛАЛ гэх ЖИНХЭНЭ шинжлэх ухааны эмзэг сэдэв дээр дөрөөлөн мандаж эхлэв. Хүний сэтгэл, ухамсарыг судалдаг психоанализ болон нейрологийн салбар нь сүүлийн хорин жилийн хугацаанд л хурдацтай хөгжиж буй учир өвчтэй хүний өвчин дээр дөрөөлөн "ариун ус" худалддаг луйварчдад энэ нь тун таатай нөхцөл болсон юм. Орост Юрий Бирлан гэгч нөхөр "систем векторын сэтгэл зүй" гээч юмийг гаргаж ирэв. Өөр нэгэн Иваны хүү аурагаар хүнийг эмчлэх тухай ярих болж энэ бүхэн нь кристалын эмчилгээ гэх "дурак" нэр томъёонд буужээ.


03

Псевдогийн үүсэл

Хүн төрөлхтөн үүссэн цагаасаа эхлэн хүрээлэн буй байгаль орчин, орчлон ертөнцийн тухай гайхширсаар иржээ. Танин мэдэхүйн өнцөгөөс үзвэл шашин, философи зэрэг нь орчлон ертөнцийг танихийг зорьсон хүний анхны алхамууд юм. Гэсэн ч эдгээр үзлүүд нь баталгаа болон ажиглалт гэх орчин үеийн шинжлэх ухааны үндсэн зарчимуудын нэг дээр суурилсан бус цэвэр итгэл дээр үндэслэж байв. Бурханд итгэх нь баталгаа үл шаардахаас гадна хамгийн хялбар тайлбарыг өгч байсан. Гэсэн ч хэт бурханч үзэл нь хүний танин мэдэх логиктой зөрчилдөж буйг, хүн байгаль ертөнцийг бурханы оролцоогүй ойлгож болохыг байгалийн философийн үзлүүд бидэнд сургажээ.
Аянга цахилах, тахал гарах, байгалийн гамшигт үзэгдэл нь хэн нэгэн супер хүчтэний дургүйг хүргэснээс бус хүнээс үл хамаарах (эсвэл хамаарсан ч байж болно) байгалийн үзэгдэлээс үүдэлтэй бөгөөд хүн үүнийг ойлгож болно гэж байгалийн философи бидэнд сургав. Харамсалтай нь философи ч үүнд хангалттай байсангүй. Байгалийн философи байгалийг танин мэдэх логик ухааныг бидэнд сургасан ч түүнд таамаглал болон ажиглалт гэх шинж чанарууд байсангүй. Харин математикийн шинжлэх ухааныг байгалийг тайлбарлахад ашиглаж болохыг нээсэн үеэс эхлэн орчин үеийн шинжлэх ухааны шав бага, багаар тавигдаж эхэлжээ. Гэхдээ...
Дундад зууны үеэс хүчээ авсан шинжлэх ухаанч үзэл ч “хүүхдээрээ” байлаа. Алхими, спиритуализм зэрэг сургаалиуд нь бүрэн боловсроогүй шинжлэх ухаанч үзлүүд байсан ба 20-р зууны дунд үеэс хүчээ авсан Псевдо шинжлэх ухааны үндсийг тавьсан гэхэд хол зөрөхгүй. Хүн төрөлхтөн саран дээр бууж, The Beatles гитараа хангинуулж эхэлсэн өнгөрсөн зууны огцом хөгжилтэй хамт хиппи, гот култууд бий болсноор хүн төрөлхтний мэдлэг, соёлын өв өмнө нь хэзээ ч байгаагүйгээр хурдацтай хөгжиж эхлэв.
Атомын бөмбөг бүтээхтэй зэрэг спиритуализм хүчээ авч, аура гэх ойлголтууд Роллинг Стоуны хөгжим адил л дэлхий даяар хурдацтай тархах нь тэр. Хүнд рок, хүнд метал, панк, рок'н ролл зэрэг тоолж барамгүй олон хөгжмийн урсгалууд дэлхий даяар давалгаалж эхэлсэнтэй адил кристал эмчилгээ, аура, индиго хүмүүс, үл мэдэгдэх нисдэг таваг зэрэг хачирхалтай түүхүүд ч хаа сайгүй үрээ үлдээжээ. Шинжлэх ухаан ангараг гараг дээр робот буулгаж, псевдочид аурагаар хүмүүсийг “өвчлүүлж” эхэлсэн юм.
Энд нэгэн гунигтай зүйл болсон нь рок хөгжим үсрэнгүй хувьсан өөрчлөгдсөн шиг шинжлэх ухааны ойлголтууд ч илүү гүнзгийрэн хэн нэгэн номын санчийн чөлөөт цагаараа хийдэг зүйл нэгэнт биш болжээ. Ердөө зуун жилийн өмнө бид ертөнц ганцхан галактиктай хэмээн итгэж байсан бол өдгөө тэрбум, тэрбум галактикууд, дэлхий төст гарагуудыг олж нээжээ. Харин псевдо шинжлэх ухааны ойлголтууд гүн рүү хөтөлсөнгүй. Хөгжсөнгүй. Ингэх ч шаардлага байсангүй. Хэт хөнгөн үндэслэл, хүчилсэн онол дээр үндэслэсэн псевдо шинжлэх ухаан нь гурван настай хүүхдийн итгэл үнэмшлийн хэмжээнд хоцорсон бөгөөд энэ нь ч түүнд ашигтай байсан юм.
Бүрэн тайлбарлагдаагүй шинжлэх ухааны онолыг үндэслэлээ болгон худал ойлголтоор хүмүүсийг өөртөө татах шинэ арга замд тэр суралцжээ. Харьцангуйн онол, квант физик гэх хүний ой тоонд багтамгүй байгалийн хуулийг сүнс, эерэг сөрөг энергийг тайлбарлахад хүчээр ашиглаж үүнийгээ ч тодорхой хэмжээнд амжилттай биелүүлэв. Квант физикчид лазер бүтээж, таталцлын долгионыг хэмжиж байхад псевдо квантчид хүмүүсийг эерэг сөрөг энергээр нь ангилж, хэнд ч гэм хор хүргээгүй амьтдыг үүнийхээ жишээ болгон ашиглаж байлаа.


02

Псевдо өнөөдөр

Үнэндээ өнөөдөр бидний ярьдаг соронзон орны эмчилгээ, энергийн бүрхүүл зэрэг нь өнгөрсөн зууны сүүлийн хагаст бий болсон ХУЛХИ шинжлэх ухааны онолуудын ам дамжсан хувилбар юм. Өдгөө дэлхий даяар хулхины шинжлэх ухаанчид хулхины шинжлэх ухаанаа түгээж МӨНГӨ хүүлэх нь хэвийн үзэгдэл болсон. Тэдэнд итгэгчдийн тоо ч тогтмол буурч буй. Мэдээж шинжлэх ухааны популизмийн ачаар шүү дээ. Популизм хийхэд хамгийн ЗӨВ сэдэв нь УЛС ТӨР биш ШИНЖЛЭХ УХААН. Ричард Фейнман, Карл Саган, Стивен Хокинг зэрэг нөлөө бүхий эрдэмтдийн ачаар төрөл бүрийн хялбаршуулсан шинжлэх ухааны бүтээлүүд үеэс үед төрөн гарч мэдлэгийг шүүж тунгаах боломж өндөр болсон. Харамсалтай нь сүүлийн гучин жилийн интернетийн үсрэнгүй хөгжил нь эргээд л мэдээллийн үнэн бодит байдлыг ганхуулж эхэлсэн бөгөөд цоо шинэ зүйлтэй танилцсан хүмүүс интернетээс уншсан бүхэндээ туйлбаргүй итгэх хандлага огцом өссөн юм. Энэ үзэгдэл сүүлийн жилүүдэд буурч мэдээллийн үнэн бодит байдлыг нягтлан шалгахыг уриалах болсон нь энэ жил хүн төрөлхтнийг заналхийлээд буй Ковид-19 вирусын жишээн дээр ажиглагдлаа. Бодитоор амьдралд нөлөөлж эхэлмэгц худал хуурмаг мэдээллийг таслан зогсоосон нь Псевдо шинжлэх ухааныг таньж мэдэхэд энэ аргаа ашиглаж болоход сургаж байна.
Гэлээ ч манайд эсрэгээрээ...
Гандангийн хамба гаргасан үрлээ вакцинаас дээгүүрт тавьж буй нь Бурханы шашинд итгэгч түмэн олныхоо итгэл үнэмшилийг уландаа гишгэсэн амбийцлаг үйлдэл болов. Үүний адилаар шинжлэх ухааны салбарт ч хүмүүсийг хулхидагч эрхэмүүд төрж гарчээ. Нэгэн жишээ нь алдарт төрийн соёрхолт инженер Нацагням гэх нөхөр. Түүний юу хийснийг хэн ч мэдэхгүй, учир нь тэр юу ч хийгээгүй. "Монгол хүн аутизм тусахгүй!" гэх Монголчуудын эмзэг сэдэв болсон үндсэрхэг үзлийг өөртөө итгэх зэвсэг болгон ашигласан тэр нөхөр хаачсан бэ? Улс төрийн зорилгоор намын шатрын хүү болсондоо хөөрөөд энд тэнд болсон болоогүй тэнцвэрийн систем ярьж, өөрийгөө хоосон магтахаас өөр зүйл түүнээс гарсангүй. Тэрний хэлсэн бүхэн биелсэн бол өдгөө бид Ангарагийг колончилчихсон суугаа. Гэвч Анагаахын салбарын эмч нь “вакцин бол Хятад хүний цусны ийлдэс” гэх мэт хямдхан сэдэвтэйгээ л галаа өрдөж сууцгаана. Тэр бүх луйварчид төрөөс таны, миний татварын мөнгийг зуун саяд тулгаад авчихсан.
Юм л болвол татварын мөнгөөр цэцэрлэг барихыг шаардагчид дуугарсангүй. Ч.Эрдэнэ гэх тэтгэвэртээ гарсан псевдочинг өмнөх ерөнхийлөгч хүлээж авч уулзсан. Нөгөөх нь ч үүндээ эрдээд Рожер Пенроуз, Стивен Хокинг зэрэг хийсэн юмтай, харуулах баталгаатай эрдэмтдийн нэрийг бичсэн номондоо зоогоод нэг бүрийг нь 500$-р үнэлж өөрийгөө дагагсдын мөнгийг ичгүүргүйгээр “саасаар л”...
“Соён гэгээрүүлэгч” гэх телевизээр Оросын домогт уран бүтээлч Виктор Цойн тоголсон “Игла” киног гаргасан нь тэдний хувьд түүхэндээ анхны бөгөөд цорын ганц удаа хийсэн соён гэгээрүүлэх үйлдэл байлаа. Нэвтрүүлэг бүрээрээ сүнслэг ертөнц, шашны суртал ухуулгыг хүчтэй цацагч энэ телевизийн нэр нь “хүндэдчихсэн”.
Халуун цуст гэх “хүү” Ковид-19 вирусыг биологийн зэвсэг! хэмээн хэдэн сэтгүүлүүдээс уншсан мэдээллээ “боргоцойдоо” боловсруулж ярьсныг хэдэн мянгаараа дэмжиж, talk show-нд уригдаад бөөн НАЦИСТ үзэл ярив.
Манайд үүрлээд буй хамгийн архаг ПСЕВДО өвчин бол үндсэрхэг үзэл! Уул ус, ургамал модоо хайрласан нэртэй Даяар Монгол, Хөх Монгол зэрэг хэдэн луйварчдын үйлдлээс үүнийг анзаарч болно. Аз болж үүн дээр дөрөөлсөн хэлд ороогүй хүүхдийг тэнгэрийн хэлээр яриулдаг БӨӨ нар наранд цохиулсан аятай огцом багасчээ.
Өөр нэгэн хулхи шинжлэх ухааны онолыг түгээгч нь Мөнхтөр гэх систем векторын сэтгэл зүйн сургалт явуулагч эрхэм. Юрий Бирлан гэх Оросын сэтгэл зүйчийн систем векторын онол дээр суурилсан хэмээн тэр өөрөө батална. Харамсалтай нь энэ Орос луйварчин нь олон улсаар хүлээн зөвшөөрөгдсөн нэг ч шинжлэх ухааны сэтгүүлд өөрийн бүтээлийг хэвлүүлээгүй, өөрийн нэртэй сайт дээрээ өөрийнхөө тухай элдвийг бичиж, хагас дутуу ойлгосон Фройдоороо бүгдийг “зодох” гэж зүтгэхээс өөр ажилгүй. Google Scholar руу ороод Юрий Бирлан гээд хай. Ердөө ганц ч болтугай ишлэлтэй бүтээл тэндээс олдохгүй. Харамсалтай нь түүнийг дагаж намирагчид тун олуулаа..
Ерөөс Псевдо шинжлэх ухаан гэгч нь хүнээс критик сэтгэлгээ, нарийн ухаан шаардахаар зүйл биш. Маргааш нар мандана гэдэгтэй адил ойлгомжтой зүйлийг элдэв нарийн нэр томъёо, хүний толгой эргэм нарийн ойлголтуудаар баяжуулаад амруу чинь чихэж орхино.
Псевдо шинжлэх ухаан бол хэн бүхний олоод сонсчиж чадах зохиолын дуу. Харин жинхэнэ шинжлэх ухаан бол рок хөгжим, классик хөгжмийн ноён оргил! Алийг нь сонсох нь таны дур.
Гэхдээ...


01

Псевдо ирээдүй

Хулхины шинжлэх ухаанд хялбархан итгэх болсон нь манай боловсролын систем төдий чинээгээр хог дээр үсэрснийг илтгэж байна. Хөл хорионы ачаар хүн бүр хүүхдүүдтэйгээ зэрэгцэж суугаад хичээлд нь суух таатай боломж бүрдэв. Хэтэрхий олон, төрөл бүрийн хичээлээр хүүхдийг бөмбөгдөж, хэт их даалгавар өгдөг систем нь хүүхдийг ойлгохоос илүүтэй цээжлүүлэхэд сургаж байна. Тэд химийн үелэх системийн 2 дахь элемент ямар элемент гэдгийг мэдэхээс яагаад гэдгийг мэдэхгүй байна. Гадаад хэл сурч байгаа хүн хэзээ ч ашиглахгүй үгээ цээжлээд л байвал хэзээ нэгэн өдөр мартагдах болно. Сурах бичгүүд хэтэрхий абстракт, амьдралаас тасархай жишээн дээр үндэслэсэн нь сурсан зүйлээ бодит амьдралд буулгах боломжийг бий болгож өгсөнгүй. Эндээс л онол туршлага зөрдөг, математик амьдралд хэрэггүй гэх “хямдхан” үгүүд төрөх үндэс болжээ гэж гөрдөж болно.
Системтэй олоогүй боловсролын улмаас сонгогчдын залуу үе популизмд автаж, үндсэрхэг үзэлдээ хөтлөгдөөд сонгууль ч өгөх ухамсаргүй болов. Өгсөн ч өнөөх л батганы бугалсан идээг нэмэхээс өөр олигтой үр дүнд хүрсэнгүй. Ийм л учраас Монгол хөгжихгүй байгаа юм! гэх ядмаг үйлдлийг эсрэгээр нь хийхийн тулд боловсролын системээсээ эхлэх хэрэгтэй. Ядаж хүн бүр шүүмжлэлт сэтгэлгээтэй байвал зохилтой. Яагаад ширээн дээр сууж болдоггүй вэ? Яагаад хайч ангалзуулдаггүй вэ? Яагаад сүүжний ясыг гэрт хонуулдаггүй вэ? Яагаад шинийн нэгэнд мөр гаргах ёстой вэ? Яагаад гэх энэ асуултыг асууж буй нэгнээ шүүмжилж, “тийм л байдаг юм” гэх хандлагаа зогсоох ёстой. Танин мэдэхүй "Яагаад"-аас эхлэнэ. Энэ танин мэдэхүйн процессоо хүчээр тасалчихвал нүдээ боолгоод дайнд явж буй цэргээс ялгаагүй. Асуух ёстой. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх хэрэгтэй. Шүүмжлэлийг хүлээж авч сурах ёстой. Айхтар хүнд квант механикийн ном, Харьцангуйн онол сурлаа гээд хэн ч мундаг ухаантан болохгүй. Боловсрол мэдлэг бол өөрчлөгдөж хувьсах чадвар болохоос бусдад тулгаж, сагсуурах хэрэгсэл биш. Шинжлэх ухааны, боловсролын, урлагийн юуны ч бай бүхий л салбарынханд энэ асуудал хамаатай. Шинжлэх ухааны салбарынхан дунд ч псевдо шинжлэх ухаан ярьж түүнийгээ үнэн мэтээр хулхидагч нар олон. Тэдний зарим нь үүнийгээ мэднэ, зарим нь мэдэхгүй. Мэдэхгүй хэсэг нь хамгийн харамсалтай...
Гэсэн ч бүх зүйл зөвхөн сөрөг чиглэлрүүгээ урсаагүй. Олон, олон сургуулиуд сайн сурах бичгүүдийг орчуулан гаргаж байна. Төрөл бүрийн танин мэдэхүйн нэвтрүүлгүүд орчуулгатай хүрч, хийгдэж байна. Ердөө арван жилийн өмнө л сонссон бүхэндээ итгэдэг байсан хүмүүс өнөөдөр юм бүхэнд шүүмжлэлтэй ханддаг болжээ. Энэ бүхнийг хүртээмжтэй болгох хэрэгслүүд ч нэвтрээд эхэлж.
Тэртээ 1987 онд Америкт Гранж хөгжим цохилж эхлэхэд нэг их удаагүй Монголд байгуулагдсан Нисванис хамтлагийн дуулдгаар “Гэрэлт ирээдүй биднийг дуудна аа”...



9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


-2
Уламжлалт анагаах ухаан болон буддизмын талаар сайн ойлголтгүй бол ингэж хуцөх хэрэггүй л дээ.
Тэд энийг уншаад ойлгох уу?
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start