Арав.мн

Улаан хивсний түүхээс

Улаан хивсний түүхээс

БУРХДЫН ЗАМААС ОДДЫН ЖИМ

Нэр хүнд, хөрөнгө чинээ, гоо үзэсгэлэн, дуулиан шуугиан... Энэ бүхнийг одоо цагт ядаж үзэгдэх талаас нь нэг дор харж болох ганц газар бий нь ёслол төгөлдөр дэвссэн том гэгчийн улаан хивс билээ. Улаан хүрэн хивсэн дээгүүр алхах хэнбугай ч “жирийн” хүмүүсээс огт өөр, онцгой содон харагдана. Энэ нь ганц кино оддод хамаатай зүйл биш. Холливудаас ч үүсэлтэй зан үйл биш. Харин хүн төрөлхтөн бичиг үсэгтэй болохоос ч өмнө үүссэн, маш эртний ёс юм. 

Улаан өнгийн ширдэг, хивсийг онцгой хүндэтгэлт хүний дор дэвсэж өгөх заншилтай холбогдох хамгийн эртний түүхэн баримт МЭӨ 458 онд буюу одоогоос 2500 гаруй жилийн тэртээх үед хамаарна. Тэр жил бичигдсэн эртний Грекийн зохиолч Эсхилийн “Агамеммон” жүжигт хаан Агамеммоныг Тройн дайнаас эргэж ирэхэд хатан Клитэмнестра нь улаан өнгийн хивс дэвсэн угтдаг тухай өгүүлдэг. Хаантан өмнөө байгаа улаан “жим”-ийг дагахаас эмээж буйгаа хэлээд өөрийгөө мах, цусанд төрсөн хүн болохоос, бурхан биш хэмээн өчнө. Гэвч айдас хүйдсээ үлдэн хөөгөөд, хатныхаа ятгалгаар хивсэн дээгүүр алхдаг. Жүжгийн төгсгөлд Агамеммон эмгэнэлт хувь заяатай учрах нь түүний бурхантай тэрсэлдэж, зам мөрийг нь булаалдсаны “шан” мэт ойлгогдоно. Улаан хивс тэгэхээр бүр эрт цагаас л туйлын онцгой зүйл байжээ.

Эрт балрын үед бурхан тэнгэрийн гэгдэж асан эд хэрэглэл, зан уламжлалууд яваандаа ихэс дээдэстэй холбогдох болсон билээ. Энэхүү “шилжилт” улаан хивсний тухайд одоогоос 1900-гаад жилийн өмнө тохиосон бололтой. Тэр үед өрнөдөд гаргаж авахад нэн хүндрэлтэй хүрэн улаан, нил ягаан гэсэн хоёр өнгө ховор бөгөөд үнэтэй байсны учир ихэс дээдсийн өнгө болж, хурц тод, хараа булаам гэдгээрээ ч олон зүйл бэлгэдэх болжээ. Өрнө, дорнын хоорондох худалдаа арилжаа өргөжихийн хэрээр улаан хүрэн өнгө өмнөхөө бодвол харьцангуй хямд олдох болж, Сэргэн мандалтын үе гэхэд хүрэн хивс ширдэг, хувцас хунар элбэгшин, ихэс дээдэс, лам хуврагуудын хөрөг зураг, сүм дуганы хана туургыг улаанаар чимэглэх нь нэмэгдсэн байна. Гэхдээ Төв болон Хойд Америкийн майя, ацтекчүүдийн нэгэн зүйлийн хорхойноос гаргаж авдаг улаан хүрэн будаг өрнөдөд бүр XVIII зууны сүүлч хүртэл хамгийн үнэтэй будаг байлаа.

Улаан хивсийг онцгой үйл явдалд зориулан дэвсэх нь барууны соёл уламжлалд өргөн хүрээнд биш ч амь бөхтэй хадгалагдсаар чухал арга хэмжээнд анхлан ашиглагдаж, хожим өндөр дээд албан тушаалтнуудад үйлчлэх төрийн ёс горимыг тогтоосон жил бол 1821 он юм. Мөн онд АНУ-ын Ерөнхийлөгч Жеймс Монрог Өмнөд Каролина мужийн Жоржтаун хотынхон урт хүрэн хивс дэвсэн угтсан нь төд удалгүй “моод” болон дэлгэрчээ. Уг нь жоржтауныхан завь хөлөглөн ирж, голын тохойд буусан Ерөнхийлөгчөө сайраар явуулахгүй гэхдээ замд нь хивс дэвссэн аж.

Харин XX зууны эхээр дэлгэрсэн “улаан хивстэй угтах” гэх хэлц зорчигч тээврийн галт тэрэгний үүдэнд хүрэн өнгөтэй ширдэг дэвсэх болсноос үүдэлтэй. Нью-Йоркийн хурдан галт тэрэг 1902 оноос зорчигчдоо улаан хивстэй угтаж эхэлсэн нь үйлчлүүлэгчдээ хүндэтгэхээс гадна, экспресс үйлчилгээг дээд зэрэглэлийнх болохыг тодотгосон хэрэг байлаа. Улаан хивсний ёслол Холливудад хамаатаж эхэлсэн нь харин арай хожуу, 1920-иод оны явдал. Дуугүй киноны эрин үеийн хамгийн тод оддын нэг Дуглас Фэйрбэнксийн гол дүрд нь тоглосон “Робин Хүүд” киноны нээлт 1922 онд болоход Холливудын Египет театрын үүдэнд анх урт, улаан хивс дэлгэжээ. Фэйрбэнкст онцгойлон хүндэтгэл үзүүлсэн энэ явдал удалгүй бүх кино оддод хамаатай болж, 1930-аад оны сүүлч гэхэд тайз, дэлгэцийн “язгууртнууд” улаан хивсэн дээгүүр алхацгааж эхлэв. Кино театр гэдэг XX зууны хоёрдугаар хагаст эгэл жирийн хүмүүсийн хувьд эртний орд харштай эгнэхүйц, дотор нь саатаж болох хамгийн ойрын тансаг газар болсон тул энэхүү шилжилт зайлбаргүй шахам өөрчлөлт байлаа.

Америкийн кино академийн дээд шагнал гардуулах ёслол Оскарын наадмын үүднээ анх 1961 онд хүндэтгэлийн улаан хивс дэвсчээ. Харин улаан хивсэн дээгүүр алхах оддыг угтан ярилцлага авах нь 1964 оноос тогтсон уламжлал юм. Чухам тэр цагаас дэлгэцийн оддын чуулганыг улаан хивсний ёслол хэмээн нэрийдэж, кино жүжигчид ч улаан хивсэн дээр хөл тавихдаа хамгийн сайхнаараа харагдах ёстой болов. 

Өдгөө Оскарын улаан хивс 15 метр урт агаад наадмын зохион байгуулагчид оддын “зам”-ыг тавих гэж бүтэн хоёр өдөр зарцуулдаг. Наадмын зочдыг угтан ярилцлага авах, тэдний хувцас гоёлыг сонжих нь жилээс жилд нэмэгдсэн тул кино оддын дийлэнх нь сонгодог загварын өмсгөл сэлтийг илүүд үзэх нь бараг л тогтсон ёс болжээ. Тиймдээ ч бид орчин цагийн гүнж, авхай нарыг, хамгийн дэгжин хослолтой эрчүүдийг, цаг үеийнхээ хувцас загварын хэв шинжийг тогтоох онцгой чамин загваруудыг чухамдаа Оскараас л олж хардаг. Улаан хивсний загвар гэх хэлц ч чухам үүнтэй холбоотой. Холливуд гэдэг нэг талаар мөрөөдөл хүслийн, үлгэр домгийн газар тул ийнхүү ялгарах нь ч аргагүй билээ.

BBC


10

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ


OK үүссэн түүх

9 сарын 08, 2020

Сэтгэгдэл (0)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


Сэтгэгдэл бичигдээгүй байна

Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start