Арав.мн

Тэрсэлж хавчигдсан 10 уран бүтээлч

Тэрсэлж хавчигдсан 10 уран бүтээлч

Бээжингийн олимпийн “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн загварыг гаргасан зураач, уран барималч Ай Вейвей бол орчин цагийн Хятадад төдийгүй дэлхий дахинаа тэрс үзэл, хачин жигтэй үг, үйлдлээрээ танигдсан уран бүтээлч билээ. Түүний адил бусдаас өөр байсныхаа төлөө эрх баригчдад хавчигдан гадуурхагдсан, түүхэн дэх хамгийн алдартай онцгой уран бүтээлчдийг “TIME” сэтгүүл нэрлэжээ.


10

Ай Вейвей

Гаж бүтээлүүдээсээ болж үргэлж хэрэгт орооцолддог Ай Вейвей дэлхий даяар хэдэн сая шүтэн бишрэгчтэй ч эх нутагтаа нүд үзүүрлэгдээд зогсохгүй албаныхны ширүүн гарт байнга өртдөг. Бээжингийн эрх баригчдыг хилэгнүүлсэн түүний бүтээл дунд Цагаан ордон, Тяньаньмэний талбай зэрэг олон орны төр засгийн төв рүү дунд хуруу “үзүүлсэн” зураг, “Найман хөхтэй бар” хэмээх нүцгэн эмэгтэйчүүдийн зураг, “Наранцэцгийн үр” хэмээх инстолляц зэрэг багтана. 
Тэрбээр энэ мэт хэт “бүтээлч” ажлаасаа болж тусгай албаныханд зодуулж, тархиндаа хүнд бэртэл авч байсан ч удаатай. Гэсэн ч Вейвей бууж өгөөгүй. Гэрийн хорионд орж, Шанхай дахь студийг нь албаныхан сүйтгэсний дараа ч тэрбээр “сахилгагүйтсээр” байсан бөгөөд саяхны нэгэн ярилцлагадаа “Би эрх чөлөөгүй нийгэмд урлагаар дамжуулан оюуны гүүр барихыг хичээж байна” гэжээ.


09

Роберт Мэппльторп

Америкийн гэрэл зурагчин Роберт Мэппльторп 1989 онд Хойд Каролины сенатч Жессе Хелмстэй соёлын тулаанд оржээ. Түүний “Төгс эгшин” үзэсгэлэн Вашингтон хотын Коркораны уран зургийн галерейд нээгдэх байсан ч бүтээлүүд дунд ижил хүйстнүүдийн биенээ таалсан “сонирхолтой” зургууд байсныг Хелмс мэдээд зургуудыг нийтэд дэлгэхийг зөвшөөрсөн Үндэсний уран зургийн зөвлөлд шаардлага хүргүүлсэн байна. (Тэдгээр зураг “Зөвхөн насанд хүрэгчдэд” гэсэн тодотголтой байсан ч Хелмсийг тайвшруулаагүй аж.)
Гэхдээ тэрбээр ганцаараа байсангүй. Конгрессийн 100 гишүүний гарын үсгийг цуглуулж, Коркоран төдийгүй зэргэлдээх мужуудын төв галерейд Мэппльторпийг оруулахгүй байхыг “үүрэгдэв”. Сүр бадруулсан албаныхныг өөрт нь шийтгэл ногдуулахаас өмнө Мэппльторп нас барсан ч бүтээлүүд нь өнөө ч хаалттай хаалганы цаана “шийтгүүлсээр” байна.


08

Оуен Масеко

Засаглалыг нь эсэргүүцсэн хэнийг ч өршөөлгүйгээр нухчин дардаг Роберт Мугабе Зимбабве улсыг 1980-аад оноос хойш удирдаж байгаа билээ. Түүнийг эсэргүүцэгчдээс зураач Оуен Масеко олон улсад алдаршсан ганц улстөрч биш нэгэн юм. Мугабегийн хүмүүс 1980-аад оны дунд үед нутгийн баруун хязгаарт хэдэн зуун энгийн иргэнийг хэрцгийгээр хөнөөснийг уран бүтээлдээ дүрсэлж, 2010 онд тусгай үзэсгэлэн дэлгэсэн түүнийг өвгөн Ерөнхийлөгчийн шинэ хүмүүс баривчилж, долоо хоног хорьжээ. 

Масеког албаныхан зүгээр явуулсангүй. Төрийн эсрэг юу ч хийж болохгүйг анхааруулж, Зимбабвед бүтээлээ дэлгэхийг нь хориглосон байна. Мугабегийн тушаалыг зөрчвөл Масеко 20 хүртэлх жил хоригдож магадгүй бөгөөд түүний хаана, яаж амь зууж явдаг нь өнөө ч тодорхойгүй байна.


07

М.Ф.Хусейн

2011 онд 95 насны сүүдэр тохиосон жилээ өөд одсон Макбүүл Фида Хусейн Энэтхэгийн хамгийн алдартай, хамгийн чинээлэг зураач байв. Хурц тод өнгө, сонин содон, зоримог шийдэлтэй түүний бүтээлүүд Энэтхэгийн ардын урлаг, шашны далд бэлгэдлийг агуулдаг нь хүн бүрт таалагддаггүй бөгөөд хиндү шашны хэт үзэлтнүүд өвгөн зураачийг насан эцэслэтэл нь шашингүйн үзэлтэн, тэрслүү этгээд хэмээн нүд үзүүрлэжээ.
Дорнын Пикассо гэгддэг Хусейний 2006 онд зурсан нэгэн бүтээл үзэн ядагчдынх нь тэвчээрийг барж, хариу үйлдэл хийхэд хүргэсэн байдаг. Исламын шашинтан тэрбээр олны хэрүүлийн алим болсон тэрхүү зурагтаа хиндү бурхдыг нүцгэлж орхижээ. Шашны бүлэглэлүүдийн уурсал бухимдал амь насанд нь халдах сүрдүүлэг болон хувирсны дараа Хусейн арга буюу нутгаа орхиж Лондон, Дубайн хооронд хэсэг “нүүдэллэсний” эцэст 2010 оны нэгдүгээр сард Катарын иргэн болсон ч жил хүрэхгүй хугацааны дараа өөд болсон байна.


06

Пол Кли

Швейцарьт төрсөн зураач Пол Кли 1930-аад онд нацистуудыг төрийн эрхэнд гарах хүртэл амьдралынхаа ихэнх хугацааг Германд өнгөрүүлжээ. Харин “ёс суртахуунгүйчүүдийн урлагийг үгүй хийх” Гитлерийн бодлогод хамгийн түрүүнд өртөж, суугуул нутгаа орхихоос аргагүйд хүрсэн байна. 
Төрөлх Швейцарьтаа буцсаныхаа дараа ч Герман руу тэмүүлсээр байсан тэрбээр Гитлерийн бодлогыг эсэргүүцэгч хилийн чанад дахь хамгийн нөлөөтэй оюуны тэмцэгч болжээ. 1937 онд дахин Германд очсон ч Нацист намынхан түүний 17 зургийг улсын дотоод бодлого, нацист үзэл сурталд үл нийцсэн хэмээн устгасан байдаг. Кли нацистуудын аймшигт яргалал оргилдоо хүрэхээс өмнөхөн дахин Швейцарийг зорьж, гурван жилийн дараа тус улсын Муралто хотод өөд болжээ.



05

Жафар Панахи

“Цагаан бөмбөлөг” киногоороо 1995 онд олон улсын кино наадмуудын хүндтэй шагналуудыг “хамсан” Ираны кино найруулагч Жафар Панахи “Тойрог”, “Отон тоглолт” зэрэг бүтээлээрээ кино хүрээллийнхэнд танигдсан нэгэн. Тэрбээр 2006 онд “Отон тоглолт” киногоороо Берлиний кино наадмын тэргүүн шагнал “Мөнгөн баавгай” хүртэж, Нью-Йорк, Торонтогийн кино наадмуудад хүндэт суудалд заларсан байдаг.
Гэвч 2009 оны Ираны Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдсэн үймээн самуун олонх иранчуудын амьдралд хар толбо үлдээсний адил Панахийн уран бүтээлийн замналыг тасалж орхижээ. Албаныхны зөвшөөрөлгүйгээр жагсаал цуглааны зураг авсан, жагсагчдын яриаг хальсанд буулгасан гэгдэн зургаан жил хорих ялаар шийтгүүлсэн түүнийг Ираны Засгийн газар эх нутагтаа кино бүтээх эрхийг нь 20 жилээр хассан юм. Мартин Скорсезе, Харви Вайнштайн, Шон Пенн нарын Холливудын одод, “Эмнести интернэйншл”-ийнхны тэмцэл ч түүнийг хараахан эрх чөлөөтэй болгож дөнгөөгүй байна.


04

Пьер Паоло Пасолини

“Сало буюу 120 өдрийн яргалал” киноны найруулагч, Италийн зохиолч, утга зохиол судлаач, зураач Пасолини бэлгийн чиг баримжаагаа нууддаггүй байсныхаа төлөөнөө тогтонги, уламжлалт сэтгэлгээнд хэт баригдсан нийгмийн золиос болсон юм. 27 настайдаа 16-тай хөвгүүнтэй “ёс бус” харилцсан гэгдэн Италийн Коммунист намаас хөөгдсөн тэрбээр зургаан жилийн дараа “Хөвгүүдийн амьдрал” хэмээх анхны романаа хэвлүүлжээ. Гэвч эрх баригчид номыг нь хориглосон бөгөөд зургаан сарын дараа багахан хүрээнд борлуулахыг зөвшөөрсөн байна. 
Түүний дэлгэцийн бүтээлүүдийг ч шүлэг, зохиолынх нь адил хувь заяа хүлээж байлаа. 1961 оны “Аккатоне”-гоос 1975 оны “Сало буюу 120 өдрийн яргалал” хүртэлх бүх кино нь Итали төдийгүй олон улсад өнөө ч хориотой байдаг. Олныг алмайруулж, хуучинсаг үзэлтнүүд болон албаныхныг хилэгнүүлсэн “Сало буюу 120 өдрийн яргалал” кино нь дэлгэцнээ гарахаас хэдхэн хоногийн өмнө Пасолини балмад этгээдүүдийн гарт амиа алдсан юм. Түүнийг өөрийнх нь унаагаар дайрсан агаад машины дугуйнд хэд дахин бяцлагдсан бие нь танихын аргагүй зэрэмдэглэгдсэн байсан гэдэг.


03

Чарли Чаплин

Ирландын зохиолч Жорж Бернард Шоугийн тодорхойлсноор кино урлагийн ертөнцөөс мэндэлсэн цорын ганц гоц ухаантан, Английн жүжигчин, найруулагч Чарли Чаплин АНУ-д “Бяцхан тэнүүлчин” киногоороо анх танигдаж, алдрын оргилд хүрсэн билээ. Гэвч түүнийг ид алдарших үед улаантнуудын “харшил” нь дээд цэгтээ хүрээд байсан Америкийн Засгийн газар Чаплины “капиталист бус” үйлдэл бүрийг коммунистуудад элэгтэйнх хэмээн тайлбарлаж байв. 
1964 онд хэвлэгдсэн дурсамж номондоо Чаплин “Би хэдий коммунист биш ч тэднийг үзэн ядах шалтгаан надад байхгүй” гэж бичсэн байдаг. Үзэл бодлын энэ мэт илэрхийлэл нь америкчуудад таатай санагдсангүй. Америкт олон жил амьдарсан түүнийг 1952 онд төрөлх Лондондоо очиход нь “Эргэж ирэх хэрэггүй” гэсэн зурвасыг Вашингтоны албаныхан нэрт жүжигчинд тодорхой гэгч нь уламжилжээ. Харин 20 жилийн дараа домог болсон Чаплиныг дахин угтаж авахаар Холливуд тэсэж ядан байлаа. Холливудын алтан тайзнаа эргэж ирмэгцээ хүндэт “Оскар” хүртсэн түүнийг Америкийн кино академийнхан 10 гаруй минут үргэлжилсэн нижигнэсэн алга ташилтаар шагнасан юм.


02

Андрей Тарковский

Кино урлагийн түүхэн дэх онцгой баатруудын нэг, Зөвлөлтийн найруулагч Андрей Тарковский 1984 онд улс төрийн орогнол хүсэхдээ өгсөн ярилцлагадаа “Тэд яагаад надад ингэж ханддагийг ойлгохгүй нь” гэж цөхрөнгүй ярьжээ. Зөвлөлт засаг үнэхээр ч түүний тэвчээрийг барсан бөгөөд өөрийнх нь тодорхойлсноор сүнслэг чанар руу нь үзэл сурталтнууд зүгээр л нулимж орхисон байна. Бүхнийг хянаж, хяхаж байсан эрх баригчид Тарковскийг 25 жилд ердөө зургаан кино хийхийг зөвшөөрчээ. Тэдгээр яруу сайхан бүтээлүүд нь харин эх нутагтаа биш ч хилийн чанадад онцгой амжилт олсон билээ. 

Түүний хамгийн алдартай бүтээл болох домогт “Андрей Рублёв” нь 1966 онд бүтсэн атлаа 1971 онд л Зөвлөлтийн үзэгчдэд хүрчээ. Тарковский сүүлийн хоёр киногоо Итали, Шведэд бүтээсэн байдаг.


01

Караважо

Барокко хэв маягийг дэлгэрүүлэгчийн нэг Италийн зураач Микеланжело Меризи де Караважо XVI зууны эхээр италичуудыг хувьсгалт гэмээр үзэл баримтлал, өнгө дүрслэлээрээ гайхашруулж байлаа. Түүний бүтээлүүд тухайн үед асар их нөлөөтэй байсан Сэргэн мандалтын үеийн хэв маягаас огт өөрийг, илүү бодит, илүү хүнлэг аясыг илэрхийлж байв.
Ром, Милан, Неаполийн сэхээтнүүдийн дунд Караважо онцгой үзэгдэл байсан бол эрх баригч, шашны номлогчдын хувьд ард нийтийн оюун ухааныг мунхруулагч гэгджээ. Гашуун ундаанд дуртай, зодоонч байсан нь энэ нэрийг нь бүр ч дордуулсан байна. Нийгмийн хүлээсээс гадна тэрслүү зангаасаа болж насан туршдаа Италийн хойгоор тэнүүчилсэн Караважо Ромд санаандгүйгээр хүний амь хөнөөж, пап ламаас цаазын ял сонссон байдаг. Тэрбээр оргож босож явсаар амьсгал хураажээ.



9

/10
Үнэлгээ өгөх

Холбоотой мэдээ



Сэтгэгдэл (2)


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ARAV.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.


+1
Манай Чойном ахын хамсаатнууд байна даа.
+2
Лхагвадуламын нийтлэлүүд тасархай!
Quiz game - Start
Үгийн сүлжээ - Start