Арав.мн

Монгол орны ховор амьтад - ОЙН БУЛГА

Монгол орны ховор амьтад - ОЙН БУЛГА

Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, ногоон байгууламж, мод үржүүлэг зэрэг байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг MAKE GREEN компани Монгол орны Хэнтий, Хөвсгөлийн ой тайгад амьдардаг ховор амьтан болох ойн булгыг танилцуулж байна.


10

Биологийн ангилал

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Суусрын
Төрөл: Martes
Зүйл: M.zibellina


09

Ховордлын статус

Ховор зүйл. ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн.


08

Таних шинж

  • Эрэгчний биеийн урт 390-450 мм, сүүлний урт 118-159 мм, харин эмэгчний биеийн урт 375-420, сүүлний урт 115-145 мм байдаг.
  • Гавлын ясны кондилобазаль урт эрэгчнийх 75.2-82.1 мм, эмэгчнийх 72.1-79.6 мм, сонсголын ясны өргөн эрэгчнийх 33.0-37.1 мм, эмэгчнийх 31.7-34.7 мм, гавлын ясны өндөр эрэгчинд 28.4-30.9 мм, эмэгчинд 26.7-30.0 мм, жин 1100-1700 гр хүрнэ. 
  • Биеийн өнгө газарзүйн бүс бүслүүрээс шалтгаалан харилцан адилгүй бөгөөд Хэнтийн булга хар хүрэн, хар, мөнгөлөг сортой халтар хүрэн, Хөвсгөлийнх хүрэн шаргал, шар хүрэн халтар зүстэй байдаг.
  • Булга сахлаг зөөлөн торгомсог үстэй. Толгойн хэсэг их биеэсээ нилээд цайвар, зоо нурууныхтайгаа ерөнхийдөө ижил боловч арай цайвар хүрэн байдаг.
  • Мөч богино, бахим.
  • Өехийдөө шаргалдуу толботой байх боловч, хааяа толбо илрэхгүй.

07

Тархац, байршил нутаг

Дэлхийн хэмжээнд: Финланд, ОХУ, БНХАУ, Монгол, Солонгос, Япон.

Бүс нутгийн тархалт: Хэнтий, Хөвсгөл, Соён, Алтай, Булган голын эх, ой тайгад хад, асга бүхий нутагт тархсан жинхэнэ ой тайгын амьтан. Хэд хэдэн салбар зүйл (M.z.sajanensis-Хөвсгөлийн уулсын зүүн хэсгээр, M.z.princeps-Хэнтийн нуруу, Монгол дагуурын хээр, M.z.averini-Монгол Алтайн нуруугаар) тархан байх боломжтой талаар тодорхой таамаглал байгаа ч уг зүйлийн ангилалзүйн судалгаа бага хийгдсэн. Тархац нутгийн бартаа ихтэй хуш, хуш шинэсэн ой, шинэсэн ойд орогнон байрших бөгөөд хушин ой нь булга зэрэг ойн жижиг махчидын тэжээлийн зонхилох хувийг эзэлдэг, төрөл бүрийн жигүүртэн орогнон байрших нөхцлийг бүрдүүлдэг байна.
Голын хөндийн шинэс, улиас, гацууран төгөл, болон торлогон ширэнгэ бүхий газарт булганы мөр хааяа тааралдах боловч энэ нь түүний гөрөөлөх нутаг болно. Хэнтийд булга тархсан нутгийн 1000 га дутамд 9-15 толгой тохиолдож, эзэмшил нутаг 0.3-3.2 км2 байх ажээ.


06

Амьдралын онцлог

Голын эргийн ойролцоох нүх, модны үндэс бүдүүн хэсгийн үүр хонгилд амьдардаг. Тэд хад цохио болон модонд маш сайн авирна. Хоногийн турш идэвхтэй, өдөр шөнийн амьдралтай. Хааяа өдрийн цагаар ч гөрөөлнө. Ойн булга идшиндээ сээр нуруутан (ойн төрөл бүрийн жижиг мэрэгчид, туруутан амьтад), шувуу, сээр нуруугүй амьтад төдийгүй самар, жимс зэрэг ургамлын гаралтай тэжээлийг иддэг элдэв идэштэн амьтан. Идэш тэжээлийн 60-70%-ийг ойн жижиг амьтад, 30-40%-ийг самар эзэлдэг.
Ихэвчлэн бартаа ихтэй, наранд ээвэр, идэш тэжээл элбэгтэй хуш, хуш шинэсэн ойд хад асганы ан цав, модны хөндийд, заримдаа жирх, хэрэм, тоншуул зэрэг амьтан, шувуудын орхигдсон нүхэнд орогноно. (Батсайхан Хөхтөн амьтан тахих бичиг 2010)
Газарзүйн байршлаас хамааран 6-8 сарын дундуур үед үржилд орно. Эмэгчингийн төлөө ширүүн өрсөлдөөн явагддаг. Модны навч, хөвд, хуурай өвс дэвссэн нүхэнд төрнө. 250-300 хоног хээлээ тээх ба ихэвчлэн 2-3 зулзага гаргадаг. Эр нь үүр, эзэмшил газраа хамгаалан, идэш тэжээл зөөдөг. Дөнгөж төрсөн зулзага нүд нь аниатай, маш бага тачир үстэй, 25-35 гр, 10 см урт байдаг аж. 30-36 хоногийн дараа нүдээ нээх ба 2 нас хүрээд үржилд орох нас бие гүйцдэг.



05

Идэш тэжээл

Булга нь холимог тэжээлтэй, улирлын байдлаар идэш тэжээл нь өөрчлөгдөнө. Зун их хэмжээний туулай, бусад жижиг сээр нуруутан амьтад барьж иддэг. Өвөл цагт цас, хүйтнээс болон түгжигдмэл байдалд орсон үедээ зэрлэг жимс жимсгэнээр хооллоно. Мөн тэд үен, хотны үен, зарим шувууг ангуучилдаг аж. Заримдаа чоно, баавгайн мөрийг даган явж, тэдний барьсан амьтдын үлдэгдлийг иддэг. Бас авгалдай зэрэг нялцгай биетэн, урд савраараа загас барьж иднэ.


04

Тоо толгой, хомсдох шалтгаан

Энэ зүйлийн популяцийн талаар мэдээлэл маш бага. 1966-1968 онд Төв Хэнтийд 1000 га-д 11.7 бодгалийн нягтшилтай байсан бөгөөд 1970-аад онд энэ бүс нутагт 10000 бодгаль байна гэж үнэлсэн. Тархац нутгийг нийтэд нь хамруулан тоо толгой нөөцийг үнэлэн тогтоогоогүй. 2000-2003 онд ХХДЦГ-ын орчны бүсэд хийсэн судалгаагаар 12754 км2 нутагт нийт 795 толгой тус бүс нутагт, 2008 онд Биологийн хүрээлэнгээс хийсэн судалгаагаар 4406 км2 нутагт 1000 гаруй толгой ойн булга бий хэмээн үнэлэн тогтоожээ.
Тархац, популяцийн өөрчлөлтөнд нөлөөлж буй гол хүчин зүйл нь хууль бус агналт юм. Арьс өндөр үнэтэй бөгөөд монголын популяци агналтаас үүдэн буурсаны баримт нь 1910-1920 оны хооронд улсын хэмжээгээр жил бүр 4000-5000 ширхэгийг бэлтгэн нийлүүлж байснаа, XX зууны эхэн үеэс аажмаар багасч, 1927-1929 он гэхэд 300-500 болтлоо буурсан байна. Мод бэлтгэл, самар жимс түүх зэрэг байгалийн нөөцийн ашиглалтаас үүдэлтэй болон ойн түймэр ойн булганы амьдрах орчныг доройтолд оруулж байна. Устаж болзошгүй зүйл. /M. Stubbe, аман мэдээ /

Байгалийн хууль болохоор тэдэнд хүнээс гадна дайсан олон, гэвч хүний шунал хүслээс болж энэ амьтад олноороо үрэгдэж байна.

Нэг булган дээлэнд дунджаар 50-55 булганы арьс ордог. Байгаль дээрх амьтны хүйсийн харьцаа 1:1 гэж үзвэл 25 ширхэг эм, 25 ширхэг эр булганы арьс нэг дээлэнд шаардлагатай. Нэг эм булга 2-4 зулзага төрүүлдэг байна. 

Хэрвээ эм булга агнагдах юм бол түүний ард зулзаганууд нь хэзээ ч ирэхгүй эхийгээ хүлээн үүрэндээ өлбөрч үхнэ. Өөрөөр хэлбэл нэг л дээлэнд 50 амь үрэгдэж, тэдний ард хэчнээн зулзага үхэж буйг хэлэхэд бэрх. Бас булганы үсний сорыг буулгахгүйн тулд амьдаар нь арьсыг хуулдаг учраас арьсаа хуулуулж дуустал амь тавилгүй, тарчилсаар байдаг гэнэ.


03

Хамгаалсан байдал

Монгол улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын хавсралтад ховор амьтнаар бүртгэгдсэн. Энэ зүйлийн тоо толгой буурсны улмаас 1953 оноос өнөөг хүртэл агнахыг хориглосон. Тархац нутгийн 20 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай газарт хамрагддаг. Засгийн газрын 2005 оны 248 дугаар тогтоолоор ойн булгын эрийг 300.000₮, эмийг нь 390.000₮, төлийг нь 510.000₮ гэж үнэлжээ.


02

Цаашид хамгаалах арга хэмжээ

Агналт илүүтэй хийгдэж буй бүс нутагт нарийвчилсан судалгааг хийх, тархац, нөөц, экологийн онцлогийг нарийвчлан судалж, хууль бусаар бэлтгэж байгаа арьс үс, агналтыг таслан зогсоох амьтны менежментийн төлөвлөгөөнд тусгаж, мэдээллийн сан бүрдүүлэх, байнга байршин амьдардаг цөм нутгийг улсын болон орон нутгийн тусгай хамгаалалтад авч, хамгаалалтыг сайжруулж, байгалийн нөхөн төлжих нөхцлийг бүрдүүлэх, удмын санг хадгалах зэрэг ажлуудыг хийх шаардлагатай байна. 

(Батсайхан Хөхтөн амьтан таних бичиг 2010). 


01

Ач холбогдол

Заримдаа чоно, баавгайн мөрийг даган явж, тэдний барьсан амьтдын үлдэгдлийг идэж барагдуулна. Мөн ойн хортон шавьж авгалдайг идэж устагадаг.



9.6

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
100 Секунд 7 хоногийн шилдэг
Otto
01Otto Hiko
800 оноо
таны овог,
02таны овог, нэр
оноо
таны овог,
03таны овог, нэр
оноо
таны овог,
04таны овог, нэр
оноо
таны овог,
05таны овог, нэр
оноо
таны овог,
06таны овог, нэр
оноо
таны овог,
07таны овог, нэр
оноо
таны овог,
08таны овог, нэр
оноо
таны овог,
09таны овог, нэр
оноо
таны овог,
10таны овог, нэр
оноо
Үгийн сүлжээ - Start
Үгийн сүлжээний ялагчид
Emch
01Emch Li Yafei
21 минут 50 секунд
Ганхуяг
02Ганхуяг Ариунтуяа
27 минут 22 секунд
Ган-Эрдэнэ
03Ган-Эрдэнэ Сугаржавын
30 минут 17 секунд
Mujaan
04Mujaan Mujaan
31 минут 22 секунд
Ganaa
05Ganaa GT
38 минут 22 секунд
Ц.
06Ц. Энхжаргал
40 минут 49 секунд
Дэмбээ
07Дэмбээ Чонод
43 минут 41 секунд
Дашдэмбэрэл
08Дашдэмбэрэл Азжаргал
48 минут 1 секунд
Дүүгээ
09Дүүгээ Дүүгээ
48 минут 56 секунд
Battsengel
10Battsengel BL
1 цаг 2 минут 25 секунд