Арав.мн

Хоёрдугаар сар 28 хоногтой болсны учир

Хоёрдугаар сар 28 хоногтой болсны учир

Зарим хүний үздэгээр хоёрдугаар сар нэгэн үе 29 хоногтой байсан ч Август Цезарь нэг өдрийг нь “хулгайлж”, өөрийнх нь нэрээр нэрлэгдсэн наймдугаар сард нэмчихсэн билээ. Гэхдээ энэ нь нэн түгээмэл андуу түүх юм. Үнэн хэрэгтээ ромчууд хоёрдугаар сарыг хожим бодож, шинээр зохицуулалт хийснээс 28 хоногтой болчихжээ.

Нийтийн тооллын өмнөх VIII зууны үед тэд Ромулын хуанли гэгдсэн 10 сарын мөчлөгтэй цаг тооны бичиг хэрэглэж байсан нь нар наашлах өдрийн хамт гуравдугаар сарыг бүхэлд нь хассан, гэхдээ одооных шиг арванхоёрдугаар сараар дуусдаг байж. Мөнөөх хуанли нь дараах дэс дараатай, бүр нэг, хоёрдугаар сар ч үгүй байлаа.

Martius: 31 хоногтой

Aprilius: 30 хоногтой

Maius: 31 хоногтой

Junius: 30 хоногтой

Quintilis: 31 хоногтой

Sextilis: 30 хоногтой

September: 30 хоногтой

October: 31 хоногтой

November: 30 хоногтой

December: 30 хоногтой 

Энэ бүх хоногуудыг нэмбэл нэг асуудал үүсэхийг та анзаарсан байх. Ромулын энэхүү календариар бол бүтэн жил ердөө 304 хоногтой болж таарна. Учир нь тухайн үед хахир хүйтэн өвлийн саруудыг зориуд нэр усгүй, цаг хугацааны эрэмбэ дараалалгүй байлгаж, онцгойлон чухалчилж үздэггүй байж. Тариачдын хувьд Ромулын хуанли цагийн хуваарь төдий байлаа. Тэд өвлийн улирлыг онц гойд үйл явдалгүй, хоног өдрүүдийг нь нарийн тооцох шаардлагагүй гэж үздэг байв. Тэгэхээр 61 хоног нь сох дутсан цаг тооны бичиг хэрэглэж байсан эртний ромчуудаас “Нэг сар гэж хэдий хэр хугацааг хэлэх вэ?” гэж асуусан бол бүгд гайхах байсан биз ээ.

Харин Нума Номпилий нэрт эзэн хаан энэ бүхнийг утгагүй, тэнэг хэрэг гэж үзжээ. Тэрээр бүтэн жилийн зургааны нэгийг нь үл тоочихоод яаж цаг тооны бичиг хэрэглэх билээ гэж бодсон тул МЭӨ 713 онд сарны хөдөлгөөнд суурилсан 12 мөчлөгтэй хуанли зохиосон нь 355 хоногтой, мөн нэг, хоёрдугаар сарыг шинээр эмхлэн нэмсэн байв. Тэгэхдээ шинэ саруудыг өмнөх арванхоёрдугаар сарын ард оруулсан учир хоёрдугаар сар оны сүүлчийн сар болчихжээ. Үүнд эртний Ромын мухар сүсэг, итгэл бишрэл нөлөөлж зарим тоог “муу ёр”-оос нь салгахын тулд бүх сарыг сондгой хоногтой болгох гэж хүчилж үзэж. Гэтэл нэг жилийг 355 хоногтой гэж үзвэл нэг сар нь зайлбаргүй тэгш хоногтой болох гээд байв. Иймд хуучны календарь дээр хамгийн сүүлд нэмэгдсэнээрээ хоёрдугаар сар 28 хоногтой болж хоцорчээ. Ингээд Нума хааны хуанли дараах байдлаар цэгцэрсэн байна.

Martius: 31 хоногтой

Aprilius: 29 хоногтой

Maius: 31 хоногтой

Iunius: 29 хоногтой

Quintilis: 31 хоногтой

Sextilis: 29 хоногтой

September: 29 хоногтой

October: 31 хоногтой

November: 29 хоногтой

December: 29 хоногтой

Ianuarius: 29 хоногтой

Februarius: 28 хоногтой

Мэдээж хэрэг 355 хоногтой календарьт ч сул тал байлаа. Хэдэн жилийн дараа сар, улирлуудыг дахин цэгцлэх хэрэгтэй болж, ромчууд 27 хоногтой Mercedonius хэмээх өндөр сарыг зохиожээ. Ингэснээр хоёрдугаар сарын сүүлийн өдрүүд өөрчлөгдөхөөр тогтож, мөнөөх өндөр сарыг хоёрдугаар сарын 24-нөөс тооцож эхэлсэн байна. Энэ нь ахиад л хаа сайгүй эргэлзээ төрүүлэв. Өндөр сарыг хэрхэн өнгөрүүлэхийг Ромын тэргүүн дээд хувраг санваартнууд шийддэг, тэд ихэнхдээ төрийн хэрэг мэдэж байсан нь эрх мэдлээ буруугаар ашиглахад хүргэсэн, тухайлбал өрсөлдөгч дайснуудаа шийтгэхийн тулд ялын хугацааг нь буруу зөрүү аргаар сунгах нь нэмэгдсэн зэрэг шалтгаанаар Юлий Цезарийн үед Ромын календарь бүдүүн тойм төдий зүйл болж, бараг ашиглагдахаа болиод байв. Иймд Цезарь өндөр сар гээчийг үгүй болгож, ахиад ром хуанлид гар хүрчээ. 

Бүх зүйлийг анхнаас нь эмх цэгцэнд нь оруулахын тулд МЭӨ 46 дугаар оныг гэхэд 445 хоногтой хүртэл болгож байсан баримт бий. Цезарь ахин нэгэнтээ хуанлийг өөрчлөхдөө нарны хөдөлгөөнд суурилсан цаг тооны бичгүүдээс санаа авч өөрчлөлт хийснээр бүтэн жил одооных шиг 365 хоногтой болжээ. Харин шинэ хуанлигаар бусад сарынхаа дээр орсон хоёрдугаар сар элдэв өөрчлөлтөөс холхон 28 хоногтойгоо үлдсэн байна. Магадгүй Юлий Цезарь бусад бүх хүний адил хавар болохыг тэсэн ядан хүлээсэн болов уу.


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (1)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Баярлалаа, энэ сайтад би үнэхээр дуртай болж байна. Анх үгийн сүлжээгээр л олж байлаа. Одоо бол бүх зүйлс.
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start