Арав.мн

Сантиметр бүр өөрийн түүхтэй

Сантиметр бүр өөрийн түүхтэй

Францын эзэн хаан Наполеон Бонапартыг адтай давжаа эрсийн эхэнд бичдэг. Гэвч энэ нь эндүүрэл бөгөөд 168 см өндөр байсан тэрээр цаг үедээ дунджаас ч дээгүүр өндөртэйд тооцогдож байв. Хэвлэл мэдээллийнхний хандлага л сүүлийн үед өндөр, гоолиг хүмүүс рүү "хэлбийгээд" байгаа болохоос дэлхий нийтийн олонх нь намхан гэгдэхээр байгаа. Гагцхүү ахуй орчин сайжирч, анагаах ухаан хөгжсөнөөр л дэлхий дахины дундаж өндөр эдүгээ цагийн өсвөр насны охидынхоос илүү гарч эхэлжээ.

Их Британийн Эссексийн их сургуулийн багш, эдийн засагч Тим Хаттон 1860-1980-аад оны үед амьдарч асан европ эрчүүдийн 20 насны үеийнх нь биеийн өндрийг судалж, өсөлт хөгжилтэй нь холбоотой мэдээлэл цуглуулан дүгнэлт хийснээ 2014 оны эхээр танилцуулсан байдаг. Түүний тооцоолсноор европ эрэгтэйн дундаж өндөр 1870-1970 он хүртэлх нэг зууны дотор 11 см-ээр нэмэгджээ. Энэ нь бусад тивийнхний дундаж өндөртэй харьцуулахад хамгийн “үсрэнгүй” өөрчлөлт бөгөөд европчууд XX зууны эхээр буюу дэлхийн хоёр том дайны үед огцом өссөн байна.

Тэр үед эрүүл мэндийн үйлчилгээ сул, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсан ч энэ нь иргэдийн дундаж өсөлтөд сөргөөр нөлөөлөөгүй нь хачирхалтай. Хаттоны үзэж буйгаар хоёр дайны хоорондох зэрвэс үе буюу тэрхүү 20-иодхон жилд хүнсний үнэ буурсан, тэр тусмаа сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ хямд байсан нь европчуудыг өсгөлүүн, нуруулаг болгосон байх талтай гэнэ. Гэтэл мал аж ахуй эрхэлдэг, өдөр тутам сүүн бүтээгдэхүүн хэрэглэдэг улс түмнүүд яагаад онцгой өндөр биш байна вэ? Үүнийг калоритой холбон тайлбарлаж болох юм.

“Хүний бие махбодийг ойлгохын тулд түүнийг тоног төхөөрөмж шиг харах хэрэгтэй” гэсэн эдийн засагч Ричард Стекелийн үг бий. Хүний биеийг машин гэж үзвэл түлш нь өдөрт 1200-1400 орчим байх учиртай калори юм. Калори нь амьсгалах, биеийн илчээ хадгалах, цус эргэлдүүлэх, халдварт өвчинтэй тэмцэх гээд биеийн бүхий л үйл явцыг хөтөлдөг. Харин тэрхүү калорийг үүсгэж, бидний дотоод хөдөлгүүрийг хөдөлгөгч нь хоол хүнс, тэр дундаа олон төрөлт хүнсний бүтээгдэхүүн билээ.

Ауксологистууд буюу хүний өсөлт судлаачдын тогтоосноор хүн нуруулаг байх эсэхийн 80 орчим хувь нь удамшлаас шалтгаалдаг бол 20-иод хувь нь эрүүл ахуй, хүнс тэжээлээс хамаардаг. Ямархуу орчин нөхцөлд төрж өссөн нь тухайн хүний өндрийн 7-10 см-ийг “шийддэг” аж. Тэгэхээр хоол тэжээлийн дутагдалтай, цэвэр усны гачигдалтай орны иргэд бие жижиг, сульдаа байдаг нь үүнтэй холбоотой.

Жишээ татахад НҮБ-аас Хойд Солонгост хийсэн судалгаагаар Солонгосын хойг хуваагдсанаас хойш мэндэлсэн тус улсын иргэдийн 90 орчим хувь нь Өмнөд Солонгосын иргэдээс дунджаар таван см намхан байна. Харин Америкт амьдардаг майя гаралтай өсвөр насныхан уугуул нутаг Гватемалдаа аж төрж буй майя хүүхдүүдээс дунджаар 10 см өндөр байгааг АНУ-ын Темплийн их сургуулийн антропологичид тогтоожээ. Энэ нь дээр дурдсанаар эрүүл ахуй, хүнс тэжээлтэй холбоотой юм.

Европчуудын өндрийг судалж байхдаа Хаттон хүний дундаж өндөр нэмэгдэхийн хэрээр дэлхий дахинд нярайн эндэгдэл буурсныг мөн тогтоожээ. Тэрээр зуу гаруй жилийн тэртээх англи хүүхдүүдийн биеийн өндрийг судлахдаа дээрх гурван эрдэмтэн хүүхдийн өсөлтөд ар гэрийнх нь амьжиргааны түвшин, эцэг эхийнх нь нийгэмд эзлэх байр суурь багагүй нөлөөлснийг тогтоосон байна. Тухайлбал язгууртны хүүхдүүд өндөр байсан нь амьдрах орчин таатай, хоол хүнс нь амин дэмээр баялаг байсантай холбоотой бол олон хүүхэдтэй, өрхийн орлого багатай айлын хүүхдүүд үеийнхнээсээ намхан байв. Эмэгтэй хүн бичиг үсэгтэй байх нь ховор байсан үед ээж нь уншиж, бичиж чаддаг, боловсролтой байна гэдэг хүүхэд өсгөлүүн байхын бас нэг шалтгаан байж. Энэ бүхэн өнгөрсөн зууны дунд үеэс өөрчлөгдөж, амьдралын хэв маяг нь өөр хоорондоо төстэй болж ирмэгц дэлхий нийтийн дундаж өндөр ч ойролцоо болжээ.

Нидерланд эрчүүдийн дундаж өндөр 185 см бол эмэгтэйчүүд нь дунджаар 170 см байдаг. Гэхдээ тэд үргэлж өндөр байсангүй. 1848 онд нидерланд эрчүүдийн дөрөвний нэг нь 158 см ч хүрэхгүй, нуруу намхан байснаас цэргийн албанд тэнцээгүй байна. Харин одоо тус улсын 1000 иргэн тутмын ердөө нэг нь л 160 орчим см, намхан нуруутай байгаа нь эдийн засгийн хөгжилтэй шууд холбоотой гэж мэргэжилтнүүд үздэг. Тэгэхээр хүний нурууны үе нугалам, өндрийг нь илтгэх см бүр өөр өөрийн түүхтэй гэсэн үг. “Ямар ч улсын иргэдийн дундаж өндрийг 50-100 жилд хэрхэн өөрчлөгдсөнийг судлахад л тухайн орны эдийн засгийн түүх, нийгмийн хөгжлийг мэдэж болно” гэж эдийн засгийн нэртэй түүхчдийн нэг Унгарын эрдэмтэн Жон Комлос бичсэн нь үнэний хувьтай болох нь үүнээс харагдана.

170 см ба түүнээс өндөр эмэгтэйчүүдийн гэр бүлтэй болох магадлал ердийн өндөртэй эмэгтэйчүүдийнхтэй харьцуулахад 25 хувиар бага байдаг. Харин 158-172 см өндөр эрчүүд үүнээс намхан, эсвэл өндөр эрчүүдтэй харьцуулахад 75 ба түүнээс урт наслах магадлал нь 21 хувь илүү байдаг байна. Мөн намхан эрчүүд өндөр эрчүүдээс илүү сайн нөхөр байдаг, нуруу намхан эрчүүд илүү мөнгө олдог, удирдах албаныхны дийлэнх нь намхан юм уу, дундаж өндөртэй байдаг зэргийг тогтоосон хэдэн арван судалгаа бий.

Эцгийнх нь өндрөөс 12 см хасаж, эхийнх нь өндөртэй нэмэн, нийлбэрийг нь хоёрт хуваан таван см нэмэхэд охины тань нас бие гүйцэх үеийн дундаж өндөр гарна. Харин эхийнх нь өндөр дээр 12 см нэмж, эцгийнх нь өндөртэй нэмэн, нийлбэрийг нь хоёрт хуваан таван см нэмэхэд эрэгтэй хүүхдийн дундаж өндөр гардаг. 

Хүүхдийн өсөлтөд тамхи хамгийн сөрөг нөлөөтэй. 12-17 насандаа тамхи татаж байсан хөвгүүд үеийнхнээсээ дунджаар таван см намхан байдаг нь тогтоогджээ. Тараг, бяслаг, тахианы мах, лууван, бууцай, шинэхэн жимс жимсгэнэ өсөлтөд хамгийн тустай хүнсний бүтээгдэхүүнүүд юм. Мөн өндөр болъё гэвэл сайн унтаж амарч байх нь чухал. Ялангуяа 16 хүртэлх насандаа хоногт дор хаяж 7-8 цаг унтаж байх нь хүүхдийн өсөлт хөгжилд нөлөөлөх гол хүчин зүйл юм. Хүн 40 настайгаасаа эхлэн “агшдаг”. 45 наснаасаа эхлэн бүр 10 жил тутамд дунджаар таван см намхан болдог хүмүүс ч бий.

 


1

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start