Арав.мн

Улс орнуудын 10 содон бэлэг

Улс орнуудын 10 содон бэлэг

Найрамдал, нөхөрлөл, эв эе, талархлын илэрхийлэл болгож улс орнууд бие биедээ өвөрмөц сонин бэлэг бэлэглэсэн тохиолдол цөөнгүй. Пруссын Нэгдүгээр Фредерик хаан Оросын Их Пётр хаанд Хуван өрөө гэх алт, хув, шил, толиор чимэглэсэн тансаг өрөө тасалгааг Екатериний ордонд тохижуулж өгсөн нь одоогийн ханшаар 130 сая ам.доллар хүрэх гоёл чимэглэлтэй, тун үнэтэй бэлэг байв. Харамсалтай нь дэлхийн найм дахь гайхамшиг гэгдэж байсан Хуван өрөө дэлхийн хоёрдугаар дайны үед сүйдэж үгүй болжээ. Туульсын алдарт Тройн модон морь ч гэсэн нэг төрлийн дипломат бэлэг байсан. Энэ мэт олон сонирхолтой бэлгээс дараах 10-ыг онцолж байна. 


10

Эрх чөлөөний хөшөө

Магадгүй нэг улсаас нөгөөдөө бэлэглэсэн хамгийн онцгой, хүмүүсийн хамгийн сайн мэдэх нь Эрх чөлөөний хөшөө юм. Францын ард түмнээс Америкийн ард түмэнд 1886 оны аравдугаар сарын 28-ны өдөр албан ёсоор дурсгасан энэ хөшөө уг нь зэсээр бүрсэн, шинэхэн дээрээ цэвэр зэсний улбар улаан өнгөтэй байжээ. Гэвч өнгө нь борлож харлан, аажмаар ногоорсоор одоо бүр цэнхэр-ногоон өнгөтэй болоод байгаа нь энэ юм. Эрх чөлөөний хөшөө нь Ромын эрх чөлөөний охин тэнгэр Либертасын хөшөө бөгөөд Америкийн тусгаар тогтнолын төлөөх хувьсгал болон уг хувьсгалаас урам авч, хаант засгаа түлхэн унагасан Францын хувьсгалчдын дурсгалыг хүндэтгэсэн утга агуулгатай билээ. Олон нийт тэр бүр мэддэггүй ч Эрх чөлөөний хөшөөний жижгэрүүлсэн хувилбар Парис хотноо мөн байдаг. Уг хөшөөг Францад суух америкчууд 1889 онд Францын хувьсгалын 100 жилийн ойд зориулан босгожээ. 


09

Зарафа анааш

Энэ анааш бол 1826 онд тухайн үед Оттоманы эзэнт гүрний нэг хэсэг байсан Египетийг захирагч албани ноён Мухаммад Алигаас Францын хаан Аравдугаар Шарльд өргөн барьсан бэлэг юм. Мухаммад Али мөн Австри, Английн хаадад нэг нэг анааш бэлэглэсэн ч тэр хоёр нь Европт идээшиж дасахгүй байсаар хоёр ч хүрэхгүй жилийн дотор амьсгал хураажээ. Харин Францад 18 жил амьдарсан Зарафа европчуудын хувьд 340-өөд жилийн дараа нүдээр харсан анхны анааш нь байлаа. Зарафаг явсан газар бүрдээ мянга мянган хүн цуглуулж, Лион хотод л гэхэд 30 мянган хүн анааш харах гэж цуглаж байсан баримт байдаг. Египетийн удирдагчид Францад ийнхүү тал зассан нь Грекийн тусгаар тогтнох хөдөлгөөнийг бүү дэмжээч гэж францчуудаас хүсэж, найр тавьсан үйлдэл байв. Зарафаг 1845 оны нэгдүгээр сард амьсгал хураахад Парист чихмэл болгон хадгалж байгаад хожмоо Ла-Рошелийн Байгалийн түүхийн музей рүү шилжүүлсэн бөгөөд анааш одоо ч тэндээ үнэт үзмэр нь хэвээр байна. 


08

Хулсны баавгай

Дипломат харилцаанд өөр нэг онцгой гавьяа байгуулсан амьтан бол хулсны баавгай юм. 1972 онд Ерөнхийлөгч Никсоныг Хятадад айлчилсны дараахан Бээжингийн эрх баригчид АНУ-д хоёр панда бэлэглэсэн нь Линг-Линг, Синг-Синг нэртэй хос панда байлаа. Хос хоёрыг Вашингтон дахь Үндэсний амьтны хүрээлэнд байлгаж байсан бөгөөд дундаас нь төрсөн таван бамбарууш нь харамсалтай нь хэдхэн жилийн дотор бүгд энджээ. Тайванийн асуудлаар зөрчилтэй байсан Америк, Хятадын албаныхны гадаад харилцаагаа ийн зөөллөснийг Панда бодлого хэмээн нэрийдэж байв. Хятад улс 1958-1982 оны хооронд есөн өөр улсад нийт 23 панда бэлэглэжээ. Жил бүр сая сая хүнийг Вашингтоны амьтны хүрээлэн рүү татаж байсан хос хоёрын тухайд эм нь болох Линг-Линг 1992 онд 23 насандаа, эр нь болох Синг-Синг 1999 онд 28 насандаа амьсгал хураасан байна. Синг-Синг бол Хятадын хилийн гадна хамгийн олон жил хүний асаргаанд амьдарсан хулсны баавгай юм.


07

Шийдвэрийн ширээ

Америкт ирсэн олон содон бэлгээс Эрх чөлөөний хөшөөний дараа орох хамгийн сонирхолтой бэлэг нь Цагаан ордны Зууван танхимд байх Шийдвэрийн ширээ болов уу. Уг ширээг Их Британийн хатан хаан Виктория 1880 онд Ерөнхийлөгч Ратерфорд Хейсэд бэлэглэсэн бөгөөд "Resolute" буюу Эрс шийдэмгий гэх утгатай нэртэй Английн хөлөг онгоцны царс модыг задалж хийсэн тул ийм нэртэй болжээ. Энэхүү хөлөг онгоцыг 1854 онд Хойд туйлын мөсөн дунд гацаад байхад нь Америкийн халим агнуурын нэгэн хөлөг аварч, засаж сэлбэн Англи руу нь буцаасан байна. Харин "Resolute"-ийг 1879 онд ашиглалтаас гаргахад сайн чанарын царсан их биеийг нь задалж, ямар нэг онцгой тавилга бүтээн Америкийн Ерөнхийлөгчид талархлын илэрхийлэл болгон илгээхийг хатан хаан Виктория зарлиг болгожээ. Өөрөөр Хейсийн ширээ гэгддэг Шийдвэрийн ширээг 1961 онд Ерөнхийлөгч Жон Ф.Кеннедийг амь үрэгдсэний дараа Зууван танхимаас гаргасан бол 1977 онд Ерөнхийлөгч Жимми Картерийн хүсэлтээр буцаан байрлуулсан аж. Түүнээс хойш Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн бичиг хэргийн гол ширээ нь 140 гаруй жилийн настай энэхүү Шийдвэрийн ширээ хэвээр байна.


06

Сталинградын илд

1943 онд Зургадугаар Жорж хаанаас Зөвлөлтийн удирдагч Сталинд өгүүлсэн энэхүү ёслолын илд нь Сталинградын төлөөх тулалдаанд онцгой эр зориг гаргасан Зөвлөлтийн ард түмэнд Британийн ард түмнээс өргөн барьсан бэлэг юм. Илдийг Уинстон Черчилль Тегераны зөвлөгөөн гэх уулзалтаар Сталинд өөрийн биеэр гардуулан өгчээ. 1.2 метр урт энэхүү ган илдний нэг талд "Сталинградын хатан зүрхт иргэдэд барих VI Жорж хааны бэлэг. Британийн ард түмнээс" хэмээн англи, оросоор сийлсэн байдаг байна. Илдний хуйг 18 каратын алтаар өнгөлж, ишийг нь цэвэр болроор урлан дээр нь англи сарнайг хааны сүлд болон нэрийн товчлолтой нь хамт мөн л шижир алтаар бүрэн дүрсэлжээ. Сталин илдийг гардаж аваад ихэд баярлан хуйн дээр нь үнссэн гэдэг. Сталинградын илд өдгөө Волгоград дахь Сталинградын тулааны түүхийн музейд хадгалагдаж байна. 


05

20 мянган алтанзул

Дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой өөр нэг өвөрмөц бэлэг бол Нидерландын хаант улсаас жил бүр Канад руу илгээдэг 20 мянган алтанзул цэцэг юм. Энэ бүх цэцгийн өртөг зардлыг Нидерландын хааны гэр бүл болон Нидерландын Цэцгийн холбоо хоёр хуваан төлдөг байна. Нидерландчууд Канадад ийм их цэцгийн "өртэй" болсон нь дайны үеэр ирээдүйн төрийн тэргүүн нь болох Жулиана гүнжийг канадчууд гэр бүлийнх нь хамтаар бүтэн гурван жил орогнуулсантай холбоотой. Дайн дууссаны дараахан Нидерландын талаас анх 100 мянган алтанзулыг Канад руу талархал болгон илгээсэн бол түүнээс хойш жил бүр 10-20 мянган алтанзулын болцуу илгээх болжээ. Одоогоор нидерландчууд нийт 830 мянган алтанзулыг Канадад бэлэглээд байна. Канадын нийслэл Оттава л гэхэд жил бүр Алтанзулын фестиваль зохиох болсон бөгөөд хотын бүх цэцэрлэгт хүрээлэн алтанзулын цэцэрлэг болон хувирчээ. 2016 онд Канадын цэцэгчид бүр Канадын далбааны өнгөтэй алтанзул хүртэл гаргаж авсан байна. 


04

Сүлд мод

Норвегийн ард түмэн Британийн ард түмэнд өвөл болгон сүлд мод илгээдэг нь дээрхтэй төстэй жил бүр давтагддаг өөр нэг тогтсон уламжлал юм. Зул сар, Шинэ жилийн баярын үеэр Лондонд хүмүүсийн хамгийн их зорин очдог газрын нэг болох Трафальгарын талбайн сүлд модыг норвегичууд 1947 оноос хойш жил бүр Англи руу илгээж байгаа аж. Энэ нь мөн л дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой. Бүтэн таван жил Германы эзлэн түрэмгийлэл дор зүдэрсэн Норвегийн ард түмэнд британичууд олон талаар тусалсан бөгөөд Норвегийн хаан Долдугаар Хаакон болон түүний Засгийн газар, парламентын 150 гаруй гишүүн Англид орогнож, Англиас германчуудтай тэмцэж байлаа. Норвегичууд талархсан сэтгэлийн илэрхийлэл болгож жил бүр 50-60 жилийн настай гацуур модыг Лондон руу илгээдэг бөгөөд түүнийг нь 500 ширхэг цагаан гэрлээр чимэглэдэг уламжлалтай. Трафальгарын сүлд модыг жил бүр 40 гаруй сая хүн үзэж сонирхдог гэх тооцоо бий. 


03

Цэнгэлдэх хүрээлэн

Хятад улс 2011 онд Коста Рикад 100 гаруй сая ам.доллароор цэнгэлдэх хүрээлэн барьж өгсөн нь магадгүй улс орнуудын бие биедээ бэлэглэсэн бэлэг дурсгал дундаас хамгийн үнэтэй нь болов уу. Коста Рикагийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэн болсон уг байгууламж 35 мянган хүний суудалтай бөгөөд Төв Америк дахь анхны орчин үеийн цэнгэлдэх хүрээлэн төдийгүй одоогоор хамгийн сүүлд баригдсан спортын цогцолбор гэгдэж байна. Хятадын Засгийн газраас мөн Этиопийн нийслэл Аддис-Абаба хотод Африкийн холбооны төв байрыг 2012 онд шинэчлэн барьж өгсөн нь 200 сая ам.долларын өртөгтэй байлаа. Гэхдээ энэхүү бүтээн байгуулалтыг бэлэг гэхээсээ талуудын хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэсэн хандив гэж үздэг. 


02

Халимны шүд

Хүмүүсийн тэр бүр нүдээрээ харж, гартаа бариад байдаггүй нэгэн онцгой зүйлийг Британийн хатан хаан II Элизабет 1963 онд Фижигийн ард түмнээс бэлэг болгон авсан нь халимны шүд юм. Арлынхны соёлд хамгийн үнэ цэнтэй эрхэм дээд бэлэгт тооцогддог халимны шүдийг нутгийнхан табуа хэмээн нэрийддэг байна. Фижичүүд далайн эрэг дээр гарч ирсэн аварга халимны доод шүдийг бүтнээр нь сугалан авч, засаж янзлан чимэг зүүлт хийх юм уу, дээр нь бүр зураг зурдаг бөгөөд энэ нь хурим найр, оршуулга, төрийн айлчлал зэрэг хамгийн хүндтэй, томоохон ёслолуудад гол эдлэл нь байж иржээ. Ялангуяа 19 дүгээр зууны дунд үе хүртэл халим эрэг дээр өөрөө гарч ирэх нь ховор содон үзэгдэл байсан тул табуа ч хамгийн ховор, үнэтэй бэлэг байж. Орчин цагт табуаг зааны яс, далайн морины соёогоор дуурайлган хийж, хэдэн мянгаар нь борлуулах нь нэмэгдээд байна. 


01

Цөмийн товчлуур

Өөр нэг сонирхолтой дипломат бэлэг бол АНУ-аас 2009 онд Орост бэлэглэсэн цөмийн зэвсгийн хиймэл товчлуур юм. "Шинээр тохируулах" гэсэн бичигтэй уг бэлгэдлийн товчлуур нь хоёр орны харилцааг шинэ хэлбэрт оруулах цаг ирсэн гэдгийг дохиолохоос гадна тухайн үед ид яригдаж байсан хоёр улсын цөмийн хошууг цөөлөх тухай яриа хэлэлцээг давхар сануулсан утга агуулгатай байлаа. Товчлуурыг Ерөнхийлөгч Барак Обамаг төлөөлж Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавровт Женев хотноо гардуулан өгчээ. Гэхдээ америкчууд "шинээр тохируулах" гэх орос үгийг "перезагрузка" гэх байтал "перегрузка" гээд биччихсэн нь санаа зовмоор алдаа байв. Тэр нь "тохируулах" биш, "ачаалал хэтрэх", "хэт ачаалах" гэсэн утгатай үг байж. "Шинээр тохируулах" товчийг Лавров, Клинтон хоёр зэрэг дарсны дараа Орос-Америкийн харилцаа нэг хэсэг мэдэхүйц сайжирч цөмийн зэвсгийн толгойг цөөлөх, Ираны эсрэг хориг арга хэмжээ авах, Оросын эсрэг хэрэгжүүлж байсан Америкийн эдийн засгийн хоригийг цуцлах зэрэг хэд хэдэн нааштай өөрчлөлт гарчээ. Гэвч хоёр орны харилцаа үнэхээр ч "ачаалал"-аа дийлэхээ байж, 2014 оноос хойш эргээд муудаж эхэлснийг зарим шинжээч Хоёрдугаар Хүйтэн дайн хэмээн нэрлээд байна.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start