Арав.мн

Сансарт буй хүний биед тохиолддог 10 үзэгдэл

Сансарт буй хүний биед тохиолддог 10 үзэгдэл

Сансрын аялал бидний ирээдүйн салшгүй хэсэг болох нь тодорхой болж байна. Өдөр ирэх тусам сансарт нисэх боломж нэмэгдэж, магадгүй нэг өдөр бүгдээрээ эх дэлхийгээ орхих шаардлага ч гарч болзошгүй мэт. Өдгөө SpaceX болон Virgin Galactic зэрэг компаниуд сансрын аялал жуулчлалыг хөгжүүлэхээр ажиллаж байгаа. Хэрэв та сансарт нисэх мөрөөдөлтэй, ингэх боломж олдох юм бол боломжийг ашиглахаасаа өмнө бие махбодод тань ямар нөлөө үзүүлдэгийг мэдээд аваарай. 


10

Сансарт дасан зохицох синдром

Хүний биеийг татах дэлхийн таталцлын хүч байхгүй болсноор хүнд “дасан зохицох синдром” хэмээх сансрын “өвчин”-тэй тулгарч болно. Зарим хүн далайн өвчин тусдагтай нэгэн адил дотор муухайрах дээр нэмээд зүг чигээ алдах, толгой өвдөх, тавгүйрхэх болон бөөлжих, толгой эргэх зэрэг шинж тэмдэг илэрнэ. Одоогоор сансарт ниссэн хүмүүсийн тал нь “дасан зохицох синдром”-д орж байжээ. Татах хүч гэнэт байхгүй болсноор энэ синдром илрэх ба бие махбод чинь дассаны дараа бүх зүйл хэвийн болдог аж. Дасан зохицох хугацаа нь хамгийн ихдээ хэдхэн өдөр байна. Задгай сансарт гарах бол бөөлжилтөөс сэргийлэх наалт ашиглах шаардлагатай болдог. Учир нь сансарт сансрын нисэгчийн хувцас дотроо бөөлжвөл маш заваанаас гадна хүчилтөрөгчийн хоолой бөглөрч, та үхэх аюулд орох юм. 


09

Үнэр нь ямар бол?

Сансарт нисэх тухай төсөөлөхдөө үнэрний талаар огт бодоогүй байх магадлал өндөр. Энэхүү зах хязгааргүй хоосон орон зай ямар үнэртэй байдаг бол? Тэгэхээр сансрын үнэрийг дүрсэлбэл, түлэнхий мах, шатаж буй төмөр, дарьны холимог гэж төлөөлж болох юм. Сансрын нисэгч Дон Петит “Метал шиг үнэртэй гэхээс өөрөөр дүрсэлж чадахгүй юм байна” хэмээн хэлжээ.

НАСА сансрын нисэгчдийн сургалтанд ашиглахаар химич Стивен Пийрсээр сансрын үнэрийг гаргах ажлыг хийлгэсэн байдаг.


08

Хумс чинь унана

Хумс хуулрах үзэгдэл сансарт ниссэн 22 хүнд илэрсэн байдаг. Тэгэхээр сансарт нисэх гэж байгаа бол танд хумсны хутга хэрэггүй байх магадлал өндөр юм. Сансрын нисэгчийн хувцасны бээлий нь цусны эргэлтийг бууруулж, хумсан дээр очдог ачааллаас болж хүний хумс хууларч унадаг байна. Зарим хүмүүс задгай сансарт ажиллахаасаа өмнө зориуд хумсаа хуулж авдаг аж. 


07

Хурхирахаа болино

Та хурхирахаа болино. Татах хүчгүй болсноор хүний амьсгалах эрхтэнд ачаалал ирэхээ больж, амьсгалтай холбоотой хүндрэлүүд бараг байхгүй болдог аж. Хүний хэл хоолойг хаахгүй тул ийнхүү хурхирахаа больдог байна. Нэг ч гэсэн сайн нөлөө юм даа.


06

Харах эрхтэний өөрчлөлт

Сансарт хэт удвал хараа чинь бүрэлздэг болно. Нүдний алимны ар тал нь бага зэрэг тэгшхэн болж, торлог бүрхэвч өөрчлөгддөг. Харах эрхтний доголдол бүр мөсөн үлдэхгүй ч зарим сансрын нисэгчийн хараа хэвийн болох хүртэл олон жил шаардсан байна. Сансарт ниссэн 300 хүнээс богино хугацаанд ниссэн хүмүүсийн 23 хувь нь, урт хугацаанд ниссэн хүмүүсийн 49 хувьд нь ийм асуудал үүссэн байна.

Сансарт жингүйдэж байгаа үед биеийн шингэн биеийн дээд хэсэг рүү шилжих ба толгойд даралт өгч, нүдний мэдрэлийн эсүүдийг шахдаг аж. Гэхдээ энэ нь асуудлын нэгхэн хэсэг юм. Нарны цацрагийн хороос хамгаалах атмосфер байхгүй болсноор сансрын цацрагаас үүдсэн харааны доголдолтой болох магадлал өндөртэй. Энэ нь зүгээр байж байгаад гэнэт нүд нь гялбах үзэгдэл юм. Сансарт нисэх мөрөөдөл чинь байсаар л байна уу?


05

Булчингийн асуудал

Сансарт нисч буй хүний нэг газраас нөгөөд хүрэх гол хэлбэр бол хөвөх юм. Байнга шахам хөвснөөс болж биеийн доод хэсэгт яс сийрэгжиж, булчин маш ихээр суларна. Зүрхэнд ирэх ачаалал багассанаар зүрхний хэмжээ багасах аюултай.

Өөрөөр хэлбэл та хангалттай дасгал хийхгүй байгаагаасаа болж бие суларч байна гэж гомдоллодог байсан бол дэлхий дээр байхдаа хийдэг байсан хэвийн хөдөлгөөн чинь маш их дасгал болдог байжээ гэдгийг ойлгох болно. 


04

Та илүү өндөр болно

Хэдхэн сантиметр өндөр байсан ч болоосой гэж та мөрөөдөж байсан уу? Тэгвэл та сансарт ниссэнээр мөрөөдлөө биелүүлэх боломжтой. Сээр нуруунд ачаалал ирэхгүй тул нурууны яснууд хоорондоо салж, та арай өндөр болно. Догь байна уу? Харамсалтай нь та дэлхий дээрээ буцаж ирснээр татах хүчний нөлөөнд энэ байдал өөрчлөгдөж, удалгүй хэвийн өндөртөө буцаж очих юм. Хамгийн ихдээ 3% өндөр болох ба дэлхий дээр хэдэн сар амьдрахад буцаад хэвийн болдог аж.


03

Сансарт нүцгэн гарвал?

Та задгай сансарт хамгаалалтын хувцасгүй, хөлөг онгоцноосоо гарчихсан байна гэж төсөөлөөд үз дээ? Хүн цусандаа буй хүчилтөрөгчөө 15-хан секундын дотор дуусгах юм. Гэхдээ хамгийн хачирхалтай нь таныг задгай сансарт гарснаас хойш 2 минутын дотор эргүүлэн оруулж, яаралтай тусламж үзүүлж чадвал ямар ч асуудалгүй амьдрах боломжтой аж. Гэхдээ энэ нь нэг л тохиолдолд “хүчинтэй”. Та амьсгаагаа гаргах ёстой. Амьсгалаа түгжсэнээр хүний уушги тэлж, задраад бие махбод даяар агаар тараах юм. Иймээс задгай сансарт шидэгдвэл та амьсгалаа гаргаад 2 минутын дотор аврагдана гэж найдаад хүлээх хэрэгтэй. Ингэснээр уушги задрахаас сэргийлэх боломжтой юм. Усанд живэхийн эсрэг байгаа биз?

Ус гэснээс сансарт гарснаас хойш 10 секундын дараа биеийн чинь ус ууршиж эхэлнэ. Хэлэн дээр чинь байгаа шүлс буцалж, наранд түлэгдэж эхэлнэ. Хэдийгээр сансар маш хүйтэн байдаг ч та хөлдөх хүртлээ маш олон зүйлийг мэдрэх нь. Сансарт үхлээ гэхэд вакум орчинд орох тул бие чинь муудахгүй ба температураас шалтгаалан нэг бол хөлдөж, үгүй бол занданшуулсан шарил шиг болж маш удаан хугацааг сансарт өнгөрүүлэх юм. 


02

Сансрын цацраг идэвхийн нөлөө

Олон улсын сансрын станц дээр байгаа хүн дэлхий дээр байгаа хүнтэй харьцуулахад 10 дахин илүү цацраг идэвхийн нөлөөнд ордог. Дэлхийг хүрээлсэн агаар мандал нь амьд биетүүдийг нарны хорт цацрагаас хамгаалдаг ба энэ хамгаалалтаас гарчихсан байгаа сансрын нисэгчийн хувьд дотор муухай оргих, бөөлжих, хоолны дуршил муудах, сульдах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна. Цаашлаад хорт хавдар болон өөр аюулт өвчин тусах магадлалтай. Тэгэхээр дэлхийг орхихыг шийдсэн та энэ эрсдлийг үүрэхдээ бэлэн байх хэрэгтэй юм.


01

Сансрын нисэгчийн сэтгэл хөдлөл

Сансрын нисэгчид огторгуйд гарснаар маш их сэтгэл хөөрөлд автдаг. Нүд нээгдэж, амьдралыг харах өнцөг бүрэн өөрчлөгдөх тул энэ аялалд хүний сэтгэл маш их хөдөлдөг байна. “Миний амьдралд тохиолдсон хамгийн сэтгэл хөдөлгөм явдал тэр байсан. Би уйлсан. Яг л бурханы нэг хэсэг болсон мэт” хэмээн Чарли Дюк дурссан байдаг.

Сансрын хөлөг дотроосоо Дэлхийг харж суусан Эдгар Мичел маш их амар амгалан, тайван боловч баяр хөөрийг мэдэрсэн гэнэ. Түүнд ертөнцийн утга учрыг олсон мэт мэдрэмж төрж байжээ. Харин Жин Серманы хувьд “Тохиолдлоор ийм зүйл бий болсон гэхэд итгэмээргүй үзэсгэлэнтэй байсан. Надаас том, танаас том хэн нэгэн л ийм зүйлийг бүтээсэн байх. Энэ бол бурхан шашны мэдрэмж биш, оюун санааны мэдрэмж юм” гэж дурсчээ.

За тэгэхээр энэ бүгдийг уншсаны дараа та сансарт нисэхээр шийдсэн хэвээр бол ямартай ч эргэн дэлхийдээ ирэхдээ зарим нэг өвчин авсан байх магадлал өндөртэй ч илүү сайн хүн болсон байх юм байна шүү. Бас арай өндөр!


9.5

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (8)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
bayrlalaa
+3
баярлалаа
+3
wow
+1
bayarlalaa sonirholtoi medeelluud bailaa. Neg zuil asuuh gesen yum. Sansart amidarch baigaa hun, delhii deer amidarch baigaa hunees udaan hogshroh uu? ter taliin medeelel baigaa bolwuu?
+11
өглөө босоол танай сайт руу ордог рефлекс тэй боллоо ххэ баярлалаа
+6
Үнэхээр гоё сайт болж байгаа шүү, амжилт хүсье
+1
Дасгал хийдэг юм уу гэж бодож байсан болилоо зүгээр.
+1
баярлалаа.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start