Арав.мн

Өнөө ч тайлагдаагүй 10 бичиг

Өнөө ч тайлагдаагүй 10 бичиг

Өдгөө хүн төрөлхтөнд мэдэгдээд буй хамгийн эртний жинхэнэ бичиг бол Месопотамд таван мянганы тэртээ хэрэглэгдэж байсан Шумерийн бичиг үсэг юм. Дараахан нь Египет, Европ, Хятад, Төв Америкт бичиг үсэг үүсчээ. Хүн төрөлхтөн олон мянган жилийн хугацаанд зуу зуун бичиг үсэг зохиосноос зарим нь хэдхэн зуу, зарим нь хэдхэн арван жилийн дотор хэрэглээнээс халагдаж байв. Харин ашиглагдахаа байгаад өнө удсан, хэлтэйгээ хамт мөхсөн тэдгээр бичиг үсэг орчин цагийнхны анхаарлыг татсаар байна.

Өнгөрсөн үе рүү өнгийж, үхэгсдийн дуу хоолойг сонсоход дангаараа түүхэн үүрэг гүйцэтгэдэг эртний бичиг үсэг, бичгийн эх сурвалж чамлахааргүй олон авч бичиг үсэг гэдэг нь тодорхой атлаа чухам юун тухай тэмдэглэсэн нь ойлгомжгүй, нууцаа өнөө ч тайлаагүй бичиг цөөнгүй. Тэднийг үл мэдэгдэх хэлийг тэмдэглэсэн тайлагдаж буй бичиг, мэдэгдэж буй хэлийг тэмдэглэсэн үл тайлагдах бичиг, үл мэдэгдэх хэлийг тэмдэглэсэн үл тайлагдах бичиг хэмээн ангилдаг байна.

Эхний хоёр ангилалд багтах бичгүүдийн дийлэнхийг нэгэн цагт тайлж унших боломж бий гэж зарим эрдэмтэн үздэг. Учир нь эртний бичиг үсгийн олдвор тийм ч цөөн биш бөгөөд дээрх хоёр ангиллын хэл, бичгүүдийг судлах ажил олон жилийн турш тасралтгүй өрнөж буй. Харин гурав дахь ангилалд багтсан бичиг үсгүүд эдүгээ ч, ойрын ирээдүйд ч тайлагдашгүй нууц хэвээр байна. Дээрх гурван ангилалд багтдаг, тайлж унших ямар ч боломжгүй гэж судлаачдын дүгнэсэн хамгийн сонирхолтой арван бичиг үсгийг "New Scientist" сэтгүүл танилцуулсныг хүргэе.


10

Грек атлаа грек бус этрусс (үл мэдэгдэх хэлийг тэмдэглэсэн тайлагдаж буй бичиг)

Судлаачдын хэлэх нь этрусс бичгийг ойлгоно гэдэг аливаа хэлийг булшны чулуунаас сурахтай ялгаагүй ажээ. Орчин цагийн грек бичигтэй тун төстэй уг бичгийг уншиж болох ч чухам юун тухай бичсэнийг нь судлаачид өнөө ч тайлаагүй. Италийн баруун хэсэг буюу өнөөгийн Тоскан, Умбриягийн орчимд цэцэглэж асан Этруссын соёл иргэншил загалмайтны тооллын I зуунд Ромын эзэнт гүрний эрхшээл дор мөхжээ. Хэл бичгийн гойд чадвартай байсан этруссчууд бичгийн мянга мянган эх сурвалж үлдээснээс олонх нь грек бичгийг санагдуулам үсгүүдээр тэмдэглэгдсэн байна. Энэ нь хожмын этруссчууд МЭӨ 775 оны үед Италийн баруун хэсэгт суурьшсан грекчүүдээс бичиг үсэг зээлсэн гэж эрдэмтдийг таамаглахад хүргэжээ. Гэхдээ этрусс бичиг грек бичгээс олон талаараа ялгаатай гэнэ. Тухайлбал этрусс бичгийг баруунаас зүүн тийш бичдэг байна.

Хэл шинжлэлийн эрдэмтэд этруссчуудын хэлийг Европын бусад хэлтэй холбохыг олон арван жил оролджээ. Зарим судлаач этрусс бичгийн эх сурвалжууд дээрх уншиж болохуйц үгсийг Европын бараг бүх "амьд" хэлний үгстэй харьцуулсан ч амжилт олоогүй байна. Өнөөгийн Европын хэлнүүдийн хамгийн нууцлаг, өөр ямар ч хэлтэй холбогддоггүй гэх баск хэлтэй хүртэл холбох арга бүтэлгүйтжээ. Эцэст нь ихэнх эрдэмтэн этруссчуудын хэлийг энэтхэг-европ язгуурын хэл биш болохыг санал нэгтэйгээр батлаад баск хэлний адил бие даасан, бусад хэлтэй холбоогүй хэл гэж тодорхойлжээ. Этрусс бичгийн эх сурвалжуудаас одоогоор Рума (Ром), Клевсина (Кьюза) зэрэг газар нутгийн нэр, Фуфлунс (дарсны бурхан Дионис) зэрэг бурхны нэр мөн ци авиль (гурван жил) зэрэг жинхэнэ этрусс үгс гэгдсэн 250 гаруй үгийн утгыг эрдэмтэд тайлж уншаад байна. Бичвэрүүдийг судлах ажил үргэлжилж буй тул энэ тоо нэмэгдэх хандлагатай.


09

Мероэн бичиг буюу хар фараонуудын дуу хоолой (үл мэдэгдэх хэлийг тэмдэглэсэн тайлагдаж буй бичиг)

Кушийн хаант улс МЭӨ I зуунд Нил мөрөн болоод өнөөгийн Суданы Хартум, Египетийн өмнөд биеэр орших Абу-Симбелийн хооронд сэргэн манджээ. Кушийн буюу Мероэн (нийслэл Мероэ хотын нэрээр нэрлэгдсэн) соёл иргэншил Сахаар орчмын африкчуудын соёл иргэншлийн онцгой түүхэн үед хамаарна. Загалмайтны тооллын өмнөх 712 онд Кушийн хаад Египетийг эзэлж Египетийн 25 дугаар эзэнт гүрнийг байгуулжээ. Хар фараонууд нэрээр түүхэнд үлдсэн тэд МЭӨ 656 онд ассиричуудад ялагдан төрөлх нутаг руугаа буцах хүртлээ буюу 70 орчим жил Мисир нутагт эзэн суусан байна.

Зураг дээрх Мероэн бичгийн эх сурвалж тэрхүү ялагдлын дараах үед хамаарна. Кушийн хаад Египетийн дүрс үсгийг ашигладаг байсан ч МЭӨ III зуунаас өөрсдийн онцлог, хэв маягийг илтгэсэн шинэ бичиг үсэгтэй болжээ. Мероэн бичиг эртний египет бичгийн адил хоёр төрөл байсан бөгөөд дүрс бичиг нь хөшөө дурсгал, бунхан зэрэгт бичигддэг хүндэтгэлийн, дээдсийн хэрэглээ байсан бол бичмэл буюу нийлмэл үсэг нь өдөр тутмын хэрэглээ байв. Мероэн хоёр цагаан толгой хоёул 23 үсэгтэй байсан нь олон зуун дүрс зурлагатай эртний Египетийн бичгээс ялгагдана. Египет болон Мероэн бичгийн ялгааг анх 1911 онд Оксфордын их сургуулийн египет судлаач Фрэнсис Левэллин Гриффит тайлж нийтэд танилцуулжээ.

Мероэн бичгийг уншиж болох ч этруссын адил утгыг нь мэдэх аргагүй. Учир нь мероэн хэл чухам ямар хэл байсныг судлаачид хараахан тогтоогоогүй бөгөөд орчин цагийн Африкийн хэлнүүд, тэр дундаа Кушийн вант улсад хамаарч байсан бүс нутагт буй одоогийн хэлнүүдийн алинд ч мероэн бичиг, дуудлагатай холбогдох сэжим олдоогүй аж. Одоогоор тэнкэ буюу баруун, ато буюу ус зэрэг 20 гаруйхан үгийг судлаачид бичгийн хэлбэр, шинж зэргээс нь таамаглах төдий л тайлжээ. 


08

Шинэ ертөнцийн бичгүүд (Ольмек: үл мэдэгдэх хэлийг тэмдэглэсэн үл тайлагдах бичиг)

Майячууд бичиг үсэгтэй байсныг бүгд мэднэ. Харин өнөөгийн төв болон өмнөд Америкт тэднээс өмнө аж төрж асан шинэ ертөнцийн уугуул иргэдийн бичиг үсэг өнөө ч нууцаар дүүрэн байна. Колумбын нээлтээс өмнөх эриний хоёр Америк элдэв бичвэр, бичгийн эх сурвалж ихтэй. Тэднээс ольмек, сапотек, Теуантепекийн хоолойн бичиг судлаачдын анхаарлыг ихэд татдаг. МЭӨ 1500-аас 400-аад онд оршин тогтносон ольмекчууд бүс нутгийнхаа хамгийн эртний соёл иргэншлийн хувьд Америкийн эх газрын хамгийн эртний бичиг үсгийг зохиосон байх талтай. Гэхдээ 1990-ээд оны сүүлээр зам засварын ажилчид МЭӨ 900-аад оны үед хамаарах эртний чулуун хавтан олох хүртэл ольмекчуудыг бичиг үсэггүй байсан гэх ойлголт түгээмэл байв. 62 дүрс үсэг бүхий тэрхүү бичээсийг ольмекчуудын сэргэн мандалтын үеийнх болохыг эрдэмтэд тогтоосон ч хараахан тайлж уншаагүй байна. Тэдгээр дүрс үсгийг тэмдэглэсэн өөр нэг ч бичгийн өв олдоогүй тул ольмек бичиг лав ойрын хугацаанд нууцаа дэлгэхгүй нь. 


07

Шинэ ертөнцийн бичгүүд (Сапотек: дутуу мэдэгдэж буй хэлийг тэмдэглэсэн үл тайлагдах бичиг)

Өнөөгийн Оахакад хүчирхэгжсэн сапотекчүүд ч бичиг үсэгтэй байсан нь гарцаагүй. Сапотек судлалд хамаарах ваар сав, яс, ясан эдлэл, дун хясаа зэрэг дээрээ олон арван зурлага, дүрс бүхий бичгийн 1200 гаруй эх сурвалж одоогоор олдоод буй. Тэдгээрийн олонх нь МЭӨ 600-400 онд хамаарна. Сапотекийн соёлыг Майягийнхтай харьцуулах нь элбэг. Гэтэл майячуудын хуанли дээрх бичвэртэй харьцуулан судлаад ч эрдэмтэд сапотек хэл, бичгийг таниагүй ажээ. Орчин цагийн сапотек хэлний аймагт багтдаг олон хэлийг шинжээд мэргэжилтнүүд тодорхой үр дүнд хүрээгүй байна.


06

Шинэ ертөнцийн бичгүүд (Теуантепекийн хоолойн бичиг: дутуу мэдэгдэж буй хэлийг тэмдэглэсэн үл тайлагдах бичиг)

Теуантепекийн хоолойн бичиг бүр ч ээдрээ ихтэй. Нэр нь хүртэл мэргэжилтнүүдийг талцуулдаг бөгөөд зарим нь сонгодог ольмек гэж нэрлэх санал дэвшүүлжээ. Теуантепекийн хоолойн бичгийн анхны олдвор 1902 онд олдсон. Нугас мэт хувцасласан эрийг дүрсэлсэн тэрхүү чулуунд 70 орчим дүрс сийлсэн байжээ. Өдгөө Вашингтоны Смитсониан хүрээлэнд буй уг чулуу 1986 он хүртэл буюу загасчдын олсон дөрвөн тонн чулуун самбар эрдэмтдийн гарт очих хүртэл Теуантепекийн хоолойн бичгийн цорын ганц эх сурвалж байв. Манай эриний II зуунд хамаарах мөнөөх самбар дээрх бичээс өнөөгийн Теуантепекийн хоолойн уугуул иргэдийн соке хэлтэй төстэй байх талтай.



05

Линейн А буюу Минойн нууц (үл мэдэгдэх хэлийг тэмдэглэсэн дутуу тайлагдаж буй бичиг)

1900 онд Грекийн Крит аралд малтлага хийж байсан Британийн археологич Артур Эванс нэг бус бүр хоёр ч үл мэдэгдэх бичиг илрүүлжээ. Нэг нь буюу Линейн Б бичгийг 1952 онд эрдэмтэд тайлж дуулиан дэгдээсэн бөгөөд уг бичиг Европын хамгийн эртний уншиж болох бичгээр тодорсон юм. Харин нөгөөх нь буюу Линейн А бичгийг өнөө ч тайлаагүй. МЭӨ 1450-аад оны үед хамаарах Линейн Б тухайн цагтаа Крит арлын багагүй хэсгийг эзлээд байсан грек хэлтнүүдийн бичиг бол МЭӨ XVIII зууны үед хамаарах Линейн А Хүрэл зэвсгийн үед сэргэн мандсан Минойн соёл иргэншлийн бичиг үсэг юм. Линейн А Европын соёл иргэншлийн гинжин хэлхээний анхны гогцоо гэгддэг Минойн соёл иргэншлээс эдүгээ бидний үед хүрсэн бичгийн цорын ганц эх сурвалж юм. 

Эвансын нээлт мөн устаж үгүй болсон Минойн хэлтэй холбогдох цорын ганц олдвор болжээ. Олдворын нэлээд хэсэг сүйдсэн бөгөөд бичвэрийн ихэнх хэсэг нь богинохон. Тиймээс 1500 гаруй дүрстэй Линейн Б бичигтэй харьцуулахад Линейн А бичгийг тайлж унших бараг боломжгүй юм. Линейн Б бичигтэй төстэй ч Линейн А бичгийн зурлагын дуудлага, утга нь өөр. Учир нь Минойн хэлийг грек хэлтэй холбоогүй гэж эрдэмтэд үздэг. Нэг үгээр Линейн А бичгийг чанга дуугаар уншиж болох ч утгыг нь мэдэх хүн нэг ч үгүй.


04

Истер арлын ронго-ронго (дутуу мэдэгдэж буй хэлийг тэмдэглэсэн үл тайлагдах бичиг)

Истер арал нууцаар дүүрэн. Үүнийг бичиг нь ч илтгэнэ. Ронго-ронго нь нутгийн уугуул иргэдийн рапануи хэлээр уухай, түрлэг гэсэн утгатай. Ронго-ронгогийн хэл рапануитай төстэй байх талтай ч 25 дүрс бүхий цагаан толгой нь хэл бичгийн мэргэжилтнүүдийг гайхшруулдаг. Мөн хэр эртнийх болох нь ч тодорхойгүй. Ронго-ронго бичгийг зэргэлдээх арлын иргэд завиар авчирсан гэх домог байдаг ч цаг хугацаа нь тодорхойгүй бөгөөд манай эриний 300-аад оны үед энэ явдал болсон гэх таамаг бий.

1770 онд Истер аралд хүрсэн Испанийн хоёр хөлгийн ахмадтай "гэрээ" байгуулсан нутгийн иргэдийн гарын үсэг гэх дүрс үсэг ронго-ронготой төсгүй, 1774 онд тус аралд хүрсэн Жеймс Күк бичиг үсгийн ул мөр олоогүй зэрэг нь судлаачдыг төөрөгдүүлдэг. Ронго-ронгог 1864 онд Францын шашны номлогч анх анзааран судалж, нутгийн уугуул иргэдийн дунд бичиг үсгээ мэдэх хүн цөөрч буйд эмзэглэн зовниж байгаагаа тэмдэглэн үлдээжээ. Ронго-ронгогийн өвийг хадгалж хамгаалах үйлсэд олон жил гар бие оролцсон тэр хүн 1870-аад оны сүүлч гэхэд өвөг дээдсийнхээ бичгийг мэдэх нэг ч хүн олоогүй байна.

Зарим зурлага нь төстэйн хувьд энэ бичгийг сүүлийн үед Инд мөрний бичигтэй холбон судлах оролдлого нэг бус гарсан ч амжилт олоогүй байна. Сонирхолтой нь, ронго-ронгог унших арга тун өвөрмөц. Бичгийг хүснэгтлэн бичих ба уншихдаа зүүн доод хэсгээс нь эхэлж шугамын дагуу баруун тийш үргэлжлүүлэн шугам дуусмагц хүснэгтийг эргүүлж дахин зүүн доод хэсгээс нь эхлэн уншдаг байна.


03

Хараппан буюу Индийн хөндийн бичиг ("амьд" байж мэдэх хэлийг тэмдэглэсэн үл тайлагдах бичиг)

Индийн хөндий дэх эртний соёл иргэншлийн ул мөр өнөөгийн Энэтхэгийн баруун хойд хэсэг болон Пакистаны нутгийг хамардаг. Асар баялаг өв үлдээсэн эртний Индийн соёл МЭӨ 2500-1900 онд сэргэн мандлынхаа оргилд хүрэх үед томоохон хотууд нь Месопотам, Египетийн хот суурингуудтай эн зэрэгцэж байв.

Хүн төрөлхтний түүхэнд тодоор бичигддэг эртний энэ соёл иргэншлээс үлдсэн бичгийн 5000 орчим эх сурвалж бий. Тэдний олонх нь чулуун хавтан болон байшин барилгын ханан дээр үлджээ. Бараг бүгд гайхмаар богино бөгөөд бичвэрийнх нь дундаж урт ердөө таван дүрс бол хамгийн урт нь 20-оодхон дүрс үсэгтэй. Тиймээс ч эднийг жинхэнэ бичиг үсэг гэдэгт эргэлздэг эрдэмтэд ч бий.

Олон мянганы тэртээх Индийн хэл мөхөж үгүй болсон ч багагүй хэсэг нь өнөөгийн Энэтхэгийн өмнөд хэсэгт хэрэглэгддэг дравид язгуурын олон хэлтэй холилдсон гэх таамаглал нэлээд түгээмэл. Эл таамаг батлагдвал Индийн бичгийг өдгөө сонгодог хэмээгддэг эртний тамил хэлтэй холбон судлах боломжтой. Дорвитой үр дүн гараагүй ч ийм оролдлого нэг бус хийгдээд байна.


02

Нууц нь тайлагдаагүй хамгийн эртний бичиг (үл мэдэгдэх хэлийг тэмдэглэсэн дутуу тайлагдаж буй бичиг)

Элам буюу өнөөгийн Ираны баруун хэсэгт МЭӨ 3050 оны үед хэрэглэгдэж байсан эртний элам бичиг нууцаа дэлгээгүй эртний олон бичиг үсгээс хамгийн эртнийх нь юм. Өөрөөр хэлбэл хамгийн эртний гэгдэж буй Месопотамын бичиг үсэгтэй нэг үед хамаарна гэсэн үг. Нууцлаг бичгийг үйлдсэн хүмүүстэй холбоотой баримт сэлт ч бага. Эртний элам бичиг нь Ираны баруун хэсэгт нэлээд хожуу буюу дээрх цаг үеэс 750 орчим жилийн дараа суурьшсан хүмүүсийн Линейн элам хэмээх бичгийн эх байх магадлалтай юм.

Линейн элам нь тус бүс нутагт үүссэн эртний гурван бичгийн дундах нь бөгөөд МЭӨ XIII зууны үед хэрэглэгдэж байсан хожуу эламыг эрдэмтэд XIX зуунд тайлж уншсан байна. Хачирхалтай нь, хоорондоо 800 орчим жилийн зайтай Эламын гурван бичгийг холбох сэжим бараг үгүй. Ялангуяа өвөг элам болон Линейн элам хоорондын холбоо ихээхэн бүрхэг. Уг хоёр бичгийн хэл нь ижил гэдэгт эрдэмтэн судлаачид санал нэгдэж байсан ч 1980-аад оноос талцах болжээ. Түрүү үеийн болон дунд үеийн хоёр элам бичгийн хэл өнөө ч тайлагдаагүй агаад өөр хэл, бичигтэй холбож үзэх ямар ч сэжүүр үгүй аж.


01

Фестийн таваг дээрх бичээс (үл мэдэгдэх хэлийг тэмдэглэсэн үл тайлагдах бичиг)

Грекийн Крит арлаас олдсон Фестийн таваг хэмээх уг чулуун эдийг түүхчид одоогоор олдоод буй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний хэвлэбэр буюу барлал гэж үздэг. Диаметр нь 15 орчим см энэхүү таваг өдгөө Критийн Ираклионы музейд хадгалагдаж байна. Италийн археологичдын 1908 онд илрүүлсэн уг таваг дээрх бичээсийг ихэнх судлаач эртний фестүүдийн бичиг гэж үздэг ч утга учиргүй зураас зурлагууд, бэлгэдлийн төдий тэмдэгтүүд гэж үзэх зарим нь ч бий.

Хоёр талынх нь дүрсүүдийг нийлүүлбэл нийт 242 дүрс үсэгтэй, хоорондоо ижил төсөөгүй 45 төрлийн дардастай энэ олдвор МЭӨ 1700-аад оны үед хамаарна. Дүрс зурлагуудыг нь бичиг гэж үздэггүй эрдэмтэд мөнөөх дардсуудыг ихэд онцолдог бөгөөд үнэхээр бичиг мөн бол олон янзын маяг, чамирхалгүйгээр бичиж болох байсан, үнэхээр хэвлэлийн эх бол яагаад өөр ижил таваг олдоогүй юм бэ, Крит арлаас олдсон бичгийн бусад эх сурвалжтай яагаад төсгүй юм бэ зэрэг асуултаар хэл судлаачдаас тайлбар, нотолгоо шаарддаг.

Анатолия буюу Бага Азид элбэг тааралдах булш бунхны дүрсийг агуулсан тул Фестийн тавгийг энэ зүгийнх гэх таамаг ч байдаг ажээ. Тийм бол бичвэрийн хэл ч тэр нутгийнх болж таарна. Гэлээ ч энэ олон асуултын ядаж нэгэнд нь ч болов хариулт болох тайлал хачирхалтай тавагнаас ойрын хугацаанд олдохгүй нь тодорхой байна. 



9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (3)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


үнэхээр сонирхолтой юмаа
+1
Тэст
+1
Гоё нийтлэл байна
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start