Арав.мн

Шатрын ухааныг цэргийн эрдэмд ашиглах нь

Шатрын ухааныг цэргийн эрдэмд ашиглах нь

Дайны зэр зэвсэг шиг аюултай зүйл үгүй. Тулалдаанд бэлтгэхийн тулд жинхэнэ буу шийдмээр бэлтгэл сургуулилалт хийх аргагүй тул эртний Энэтхэгээс өнөө бидний компьютерийн эрин хүртэлх хэдэн зуун жилд шатрын хөлөг цэргийн хээрийн сургуулилалтын талбай, байлдааны талбарын жижгэрүүлсэн хувилбар байсаар иржээ.

Орчин цагийн шатрыг МЭ VI зууны үед Энэтхэгт тоглож байсан 64 нүд бүхий чатуранга хэмээх хөлөгт тоглоомоос үүссэн гэдэг. Заан, тэрэг, тэрэгчин зэрэг тухайн цагийн дайн байлдааны “баатрууд”-ын дүрээр амилсан чатуранга нь дайны талбарт үүссэн гэдэг нь маргаангүй. Эртний Хятадад ч мөн одоогийн го даамтай төстэй хөлөгт тоглоом байв. Хан гүрний үе буюу МЭ 25-220 оны хооронд хамаарах нэгэн сурвалж бичигт цэрэг эрсийг гогоор хичээллүүлж байсан тухай баримт бий. Мао Зэдун хүртэл вэйци буюу хятад маягийн го даам тоглож байхыг цэргийн дарга нартаа даалгаж байсан тухай мэдээ байдаг. Үнэн, эсэх нь эргэлзээтэй ч БНХАУ-ын Ардын армид өдгөө ч вэйцигийн нууц дамжаа байдаг гэж Австралийн Батлан хамгаалахын шинжлэх ухаан, технологийн байгууллагаас мэдээлж байв.

Перс буюу одоогийн иранчууд чатурангагаас санаа авсан шатранж хэмээх тоглоомтой. Арабчууд ч гэсэн дайн байлдааны тактик, стратегиа шатар тоглодог цэргүүдээрээ гаргаж байсан тухай баримт өч төчнөөн бий. Шаг, мад зэрэг хэллэг тухайн орны хэл, аялгад шингэн өөриймссөн ч хаа ч ижил төстэй дуулддаг араб үгс бөгөөд “шаг мад” нь “Шах үхлээ” гэсэн утгатай аж.

Түүхэн дэх хамгийн гоц шатарчин гэгддэг Кубын иргэн Хосе Капабланка морин цэргийн дэслэгч хүний хүү юм. Тэрээр шатрын дүрсүүдийг цэрэг эрстэй жишин тоглодог байсан эцгийнхээ дэргэд анх шатар сурчээ. “Цэрэг дайны түүх мэддэг, цэргийн эрдэм сонирхдог шатарчид илүү чадварлаг тоглогч байх магадлалтайг Капабланкагийн намтар нотолж байна” гэж цэргийн түүхч Антони Бивор тэмдэглэсэн байна. Харин эсрэгээрээ, шатар тоглодог цэргийн жанжин хэн бүхнээс илүү арга заль, суу билэгтэй удирдагч болох магадлалтайн хамгийн захын жишээ гэвэл Наполеон билээ. Тэрээр цөллөгт өнгөрөөсөн амьдралынхаа сүүлчийн хэдэн жилд өдөр бүр шатар тоглодог байжээ.

Бивор дэлхийн II дайны тухай хэд хэдэн ном бичсэн нь олон улсад хэдэн сая хувиар борлогдсон аж. Тэрээр Британийн армид морьт цэргийн хорооны офицер байсны дээр зэрэг цолтой шатарчин юм. Тиймээс дайтах арга ухаан, шатрын тооцоо, аргачлал хоорондын уялдаа холбооны талаар түүхэн олон баримт хэлж чадна. Түүний хэлснээр шатар бол дайн байлдааны “мэдээллийн төв” аж. Хэдийгээр өнөө цагийн зэвсэгт тэмцлүүд бүх зүйл нь нүднээ ил байх хуучин цагийн байлдаанаас өөр болсон ч дайны ерөнхий, гол шийдлүүдийг одоо ч шатрын нүүдэлтэй адилтгаж болох гэнэ.

Одоогийн технологийн эринд дайн байлдааны арга ухаан дахь шатрын байр суурийг компьютерийн программууд орлож байгаа авч мөнөөх программуудыг чухамхүү шатрын нүүдлээс санаа авч хөгжүүлснийг Бивор онцолжээ. 1989 онд буюу Хүйтэн дайны сүүлчээр Британийн профессор Дональд Мичигийн шатрын программ бүтээх ажлыг АНУ-ын Цэрэг армийн судалгааны хүрээлэнгээс ивээн тэтгэж байсныг тэрээр илрүүлсэн байна. Профессор Мичи тэр үед Глазго дахь Турингийн хүрээлэнгийн ахлах судлаач байж. Тус хүрээлэнд нэрээ хайрласан шатарчин Алан Туринг бол дэлхийн II дайны үед нацистуудын кодыг тайлсан гавьяатай юм. Энэ амжилтынх нь дараа Английн шатарчид бараг бүгд түүний арга барилаас суралцсан байдаг. Тухайн цагийн хамгийн шилдэг англи шатарчин Хью Александр Турингийн мөрийг дагаж, Тагнуулын албанд Филидор хэмээх нууц нэрээр задлан шинжээч, код тайлагч болжээ. 2007 онд нас барсан Мичи орчин цагийн цэрэг байлдааны аргыг “хоёр тэмээний эсрэг нэг морь” гэсэн томъёолбороор тодорхойлсон байдаг байна.

“Deep Thought” буюу хожим “Deep Blue” нэртэй болсон компьютерийн шатрын программ 1997 онд дэлхийн шатрын аварга Гарри Каспаровыг тун ч дуулиан шуугиантай ялж байсан юм. Харин уг программыг АНУ-ын Батлан хамгаалах яамны Дэвшилт судалгааны төслийн агентлагаас (DARPA) санхүүжүүлж байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. 1989 онд тус агентлагийн Систем судалгааны хорооны даргаар ажиллаж байсан дэслэгч хурандаа Роберт Симпсоны тэмдэглэж үлдээснээр “Deep Thought”-ийг цэргийн стратеги судлалын мэргэжилтнүүд бүтээсэн бөгөөд уг программыг боломжит бүх гарцыг хормын дотор илрүүлэн судалж, аль тохиромжтойг нь сонгодог байлдааны нисгэгч шиг ажилладаг гэжээ. DARPA 2007 онд “Deep Blue”-гээ шинэчилж компьютерийн шинэ супер байлдагч “Deep Green” программ бүтээсэн нь мөн л цэрэг дайны ухаан, шатрын аргачлал хоёрыг хослуулсан байлаа.

Гарри Каспаров, “Deep Blue” хоёрын өрсөлдөөн бол 1972 онд Рейкьявик хотод болсон Бобби Фищер, Борис Спасский нарын тоглолтын дараа орох, орчин цагийн хамгийн дуулиантай шатрын тэмцэл байв. Зууны тэмцээн гэгдсэн Фищер, Спасский нарын тоглолт Хүйтэн дайны хамгийн ширүүн “байлдаан” байсан. Тэр үед АНУ-ын Үндэсний аюулгүйн албаны ахлах зөвлөх байсан Хенри Киссинжер Фищерийг биечлэн бэлтгэж байжээ.

BBC



10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start