Арав.мн

Хонины арьс нөмөрсөн 10 чоно

Хонины арьс нөмөрсөн 10 чоно

Дэлхийн түүхийн хуудаснаа хийсэн бүтээл, байгуулсан гавьяа, баатарлаг үйлсээрээ сая сая хүний амьдралыг өөрчилж, сайн сайхан зүйлсийг түгээсэн олон хүн бий. Гэвч юм бүхэнд хоёр тал бий гэгчээр эдгээр хүмүүст ч далдлахыг хичээдэг “нууц” байдгийг дараах 10 хүний жишээн дээр харуулъя. 


10

Уинстон Черчилль

Их Британийн хамгийн хар бараан өдрүүд болох Дэлхийн хоёрдугаар дайны үед Ерөнхий сайд Сэр Уинстон Черчилль Нацист Германы эсрэг ялалт байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Бүх цаг үеийн хамгийн шилдэг Британи хүн гэгддэг энэ эрхмийн нэр алдрын ард хар бараан зүйл нуугддаг гэдгийг олон хүн мэдэхгүй.

Нобелийн шагналт эдийн засагч Амартия Сений хэлснээр 1943 оны Бенгалын өлсгөлөнгийн гол шалтгаан нь Их Британиас Энэтхэгт үзүүлж байсан улс төрийн бодлогын дарамт шахалт аж. Өлсгөлөнгөөс болж 4 сая хүн нас барсан бөгөөд Энэтхэгийн албан тушаалтнууд Черчиллиэс хоол хүнсний тусламж илгээхийг удаа дараа гуйж байсан юм. Гэвч Черчилль тэдний хүсэлтийг огт авч хэлэлцээгүй бөгөөд энэтхэгчүүд “туулай шиг үржсэн”-ээсээ болж өлсгөлөнд нэрвэгдсэн гэж үзэж байв.

Дайны дараах он жилүүдэд Черчиллийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл дахин илэрч, Кени улсын үржил шимтэй газар нутгийг зөвхөн цагаан арьстнууд эзэмших эрхтэй хэмээн үзэж, нутгийн “харууд”-ыг газар нутгаас гаргах тушаалыг баталсан байна. Энэ тушаалын дагуу 150 мянга орчим хүмүүсийг галт зэвсгээр айлган хорих лагериуд руу албадан нүүлгэсэн байдаг. Эдгээр хүмүүсийн дунд Хуссэйн Онянго Обама хэмээх хүн байсан нь АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обамагийн өвөө нь байсан юм. Түүнийг хоёр жилийн турш хорих лагерьт тамлаж байсан гэдэг. 


09

Тереза эх

2016 онд Гэгээнтэн гэх цолыг авсан Тереза эхийн сайхан сэтгэл, буяны ажлууд дэлхийн олон сая хүний зүрх сэтгэлийг уяраасан билээ. Гэвч түүнийг шүүмжлэх хүмүүс олон бий. Тэдний нэг болох Ароуп Чаттержий бол Тереза эхийн ажилладаг байсан Калькуттад өссөн нэгэн. Буяны ажилд гар бие оролцож байсан хүмүүсийн хэлсэн зүйлс дээр үндэслэн 2003 онд бичсэн “Mother Teresa: The Final Verdict” номондоо тэрбээр өвчтэй, үхлийн ирмэг дээр буй хүмүүст эмнэлгийн тусламж бараг очдоггүй байсан тухай дурдсан байдаг. Ариутгалгүй тариа, өвчин намдаагч ашигладаггүй байсан төдийгүй эмчилгээний орчин асар бохир байдаг байсан гэв. Гэтэл Тереза эх хувийн онгоцоороо дэлхий даяар хэрэн хэсүүчилж, чухал хүмүүстэй уулзалт хийхэд гол цагаа үрдэг байсан гэнэ.

Кристофер Хиченс мөн “The Missionary Position” номондоо ижил утгатай шүүмжлэл бичсэн байдаг. Түүний номонд “Missionaries of Charity” байгууллагын ажилтан Сюзан Шиелдсийн үгийг иш татсан байх бөгөөд Тереза эх маш их хэмжээний мөнгө хураадаг ч өвчтэй, зовлонтой хүмүүсийн амьдралыг сайжруулахад өчүүхэн хэсгийг нь л зарцуулдаг байсан гэжээ. 


08

Барак Обама

АНУ-ын 44 дэх ерөнхийлөгч Барак Обама бүрэн эрхийнхээ хугацаанд энх тайвныг цогцлоохоор ажиллаж байсан гэх ч улиран сонгогдсон 8 жилийн турш хилийн чанадад дайн хийсээр иржээ. Зөвхөн 2016 онд л гэхэд Обамагийн засгийн газар 26171 бөмбөг хаясан байдаг. Өөрөөр хэлбэл АНУ-ын зэвсэгт хүчин өдөрт 72 буюу цагт 3 бөмбөг хаяж байсан гэсэн үг юм. Эдгээрийн дийлэнх нь Сири болон Ирак улсын хотууд руу хийсэн агаарын дайралт байсан бол Афганистан, Ливи, Йемен, Сомали болон Пакистан улсад ч их хэмжээний бөмбөг хаясан байна.

Обамагийн ашиглаж байсан нэг техник бол нисгэгчгүй онгоцоор бөмбөг хаях байв. Тэрбээр өмнөх ерөнхийлөгч Жорж Бушаас 10 дахин олон дроны дайралт хийсэн байдаг. 2016 оны 7-р сард Цагаан ордны хэвлэл мэдээллийн байгууллагаас 2009 оны 1-р сараас 2015 оны төгсгөл хүртэлх хугацаанд дроны бөмбөгдөлтөөр 64-116 энгийн иргэн золиос болсон гэж мэдэгдэв. Гэхдээ энэ тоо “The Bureau of Investigative Journalism” байгууллагын тооцооноос хамаагүй бага байгаа юм. Уг байгууллагын тооцоолсноор 380-801 энгийн иргэн дроны бөмбөгдөлтөд амиа алдсан гэж үздэг. 


07

Элвис Пресли

20 дугаар зууны дэлхийн соёл урлагийн хамгийн том одуудын нэг Рок-н-Роллын хаан Элвис Пресли өнөөгийн нийгэмд бол бэлгийн гэмт хэрэгтэн байх байв. 1956 онд гаргасан супер хит “Heartbreak Hotel” дууныхаа дараа тэрээр алдар нэрээ ашиглан насанд хүрээгүй эмэгтэй шүтэн бишрэгчдээ уруу татаж эхэлсэн байдаг. Жоел Уиллиамсоны бичсэн “Elvis Presley: A Southern Life” номонд аялан тоглолт хийх үедээ Элвис хэрхэн амьдарч байсныг тодорхой дүрсэлсэн байдаг. Нэг удаа л гэхэд 22 настай Элвис 14 настай гурван охиныг дэрээр байлдуулж, өөрийгөө үнсүүлж байсан ба 1954 онд Луизиана мужид тоглож байхдаа насанд хүрээгүй фэн охинтой бэлгийн харьцаанд ордог байсан гэсэн байна. Бэлгийн ажлын үеэр бэлгэвч нь цоорсон ба маргааш өглөө нь охиныг яаралтай тусламжийн өрөөнд хүргэж өгөөд орхиод явсан гэжээ. Энэ хугацаанд Элвис Дикси Локе хэмээх 15 настай найз охинтой байв.

Эцэст нь Рок-н-Роллын хаан өөртөө таалагдсан бүсгүйгээ 1959 онд олж, анхны бөгөөд сүүлийн эхнэрээ болгосон байдаг. Хосууд 1959 онд танилцсан ба тухайн үед Элвис 24 настай, Приссилла ердөө 14 настай байсан юм. Тэдний гэрлэлт амжилтгүй болж, гэрлэлтээ цуцалсан бөгөөд Элвис дахин өсвөр насны охидтой уулзах болсон гэдэг.


06

Александр Грэхэм Бэлл

Анхны телефон утсыг зохион бүтээсэн гэдгээрээ түүхийн хуудаснаа нэрээ мөнхөлсөн Александр Грэхэм Бэлл үнэндээ санаагаа Антонио Меуччигээс хулгайлсан байдаг. Гэхдээ Александр Бэлл телефон утасныхаа патентыг хөөцөлдөхийн оронд сонсголгүй хүмүүсийг ор мөргүй устгах кампанит ажилд гар бие оролцдог байсан гэдгийг тэр бүр мэдэхгүй.

Энэ ажлынхаа хүрээнд тэрээр төрийн хууль тогтоох байгууллагад хандан сонсголгүй иргэдэд зориулсан тусгай сургуулиудыг хааж, багш нарыг дохионы хэл заахыг хориглохыг ятгаж байв. Бэлл сонсголгүй хүмүүсийг хүний уруулын хөдөлгөөнийг харан ойлгож сурах ёстой бөгөөд энэ замаар нийгэм дэх байр сууриа олж чадна гэж үздэг байжээ. Бэлл “Eugenic Record Office”-ын Шинжлэх ухааны зөвлөлийн даргаар зургаан ажил ажилласан ба олон улсын хоёрдугаар Eugenic Congress-ын хурлын ерөнхийлөгч байв. “Eugenics” үзэл бол хүний генийг сайжруулах замаар хүн төрөлхтний “чанар”-ыг сайжруулах үзэл юм. Бэллийн удирдаж байсан байгууллага цаашид нацистуудын Ари үндэстнийг дэлхийд ноёрхуулах гэсэн генетикийг сайжруулах хөтөлбөрийн гол үндэс болсон билээ. 


05

Жонас Солк

1950-иад оны үед АНУ-д л гэхэд жилд 60 мянган хүнд халдварлаж, нийт өвчлөгчдийн гуравны нэгийг нь үе мөчийг мэдээгүй болгож байсан халдварт саа өвчний вакциныг бүтээсэн Жонас Солк дэлхий даяар олон сая хүнийг аварсан ачтан. Гэхдээ тэрээр вакцинаа хэн дээр анх туршсаныг хүмүүс бараг мэдэхгүй. Жонас Солк болон түүний эхнэр вакцинаа өөрсөд дээрээ туршихаар шийдсэн бөгөөд хүүхдүүддээ мөн хүчээр тарьсан байдаг. Хэрэв вакцин нь амжилтгүй болсон бол Солкын гэр бүл бүхэлдээ саажилттай болох эсвэл нас барах байлаа. Түүний аз болж саа өвчний вакцин амжилттай болсон юм.

Энэ тохиолдол гэхдээ гэм зэмгүй, өөрөө шийдвэр гаргах чадваргүй хүүхдүүдийг ашигласан шинжлэх ухааны цор ганц нээлт биш юм. Тухайлбал, цагаан бурхан өвчний вакциныг зохион бүтээсэн Эдвард Женнер туршилтаа өөр дээрээ биш, цэцэрлэгчийнхээ 8 настай хүүхэд дээр туршсан байдаг. Мөн л аз болж вакцин маш сайн нөлөөлж, түүний нээлт тоолж баршгүй хүний амь насыг хамгаалсан билээ. 


04

Махатма Ганди

Энэтхэг улсын эрх чөлөөний хөдөлгөөнийг удирдагч Махатма Ганди бол дэлхийн түүхэн дэх хамгийн нөлөө бүхий хүмүүсийн нэг. Тэрээр Энэтхэг болон Өмнөд Африкийн иргэдэд тэгш эрх олгох ёстой хэмээн тэмцэж байсан чухал хүн. Гэхдээ түүний бэлгийн амьдрал маш гажиг байсан гэдэг.

Эхнэртэй байсан Ганди 38 настайдаа Хинду шашны дагуу гоонь эр болж, гэгээрэлд хүрэх замыг сонгосон байдаг. Гэгээрэлд хүрэх замынхаа шалгуур болгож Ганди нүцгэн эмэгтэйчүүдийн дэргэд унтдаг байсан бөгөөд 16 настай хамаатных нь бяцхан охиноо ч нүцгэлж дэргэдээ унтуулж байв. Гажиг туршилтуудаасаа гадна Ганди хүчирхийлэлд өртсөн эмэгтэй хүнийг бохир хэмээн үзэж, хүн байх үнэ цэнээ алдсан гэж итгэдэг байжээ. Тэр бүү хэл гэр бүлийн нэр хүндээ хадгалахын тулд бэлгийн хүчирхийлэлд өртсөн охиноо хөнөөсөн эцэг хүнд буруу байхгүй гэж маргадаг байсан гэдэг.


03

Стив Жобс

Дэлхийн хамгийн шилдэг компаниудын нэг “Apple”-ыг үүсгэн байгуулагч Стив Жобсын намтраар хийсэн киног үзсэн хэн ч түүний алсын хараа, бүтээлч байдал болон суу ухаантай маргахгүй. Гэхдээ кинонд тусгаагүй нэг зүйл бол “Apple” компани бүтээгдэхүүнийг хилийн чанадад үйлдвэрлэж байсан хүмүүсийн амьдрал юм.

2010 онд БНХАУ дахь “Apple”-ийн үйлдвэрүүдийн талаарх тайланд хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэх явдал маш түгээмэл байсан тухай бичсэн байдаг. Үүнээс ердөө нэгхэн жилийн дараа гэхэд байдал улам дордож, “Apple” бүтээгдэхүүний дэлхийн хэрэгцээг хангахын тулд үйлдвэрүүд 24 цагийн турш ажиллан ажилчдыг 34 цагийн ээлжээр ажиллахыг шаарддаг болсон байна.

“Apple” компанийн бүтээгдэхүүний зарим эд ангийг угсардаг байсан “Foxconn” компани дахь ажилчдын нөхцлийн талаар 2010 онд асуухад Жобс уг үйлдвэр хөдөлмөрийн мөлжлөг хийдэг газар биш хэмээн мэдэгдсэн боловч тус үйлдвэрт хөдөлмөрийн нөхцлөөс болж 18 хүн амиа егүүтгэхийг завдсанаас 14 нь нас барсан байдаг юм. Стив Жобс энэ үйлдвэрийн талаар хэлэхдээ “Тэдэнд зоогийн газар байгаа. Бас усан сантай. Үйлдвэр гэхэд маш сайхан үйлдвэр шүү” гэжээ. 


02

Томас Эдисон

АНУ-ын хамгийн агуу зохион бүтээгч гэгддэг Томас Эдисон XIX-XX зууны үед дэлхий дээрх амьдралыг бүхэлд нь өөрчилсөн олон зүйлийг зохион бүтээсэн байдгийн дунд фонограф, гэрлийн ламп багтдаг. Гэрлийн лампыг л гэхэд өөр хүмүүсийн санааг хулайлсан гэгддэг тэрээр эрдэмтдийнхээ дунд маш өөдгүй нэгэн байсан юм. Зарим түүхэнд тэмдэглэснээр Эдисон цахилгаан үүсгүүрийг дахин загварчлах ажилд Николя Теслаг хөлсөлж, DC dynamo-гийн шинэчилсэн загварт нь 50 мянган ам.долларыг өгнө хэмээн амласан байдаг.

Олон сарын туршилтын дараа Тесла шийдлээ танилцуулаад хөлсөө авах гэхэд “Тесла минь, чи Америк хошигнолыг ойлгодоггүй юм байна” хэмээн басамжилсан байдаг. Тесла ажлаасаа гарч, цаашид дэлхий даяар үнэ төлбөргүй цахилгаан эрчим хүчний хангамжийг бий болгох ажилдаа ханцуй шамдан оржээ. Харамсалтай нь Эдисон Теслагийн замд үргэлж саад болсоор байсан бөгөөд эцэст нь Тесла сохор зоос ч үгүй болж, харин Томас Эдисон саятан болсон юм. Өдгөө бид Эдисоны DC үүсгүүрийг биш Теслагийн АС эрчим хүчний үүсгүүрийг ашигладаг билээ.


01

Томас Жефферсон

АНУ-ын 3 дахь ерөнхийлөгч, Тусгаар тогтнолын тунхаг бичгийн зохиолч Томас Жефферсон өөрийнхөө бичсэн зүйлийг амьдрал дээрээ хэрэгжүүлдэггүй нэгэн байжээ.

Тунхаг бичгийг бичсэн 1776 онд л гэхэд түүний гэр бүлд 175 хар арьст эрэгтэй, эмэгтэй, хүүхдүүд боолын хөдөлмөр эрхэлдэг байв. Харин 1822 он гэхэд энэ тоо бүр 267 хүрсэн байдаг. Эдгээр боолуудын нэг нь Жефферсоны гэргий Марта Вайлес Скелтоны эцэг нэгт холимог арьст дүү Салли Хемингс гэгч байжээ. Түүхчдийн үздэгээр ерөнхийлөгч Жефферсон энэ бүсгүйг 14 настайгаас нь хойш хүчирхийлдэг байсан ба Салли түүний зургаан хүүхдийг төрүүлсэн гэдэг. Хүүхдүүдийн хоёр нь насанд хүрэхээсээ өмнө хорвоог орхисон аж.

Салли үнэхээр түүний хүүхдүүдийг төрүүлсэн нотолгоо байхгүй гэж маргаж болох ч 1998 онд хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр Жефферсон болон Салли нарын дундаас дор хаяж нэг хүүхэд төрсөн гэдгийг баталсан юм. 


9.4

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (5)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+3
Англосаксон ертөнц ийм л байна даа... Обамаг Нобелийн шагнал авахад үнэхээр гайхаж байсан. Бусад нь яахав хүн өндөг шиг өөгүй биш, сайн нь илүү болоод алдар нэрийг хүртээ биз
-1
Teresa ehiig ih hundeldeg huvidaa.Mungu ih huraadag, terneesee bagiig buynii uilsed zartsuuldag bsan geheer itgemeergui yuma.Ug ni mungunuus iluu busdiig enerch tuslahiig amidraliinhaa erhem utga uchir bolgoson bol mungiig yund huraasan yum boloo oilgomjgui l yum bodood yavchla bi.Ene unen medeelel bolu zozo yamartaich hun tugs baina gej yu bhav sain hiisen zuil ni bas aguuldaa.
-6
Зүгээр л битий шаа
+3
Мари Тереза нь дэлхийн 2-р дайны үед германы нацистуудтай хамтран ажиллаж байсан түүхтэй хүн.
+9
Их хэрэгтэй зүйл байна. Ямар хүмүүсийг шүтэж, үлгэр жишээ болгож байснаа дахин нэг нягтлах хэрэгтэй байсан юм.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start