Арав.мн

Өвлийн олимпийн түүхэн дэх хэзээ ч мартагдахгүй мөчүүд

Өвлийн олимпийн түүхэн дэх хэзээ ч мартагдахгүй мөчүүд

Өвлийн олимпийн XXIII наадам нь сар хүрэхгүй хугацааны дараа БНСУ-ын Пёнчан хотод болох гэж байна. Үүнтэй холбогдуулан манай сайт Өвлийн олимптой холбоотой сонирхолтой мэдээллүүдийг хүргэж байхаар болсон билээ.

1924 оноос эхлэн зохиогдож буй энэхүү хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлын бэлгэ тэмдэг болсон энэхүү наадмын түүхэнд гайхамшигтай дурсгалтай, сэтгэл догдлуулсан, эсвэл мартагдахгүй олон мөч байдаг. Тухайлбал, 1988 оны нарлаг Ямайкийн бобслейн багаас эхлээд кёрлингийн төрөлд өрсөлдсөн Их Британийн “гэрийн эзэгтэй” нарын супер багуудын түүхийг та бүхэндээ сонирхуулж байна.


10

Брадбури “аз”-ын медаль

2002 оны Солт Лэйкийн олимпийн үеэр Австралийн шорт-трекийн тамирчин Стивен Брадбури ёстой л "сохор азаар" алтан медаль хүртсэн юм. Тойрог зам дээр тавуулаа уралдаж байх үед Брадбури өрсөлдөгч нараасаа аль хэдийнэ хоцорсон байлаа. Гэнэт түүний урд байсан дөрвөн тамирчин хоорондоо мөргөлдөж, бүгд унаж орхих нь тэр. Тэдний дунд АНУ-ын домогт тамирчин Аполо Антон Оно, Солонгос гаралтай ОХУ-ын тамирчин Ан Хюн Су, Канадын Маттью Туркотт болон БНХАУ-ын Ли Жиажун нар байсан юм.

Бүх өрсөлдөгчид нь урд нь унаснаар Брадбури тэдний хажуугаар гулсан өнгөрч, эх нутагтаа алтан медалийг авчирсан билээ. Брадбури 1994 онд мөн эх орондоо анхны олимпийн медалийг авчирсан багийн бүрэлдэхүүнд байсан нэгэн юм. Тэрбээр карьерийнхээ туршид хоёр ч удаа үхлийн аюултай нүүр тулж байсан билээ. Нэг удаа гуяа тэшүүрийн ирэнд зүсэн бараг хоёр литр цус алдсан бол 2000 онд хүзүүгээ хугалсан байдаг. Брадбуригийн алтан медалийн талаар The Independent сэтгүүлд бичихдээ “Энэхүү 28 настай Брисбаны тамирчны 10 жилийн карьерийнх нь бүх азгүйтлийг энэхүү алтан медалиар тэнцүүлж байгаа хэрэг” гэжээ.

Түүний алтан медаль хүртсэн уралдааныг дараахь бичлэгээс сонирхоно уу.


09

Мартагдсан гайхамшиг

АНУ-ын мөсний хоккейн баг 1960 оны Олимпийн наадмын аваргын төлөөх тоглолтонд Канадын багийг хожиж, Олимпийн аварга болсон билээ. Канад болон ЗХУ-ын аварга багуудын хажууд ёстой л нусаа гоожуулсан хөвгүүд шиг байсан баг тэднийг ялсан нь жинхэнэ гайхамшиг байсан бөгөөд хожим энэ багийг “Мартагдсан гайхамшиг” гэх болсон юм.

Хэдийгээр АНУ-ын баг 1952 болон 1956 онд мөнгөн медаль хүртэж байсан ч Калифорнийн Скво Вэллид болсон Олимпоос “аварга болох магадлалтай” багийн тоонд ч зүй ёсоор багтаагүй байлаа. Коллежийн сонирхогчдын тоглогчдоос бүрдсэн багуудын хажууд Зөвлөлтийн тамирчид зогсоох боломжгүй мангасууд шиг байсан юм. Өмнөх Олимпоос алтан медаль хүртсэн тус баг олон улсын тэмцээнүүдэд ч хожигдоогүй байв. Мөн Өвлийн олимпийн эхний долоон наадмаас зургаан удаа аваргалсан Канадын баг болон үргэлж хүчирхэг Чехословакийн багууд америкчуудын хажууд үлэмж биетүүд шиг байв.

АНУ-ын баг эхний тойрогтоо Чехословакийн багийг 7-5 харьцаатай ялж, Австралийн багийг 12-1 харьцаатай илт давуу буулган авснаар медалийн төлөө тоглох эрхтэй болов. Шөвгийн тоглолтуудад байсан өрсөлдөгч таван багаас Швед болон Германы багуудыг төвөггүй ялсан боловч алтан медалийн төлөө Канад, ЗХУ болон Чехословакийн багтай жинхэнэ хүчийг үзсэн байна. Биелэгдэшгүй даалгавар мэт байсан энэ мөрөөдөл нь Канадыг 2-1 харьцаатай буулган авснаар хонгилын үзүүрт буй гэрэл нь тодорч эхэлжээ. Үүнээс хоёр өдрийн дараа хүчирхэг оросуудтай тоглох болов. Эхний үед 2-1 харьцаатай хожигдож байсан ч дараагийн хоёр үед дахин хоёр гоол оруулснаар 3-2 оноогоор Зөвлөлтийн багийг яллаа. Аваргын тоглолтод Чехийн багтай тоглож, 4-3 харьцаатай хожигдож байсан ч сүүлийн үе дээр зургаан гоолыг хийснээр АНУ мөсний хоккейн төрөлд Олимпийн анхны алтан медалиа авсан билээ. Канадын баг мөнгөн медаль хүртэж, харин оросууд хүрэл медаль дээр буув (ЗХУ-ын баг дараагийн долоон олимпоос зургаан алтан медаль хүртсэн).

АНУ-ын 1960 оны шигшээ багийн гол тоглогч болох Билл Кристианы амжилтыг хүндэтгэн, Мөсний хоккейн алдрын танхимд мөнхөлсөн юм.

АНУ-ын шигшээ баг энэ амжилтаа 1980 онд давтсан байдаг. Энэ тэмцээнд Зөвлөлтийн баг мөнгөн авчээ. Сонирхолтой нь 1980 оны олимпийн аварга багийн бүрэлдэхүүнд 1960 оны аварга Билл Кристианы хүү Давид Кристиан багтаж байсан юм.

1960 оны олимпийн аварга багийн гайхамшигт ялалтын талаарх баримтат киног үзээрэй.


08

“Киллимпийн” наадам

Францын уулын цанын тамирчин Жан Клауд Килли 1968 оны Олимпийн наадмыг шуурга лугаа байлдан дагуулсан юм. Тэрээр бусад тамирчдаас илт давуу байсан тул үзэгчид болон хэвлэл мэдээллээр энэ олимпийг “Киллигийн олимп” буюу товчоор “Киллимпийн наадам” гэж нэрлэхэд хүргэсэн юм.

Греноблийн олимпийн уулын уруу буух буюу “downhill” төрөлд багийн анд түрүүлж гараанаас гарсан Гая Периллатын араас нэхэж байсан Жан Клауд Килли барианд ойртох үед үзэгчид түүний нэрийг зогсолтгүй орилж байлаа. Тухайн үед 24 настай байсан Килли тэмцээний өмнөхөн сургуулилтын үеэр санамсаргүй цанынхаа ваксыг арилгачихсан байсан нь түүний үзүүлэлтэд нөлөөлж байв. Гэвч тэр бууж өгөлгүй тэмцсээр барианд өрсөлдөгчөөсөө 0.08 секундын өмнө орж, алтан медаль хүртсэн юм.

Үүний дараа “grand slalom” буюу уулын уруу туг тойрч буух төрөлд мөн түрүүлэв. Харин гурав дахь уулын цанын төрөл болох “slalom” төрөлд аваргалж чадвал Килли Австрийн тамирчин Тони Сэйлерийн 1956 оны олимпод үзүүлсэн амжилтыг давтаж, уулын цанын бүх төрөлд аварга болсон хоёр дахь олимпчин болох байлаа.

Францын үндэсний шигшээ багт 18 насандаа орсон Киллигийн хувьд Олимп хүртэлх тив, дэлхийн тэмцээнүүдэд байнга түрүүлж байсан тул эхний хоёр төрлөөс алтан медаль авсан явдал тийм ч гайхмаар амжилт байсангүй. Гэвч 1968 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “slalom”-ын тэмцээн өтгөн манан дунд болсон юм. Эхний гүйлтээр 49.37 секундын амжилт үзүүлсэн нь 51 оролцогчоос хамгийн өндөр амжилт байв. Харин хоёр дахь гүйлтээр 50.36 секундын амжилт үзүүлсэн нь Норвегийн тамирчин Хаакон Мёоэныг тэргүүлэгч болгосон байна. Норвеги эр хэд хэдэн тугийг алгассан болох нь мэдэгдэж, тэмцээнээс хасагдахад гуравдугаар байранд явж байсан Австрийн тамирчин Карл Шранцыг гол өрсөлдөгч болгожээ. Шранц 21 дэх хаалга дээр очоод зогсож, зам дагуу байрласан хамгаалалтын албаны цэрэг түүний замд саад болсон хэмээн мэдэгдэж, дахин эхлэх зөвшөөрөл авснаар 49.53 секундын амжилт үзүүлж, алтан медаль авах нь бараг тодорхой болох нь тэр. Гэтэл Шранцад цэрэг саад болохоос өмнө 2 ч хаалгыг алгассан болох нь тогтоогдож, тэмцээнээс хасагдсанаар Килли Олимпийн гурав дахь алтан медалиа халаасалжээ. Өтгөн манан дунд тэмцээнийг тойрсон олон асуудлын дундаас авсан гурав дахь алтан медалийн ачаар Килли дэлхий нийтийг байлдан дагуулсан юм.

Тэрбээр Олимпийн наадмын дараа зодог тайлж, өөрийн хувцасны брэндийг гаргасан ба кинонд хүртэл тоглосон байдаг. 1995 онд түүнийг Олон улсын олимпийн хорооны гишүүнээр өргөмжлөн томилсон билээ.

Түүний 1968 оны Олимпийн наадмын алтан медалиудын үзүүлбэрийн бичлэгийг үзээрэй. 


07

Таван одот Хайден

АНУ-ын хурдны тэшүүрийн тамирчин Эрик Хайден нэг Олимпоос таван алтан медаль авсан анхны тамирчин юм. Энэ тэмцээнд тэрбээр Олимпийн 4 рекорд, Дэлхийн 1 рекордыг шинэчлэн тогтоосон байдаг. Хурдны тэшүүрийн спортын тамирчид дундаа маш булчинлаг байсан тэрбээр өөрийн хурдаараа бүгдийг гайхшруулж чадсан юм. Оролцсон таван тэмцээнээс таван алтан медаль хүртсэн түүний рекордыг одоо хүртэл хэн ч эвдээгүй байна.

Зан төлөвийн хувьд маш даруу, олны анхаарлын дунд байх дургүй тэрбээр 1980 оны Олимпийн наадамд оролцсон зорилго нь Америкийн баатар, Олимпийн домог болох биш, ердөө л “оролцож үзэх” байсан гэдэг. Эрик Олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдээс 5 төрөлд оролцох эрхээ авсан байна. Үүнд 500 м, 1000 м, 1500 м, 5000 м болон 10000 м багтаж байсан ба тэмцээн бүр өөр өөрийн гэсэн онцлогтой, хурдаас гадна олон өөр чадвар хэрэгтэй юм. Тухайлбал, богино зайнд их хурдыг ямар нэг алдаагүйгээр гаргах ёстой бол зай уртсах тусам хурдаа тохируулж, төгсгөлийг хүчтэй хийх ёстой байдаг.

1976 оны Олимпийн наадамд Хайден оролцож байсан ч медаль авч байгаагүй аж. Гэвч түүний дараах жилээс эхлэн дэлхийн аваргын тэмцээнүүд болон олон улсын томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж эхлэхэд Европын орнууд өөрийн гол өрсөлдөгчөө болгон анхааралдаа авсан байна. Харин АНУ-ын хувьд түүнийг төдийлөн ойшоодоггүй байжээ. Ингээд 1980 он болж, 9 хоногийн дотор Хайден дэлхий нийтийн анхаарлыг өөр дээрээ татсан байдаг. АНУ-ын мөсний хоккейн шигшээ баг алтан медаль хүртсэнтэй эн зэрэгцэн Олимпийн 4 рекорд тогтоож, 10000 метрийн зайнд дэлхийн рекордыг бүхэл бүтэн 6.2 секундээр шинэчилсэн юм.


06

Ямайкийн чаргачид түүх бүтээсэн нь

“Cool Runnings” хэмээх киног санаж байгаа бол энэ кино 1988 оны Өвлийн олимпийн наадмын үйл явдлаас сэдэвлэсэн гэдгийг мэдэж байгаа байх. Өвөл болдоггүй Ямайкийн дөрвөн тамирчин бобслейн тэмцээний үеэр онхолдсон ч барианы шугамыг давахын тулд чаргаа түрсээр орж ирсэн байдаг. Үзэгчид энэ үеэр тэднийг дэмжин уухайлж, урам зориг өгч байсан ба энэ үйл явдал дэлхий нийтэд хүрч, өвлийн олимпийн наадмын хамгийн гайхамшигтай мөчүүдийн нэг болсон юм. Тэдний түүхээр 1993 онд “Cool Runnings” кино бүтээсэн нь маш амжилттай болсон билээ. Хэдийгээр кинонд Ямайкийн багийг гүйлтийн тамирчдаар бүрдүүлсэн гэж гардаг ч бодит амьдрал дээр бол Ямайкийн армийн цэргүүд юм. Ямайкад ажиллаж байсан хоёр Америк бизнесмэн тус улсаас бобслэйн баг гаргах санааг анх гаргасан байдаг. Энэ чиглэлээр тамирчин олдохгүй байсан тул цэргүүдээс сонгож, АНУ болон Австриас дасгалжуулагч хөлслөн Австри болон АНУ-д сургуулилтаа хийжээ.

Тамирчдыг маш халуун дулаанаар угтаж авсан ба очсон өдрөөсөө л олны анхаарлын төвд байлаа. Энэ стресс дээр нэмээд хэрэгслээ бусдаас зээлж авсан нь ч сэтгэл зүйд нь нөлөөлж байв. Сургуулилтын үеэр нэг тамирчин гэмтэж, тэмцээний эхний үед чарга нь эвдэрч, хоёр дахь өдөр багийн ахлагч нь мөрөө гэмтээжээ. Тэд цагт 85 милийн хурдтай явах үед жолоодлогоо алдаж, чарга нь хөмрөн дөрвөн тамирчин маш урт зайг толгой дээрээ туулсан юм. Кинон дээр гардаг шиг чаргаа өргөж яваагүй ба багийн гишүүн Девон Харрис чаргаа түрсээр барианд оржээ.

Ямайкийн багийн тэмцээний бичлэгийг үзнэ үү.



05

Ялагчид хэзээ ч бууж өгдөггүй

1994 оны Олимпийн наадмын хамгийн шуугиантай түүх бол АНУ-ын уран гулгалтын шигшээ багийн тамирчид болох Таня Хардинг болон Нэнси Керриган нарын дунд болсон дуулиан юм.

Хардинг бол гурвалсан эргэлт хийсэн анхны Америк эмэгтэй байлаа. Тэр 1991 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд төгс оноо авч, алтан медаль хүртсэн бол Керриган хүрэл медаль авч байв. Тэд хамтдаа 1992 онд Франц улсад болсон олимпийн наадамд оролцон Керриган хүрэл медаль, Хардинг дөрөвдүгээр байранд орсон байдаг. Хоёулаа өндөр амжилт үзүүлж байсан ч Керриганы зан төлөв олон нийтэд илүү таалагдаж, Campbell’s, Seiko, Revlon болон Reebok зэрэг компаниудаар ивээн тэтгүүлэх болжээ.

1994 он гэхэд Хардинг, Керриган хоёр АНУ-ын АШТ-д бэлдэж байлаа. Тэмцээнд ялсан нь 1994 оны Норвегийн өвлийн олимпийн наадамд оролцох эрхээ авах байсан юм. Гэтэл Керриганыг бэлтгэлээ хийж дуусаад явж байх үед нэг хүн ирж, тулгуур хөл нь болох баруун хөлний нь өвдөг рүү бороохойгоор цохисон байдаг. Аз болж зөөлөн эдийн гэмтэл байсан ч тэрбээр маргааш нь болох тэмцээнд оролцохоосоо өнгөрсөн байлаа. Ийнхүү улсын аваргын тэмцээнд Хардинг ялж, Олимпийг зорих болсон байна.

Тэмцээн болохоос ердөө нэг сарын өмнө Керриганыг гэмтээсэн энэ халдлагыг Керриганы өрсөлдөгч Хардингийн экс-нөхөр захиалсан байсан нь хожим илэрсэн юм. Олимп болохоос өмнө Керриган руу дайрсан этгээдүүд буруугаа хүлээж, Хардинг ч энэ хэрэгт холбоотой гэж мэдүүлсэн байна. Энэ талаар юу ч мэдэхгүй гэж мэдэгдэж байсан Хардингийг Олимпийн хороо тэмцээнээс хасна гэсэн ч Хардинг хариуд нь 25 сая доллар нэхэмжилжээ. Эцэст нь Олимпийн хорооны зүгээс Хардинг, болон гэмтэл нь эдгэрсэн Керриган хоёрыг хоёуланг нь оролцуулах шийдвэр гаргав. Керриган маш уран сайхан гулгаж, эх орондоо мөнгөн медаль авчирсан бол тэмцээн эхлэх үед тэшүүрийнх нь үдээс тасарсан Хардинг бараг гулгаж чадалгүй байсаар наймдугаар байранд орсон билээ. Энэ үйл явдал спортын түүхэн дэх хамгийн дуулиантай, хамгийн ичгэвтэр луйвруудын тоонд ордог юм. Та доорх бичлэгээс Нэнси Керриганы мөнгөн медалийн үзүүлбэрийг сонирхоорой.


04

Уналаа гээд юу гэж? Херминатор яадаг ч үгүй юм.

Австрийн уулын цанын тамирчин Херманн Майер 1998 оны Наганогийн Олимпийн наадмын үеэр анхны гараандаа аймшигтайгаар осолдсон юм. Түүнийг тахир дутуу болсон байх вий гэж дэлхий нийтээр санаа зовж байв. Харин дараах өдөр нь бэлтгэлээ хийхээр ирсэн Херманн тэмцээнд эргэн ирж, тэр бүү хэл Олимпийн хоёр алтан медаль хүртсэн юм. Энэ өдрөөс хойш “Херминатор” хочтой болсон тэрбээр түүхэн дэх хамгийн аугаа уулын цаначдын тоонд ордог. Майер Дэлхийн цомын дөрвөн удаагийн аварга, ДАШТ-ий гурван удаагийн аварга юм. Карьерийнхаа турш нийт 54 тэмцээнд түрүүлсэн амжилтаар домогт Ингемар Стенмаркын дараа бичигддэг байна.

Эхний гарааны ослын үед Херманн агаарт 30 тохой газарт шидэгдэн, толгой дээрээ унахдаа аюулгүйн хоёр ч торыг нэвт мөргөсөн билээ. Энэ үед тэрбээр цагт 80 милийн хурдтай байсан гэдэг. Гайхалтай нь тэрбээр ослоос багахан хэмжээний гэмтэл авсан ба долоо хоногийн дараа гэхэд giant slalom болон super-G төрлөөр алтан медаль хүртсэн юм.

Херманн Майер 1972 онд төрсөн ба Австрийн үндэсний цанын академид элссэн боловч жижиг биетэй хэмээн гологдож, ирээдүйгүй тамирчин хэмээгдэн гэр рүүгээ хөөгдсөн байдаг. Тэрбээр барилгын компанид өрлөгчин болж, аавынхаа сургуульд цанын багш хийдэг болов. Мөрөөдлөө орхиж, бууж өгөхийг хүсээгүй Майер энэ хугацаанд орон нутгийн тэмцээнүүдээс эхлэн бүхий л тэмцээнүүдэд оролцсоор Австрийн элит багийн гишүүн болж чадсан юм.

Херминатор мөн 2001 онд үхэшгүй гэдгээ баталж, мотоциклын ослоос амьд үлдсэн аж. Хөлийг нь таслах эсэхээ эмч нар шийдэж ядаж байсан боловч маш нарийн мэс ажилбар хийснээр түүнийг хэвэнд нь оруулсан гэдэг. Тэрбээр хоёр ч томоохон тэмцээнээс өнжсөн боловч их спортдоо эргэн ирж, 2003-04 онд 4 дэх Дэлхийн цомоо авч, 2006 оны Турины наадмаас super-G төрөлд мөнгөн медаль, giant slalom төрөлд хүрэл медаль авсан билээ.

Херманны 1998 оны Олимпийн наадмын үеэр осолдсон болон алтан медаль хүртсэн бичлэгийг сонирхоорой.


03

Гэрийн эзэгтэй нараас супер од болсон нь

2002 оны Олимпийн наадмын бас нэгэн дурсгалтай үйл явдал бол Их Британийн кёрлингийн шигшээ багийн амжилт юм. Тэд улсдаа 18 жилийн дараах анхны Олимпийн алтан медалийг авчирсан юм.

Кёрлингийн багаа дэмжихээр зургаан сая британичууд шөнөжин зурагтынхаа өмнө суун, Рона Мартин, Деби Нокс, Жанис Ранкин болон Фиона МакДоналд нарын төлөө залбирч байжээ. Шотланд гаралтай энгийн дөрвөн эмэгтэй төрийнхөө далбааг 18 жилийн дараа олимпийн тэнгэрт мандуулахад тэднийг “супер од гэрийн эзэгтэй нар” хэмээн нэрлэж байжээ. Гэртээ ирэх үед нь баярласан 30 мянган хүн угтан авсан гэдэг. Тэдэнд Ерөнхий сайд Тони Блэйрээс “Та нар Их Британийн мөрөөдлийг биелүүлж чадлаа” хэмээн баяр хүргэсэн факс илгээж байсан юм.

Их Британийн бахархал болсон эдгээр эмэгтэйчүүдийн алтан медалийн тоглолтыг дараахь бичлэгээс үзээрэй. 


02

Өвлийн олимп цуцлагдлаа

Хүн төрөлхтний эв найрамдлын гэх тодотголтой олимпийн наадмуудыг дагаад улс төр, эдийн засгийн ашиг сонирхол яригддаг нь сонин биш. Олон улсын төвшинд маргалдсан зарим нэг улс Олимпийн урилгаасаа татгалзах тохиолдол гарч л байдаг гэхэд хилсдэхгүй. Тэглээ гээд олимп болдгоороо л болдог билээ. Харин дараах хоёр тохиолдолд Олимпийн наадам бүрэн цуцлагдаж байсан юм.

1940 онд Японы Саппоро хотноо зохион байгуулах байсан олимпийн наадам япончууд БНХАУ руу дайрснаар бүтэлгүйтсэн юм. Олон улсын олимпийн хорооноос үүнээс болж зохион байгуулах эрхийн төлөөх өрсөлдөөнд хоёрдугаар байранд явж байсан Герман улсад зохион байгуулах эрхийг нь өгөв. Гэтэл германчууд Польш руу дайрах нь тэр. Ингэснээр дэлхийн хоёрдугаар дайн хүчээ авч, олимпийн наадмыг бүрэн цуцлахаас өөр аргагүй болжээ.

Үүний дараа буюу 1944 онд Италид болох байсан олимпийн наадам ч цуцлагдсан юм. Дайн дууссаны дараа буюу 1948 онд Өвлийн олимп данин зохиогдохоор болж, энэ удаа дундыг баримталдаг Швейцарь улсыг зохион байгуулах орноор томилсон билээ. Харин Герман, Япон улсуудыг санал нэгтэйгээр энэ наадамд уриагүй байдаг. 


01

Бүгдийн хайрт Филип Бойт

1998 оны Наганогийн олимпийн наадамд Кени улсын тамирчин Филип Бойт 10 километрийн гүйлтийн цанын төрөлд өрсөлдсөн билээ. Тухайн үед 26 настай байсан дундын зайны гүйлтийн тамирчин Бойт уг спортоор хичээллэх болж, бэлтгэл хийх 24 насандаа Финляндад ирэхээс өмнө цас гэдэг зүйлийг харж ч байгаагүй байсан юм. Ердөө хоёр жилийн дараа тэрбээр Японд ирж, анхныхаа Олимпийн наадамд оролцож, улсынхаа анхны өвлийн спортын тамирчин болсон билээ.

Бойт тэмцээнд хамгийн сүүлийн байранд орсон юм. Алтан медаль хүртсэн Бьёрн Даэлигээс даруй 20 гаруй минутын дараа барианд орсон ч түүнийг хөгжөөн дэмжигчид, үзэгчид бүгд дэмжин алга ташиж байсан юм. Бойтыг барианд амжилттай ороход алтан медалийг өвөртлөөд байсан Даэли баяр хүргэн тэвэрсэн нь мартагдахааргүй мөч байсан билээ. Тэр бүү хэл медаль гардуулах ёслолыг хүртэл Бойтыг барианд ортол хойшлуулсан байдаг.

Кени улс дунд болон холын зайн гүйлтийн тамирчдаараа алдартай. Тэдний нэг болох 1968 оны Мексикийн, 1972 оны Мюнхений олимпийн хоёр алт, хоёр мөнгөн медальтай Кипчоге Кейно улсынхаа элит тамирчдыг бэлтгэх сургалтын төвийг нээсэн юм. Түүний нэгэн адил Элдорет хотод төрсөн Филип Бойт тариачин гэр бүлээс гаралтай ч авьяаслаг гүйлтийн тамирчин болохоо баталсан юм. Авга ах нь болох Мюнхений олимпоос хүрэл медаль хүртсэн Майк Бойтын нэгэн адил өндөр амжилт гаргана гэсэн хүлээлттэй байсан тэрбээр 2000 онд гүйлтийн гутлаа цанаар солих шийдвэр гаргасан юм. Цас ч хараагүй байсан түүнийг Хелсинкид ирэх үед -17 хэмийн хүйтэн угтсан гэнэ.

“Би цана дээр тогтож ч чадахгүй байсан” гэж дурсан Кени эр удалгүй цанын спортдоо хайртай болсон юм. Тэрбээр улсынхаа далбааг нээлтийн ажиллагааны үеэр барьж явсан юм. Ийнхүү 97 хүн гараанаас гарсан 10 километрийн тэмцээнд оролцов.

Ялагч Даэли барианд орсоныхоо дараа Бойтыг стадионд бараг ирсэн тухай зарлаж байхыг сонсоод үнэхээр их гайхсан гэдэг. “Түүнийг бороонд норсон чийгтэй цастай, хүнд нөхцөлд замаа туулж чадсаныг сонсоод би их бахархсан. Би түүнийг хүлээхээр шийдсэн. Энэхүү зоригт Африк тамирчинг барианд орохыг нь харахыг хүссэн юм” гэж Даэли хожим дурссан байдаг.

Бойтын барианд хэрхэн орж ирсэнийг дараах бичлэгээс сонирхоорой. 



9.9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start