Арав.мн

Дэлхийг аврах гарц буюу хаягдал хүнсний талаарх 10 баримт

Дэлхийг аврах гарц буюу хаягдал хүнсний талаарх 10 баримт

Цаг уурын өөрчлөлт дэлхийд маш ноцтой аюул учруулж байна. Хүмүүс үүнийг зогсоохын төлөө ямар нэг зүйл хийхгүй өнгөрүүлсэн мөч бүхний ард засахад улам бүр хэцүү нөхцөл байдал үүсч байгаа юм. Нэг талаас байгаль эх хүн төрөлхтнийг илүү үр ашигтай амьдардаг болохыг шаардаж байна. Өөрөөр хэлбэл зөвхөн шаардлагатай зүйлдээ хөрөнгө оруулж, шаардлагагүй зүйлсийг тэвчих. Тэгэхээр бид юу хийж болох вэ? Гал түлэхээ болих уу? Мах идэхээ болих уу? Эсвэр бүр аж үйлдвэржээгүй үе рүүгээ буцаж очих шаардлагатай юм уу? Хариулт нь маш энгийн байх аж. Ердөө хоол хүнсний хаягдлаа л бууруулахад бид дэлхийгээ аварч чадна!


10

Аймшигт тоо баримт

Дэлхий дээр асар их хэмжээний хүнс хаягдаж байдаг. Ойролцоогоор нийт хүнс тэжээлийн гуравны нэг нь үйлдвэрлэл, борлуулалтын үе шатууд болон хэрэглэгчдийн гар дээрээс хаягддаг гэсэн тооцоо бий. Тэгэхээр жилд 1.3 тэрбум тонн буюу дэлхийн нийт үр тарианы тариалангийн гарцтай ижил хэмжээний хүнс хэнд ч хэрэглэгдэхгүйгээр хаягдаж байдаг гэсэн үг. Хойд Америк болон Европын орнуудын хэрэглээний хэв маяг бусад хөгжиж буй орнуудынхтай харьцуулахад өөр байдаг бөгөөд эдгээр улсуудын иргэд хоол хүнсээ хаях нь хамаагүй илүү байна. Харин хөгжиж буй орнуудын хувьд дэд бүтэц, зориулалтын агуулах сав болон тээвэрлэлтийн асуудал, санхүүгийн дэмжлэггүй байдал зэрэг шалтгаанаас болж хүнс хаягддаг. Бүхэлд нь авч үзвэл хөгжиж буй орнууд нийт тарьж ургуулсан хүнснийхээ 40 хувийг ургац хураалт болон боловсруулах шатанд хаядаг бол хөгжингүй орнуудад 40 хувийг борлуулалт болон хэрэглээний үе шатанд хаядаг.

Аймшигтай нь чинээлэг орнуудад нэг хүн жилд дунджаар 907 кг хоол, ядуувтар орнуудад 460 орчим кг хоол хаядаг гэсэн судалгаа байдаг юм байна. 


09

Хоол = Мөнгө

Хэрэв Америк хүн бүр өөрийнхөө идэж байгаа зүйлс, хогийн сав руугаа хийж буй хүнсээ сайн хянаж чадвал жилд дунджаар 2000 ам.долларыг хэмнэх боломжтой гэсэн тооцоо байдаг. Статистикаас харахад тус улсын гэр бүлүүд худалдан авсан хүнснийхээ 1/4-ийг нь хаядаг гэнэ. Өөрөөр хэлбэл 1365-2275 ам.долларыг хогийн саванд хийж байна гэсэн үг. Тэгэхээр жилд 35 сая тонн хүнс хаядаг АНУ-ын иргэд 165 тэрбум ам.долларыг үгүй хийж байгаа хэрэг. Энэ тоог дэлхийн хэмжээнд авч үзвэл ойролцоогоор 1 их наяд ам.доллар болно.

АНУ-ын хувьд 1990 оноос хойш хүнсний хаягдлын хэмжээ 50 хувиар, 1960-аад онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн байдаг. Гол нөлөөлж буй хүчин зүйлс нь хоолны порцын хэмжээ нэмэгдэж, калорийн агууламж өссөн явдал аж. Тухайлбал, бургер 23 хувиар, ундаа 52 хувиар, чипс 60 хувиар томорчээ. Түүнчлэн пиццаны калорийн агууламж 80-аад оныхоос даруй 70% нэмэгдсэн байна. Дэлгүүрүүд ч мөн адил том хэмжээний сагс тавих зэргээр хүмүүсийн хүнс худалдан авах сэдлийг нэмэгдүүлэх сэтгэл зүйн тактикуудыг ихээр хийх болжээ. Энэ мэт шалтгаанаас болж хүмүүс хэрэгтэй, хэрэггүйгээс үл хамааран маш их хүнс худалдан авдаг болоод байгаа юм. 


08

Хөргөгч, тавагны хэмжээ

1960-аад онтой харьцуулахад хоолны тавагны хэмжээ 36 хувиар томорсон байна. Хоолны порц ихэссэнтэй холбоотой эсэх нь тодорхойгүй. Гэхдээ сэтгэл зүйчдийн үзэж буйгаар хүний өнгөнд дурлах чанар нөлөөлсөн байх магадлалтай аж. Учир нь хүмүүс тавган дээрээ олон өнгийн хоол байхыг харах дуртай байдаг. Тэгэхээр үзэмж сайхан байлгахын тулд том тавагтай, түүндээ таарсан их хоол бэлддэг болжээ.

Үүнээс гадна хөргөгч, хөлдөөгчний хэмжээ хэт том байгаа нь хүнс муудах гол шалтгаануудын нэг юм. АНУ-ын хувьд дундаж айл 0.7 м2 болон түүнээс том хөргөгчтэй байдаг. Мэдээж хөргөгч хоосон байх хэцүү байдаг тул түүнийг дүүргэх хэрэг гардаг. Ихэнх хүмүүс долоо хоногт нэг удаа хүнсээ цуглуулдаг ба энэ хугацаанд өмнөх хүнсээ идэж дуусдаггүй байна. Дээр нь хөргөгч зарим хүнсний хадгалалтын хугацааг ч бууруулдаг талтай.


07

Газар, ус, амьд байгалийг үр ашиггүй үрэн таран хийж байна

Эдгээр гурван хүчин зүйлсийг сайтар судлах юм бол хүнсний хэрэглээ ямар үр ашиггүй байдгийг харж болно. 2007 оны байдлаар цаашид хаягдах хүнсний үйлдвэрлэлд 1.4 тэрбум гектар газар нутгийг зарцуулсан гэсэн судалгаа байна. Канад болон Энэтхэг улсыг нийлүүлсэнээс ч том хэмжээний газар гэсэн үг. Үүнд хамгийн их нөлөөлж буй зүйл нь мах, сүүний үйлдвэрлэл аж. Хэдийгээр энэ төрлийн хүнс нийт хүнсний хаягдлын 4 болон 7 хувийг эзэлдэг ч амьтны гаралтай эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд нийт хүнсэнд ашиглаж буй талбайн 78 хувийг ашигладаг байна. Африк тивийн хэмжээтэй газар нутгийг бэлчээрт, нийт газар тариалангийн талбайн 1/3-ийг малын тэжээлд ашигладаг гэж төсөөлж үзэх хэрэгтэй. Түүнчлэн жил бүр 10 сая гектар ой модыг устгаж, тариаланд шинээр ашиглаж байгаа юм. 

Үүнээс гадна хэт их загасчлал маш их асуудал дагуулж байгаа. Тэр бүү хэл 2048 он гэхэд далайгаас арилжааны зориулалтаар загасчлах боломжгүй болно гэсэн тооцоо ч байдаг. Учир нь загасчлал бол ан агнуурын нэг төрөл бөгөөд хүмүүс хэрэгцээтэй хэмжээгээрээ биш, аль болох олон загас барихын төлөө ажилладаг юм. Хоёрдугаарт, сүүлийн 40 жилийн хугацаанд хүнсэнд хэрэглэх загасны биеийн хэмжээ хоёр дахин буурсан нь үржилд муугаар нөлөөлж байгаа. Үүн дээр нэмээд жил бүр 27 сая тонн далайн амьтад хомрогонд нь баригдан үхэж, хаягддаг аж. Мөн жил бүр загасны торонд 300 мянган ширхэг халим, далайн гахай, яст мэлхий зэрэг амьтад үхдэг юм.

Цэвэр усны хэрэглээний хувьд авч үзвэл нийт хэрэглэгдэж буй усны 70%-ийг газар тариаланд, 20%-ийг аж үйлдвэрт, үлдсэн 10%-ийг ахуйн хэрэгцээнд зориулагддаг юм. Үүн дээр нэмээд хоол хүнсний сав, баглаа боодолд ашиглаж буй асар их хэмжээний түүхий эдийн үйлдвэрлэлийн байгальд үзүүлж буй нөлөөг нэмж үзэх хэрэгтэй.


06

Хүнсний хаягдлын 1/4 нь л дэлхийн бүх өлсгөлөнд нэрвэгдсэн хүмүүсийг хооллоход хүрэлцээтэй

АНУ-ын иргэд жилд 730 ширхэг хөлбөмбөгийн стадионыг дээд ирмэг хүртэл нь дүүргэхэд хангалттай хэмжээний хүнс хаядаг байна. Тэдний тал хувь нь хэний ч гар хүрээгүй, шинээрээ, идэх боломжтой хүнс байдаг аж. Өөрөөр хэлбэл АНУ-д хэрэгцээнээсээ хоёр дахин давсан хүнс тэжээл байдаг гэсэн үг. Хэрэв малын тэжээлд ашиглаж буй шиш, буудай болон хүнсний ногоонуудыг нэмэх юм бол энэ тоо дөрөв дахин их болж өөрчлөгдөнө. Гэсэн хэдий ч 7 Америк хүн тутмын 1 нь буюу 50 сая америкчууд ширээн дээрээ идэх хоолтой байх гэж зовдог.

Олон улсын хэмжээнд 800 сая хүн байнга өлсгөлөн, эсвэл тэжээлийн дутагдалтай байдаг. Хэрэв дэлхий даяар хаягдаж буй 1.3 тэрбум тонн хүнсийг цуглуулж чадвал 3 тэрбум хүнийг хооллох боломжтой. Хэрэв бид ядаж л хаяж буй хүнснийхээ 1/4-ийг нь хэмнэж чадвал 870 сая хүнд буюу дэлхийн бүх өлсгөлөн хүнийг хооллоход хангалттай гэсэн үг. Дээрх тооцоог харахад хүмүүс ёстой л хамгийн тэнэг проблемыг өөрсдөө л бий болгож байгаа нь тодорхой. 



05

Хоолны гоо үзэмжийн утгагүй стандарт

Сүүлийн хэдэн арван жилийн турш хүмүүст хоол хүнс хангалттай их болсноор идэх хүнсээ үзэмжээр нь ангилдаг болсон байна. Чанарын ямар ч асуудалгүй байсан ч хамаагүй “царай муутай” хүнсийг хүн худалдаж авдаггүй тул дэлгүүрийн лангуун дээр, тэр бүү хэл боловсруулах шатанд нь ангилан ялгаж, хаядаг. Хүнсний ногоо тариалж буй хүмүүс ч үзэмжгүй хүнсээ худалдаанд гаргахгүй байх нь бий. Өнгө нь арай өөр, эсвэл энд тэндээ овойж ургасан ногоог хүн худалдаж авдаггүй гэнэ. Зөвхөн 1-р зэргийн жимс ногооноос 2-р зэргийнх нь үнийн хувьд хоёр дахин хямд байдаг.

Энэ ч утгаараа ногоочид ашиг багатай ийм жимс ногоог хурааж авахаас ч түдгэлзэх тохиолдол элбэг. Засгийн газраас жимс ногоонд тавигдсан стандарт тогтоосноос болж АНУ-д нийт тариалсан бүтээгдэхүүний 1/3 нь талбай дээрээ ялзардаг гэсэн тооцоо байна.

Гоо сайхны шалгуурыг давсан жимс ногоог дэлгүүрүүд хэт ихээр нь овоолж, лангуун дээр тавьдаг. Учир нь жимс ногооны тасагт багахан тооны бүтээгдэхүүн байхад худалдан авагч үүнийг үлдэгдэл, шавхруу гэж хүлээн авч, авахгүй байх магадлал өндөр. Үүнээс болж маш их жимс, ногоо мууддаг байна.


04

Хаягдал хүнс "улс" байсан бол хүлэмжийн хийн ялгаруулалтаар гуравт бичигдэнэ

Цаг уурын өөрчлөлтөд ямар чухал нөлөө үзүүлж байдаг талаар бид дурдсан. Газар тариалан бол хүмүүсийн байгаль орчныг хохироож буй хамгийн гол хүчин зүйл гэхэд маргах үндэслэл байхгүй. Энэ салбар нь бусад бүх салбараас хамаагүй их газар нутаг, усыг ашиглаж байдаг. Газар тариалан нь хөрсний чанарыг бууруулж, цэвэр усны нөөцийг бохирдуулж байдаг юм. Эдгээрээс гадна агаар мандалд хорт хий ялгаруулалтаараа тэргүүлдэг хүчин зүйл. Зөвхөн хүнсний хаягдал ялзарч муудах явцад 3.3 тэрбум тонн нүүрсхүчлийн хий ялгаруулдаг. Энэ нь АНУ болон БНХАУ-ын ялгаруулдаг хэмжээний дараа орох нүүрсхүчлийн хийг зөвхөн хаягдсан хүнс ялгаруулж байгаа хэрэг юм.

Үүнийг хоёр хувааж болно. Нэгдүгээрт, ялзарч буй хүнс метаны хий ялгаруулдаг. Нэг хоёр гадилын хальс хөдөө хээр хаяхад асуудал үүсгэхгүй нь тодорхой. Гэтэл хогийн цэг дээр асар их хэмжээний органик материалыг бөөгнүүлж хаяснаар метаны хийн ялгарлыг нэмэгдүүлдэг юм. Харин метан бол нүүрсхүчлийн хийнээс 25 дахин хүчтэй. АНУ-ын хувьд хогийн цэгүүд нийт метан ялгаруулалтын 17 хувийг эзэлдэг.

Хоёрдугаарт, энэ их хүнсний анх үйлдвэрлэх үед ашиглаж байгаа энерги асар их. Нэг ккал хүнс үйлдвэрлэхэд 3 ккал эрчим хүч зарцуулдаг гэсэн тооцоо бий. Энэ нь боловсруулалт, тээвэр, хадгалалтаас өмнөх тоо юм шүү. 


03

Дуусах хугацаа буруу байдаг

Бараа бүтээгдэхүүний шошгон дээр дуусах хугацааг тавьдаг. Гэхдээ энэ хугацаа бодит байдаггүй. Тавигдсан хугацаа нь ердөө ойролцоо хугацаа юм. Харин хүнс үйлдвэрлэгчид ямар нэг асуудалд орохгүйн тулд энэ хугацаа өнгөрсөн л бол тэр хүнсээ шууд хая гэсэн мэссэжийг хэрэглэгчдэд өгдөг.

Дуусах огноо гэдэг ойлголт 1970-аад оноос эхтэй ба энэ нь хүмүүс өөрсдөө хүнсээ тарьж, ургуулах нь ховордож, дэлгүүрээс авах нь ихэссэнтэй холбоотой юм. Нээлттэй огноо тавих систем анх “best-by” буюу энэ бүтээгдэхүүн хэзээ бүрэн боловсрох вэ гэсэн утгыг илэрхийлэхэд зориулагдсан зүйл. Дэлгүүрүүд энэ огноог лангуун дээрээ уг барааг хэр удаан тавих вэ гэдгийг шийдэхэд туслах зориулалттай гэсэн үг. Хаалттай огноо тавих систем нь харин уг хүнсний үйлдвэрлэсэн огноог илтгэдэг. Гэтэл эдгээр систем хэтэрхий газар авч, үүнийг дагасан буруу ойлголт ч өргөн тархсаар одоогийн асуудлыг бий болгосон юм. Судалгаанаас үзэхэд нийт хэрэглэгчдийн 54% нь “best-by” хугацаа хэтэрсэн хүнсийг идвэл хордоно гэж үздэг. Нийт хэрэглэгчдийн 91% нь “sell-by” буюу зарах огноог хэтрүүлсэн хүнсийг авдаггүй, эсвэл хаядаг бол 37% нь “best-by” огноо хэтэрсэн хүнсийг шууд хаядаг гэсэн байна. Түүнчлэн томоохон дэлгүүрүүд “best-by” хугацаа ойртсон бүтээгдэхүүнийг шууд хаядаг төдийгүй, ямар нэг асуудалд орохгүйн тул хаягдал хүнсээ өлсгөлөн ард иргэдэд чзүгээр өгөхийг хориглосон байдаг юм. WallMart дэлгүүрийн хаяхаар зэхэж байгаа ямар ч асуудалгүй хүнсний бүтээгдэхүүнийг авах гэхэд хамгаалагчид гарч ирэн өгдөггүй тухай баримтат бичлэг хүртэл бий. Хэн нэгэн тэдний дэлгүүрийн зарахгүй гэж шийдсэн хүнсийг идэж хордсоноос шууд хогийн цэг рүү зөөх нь найдвартай гэж үздэг гэсэн үг. 


02

Хогийн цэгээс хооллох нь

Тогооч Дан Барбер

Энэ бүх асуудал нүдэнд ил байсаар байтал яагаад төрөөс юу ч хийдэггүй юм бэ? Учир нь аливаа Засгийн газар бол төлөөлж буй ард иргэдийнхээ толинд туссан дүрс нь юм. Зөвхөн хангалттай олон хүн л ямар нэг зүйлийг хийхийг шаардаж гэмээнэ юмс өөрчлөгдөж эхэлдэг. Хүмүүс өөрсдөө энэ асуудлыг ойлгож чадвал дэлхийн хэмжээнд ч шаардлага тавихад үр дүнгээ өгөх боломжтой. Ядаж л төрийн тэргүүд хаягдал хүнс үнэндээ муудаагүй гэдгийг нь ойлгуулахын тулд хаягдлаар хоол хийж өгч болно шүү дээ. Үнэндээ яг л ийм зүйл саяхан болсон юм.

2015 оны НҮБ-ын саммитаар Францын ерөнхийлөгч асан Франсуа Олланд, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун зэрэг дэлхийн 30 орны тэргүүнүүдэд Нью Йоркийн алдарт тогооч Дан Барбер болон Цагаан ордны тогооч асан Сэм Касс нар хаягдал хүнсээр хийсэн хоолоор үйлчилсэн байна. Бүх зүйл сайхан байсан ч хоолны цэсэнд орсон түүхий эдийн жагсаалт гарах үед бүх хүний нүд орой дээрээ гарчээ. Хаягдал навчит ногоо, алим, лийрний хогоор хийсэн ногооны салат, шүүсэлсний дараа үлдсэн ногооны хаягдлаар амталж, муудаж амжаагүй талханд хавчуулсан бургер, малын тэжээлд зориулсан шишээр хийсэн “шарсан төмс” болон дарсан шишийн шүүсээр дэлхийн ерөнхийлөгч нарыг дайлсан байлаа.

Тогоочийн хэлснээр энэ зоог нь ердийн америк хүний иддэг л хоол боловч түүнийг орвонгоор нь эргүүлсэн явдал аж. Махны оронд мал хооллоход ашиглаж буй шишээ идэх зэргээр амт, шимтэй энэ мэт зүйлсийг ашиглах замаар дэмий хаягдал үүсгэх шаардлага байхгүй юм.


01

Хувь хүний оролцоо хамгийн чухал

Энэ цаг үед ажлаа хийн, компьютерийн ард суусаар бусадтай нийлэх шаардлагагүй шахам байсаар дассан бид дэлхийн хэмжээний асуудалд гар бие оролцоно гэхээр төсөөлөгдөхгүй. Нөлөөлж чадна ч гэж бодохгүй. Гэхдээ та хүнсний хаягдлаа аль болох бага байлгаснаар байгальд бодитой хувь нэмэр оруулж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Хэдийгээр нэг хүний нөлөө бага ч дусал дуслаар далайд бүрдэнэ гэдэг шиг бүх хүн дор бүрнээ хичээж чадвал байгаль дэлхийгээ аварч болох юм. Сөрөг сэтгэлгээгээ халж, эерэг үр дагаварт нь анхаараарай. 



9.7

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+6
Ёстой үнэн. Хэрэгтэй хэрэггүй хачин юм идэж зүгээр зугаагаа болих хэрэгтэй.
Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Emch
01Emch Li Yafei
109,400 оноо
Gerelt-Od
02Gerelt-Od Ariunbold
10,800 оноо
Batbaatar
03Batbaatar Mongol
1,100 оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Шинэ үгийн сүлжээ нээгдэхэд
Үгийн сүлжээний ялагчид
Ган-Эрдэнэ
01Ган-Эрдэнэ Сугаржавын
29 минут 25 секунд
Sunbileg
02Sunbileg Ariuntuul
33 минут 2 секунд
Ladida
03Ladida Pearl
35 минут 1 секунд
Buren
04Buren Jargal
35 минут 16 секунд
Н.
05Н. Сэмжидмаа
43 минут 6 секунд
Batmunkh
06Batmunkh Buyandelger
1 цаг 6 минут 25 секунд
Алтансүх
07Алтансүх Б.
1 цаг 21 минут 23 секунд
Genden
08Genden Dolgorsuren
1 цаг 29 минут 34 секунд
Mandakh
09Mandakh Mandakh
1 цаг 36 минут 4 секунд
Sukhbold
10Sukhbold Batjargal
2 цаг 7 минут 17 секунд